sonin.mn
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
 
– Нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. Таны хувьд ямар учраас АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдсэн юм бэ?
 
-Хөдөө нутаг өнтэй, аян зам өлзийтэй сайхан байна. Залуучууд цаг үргэлж шинийг эрэлхийлж байдаг.  Дэлхий ертөнц бидний төсөөлснөөс ч илүү хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.Улс төр, намын залуучуудын байгууллага ч бас үүнтэй мөр зэрэгцэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстой.
 
Энэ өөрчлөлтийг авчрах, түүчээлэх хүмүүс нь залуус бид юм. Өөрөөр хэлбэл, залуустайгаа хамтран Монголын улс төрд өөрчлөлт, АН-д шинэчлэлийг авчрах боломж байна гэдгийг олж харсан учраас АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшин, өрсөлдөж байна.
 
–Та 2003 оноос хойш АН-тай холбогджээ. АЗХ-г гаднаас нь ажиглаж, алдаа, оноог нь дэнсэлсний эцэст АЗХ-нд өөрчлөлт авчирч чадна гэдгээ олж харсан уу?
 
-Тийм ээ.  Би 2003 онд Баянзүрх дүүргийн АЗХ-г хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж байлаа. Тэр цагаас хойш намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд гар бие оролцсоор ирсэн. Ер нь хүн өөрийн гэрээ дотроос нь харахад ямар ч өөгүй сайхан тохижуулчихсан юм шиг санагддаг. Гэвч уулын орой дээр гараад, саахалт айлынхаа гэртэй харьцуулаад харахад арай илүү өргөн хүрээнд харж чаддаг. АЗХ бол гишүүд, дэмжигчид бидний бас нэгэн гэр юм. Тиймээс бид гэр орноо дотроос нь болоод гаднаас нь харж үнэлэлт, дүгнэлт өгч, алдаа, оноогоо дэнсэлж байх учиртай. Би аль болох алсхан, өндөрлөг дээрээс илүү том талбайг харж, өөрийн орон гэрээ илүү олон айлтай харьцуулж харахыг хичээдэг.  Нөгөөтэйгүүр, хүн зорилгоо тодорхойлж чадвал их зүйлийг хийх боломжуудаа олж харж чаддаг. Монголын нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол залуучуудын идэвх оролцоо. Нөгөөтэйгүүр, идэвх оролцоотой залуучуудынхаа оролцоог нь шударга үнэлж чадахгүй байна. АЗХ-ны олон мянган гишүүнийг бүгдийг нь идэвхжүүлж, оролцоог нь нэмэгдүүлэхийг хамгийн их хүсч байна. Энэ өөрчлөлтийг хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Энэ өөрчлөлтийг би ганцаараа биш АЗХ-ны 90 мянган гишүүн хүсч байгаа. Тиймээс ч энэ өөрчлөлтийг би ганцаараа биш бид хамтдаа АЗХ-нд авчирна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
 
–Сонгуулийн санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байдаг. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
 
-АН-ын дүрмийн нэг чухал өөрчлөлт бол зөвхөн мөнгөтэй хүмүүс бус тодорхой зорилготой, тэр зорилгоороо бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, олны хүндэтгэлийг хүлээсэн залуустаа нэр дэвших боломж олгож байгаа явдал  юм. Учир нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол мөнгө босгож чаддаг. Нэг үгээр хэлбэл, дэлхийн хөгжилтэй орнуудад хэдийнэ тогтсон улс төрийн сонгуульд нэр дэвшигчид өөрсдөө мөнгө босгож, сонгуулийн зардлаа шийдвэрлэдэг жишиг бий. Магадгүй, АЗХ-г удирдаж чадах хүн үү, үгүй юү гэдгийн нэг том шалгуур нь мөнгө босгох чадвар ч байж болох юм.  Би баян хүн биш. Тиймээс сонгуулийн зардлаа хувийн бизнесээсээ болон хандиваар босгож байгаа. Найз нөхөд, дэмжигчид маань мөнгө хандивлахаас гадна дотоод сонгуулийн явцад хэрэгцээ шаардлагатай байгаа бараа материалаар тусалж байна. Мөн зарим нь цаг зав, хөдөлмөрөөрөө дэмжин оролцож байна.
 
–АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол өөрийгөө гэхээсээ илүү бүх гишүүнийхээ боловсрол, хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ гэж харсан. Зөв үү?
 
-Тийм ээ. Та зөв олж харсан байна. Хэн нэгэн дарга нь дангаараа манлайлдаг биш хамтдаа санаачилдаг, хамтдаа бүтээдэг, нийтээрээ оролцож, нийтээрээ хөгждөг, бие биеэсээ суралцдаг байх нь залуучуудын байгууллагад хамгаас чухал гэж боддог юм. Дэлхийн олон оронд намын дэргэдэх хөгжлийн акадeмиуд байдаг. Тэнд улс төрийн ирээдүйн боловсон хүчнүүдээ бэлтгэдэг. Би ч бас энэ жишгийг эх орондоо тогтоох ёстой. Бид өөрсдийгөө бэлтгэдэг, сонгуулийн мeнeжмэнт хийж чаддаг, сонгуульд ялалт байгуулбал үүрэг хариуцлага авдаг, аливаа албан тушаалд очсоныхоо дараа суралцдаг бус аль хэдийнэ сурчихсан, бэлтгэгдчихсэн, бэлэн болчихсон байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход мөрийн хөтөлбөрийн маань гол зорилго чиглэж байгаа.
 
–Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
 
-Үнэ цэнэтэй зүйл олон  бий. Тэдгээрээс хамгийн үнэ цэнэтэй нь эх орон, тусгаар тогтнол. Би дэлхийн олон оронд очиж үзсэн. Эх оронгүй, цагаачлаад явж байгаа хүмүүс хамгийн эмгэнэлтэй байдгийг нүдээр харж, сэтгэлдээ мэдрэн, нулимс дуслуулж зогссон.
 
Дараагийн үнэт зүйл нь түүх. Гэвч түүхээрээ бахархдаг, ишлэдэг байгаад зогсохгүй энэ үeийн түүхийг бичдэг, бичилцдэг байхыг эрмэлздэг.
 
–Хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Магадгүй, хэзээ ч биeлэх боломжгүй зүйлийг мөрөөдөл гэдэг байх. Харин зорилго бол хүрэхээр зорьж буй, зайлшгүй хүрэх учиртай цэг юм шиг байгаа юм. Улстөрийн карьериа хаана хүрэхийг одооноос харж чадаж байна уу?
 
-АНУ-ын Ерөнхийлөгч Линkольн “Миний зорилго бол eрөнхийлөгч болох биш, боолчлолыг халах явдал юм. Хэрэв би үүнийг хийчихвэл нэрээ татаад, мэргэжлийнхээ ажлыг хийгээд явмаар байна” гэж хэлсэн байдаг. Миний мөрөөдөл түүнийхтэй яг адилхан. Би хоёр хүүтэй, эцэг хүн. Хүүхдүүдээ гадаа гаргаад тоглуулахдаа ямар нэгэн айдасгүй, санаа зовохгүй нийгэмд амьдрахыг хүсч байна. Ийм нийгмийг залуус бид л бий болгох ёстой. Тиймээс ийм нийгмийг бий болгохын тулд би улстөрийн замыг сонгосон юм. Магадгүй, би насаараа зүтгээд ч энэ зорилгодоо хүрэхгүй байж мэднэ. Эсвэл аравхан жилийн дотор энэ зорилгодоо хүрчихэж ч магад. Зорилгодоо хүрэхийн төлөө хаа хүртэл явах ёстой вэ, тэр хүртэл шантралгүй явах болно.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин