sonin.mn
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хямрал, ард иргэдийн гачаал зовлонгийн шалтгаан, түүнээс гэтлэх зам, мөрийн тухай Монголын философийн холбооны тэргүүлэгч гишүүн, гүн ухаантан Дамдинсүрэнгийн Урианхай өгүүлэхдээ:
 
“Нийгмийн хямрал өөрөө гүн гүнзгий ул үндэстэй үзэгдэл болохоор түүнийг гэтлэн давах амар хялбар зам угаасаа байхгүй!. Гүн юманд буурьтай хандлага, нөр хүч шаардагдана. Замын тухайд бол ямар нэг ажиллах хүч шаардсан материаллаг чанартай байж таарна. Харин дөт замын тухайд бол цаг хугацааны утгаар ойлгон ярьж болох юм шиг санагдана. Би нийгмийн хямралыг гүн, өргөн хүрээтэй үзэгдэл гэж хэлэхдээ, гол нь нийгмийн ёс суртахуун, оюун санааны хүрээ талаас нь хандаад тэгж хэлж байна. Юу гэвэл, улс төр-эдийн засгийн салбарын хямралаас харьцангуй богино хугацаанд гарах боломжтой![1]...” хэмээжээ. Эндээс нийгмийн хямралын уг гүн шалтгаан нь ёс суртахуун, оюун санааны хүрээнээс эхтэй бөгөөд уул хүрээний “уналт” нь улс төр эдийн засгийн салбарын хямралд хүргэн, ард иргэдийн гачигдал зүдрэлийн шалтгаан болж нийгмийн хөгжлийг “царцаадаг” байна.
 
Мөн аливаа нийгэм, түүний дотор улс төр, эдийн засгийн салбарын хямралын уялдаа хамаарлыг Хан үндэстний багш Күнз үзэхдээ: “Тэнгэрийн бошгийг олохуй тийм ч хялбар бус ажгуу... Тиймийн учир иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй. Иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт сайд эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй.
 
Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй
 
Иргэн хүмүүн буй ахул эх газар буй
 
Эх газар буй ахул эд баялаг буй
 
Эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй.
 
Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу
 
Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу
 
Эх язгуурыг хөнгөнд үзэж гадагш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүрмүй. Тиймийн учирт эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй. Эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Тиймийн учир үгийг ёс бусаар хэлэх аваас ёс бус хариу сонсмуй. Эд агуурсыг ёс бусаар олох аваас ёс бусаар хариу алдмуй[2]” хэмээсэн байна. Мэргэдийн тайлалд аливаа Улс нийгэм эх язгуур ёс суртахуунаа хөнгөн үзэж, эцэс адаг эдийг хөөцөлдвөл нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралын шалтгаан болоод зогсохгүй “хямрал” туйлдаа хүрэн иргэн олон бутарч Улс мөхдөг жамтайг үзүүлжээ.
 
Тэгвэл улс нийгмийн хямрал зовлонгийн уг, ёс суртахууны уналт мухардлын шалтгаан юу вэ? юунаас эхтэй вэ? түүнийг хэрхэн засах вэ? Энэ асуултын хариуг Хоёр хөлтний дээд, Тэнгэр хүмүүний багш Шагжамүни Бурханы зарлигт:
 
“Ээ аяга тахимлагууд
 
Энэ хэмээвээс зовлон болой
 
Энэ хэмээвээс зовлонг түрдэгч(хоригч) болой
 
Энэ хэмээвээс хамаг зовлонг түрдэгч мөр болой” хэмээн гурвантаа өгүүлээд,
 
“Ээ аяга тахимлагууд
 
Энэ мэт мунхагийн шалтгаанаар хуран үйлдэхүй
 
Хуран үйлдэхүйн шалтгаанаар тийн мэдэхүй
 
Тийн мэдэхүйн шалтгаанаар нэр өнгө
 
Нэр өнгөний шалтгаанаар зургаан төрөн түгэхүй
 
Зургаан төрөн түгэхүйн шалтгаанаар хүртэхүй
 
Хүртэхүйн шалтгаанаар мэдрэхүй
 
Мэдрэхүйн шалтгаанаар хурьцахуй
 
Хурьцахуйн шалтгаанаар сансар
 
Сансарын шалтгаанаар төрөхүй
 
Төрөхүйн шалтгаанаар өтлөх үхэх ба
 
Гаслан ба эмгэнэх ба зовох ба
 
Сэтгэл үл амрах ба хөнөөхүй нүгүүд төрөх хийгээд
 
Тэр мэт онц их зовлонгийн цогцос гарах болюу.
 
Мунхаг түрдсэнээр(хоригдсоноор) хуран үйлдэхүй түрдэнэ
 
Хуран үйлдэхүй түрдсэнээр мэдрэхүй түрдэнэ
 
Мэдрэхүй түрдсэнээр хурьцахуй түрдэнэ
 
Хурьцахуй түрдсэнээр авахуй түрдэнэ
 
Авахуй түрдсэнээр сансар түрдэнэ
 
Сансар түрдсэнээр төрөхүй түрдэнэ
 
Төрөхүй түрдсэнээр өтлөх, үхэхүй ба
 
Гаслах ба эмгэнэх ба зовох ба
 
Сэтгэл үл амрах ба хөнөөхүй хийгээдийг түрдгээд
 
Тэр мэт зовлонгийн энэ их цогцсыг түрдгэх болюу[3]” хэмээн Чадагчийн эрхэт Шагжамүни Бурхан зовлон бүхний уг шалтгаан, сэтгэлийн булингар буюу ёс суртахууны доройтол эдгээр бүгдийг түрдгэх Хутагтын 4 үнэнийг айлдаж 12 шүтэн барилдлагаар дэлгэрүүлэн үзүүлсэн байна. Ялж Төгс Нөгчсөн Шагжаан Чадагч Бурханы зарлигын утга тэнгэр мэт уудам, далай мэт гүний учир дээрх утгыг хураавал:Мунхаг нь зовлон бүгдийн шалтгаан болж, Мунхаг түрдсэнээр зовлонгийн шалтгаан бүхэн хоригдоно гэжээ.
 
Эд хөрөнгөтэй байх үгүйгээс үл хамааран гагц хүмүүн төдийгүй тэнгэр тэргүүтэй бодгаль(Pudgala)-д ч зовлон байх нь “Үнэн”. Бодгалын зовлонгийн шалтгаан бол сэтгэлийн булингар нисваанис буюу ёс суртахууны доройтлоор өдөөгдөн үйлдэгдсэн үйл буюу нүгэл, нүглийн үр нь “гэмшин эс арилгаснаар өдөр шөнө нэмж өсьюү”[4] хэмээсэн үйл үрийн <үйл магадтай>, <үйл аривдана> , <үйлдээгүй бол учрахгүй>, <үйл шамшаагдахгүй> хуулийн эрхээр тарьсан үр эргэн боловсордог ертөнцийн хууль, сансарын жамыг хүн төрөлхтөн түгээмэл мэдэх билээ.
 
Бодгалын нүгэл үйлдэхийн шалтгаан болсон нисваанисын уг ёзоор болох “мунхаг” тэргүүтэй ёс суртахууны доройтол булингар нь сэтгэлийн мөн чанар биш бөгөөд үүнийг Лигдэн хутагт хааны Монгол Ганжуурын “Их Тонилгогч судар”-т Үзүүлэгч Бурхан Шагжамүни:
 
“Язгууртны хөвгүүн ээ, Ийн ухтугай! Адилтгаваас маш тунамал гэгээн Чандмань биндэръяа эрдэнийг балчиг шаврын дотор мянган онд хүртэл тавиваас бээр төрөлх ариун чанартын тул гадагш гаргаваас бээр урьдах ёсоор болюу. Чи бээр түүнд адил[5]..., ..хамаг амьтнаа Бурханы мөн чанар буюу[6]” хэмээн зарлиглажээ. Энэ нь мунхаг, шунал, уур тэргүүтэй элдэв нисваанис нь сэтгэлийн мөн чанар биш бөгөөд “Бурхан” нь бодьгалын нүгэл булингараар хучигдсан сэтгэлийн гүнд буй тул, зовлон бүхний уг ёс суртахууны доройтол бүгдийн шалтгаан “мунхаг”-ыг түрдгэх зам мөр нь түүхэнд агь Сиддхарта (Сэдэдраднаа) буюу Түүнчлэн Заларсан Шагжамүни Бурханы үлгэрлэн үзүүлсэн хийсвэр бус бодитой, идэвхтэй, уйгагүй хөдөлмөр шаардсан зам мөр байх нь тодорхой байна!
 
Учир нь зам мөрийн нөгөө үзүүрт нирвааны хутаг буюу бодитой гэгээрэл буй тул бодитой гэгээрэлд хүргэх мөр нь ч мөн бодитой мөр байх юм. Үүнийг Чингийн үеийн Монголын усамбад Брагри Ёнзон Дамцагдорж эрэгцүүлэлдээ: “Үгийн хүчээр Бурхан бүтэхгүй” хэмээн тодотгон дурьдсан нь буй.
 
Ёс суртахууны уналт зовлон бүгдийн уг шалтгаан “мунхаг”-ыг түрдгэх гэгээрлийн бодитой зам нь Туулсан Шагжамуни Бурханы “Гурван аймаг сав” (Трипитака, үүнд: Винай(Vinaya), Авидарма(Abhidharma), Судар(Sutra)) зарлигын хураангуй гол анхааран авлага “Гурван Суртгаал” тэр нь <Шагшаабадын суртгаал буюу дэг ёс, ёс суртахууны хэм хэмжээнд суралцах>, <Дияаны суртгаал буюу сэтгэлийг төвлөрүүлэн атхагыг амирлуулахад суралцах> энэхүү <шагшаабад, дияанаас буй болох Билиг билгүүний суртгаал> бөгөөд энэхүү Гурван суртгаалыг амьдралдаа дадуулан суралцахын эхлэл нь Хутагтын 8 мөр хэмээн айлджээ.
 
Мунхагыг хорин түрдгэгч Төв дундад замын Хутагтын 8 мөр нь Үнэн үзэл, Үнэн бодол, Үнэн хэл, Үнэн явдал, Үнэн ахуй, Үнэн хичээл зүтгэл, Үнэн ухаарал, Үнэн бясалгал[7] тул түүхэн аугаа “Их Монгол Улс”-ын үргэлжлэл Монгол Улсын ард иргэд Монголчууд бидний зовлон бүгдийн уг шалтгаан “Мунхаг”-ыг хорих мөрийн эхлэл “Үнэн Үзэл”-ийн эх ундарга нь Ялж Төгс Нөгчсөн Шагжамүни Бурханы зарлиг, түүний хураангуй Их Монгол гүрний төрийн гол шүтээн Монголын унаган язгуур соёл хэл бичгийг тээн хадгалагч Монгол Ганжуурын 113 хэлмэли боть юм.
 
Дэлхийн улс орон бүрт Бурхан, Тэнгэрийн зарлиг сургаалиас улбаатай уламжлалт соёлоос нь бий болох ёс суртахууны өндөр хэм хэмжүүр нь нийгмийн хөгжлийн суурь болж, уул суртахуун нь бичмэл хуулийн үзэл санааны уг эх болон тусгагдаж уламжилж ирсэн хүн төрөлхтний түүхийн нийтлэг жамын адилаар Монгол Улсын нийгэмд Их Монгол Улсын хэл бичгийн 113 боть Бурханы зарлигын утга (буюу Замбуу тивийн нар, нарны цацраг) түгсэнээр соёл ёс суртахууны өндөр хэм хэмжүүр нийгэмд бүрэлдэхийн эх болох юм.
 
Энэхүү нийгмийн хөгжлийн нийтлэг жам ёсыг орхигдуулан Уламжлалт Гэгээн соёл Бурханы зарлиг түүнээс үүдэгч оюун санааны гэгээрэл, ёс суртахуун үгүйгээр Монгол Улс дан ганц бичмэл хуулиар: “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээх Үндсэн хуулийн тунхаг зорилгодоо хүрэх боломжгүй юм.
 
Ингэж үзэх (дүгнэх) нь бичмэл хуулийг үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд харин ч Гэгээн соёл Бурханы зарлиг ёс суртахууны хэрэгсэлгүйгээр зөвхөн бичмэл хуулинд хашигдах этгээд буй нь бичмэл хууль зайлшгүй шаардлагатайн нотолгоо төдийгүй зөвхөн бичмэл хуулиар “Хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгэм цогцлооно” гэж бодож чаддаг амьтад байгаа нь Бурханы зарлиг, ёс суртахуунаар иргэншил Улсаа цогцлоосон хүн төрөлхтөнд цаашид ч Гэгээн соёл хамгийн эрхэм нандин шүтээн нь байсаар байхын баталгаа юм.
 
Монгол Улс Үндсэн хуулиндаа тунхагласан зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн хөгжингүй орнуудын нийтлэг жишгийн адилаар амь зуулга, эд ахуйн дундаж давхаргыг нийт ард иргэдийн 60-70%-д хүргэн бүрэлдүүлэхийг зорих нь чухал ч хөгжилтэй тэргүүлэгч улс орнуудын эрхэм зорилт болох ёс суртахууны Төв дундаж давхарга буй болгох дэлхийн жишиг зорилтоос хоцрохгүй байх нь түүнээс ч амин чухал байна!.
 
Нийгэмд оюун санаа, ёс суртахууны “Төв-Зөв үзэл”-т дундаж давхарга бий болгоход гол хэрэглэгдэхүүн нь тухайн улс үндэстний Уламжлалт шашин соёл байдаг нь дэлхийн түгээмэл жишиг билээ. Жишээ дурьдахад: Монголын Уйгур гүрнээс өнөөгийн Япон Улсын аралд МЭ VI-р зуунд дэлгэрсэн Бурханы шашны Нууц тарни Очирт Хөлгөний урсгал, тус улсын төрийн шашин болон хөгжсөөр, Тэндай, Шинран урсгал тэргүүтэй Бурханы шашны хүчирхэг судалгааны хүрээлэн, сүм сургуулиуд нь буюу Уламжлалт соёл нь Япон улсын 127 сая ард иргэддээ цэцэрлэг, дунд сургуулийн наснаас нь Бурханы зарлигийг үзүүлэн сургаж, улс нийгэмдээ Гэгээн соёлыг түгээн Төв ёс суртахуун сурган дэлгэрүүлэх үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
 
Өөрөөр хэлбэл, Алтан Ургийнхан буюу 2500 жилийн түүхтэй Нууц тарни Очирт хөлгөний Гэгээн соёлыг нийгэмдээ түгээх тогтолцоо нь Монгол Улсаас бусад Япон тэргүүтэй “Азийн Бар” улс орнуудын хөгжил цэцэглэлтийн суурь болсон уламжлалт хэл бичиг, шашин соёл, гүн ухаан, урлагаа хөгжүүлж, энэхүү Уламжлалт соёлын босоо тогтолцооны оройд “Их Азар”-ууд оршсоор байна. Учир нь Эх язгуур зорилт болох “Зөв Үзэл” ёс суртахууны Төв дундаж давхарга бий болгох зорилтыг эд ахуйн зорилтоос өмнө нь биш гэхэд хоцроож хэрхэвч болохгүй! Эх язгуур зорилтыг эцэс адаг эд ахуйн зорилтоос хоцроосон “Бодлогын алдаа”-ны Улс нийгэмд бий болох сөрөг үр дагавар нь Д.Урианхайн хэлсэнээр: “Янхадын инээд угаах газар ус минь[8]” хэмээсэн эргүүлэг үүсгэдэг бөгөөд ийм эргүүлгээс мэнд гарсан гүрэн, Улс түүхэнд одоогоор гараагүй байгаа нь Улс үндэстнийг мөхөөдөг хөнөөлт гол дайсан нь <“Буруу үзэл”, ёс суртахууны доройтол>  гэдгийг батлаж байна!
 
Иймээс Монгол Улс хүн ам, цэрэг, эдийн засгийн буюу “хатуу хүч”-ний хувьд өрсөлдөгч үндэстнээс үлэмж буурайн дээр нийгэм нь ёс суртахууны уналтанд буюу бага буурай орны “гарын ганц мод” болох “зөөлөн хүч”-гүйгээр хэрхэвч удаан байж болохгүй юм!
 
Тиймийн учирт Монгол Улсын “Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал” (ҮАБҮБ-2009)-ын 1.1.6. “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”
 
3.1.4. Соёл иргэншлийн аюулгүй байдал хэсгийн 3.1.4.8 “Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх...” үзэл баримтлалын хэрэгжилтэнд онцгой анхаарах нь нэн чухал бөгөөд ҮАБҮБ-ын хэрэгжилтэнд одоо гаргаж буй! байж болшгүй! яасан ч гаргаж болохгүй! алдаа завхралыг товч залруулан дурьдахад: 
 
Үндэсний аюулгүй байдлын 1.1.6. “Үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх...” үзэл баримтлал нь Их Монгол Улсын Халх Монгол нь 1691 онд тусгаар тогтнолоо алдан Манж Чин Улсын бүрэлдэхүүнд багтан 220 жилийн турш “Үндэсний дарлал”-д нэрвэгдэж, Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хоёр зууны турш тэмцсэний үрээр 1924 онд түүхэн Их Монгол Улсын үргэлжлэл хэмээн БНМАУ тунхаглан тусгаар тогтнолоо сэргээсэн бол, харин “Бээжин” төвтэй Манж Чин Улсын үргэлжлэл нь өнөөгийн БНХАУ бөгөөд Чин Улсыг тэргүүлж байсан Манж үндэстэн (одоо 10.3 сая[9]) нь Хятад Улсын үндэстний цөөнх мөний тул, Их Монгол Улсын Уламжлалт хэл соёл, өв уламжлалыг Монгол Улс дахь (Манж Чин Улсын дарлалын үед буй болсон) элдэв Манж-Хятад зан заншилтай хольж хутган андууралгүйгээр Монголчууд Их Монголын уламжлалт Гэгээн соёлоо хамгаалж хөгжүүлснээр сая хэрэгжиж “Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” бүрдэн бэхжих юм. Товчоор хэлбэл, юуны өмнө Монголчууд өөрсдөө Их Монголын уламжлалт “Гэгээн соёл”-ыг Хятад Улсын үндэстний цөөнх Манж-Тангадын уламжлалт “ахуйгаас” ялгаж таних нь чухал байна!.
 
ҮАБҮБ-ын 3.1.4.8-д “Уламжлалт Бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлэх...” хэмээгээд өдгөө Монгол Улс дахь Хятад Улсын салшгүй хэсэг үндэстний цөөнх Түвдийн соёл уламжлал буюу Хятадын коммунист намын депутат 11-р Ванчин Эрдэнэ лам Жанцанноров “тэргүүн”-тэй Хятадын Шарын шашныг сэргээн хөгжүүлж, үүнийгээ Монгол Улсын Уламжлалт Бурханы шашин соёл гэж үзэх нь ямар ч үндэсгүй! Хятад Улсын үндэстний цөөнхийн соёл нь Монгол Улсын Уламжлалт соёл биш! гэдэг нь илт тодорхой бөгөөд мөн гэж үзэх түүхэн үндэслэл ч байхгүй юм!
 
Тодруулбал, Хятад Улсын соёл Шарын шашныг Монгол Улсын нутагт дэлгэрүүлсэн Их Монгол Улсын нэг ч Хаан, Хан “байгаагүй!”-гээр барахгүй харин ч Их Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн хутагт, Халх Монголын цөхүүр жанжид Цогт тайж, Чахундорж, Халх Монголын Бурханы шашны тэргүүн “хувраг” Өндөр Гэгээн Занабазар[10] нар Мин Улсын болон Чин Улсын буюу Хятадын Шарын шашныг эрс эсэргүүцэн тэмцэж байсан!.
 
“Түвдэд Ганжуур бичмэл байснаас бус барласан нь байгаагүй, 1408 онд Мин Улсын Юн Лэ хаан бээр Богд Зонхавыг элэнц хааны ордноо урин залахуйд, Богд Зонхав өөрийн ор болгож шавь Жамчэн цорж Шагжа-Ишийг илгээн соёрхож, Бээжинд өнөд суулгасан билээ. Юн Лэ хаан бээр Наньжинд Түвд үсгийн Ганжуурыг хэвд сийлүүлсэн нь Түвд хэлээр Ганжуур хэвд гарсны анх нь..[11]” буюу 1408 онд Мин Улсын хаан Юн Лэ-гийн зарлигаар Хан үндэстний уугуул нутаг Наньжин хотод боловсруулан дэглэсэн Хятад үндэстний соёлын салшгүй хэсэг Шарын шашныг Монгол нутагт тэтгэн дэлгэрүүлсэн нь Чин Улсын Найралт төв хаан Иньчень бөгөөд Манж Чин Улс Их Монгол Улсын соёл уламжлалыг хориглодог Шарын шашнаа Монгол нутагт 220 жил “Үндэсний дарлал” үйлдэх хэрэглэгдэхүүн болгож ашигласан нь Түүхийн Шинжлэх Ухааны судалгаагаар нэгэнт тодорхой болсон[12] билээ. Өнөө ч Монгол Улс дахь Шарын шашнаа Хятад Улс “хэрэглэгдэхүүн” болгож ашиглах бүрэн боломжтой! гэдгийг Хятадын коммунист нам Шарын шашны тэргүүн Ванчин Эрдэнэ ламын 11-р хувилгааныг томилон ажиллуулж байгаа зэрэг олон баримтууд батлан харуулж байна!
 
Монголын хэл бичиг, соёл, ахуй, уламжлал бүрэн хориглогдсон Монгол Улс дахь Хятадын Шарын шашныг Монгол Улсын уламжлал гэж дэлхийн аль ч улс үздэггүй, цаашид ч үзэхгүй, ингэж үзэх боломжгүй нь ч тодорхой билээ!.
 
Түүхэнд Мин Улс[13] болон Чин Улсын буюу одоо БНХАУлсын ламын шарын шашнаар дарагдан балартсан Хүннү гүрний үеэс эхтэй Их Монгол Улсын Бурханы шашны хэл бичиг соёлоо Монголчууд Монгол Улсдаа сэргээн хөгжүүлснээр л ҮАБҮБ-д дурьдсан “Уламжлалт Бурханы шашин, соёл...” бодит утгаараа сэргэж, Хятадаас шашин соёлын хувьд тусгаар гэдгээ батлаж чадах юм. Монгол Улсад Хятад Улсын Шарын шашныг дэлгэрүүлэх нь Монгол Улсын уламжлал соёлыг хөгжүүлсэнд тооцогдохгүй гэдгийг ойлгоход нэг их төвөгтэй биш гэж найдаж байна.
 
Монголын Уламжлалт Бурхан шашны улбаа төдийгүй нийт Бурханы шашны улбаа Шагжамуни Бурханы “хятад, түвд хэлний нөлөөгүй”[14] монгол хэл бичгийн 113 боть зарлиг бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа нь болон өнөө үед Манж Чингийн дарлалаас өмнөх үеийн Их Монголын уламжлалт сүмийн хийц загвар нь Их Монгол гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс орнуудад одоо ч хадгалагдаж, тэдгээрт Их Монголын уламжлалт дэг хөтөлбөр тасраагүй оршсоор байгаа нь Монголчууд, Монгол Улсад Их Монголын уламжлалт шашин соёл, сүмийн хийц загвар сэргэх боломж өнөөдөр ч байгааг батлах бөгөөд Уламжлалаа сэргээхэд нөр хүч гүн гүнзгий судалгаа шаардлагатай!..
 
Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын “...сүм хийдийн үйл ажиллагаа нийгмийн оюун санааг гэгээрүүлэх...” үзэл баримтлал биелэн Их Монголын уламжлал соёл сэргэж өнөөдрийн Монгол Улс дахь Хятад Улсын шарын шашны “зуд болоход нохой зоолж, зовлон ихдэхэд лам таргалдаг” байдлыг “халснаар” Монголын соёл нь зоолдог тогтолцооны эхлэл болох юм!
 
Товчдоо, юуны өмнө Монгол Улс түүхэн Их Монгол гүрний уламжлалт шашин соёлыг Мин, Чин Улсын буюу өнөөгийн Хятад Улсын шарын шашин соёлоос ялгаж судлан хөгжүүлэхгүйгээр (Манжийн дарлалын үе буюу 1691-1911 оны үед Монгол нутагт бий болсон) Хятадын шашин соёлыг Монголын уламжлал, Монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх зүйл мэтээр ухуулах, явуулгад автаж, Монгол Улсад Хятад Улсын уламжлалт шарын шашин соёлыг сэргээн дэлгэрүүлж байгаа нь “Бодлогын алдаа” юм! Өөрөөр хэлбэл Монголчуудын эв нэгдлийг Хятад Улсын шарын шашнаар хангана гэдэг нь бүтэшгүй зорилт бөгөөд ингэж оролдох нь харин ч Монголчуудын хагарал талцлын эх ундарга болсоор байна!. Монголчуудын эв нэгдлийг Хятад Улсын шарын шашнаар хангана гэх нь Монгол Улс шашин соёлын хувьд Хятад Улсаас гаралтай хэмээн үзэн “зөвшөөрсөн” хэрэг бөгөөд энэ нь Монгол Улс Хятадын салшгүй хэсэг болсон үед л бүтэх боломжтой зорилт мөн!.
 
Энэ бүгдээс Монгол Улсад Их Монгол Улсын Уламжлалт Бурханы шашин соёл нь Монгол дахь Хятадын шарын шашин(уламжлал)-тай андуурагдан, судлагдахгүй орхигдсоноор нийгмийн соёл, оюун санааны хүрээг уналтанд оруулж, энэ нь улс төр, эдийн засгийн гүн хямралын уг шалтгаан болоод зогсохгүй Монгол Улсын шашин соёл нь Хятад Улсын салшгүй хэсгээс гаралтай гэгдэж, “эгзэгтэй” цаг ирэхэд! Монгол нь Хятадын нэг хэсэг хэмээн мушгигдан гуйвагдахад хүргэх энэхүү соёл иргэншлийн хүрээний асуудлаа анхаардаггүй юм гэхэд бид адаглаад хувийн нэр төрөө эрхэмлэн Соёлт хүн төрөлхтний нийтлэг жишгийн адил Их Монголын Уламжлал соёлоо хөгжүүлж өвлүүлэхгүйгээр Хятад үндэстний цөөнх Манж, Тангад тэргүүтэй Бусдыг тэжээвэр амьтдаас нь илүү дуурайж чадна гэдгээ харуулахыг хичээх нь “варвар” хочоо нэртэйгээ андуурсан “номхон боол, хүлцэнгүй шавь[15]” болсоноо батлахаас хэтрэхгүй гэдгийг анхаарна бизээ!
 
 
 
Алтан Ургийнхандаа зориулав.
 
 Хуврагын адаг ЦОГТ Саруул-Уужим
 
2017.10.29
 
 
 
[1] Д.Урианхай. “Бодь сэтгэл, эв хамт ёс, Ганцаарчилсан Хөдөлгөөний улс төрийн үзэл онолын “Очир” Үнэнээс цогцолсон Зэндмэнэ”. II дэвтэр. УБ.,2005 тал 97 
 
[2] Кунз. “Их Суртахуй” 2 дахь хэвлэл, МУИС Кунзийн Институт, Орч: М.Чимэдцэеэ. УБ.,2010 тал 59
 
[3] Шагжаан Чадагч Бурхан “Богдсын ном цагаан лянхуа нэрт их хөлгөн судар” Ширээт цорж Гүүшийн, Хөр: Пүрэвбат. Сөүл.,2005. тал 244-245, мөн “Буддын шашин, соёлын тайлбар толь”, I дэвтэр, МУИС. УБ.,2000 тал 91, 93
 
[4] “Их Тонилгогч судар”. Эрхлэн гаргасан Варанаси Нийгэмлэг. 7 дахь хэвлэлт. УБ.,2016. тал 107
 
[5] “Их Тонилгогч судар”. Эрхлэн гаргасан Варанаси Нийгэмлэг. 7 дахь хэвлэлт. УБ.,2016. тал  89 
 
[6] “Их Тонилгогч судар”. Эрхлэн гаргасан Варанаси Нийгэмлэг. 7 дахь хэвлэлт. УБ.,2016. тал  112 
 
[7] “Бурхан багшийн сургаал” Бүккё Дэндо Кёкай нийгэмлэг. Орч: Н.Энхбаяр. 1 дэх хэвлэл. Япон Улс,Токио.,1991. тал 41. Мөн 12 дахь хэвлэл Токио.,2004. тал 61,62, мөн 279-р тал Виная, Махавагга судар 1-6.
 
[8] Д.Урианхай. “Огтлолцохуй” Бишүби экспромт, Бишүби монологи Шинэ Шүүмж УБ.,2007 тал 96
 
[9] "2-1 全国各民族分年龄、性别的人口" (XLS).  www.stats.gov.cn. August 2017
 
[10] Зая Бандид Лувсанпринлэй “Өндөр Гэгээний намтрууд оршвой” Орч. Ш.Бира. УБ.,1995 тал 14
 
[11] “Буддын шашин, соёлын тайлбар толь”, I дэвтэр. МУИС, Буддын соёл судалгааны төв Эх бичиг-Алтай судлалын тэнхим. УБ.,2000 тал 235.
 
[12] “Монгол Улсын түүх” IV боть. МУШУА Түүхийн хүрээлэн УБ.,2003. мөн Ш.Нацагдорж “Манжийн эршээлд байсан үеийн Халхын түүх.1691-1911 МУШУА Түүхийн хүрээлэн УБ.,1963. мөн“Манжаас Монголыг эзэрхсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүн” МУИС Түүхийн хүрээлэн. УБ.,2007. мөн С.Пүрэвжав. “Монгол дахь шарын шашны хураангуй түүх”. Эмхэтгэсэн Ш.Бира УБ.,1978.
 
[13] Монгол Улсын түүх, IV боть. УБ.,2003. тал 202
 
[14] Зава лам Лувсандамдин.”Алтан дэвтэр”. Орчуулсан С.Гантөмөр, УБ.,2014 он. тал 32.   
 
[15] Д.Урианхай “Зэндмэнэ онол” I дэвтэр УБ.,2003