sonin.mn
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Балхаажавтай ярилцлаа.
 
-Монголын Үнэн сониныг сайн мэдэх хүний нэг нь та. Энэ сонины тухай дурсамж болон одоо ямар бодолтой явдгийг сонсмоор байна?
 
-ХХ зуунд “Намын үнэн” нэртэй олон арван жил болсон, эдүгээ “Монголын үнэн” нэртэй гардаг болсон энэ сонин миний хар багаасаа өнөөг хүртэл уншиж 70 гаруй жилийн турш намайг оюуны бодит үнэний мэдээллээр “тэжээж” ирсэн хэвлэл юм. Өнгөрсөн зууны 70-80-аад онд хоногт 100-115 мянган хувь хэвлэж нийслэл төдийгүй хөдөөд бараг өдөртөө хүргэгдэж монгол түмнийхээ оюун бодол, сэтгэл санааг мялаадаг байсныг би мэднэ. Захиалсан энэ сонин, бусад хэвлэл нь цагтаа очихгүй бол олон нийт, албан байгууллагууд ч тэр даруйд нэхэл дагал болж хэвлэл хариуцагчдыг зүгээр суулгадаггүй байсан. Тиймээс тухайн өдрийн дугаар хариуцагч нь эх материалыг яг таг бэлтгүүлээд хэвлэх үйлдвэрийн сонины тасагт авч очин өрөлт, хэвлэлт, тоо хэмжээг нь хянан өглөө болтол ажиллаж хөдөөд нисэх онгоц, хотод машинд ачуулсны дараа л сая нэг уг ажлаас мултарна. “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Г.Жамц, Г.Дэлэг, О.Пунцаг, Ц.Намсрай, Л.Түдэв, Ц.Ганбатаас эхлээд одоогийн Б.Ганболд хүртэлх нөхөд өдөр шөнөгүй сууж эхийг бэлдүүлэх төдийгүй сонинг орон нутагт, уншигч захиалагчдад хүрсэн хүрээгүйг мэдтэлээ сэтгэл зовнин хөөцөлдөнө. Ингэж цөм л хичээн зүтгэсний ачаар “Үнэн” сонины үүрэг улам бүр өсч, олон нийтийн дунд алдаршсан төдийгүй засаг төрөөс шагнал хүртэл гурвын гурван дээд одонг нь нүүрэндээ өдөр бүр зүүх болжээ. Гандан буурахын аргагүй их алдар гавьяа шүү.
 
-Та саяхан “Соён гэгээрүүлэгч” телевизийн “Эрдмийн чуулга- бага хуралдай”-д ярилцлага өгөхдөө үзэл суртал гэсэн сэдвээр голлон ярьсан. Та өөрөө ч өнгөрсөн зууны 70-80- аад онд Ардын намын төв аппаратад үзэл суртлын асуудлаар хориод жил ажиллаж Монголын ард түмнийг гэгээрүүлэх үйл хэрэгт зүтгэж явсан болохоор үзэл суртлын сэдвээсээ жаал зугаа юм яриач. Үнэнийг хэлэхэд XXI зуун гарснаас хойш монголчууд үзэл суртал гээчийг социализмтай нэгэн зэрэг хаяхаар шийдсэн бололтой дүр зураг, ааш араншин гаргах боллоо. Энэ зөв үү?
 
-Сүүлийн хоёр зуугаад жилд хүн төрөлхтөн бүхэлдээ үзэл суртлын хоёр их далайд хөвж явсан Нэг нь, Маркс овогтой социалист нэртэй, нөгөө нь хувийн өмчийн агуулгатай капиталист нэртэй. Марксист, социалист гэгдэх үзэл суртлын гол агуулга, амин сүнс нь бүх нийтийн тэгш эрх ашиг, бүх нийтийн хөдөлмөр зүтгэл, аж байдал, улс нийгмийн хөгжил дэвшлийг дээдлэн хамгаалах чиг шугамыг баримталдаг. Цаатах нь болохоор амин хувийн ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьдаг учир дарлах дарлагдах хуучин ёсны дагуу баян хоосны ялгавар бусдыг мөлжих, бусдад мөлжигдөх боломж нөхцөлийг зөвшөөрөн дэмжинэ. Нэгэнт чиг баримтлал нь ийм болохоор хоорондоо эрс тэс зөрчилтэй байдал төлөвийг илтгэж нийгэм дотор тус тусын байр суурь дээр хатуу зогсоно. Миний хувьд Монгол Улс социализмын замаар нэг хэсэг эрчимтэй явж байсан үеийн манай боловсон хүчнүүдийн нэгэн адил явсан болохоор тухайн үед багш, ном, удирдлагаас зохих суурт мэдлэгийг олж авсан социалист үзэл суртлаа одоо ч хаяагүй, хаях ч үгүй. Энэ үзэл суртал, надад ч, манай ард түмэнд ч хор хохирол тариагүй. Яагаад гэвэл бүх нийтийн эрх ашгийн төлөөний итгэл үнэмшил болсон учраас гэх үү дээ. Манай ахмад үе ч нэгэн адил бодолтой явдаг биз. Харин зарим залуус энэ үзэл суртлын номд, номлолд дутуу дулимаг суралцсан болоод тэр үү, үзэл суртал огт хэрэггүй зүйл гэж хийсвэр ойлгоод ч тэр үү түүнийг хаяна, социализм гэдэг ч дэмий хоосон зүйл гэж боддог янзтай. Үүнийг ухамсрын мөхөс дорой байр суурь гэж хэлмээр байна. Учир нь, социализмгүй, үзэл сурталгүй дураараа дургиж чадахгүй. Үзэл суртлын нөгөө талд гаръя гэж шийдсэн бол амин хувиа бодож чадах нь баяжиж, чадал муутай нь мөлжигдөж ядуу зүдүү амьдарч л явна биз гэсэн үзлээр өөрийг хөтлөх зүгт очно гэсэн хэрэг. Монгол Улсаа хамтын хүчээр чадан ядан түргэхэн шиг хөгжүүлж дэлхийн жишигт гаргая гэхийн оронд ийм үзэлд автбал монгол хүн чанараа гээж, үндэсний эх оронч сэтгэл зүтгэлээ ухралтад оруулбал бид хэн болж үлдэхийгээ мэдрэх ёстой.
 
-Та хүн судлаач. Монголчуудын сүүлийн энэ 20-30- аад жилд ардчилал нэрийн дор эв нэгдлээ задалж, хүн нь хүндээ итгэх итгэл нь буурч, хийх бүтээх оргилуун чанар нь доройтсоор байгааг хэрхэн үздэг вэ?
 
-Хүн гэдэг ер нь амьдрал хэмээх ойлголт, бодит зүйлийн дээд ноён оргил, ургамал, шавж, мөлхөгчид, сээр нуруутан, сармагчин хэмээх олон үе шатыг туулсан амьд ертөнцийн орой дээр гартлаа хөгжсөн болохоор өмнөхөөс огт өөр шинж чанар эзэмдсэн гэдгийг бүх нийтээр мэднэ. Хүнээс өөр ямар ч амьтан, хүн дүрст сармагчин ч гэсэн хүн шиг сэтгэж чаддаггүй, урьд, одоо, ирээдүйг ухаарч чаддаггүй, хөдөлмөр хийдэг шинжийг олоогүй, бүдүүлэг атугай ч ямар нэгэн багаж хийж чаддаггүй. Амьтны ертөнцөөс хол тасарсан энэ чадвар, боломжийг эзэмшсэн, сая гаруй он цагийн хөгжилдөө хэзээ ч ухарч үзээгүй хүн эдүгээ аргын тоололд нэгний оронд 2000 гаруй жилийн нүүрийг үзэж буй хүн XXI зуунд өөрийг зөнд орхиж ардчилал нэрийг духандаа наагаад алсын зорилгоос өчүүхэн ч няцаж, огтхон ч ухрах учиргүй, түр зуурын аливаа хохирол үзэх ёсгүй. Энэ үүднээс л миний бие монголчууд бидний эв нэгдлээ сарниулж, хамтын бүтээлч чанараа сулруулахыг талцах, бүтээлч биш олон нам эвсэл, хүч, хөдөлгөөн, бүлэглэлд хуваагдахыг юм л бол нэрийн төдий шалтаг зааж жагсах, өлсөх зэргээр сүр бадраахыг яггүй том хохирлын төвшинд тооцож байна. Бидний хамтын хүч өчүүхэн ч атугай сарнимааргүй бидний дур зоргын ааш авир өчүүхэн төдий ч газар авмааргүй байна. Монголчууд бид чинь хэдүүлээ билээ. Нэг хүн шиг аж төрж, амьдармаар, хөдөлмөрлөмөөр байна. Ийш тийшээ сарниж дотроо ч, гадагшаа ч бутармааргүй байна. Ухаан бодол, боловсрол мэдлэг, туршлага сургамжийн хүчээ бүх зүйл дээр санал нэгдэн ашигламаар байна. Миний хүсэл мөрөөдөл, үзэл санаа ийм л байна.
 
-Та хүнийг, хүн болох ба хүн байхыг хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжлийн гэсэн дөрвөл зүйлийн нэгдмэл шинж, ажил үйлдэл дээр авч үзэж ном, сонинд олон удаа бичсэн байдаг. Энэ талаар дахин бага зэрэг боловч тайлбарлахгүй юу?
 
-Хүнийг ойлгох цар хүрээ, утга учир, үнэлэх ашиглах боломжийг дээрх дөрвөлийн хоорондоо салшгүй нэгдэл, сүлжээн дээр тавьж чадвал болох нь тэр гэж би боддог юм. Хөдөлмөр нь аж төрж ажил эрхэлж амьдрахын нэр, мэдлэг нь оюун ухаан эзэмшигч хүнд байдаг төрмөл сэтгэлгээ ба нэмж арвижин ажил үйлсээ ухаан зарж хийх боломж. Соёл нь ертөнцийн бүх үзэгдлийг сайхан муухайн гоо зүйн үзлээр үнэлэн цэгнэхийн илэрхийлэл, хүмүүжил буюу ёс зүй нь хүн бүх насандаа зөв буруугийн ухаарлаар хөтөч хийх арга юм уу даа. Энэ дөрөв салшгүй нэгдмэл байдаг гэсэн үгийн цаана тэдгээр нь амь нэгнийхээ оролцоо, дэм тусгүйгээр хормын төдий ч оршдоггүй холбоо хэлхээтэйн илрэл байдаг. Хүний гол чанар нь хөдөлмөр. Энэ нь мэдлэг, соёл, ёс зүйн оролцоогүйгээр бүтэж чаддаггүйн илэрхийлэл болдог. Хоол хийе гэсэн хөдөлмөр эхэллээ. Ямар хоол, яаж хийх нь цөм мэдлэгээс шалтгаална. Гэтэл сайхан хоол байх уу, буруу зөв нь үл мэдэгдэх хүнээ бодоогүй байх уу гэдэг нь соёл, ёс зүйн оролцооноос шалтгаална. Ийм л зүй тогтолцоогоор хүн аж төрнө.
 
-Сүүлийн үед хүний эрх, үүрэг гэж их ярих боллоо. Заримдаа эрхийг нь үүргээс нь илүү өндөрт тавих явдал ч цөөнгүй тохиолдож байна. Эрхээ урдаа бариад үүргээ мартаж байна уу даа гэмээр тохиолдол ч гардаг. Та юу хэлмээр байна?
 
-Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуульд хүний эрхийн талаар 18-19 зүйл бүхий тусгай бүлэг бий. Энд бүгдийг тооцоод яах вэ. Харин үүргийн тухайд иргэн бүр хуулийг дээдлэн биелүүлэх, бусдын нэр хүнд, эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, эх орноо хамгаалах, эр цэргийн алба хаах, алба татвар төлөх, чин шударга хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөх, эрүүл мэндээ хамгаалах зэрэг үүрэг хүлээсэн байдаг санагдана. Ер нь хүний эрх, үүрэг дээр нь хариуцлагыг нэмбэл энэ гурван зүйл хүн бүхэнтэй холбоотой. Аль алин дээр нь иргэн хүний анхаарал ягштал төвлөрч байх нь чухал болов уу.
 
-Үндсэн хууль гэснээс манай Үндсэн хууль мөрдөгдөөд 25- 26 жил боллоо. Ажил амьдралын явцад олон ч асуудал шинээр тавигдаж байна. Иймд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах санал иргэдийн дунд гарч, энэ санал ид өрнөж байна. Танд ямар санал бодол байдгийг товч сонсмоор байна?
 
-Тийм ээ, хот, хөдөөгүй ийм байдал ажиглагдах болоод нэлээд сар болж байх шиг надад ч хувийн санал байгаа. Заримыг нь хэдэн жилийн өмнө сонин, сэтгүүлд дурсч байв. Энэ удаад ганц л асуудлыг дурдъя. Тухайлбал, энэ Үндсэн хуульд байгаа ээдрээтэй нэр томьёо, нарийн тодорхой бус ойлголтын талаар одоо хэлье. Улс нь төр ч юм шиг, төр гэсэн нь улсаа хэлээд байгаа ч юм шиг утга санаа газар сайгүй орсон байдаг.
 
Төр гэж чухам юу вэ гэсэн тодорхойлолт Үндсэн хуульд байхгүй хэрнээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн заалт байдаг. Гэтэл Монгол Улсын дээд эрхийг хэн барих вэ?
 
Жирийн туг, далбаа, төрийн ёс, төрийн өмч, төрийн санхүү, төрийн байгууллага, төрийн шагнал, төрийн сайд гэх нэр томьёог улсын, Монгол Улсын гэж нэрлэж болохгүй гэж үү гэмээр санаа төрдөг. Төрийн гурван өндөрлөг гэдэг дотор Ерөнхийлөгч багтдаг атлаа Үндсэн хуульд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг нэрлээд, Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн мөн гэж бас томьёолсон байдаг. Ийм нөхцөлд алинаар нь хэлж байвал зүйд нийцэх нь тодорхойгүй. Ийм янз, янзын томьёолол, ойлголтын хүрээнд иргэд нь төр гэдэг ойлголтоосоо тусгаар ч юм шиг, зөвхөн төр гэдэг байгууллагаас цаашгүй юм шиг, Монгол Улсын Засгийн бүрэн эрх ард түмний мэдэлд байна гэх мөртлөө УИХ-ыг, Засгийн газрыг шууд татан буулгах эрхийг ард түмэн эдэлж чаддаггүй юм шиг байдал амьдрал дээр байсаар байгааг эргэцүүлэн бодож нарийвчлан тодорхойлмоор санагддаг.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин