sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нийгэм ёс зүйгүй болсон тухай олж мэдэн зарчимтай байх ёстой гэсэн лут онол нээжээ. Ёстой өөрийн толгой дээрх тэмээг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг тоолов гэгч болж. Мань эр зарчимтай ёс зүйтэй байсан бол МАН-ын бүлгийн даргаасаа өөрөө огцрох ёстой байв. Яагаад? Яагаад гэвэл энэ хүнийг бүлгийн даргаараа тавьсан энэ цаг үед бүлэг нь голоороо хоёр хуваагдсан. Өөрөө үнэхээр ёс зүйтэй, зарчимтай хүн байсан бол бүлгийн эв нэгдлийг хангаж чадаагүйнхээ төлөө гишүүдээсээ, сонгогчдоосоо уучлал гуйгаад огцрох ёстой байв. Харин үүнийхээ дараа “Ёс зүй, зарчим” ярьсан бол ядаж үнэмшилтэй харагдах байлаа.
 
Энэ намрын чуулган эхэлсэнээс хойш УИХ нэг ч бие даасан хууль батласангүй. Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал мундахгүй олон байна. Асуудал шийдээгүй нэг ч хууль батлаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хариуцагчид нь тодорхой. УИХ ын дарга М.Энхболд , УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа гэдэг хоёр хүнээс хариуцлага нэхэх ёстой. Яагаад гэвэл нэг нь 76 хүнтэй УИХ-ыг, нөгөө нь 65 хүнтэй эрх баригч бүлгийг даргалж буй. Ялангуяа эрх баригч хүчин ажлаа хийж чадахгүй 2018 оны төсвөө ч хугацаанд нь батлаж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Төсөв батлана гэдэг УИХ дахь олонхийн бүлгийн үндсэн ажил байдаг юм. Гэтэл үндсэн ажлаа ч нугалж чадаагүй, бүлгээ хоёр хувааж орхисон Д.Хаянхярваад “Ёс зүй, зарчим” ярьж лут лут онол ярих ёс зүйн эрх бий гэж үү. Алдааг бусдаас биш өөрөөсөө эхлээд хай гэж хэлмээр байна.  Дахин сануулахад төсөв батлах гэдэг нь УИХ ын үндсэн үүрэгт ажил. Хугацаандаа батлаж чадахгүй бол УИХ тарах хуулийн зохицуулалттай байдаг юм.