sonin.mn
Дэлхийн хамгийн авьяаслаг миссүүдтэй нэгэн тайзнаа өрсөлдөж Монгол Улсаа төлөөлөн оролцохдоо тэргүүн байр эзэлсэн мисс А.Бөртэ-Үжинтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2018 оны Пёнчаны өвлийн олимпын нээлтэд оролцох эрхтэй болсон юм.
 
-Олон орны авьяаслаг миссүүдтэй өрсөлдөж Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн танд баяр хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүсгүйчүүдийн тэмцээн өрсөлдөөн ихтэй байв уу?
 
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд тэмцээнд оролцсон авьяаслаг мисс болгон хүчтэй өрсөлдөгч байлаа. Улс орныхоо бүсгүйчүүдээс авьяас чадвараараа тэргүүлсэн миссүүдтэй нэгэн тайзнаа алхах нь нэр төрийн хэрэг боллоо. Мөн олон сайхан миссээс үлгэр дуурайлал авч, цаашид зорьсон ажлаа хийж бүтээх урам аваад ирсэн. Тэмцээнд багшийнхаа дэглэсэн “Бүсгүйн ааль" бүтээлээр оролцож нэгдүгээр байрт шалгарлаа. Эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан уран нугаралтын үзүүлбэр байсан юм.
 
-Дэлхийд Монголыг сурталчилдаг урлагийн нэг төрөл болсон уран нугаралтаар та хичээллээд хэр удаж байна вэ?
 
-Би найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Энэ агуу урлагийн "А" үсгийг Ш.Отгонжаргал багш маань надад зааж байлаа. Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд оролцоход багш минь надад их тусалсан. Уран нугаралтын гайхамшигтай үзүүлбэр дэглэж өгсөн нь шүүгч төдийгүй үзэгчдээс өндөр үнэлгээ авахад нэмэр боллоо.
 
-Энэ тэмцээнд оролцсоноор танд ямар боломж нээгдсэн бэ?
 
-Гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани болон байгууллагын сурталчилгааны нүүр царай болох саналыг надад тавьсан. Мөн Солонгосын к-поп хамтлагт гишүүнээр орох санал хүртэл ирүүлсэн шүү. Гэхдээ би түүнд нь татгалзсан хариу өгсөн. Учир нь, уран нугаралтаараа улам чамбайруулан хичээллэх миний ойрын зорилго юм. Түүнээс гадна энэ тэмцээнд амжилт гаргаснаар 2018 онд болох өвлийн олимпын нээлтэд оролцох эрхтэй болсон.
 
-Манай сонины уншигчдын хувьд тантай анх удаа уулзаж байгаа учир өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан талаар мөн тодруулаач?
 
-“Miss World Mongolia 2017” тэмцээний шилдэг есөн оролцогчийн нэгээр тодорч байсан. Харин энэ тэмцээн миний хувьд эх орноо төлөөлөн оролцож буй анхны гараа боллоо.
 
-Тэмцээний гараагаа амжилттай эхлүүлжээ. Цаашид ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
 
-Монгол Улс агуу түүхтэй гайхалтай орон. Тэмцээний үеэр намайг нэрээр минь бус "Монгол" хэмээн дуудсан нь бахархалтай байлаа. Энэ нь мөн надад маш их хүндэтгэлтэй санагдаж хариуцлагатай байхыг нэг талаар анхааруулсан. Би Монголынхоо түүх соёлыг бусад орныхонд таниулан сурталчлах маш их дуртай. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж монгол хүн ямар их авьяастайг харуулах нь миний хүсэл зорилго юм. Энэ удаагийн тэмцээнээр зорилгоо биелүүлэх нэг шат ахилаа хэмээн бодож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин