sonin.mn
“Зовлон шаналал минь намайг гунил гутралд хүргэв”.
 
Орчин цагийн хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Ян Мартелийн “Пигийн амьдрал” зохиол дээрх өгүүлбэрээр эхэлдэг. “Пигийн амьдрал” роман нь англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал Мэн Бүүкэрийн шагналыг хүртсэнээр зохиолчоо төдийгүй Ричард Паркер хэмээх Бенгалын бар, Писин Молитор Пател буюу Пигийн адал явдалт, гайхамшигт аялалын талаар мэдэхгүй уншигч үгүй болжээ.
 
Тус романыг “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, залуу орчуулагч Б.Сувддуламын монголчилсноор уншигчдад хүрээд буй билээ. Мөн энэхүү бичвэр “уншигчийн тэмдэглэл” гэдгийг давын өмнө хэлэх нь зүйтэй болов уу.
 
ГУНИЛ ГУТРАЛ ДУНДУУР ЗАВЬТАЙ УРАГШИЛХЫН ӨМНӨ
 
Бодит үйл явдлаас сэдэвлэсэн болоод ч тэр үү уншихад хэт нуршуу, хэдхэн хуудас яваад л залхмаар санагдана. Мэдээж хүн бүрийн “сайн зохиол” гэж ам дамжуулан ярьдаг номыг уншигч бүр “мэрсэн” байх албагүй. Гол нь өөрийн дуртай номыг барьж авах нь чухал. Гэвч бүгд академик боловсролыг чухалчлан үзэх болсон энэ үед /урлаг, утга зохиолд сонирхолтой хүн бүр/ Достоевскийг уншчихсан байх шаардлагатай болдог. Түүнтэй адилхан дэлхийн дөчин хэлээр орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон, Америкийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн “Пигийн амьдрал”-аар 227 хоног Бенгалын бартай хамт аялаад ирэхэд буруудах зүйлгүй санагдсан хэрэг. Үнэндээ бол Канадын зохиолч Мартелийн эл алдарт романыг монгол хэлт уншигчид эх хэлнийхээ яруу тансаг үг аялгуугаар унших болсон нь  олзуурхууштай. Тэгээд л эцэс төгсгөлгүй цэлэлзэх их усан дундуур Пигийн сэтгэлийн мухарт ургачихсан мэт гунил гутралын жимээр аврах завьтай урагшласаар байв.
 
 
“Бурхад ч бас дайснаа хүлцэн тэвчих хэрэгтэй болдог нь дамжиггүй. Хиндү шашны бурхад л гэхэд үй олон хулгайч, хүчирхийлэгч, хүн барьцаалагч, булаан эзлэгчидтэй нүүр тулдаг. Раяама туульд Рама бурханд тохиолдсон бэрх хийгээд урт өдрийн явдлыг өгүүлдэг шүү дээ. Бурхдад дайсан бий юу гэвэл бий. Хувь заяа нь орвонгоороо эргэх явдал гардаг уу гэвэл гарна. Итгэл алдах ч үе бий. Гэхдээ доромжлогдох, үхэх тохиолдол гардаг билүү?”
 
Нөгөөтэйгүүр зохиолд “Загалмайд цовдлуулсан Христ хүн төрөлхтний өмнөөс зовж шаналж байгаа дүр үзүүлсэн бол энэ нь түүний шаналал биш салбадайн жүжиг болоод дуусах байлаа. Харин тэр жинхнээсээ үхсэн. Үүнийг Мартин ламтан ч батлан хэлэв. Христийн амнаас үхлийн амт үүрд салаагүй байж таарна” хэмээн өгүүлжээ.
 
Мэдээж бүх зүйлс хумхийн тоос болно. Харин чөтгөрүүд үй олноороо үхэж, бурхад өнө мөнхийн амьдрал дунд зовж шаналж, баярлаж цэнгэсээр оршиж байдаг тухай олон зохиолд гардаг. Гэтэл Христ үхсэн. Эндээс л Пигийн завьтай урагшлах адал явдлын өмнөх хамгийн чухал ээдрээ үүссэн шиг санагдана. Буй юмсын зарим нь нүдний чинь огт хөдөлгөөнгүй зогсох мэт боловч үргэлжийн мөнхөд хөдөлж, эргэлдэн байдаг. Магадгүй хүмүүс хөдөлж байна төсөөлөхөөс хэтрэхгүйгээр хөшчихсөн амьд биетийн талаарх асуудлын гүн рүү нэвтрэхээс үргэлж айдаг биз. Бурхад үхдэггүй ч Христ үхсэн. Гэтэл тэр бурхан. Тиймээс л Пи зовлон зүдгүүртэй хүнд өдрүүдийг сөрж гарахаас өөр аргагүйд хүрчихэж байгаа юм. Мэдээж зохиолын шугамыг алдагдуулалгүйгээр хоорондоо холбогдох утга санаануудыг хэчнээн олон хуудасны зайтай нууцалсан ч гэлээ хууртагдах зүйл байсангүй.
 
Бид философич Фома Аквинскийг мэднэ. Мэдээж бурхан байгааг баталсан нь түүний уран бүтээлийн цөм билээ. Түүний үзсэнээр “орчлон ертөнц дахь бүхий л үйл явц өөрийн гэх эхлэлтэй байх ёстой ба өөрөөр хэлбэл байгаль дахь бүх хөдөлгөөн хэзээ нэг цагт эхэлсэн байх ёстой. Тэгвэл энэ эргэлтийн эхлэлийн шалтгаан юу вэ? Өсөлт ба хөгжилд тэднийг юу түлхэж байна вэ? Энэ нь агуу их хүч чадлыг эзэмдсэн бурхан л байна”. /“Философи дахь гайхамшигт 50 санаа” 51-р тал/ Бурхан байдаг гэх баталгааны анхдагч нь энэ. Мэдээж Аквинскийн үзсэнээр шүү дээ.
 
Зохиолын 63 дугаар бүлэгт Пи өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрүүлдэг хийгээд хийж дадсан зүйлсийнхээ тухай бичсэн байдаг. Тоймлон үзэхэд нэг иймэрхүү зүйлс гарч ирнэ. “Нар мандахаас бага үд хүртэл: Сэрнэ. Залбирна. Ричард Паркерт өглөөний цай өгнө. <...> Бага үдээс их үд хүртэл: Залбирна. Хөнгөвтөр хоол иднэ. <...> Их үдээс үдэш хүртэл: Залбирна. Загасчилж, загасаа янзална. <...> Нар жаргахын алдад: ... унтахад бэлдэнэ. Залбирна. <...> Шөнө: Сонор сэрэмжтэй унтана. Залбирна”.
 
Тэр ийнхүү үргэлж залбирдаг байж. Мөн тэрээр өөрт байгаа, дэргэд нь оршиж буй зүйлсийн жагсаалтандаа “1 бурхан” хэмээн бичсэн байдаг. Итгэл найдвар нь түүнийг аварч далайн хүчит давалгаа, өлсгөлөн Бенгалын бар, тахийн цусны үнэр авчихаад завиний ёроол мөргөх махчин загаснууд, үүрд мөнхийн тарчилгагч шиг  санагдах өдрийн халуун нар зэргээс хамгаалж байв. Нэгэнтээ энэ сэдвийг хөндсөн учир дараагийн үйл явдал руу орох нь зүйтэй.
 
РИЧАРД ПАРКЕРЫН АВРАЛ
 
Хүн төрөлхтний оюунт сэтгэхүйн хамгийн сор бүтээл болох Хомерын “Одиссей” болон Жонатон Свифтийн “Гулливерийн аялал” зэрэг зохиолууд эхлэлээс төгсөх хүртлээ далайн шорвог усны амтыг мэдрүүлдэг. Гэвч эдгээр агуу бүтээлүүдэд нийтлэг тал ажиглагддаг нь өнөөх л алдарт Гамлетын “Оршихуй эс оршихуй”-тай шууд холбоотой санагдана. Гулливер хүртэл гайхамшигт аялалынхаа дундуур энэ асуултын тухайд хэдэнтээ бодож үздэг шүү дээ. Харин Ян Мартеллийн бүтээсэн дүр өдөр бүр энэ асуулттай тулгарч, шөнө бүр хариултаар нь голоо зогоож явах ажээ.
 
 
“Зарим хүмүүс санаа алдах төдийхнөөр амьдралд бууж өгдөг. Зарим нь сөрж тэмцдэг боловч төдөлгүй буугаад өгчихдөг. Харин үлдсэн хэсэг (над мэтийн улс) нь хэзээ ч бууж өгдөггүй. Тэд тэмцээд л, тэмцээд л, тэмцээд л байдаг.” Пи ийн өгүүлсэн буй. Магадгүй тэр “Хүмүүс өөрсдийн айдсаасаа болоод бурханд ч, сахиусан тэнгэрүүдийн алинд ч ойртон дөхөж чаддагүй дорой амьтас”  хэмээн Эдгар Погийн бичсэнийг уншсан бол шуудхан ураад хаячих байсан нь мэдээж.
 
Пиг оршихуйгаа өөрт анзаарагдамгүй ихээр мэдэрч, шашин, хайр хэмээх мөнхийн зүйл болон амьдрал, уй гунигийн тухай бодолд автуулж философийн эргэцүүллүүдийг зохиогч шигтгэхээс өөр аргагүйд хүргэсэн гол хүчин зүйл нь Ричард Паркер нэртэй Бенгалын бар билээ.
 
“Ричард Паркер намайг хүч тамиртай болохыг хүлээж байсан юм шиг архирч эхлэв. Цээжинд айдас хургана. “Бушуулж үз, залуу минь, бушуулж!” гэж би өөртөө бувтналаа. Амиа хоолойлох цаг иржээ. Ганц хором ч дэмий үрж болохгүй. Надад хоргодох газар хэрэгтэй”.
 
“Би нууцаа дэлгэе: үнэндээ Ричард Паркерыг байгаад би баяртай байлаа. Түүнийг үхүүлмээр ч үгүй байна. Тэр үхчихвэл би орь ганцаараа үлдэж, амь гарах найдвараа алдана”.
 
Өөрийн оршин байхуйн тухай эргэцүүлж эхлэх тэр үест л хормын төдийд амийг нь тасалчихаж дөнгөх аварга биетэй араатан завин дээр байсан учраас Пигийн оюун ухаан гайхалтай сэргэгээр ажиллаж эхэлсэн. Тэр аврах хантааз хийгээд модон сэлүүрүүдийг ашиглаж өөртөө сал хийснээр барахгүй ихэнхдээ бяцхан ертөнцдөө унтаж, идэж, загас ангуучилж бурханд залбиран суух болдог. Нэг ёсондоо Пигийн оюуныг хөдөлгөгч зүйл нь Ричард Паркер байсан хэрэг. Энэ л Ричард Паркерын аврал юм. Үгүй бол ганцаардал түүнийг хоолойг хэрччихэж амархан дөнгөх зовлонт өдөр хоногуудыг Пи хэрхэн туулж өнгөрүүлэх байсан бол оо?
 
Мөнхүү “Золгүй хувь тавилангаа түр зуур ч болов мартагнахын тулд би амьсгалаа аажуухан боогдуулдаг байлаа. Чингэхдээ тамтаг болсон хөнжлийнхөө өөдсийг ашигладаг байв. Түүнийгээ амирлуулагч даавуу гэж нэрлэнэ. Амирлуулагч даавуугаа бага зэрэг норгоод өөрөө бэржээнхэн бүрээсэн дээрээ дээш харан хэвтэж даавуугаараа нүүрээ бүтээхэд хамаг бие сульдаж ядарчихсан үед бол дорхноо ухаан балартаад ирнэ”.
 
Тэр ингэж амьдралын амтыг мэдэрч, түүнд шунан дурлаж байв. Бүхий л зүйлсийн өмнө харц дорой, мэхийн амьдрахгүйгээр бүхнийг даван туулж, шүд зуун тэсч үлдэхэд зориулагдсан оршин байхуйг тодорхойлогч, оюун сэтгэхүйг нь хөдөлгөгч хүч түүнд хэрэгтэй байсан учраас энэ. Тиймээс л Пи зовлон зүдгүүр нь эцэстээ тулсан олон өдөр хоногийг хоолгүй өнгөрөөсөн урт удаан аялалын эцэст амьд үлдэж чадсан юм.
 
 
“Ердөө л байгалийн өршөөлгүй хуулийг дагахад л би аврагдана. Хамаг тамир нь барагдаад өөрөө үхэхийг л хүлээх хэрэгтэй. Тэгвэл надаас ямар ч хичээл зүтгэл гарахгүй”. Яг л “амьдрахын тулд амьдрах хэрэгтэй юм уу” гэх экзистенциалист философич Камюгийн асуулттай адилхан. Гэвч энэ асуултын цаана болоод “Пигийн амьдрал” зохиолын гол шугамд Бенгалын барын дүр шиг оршихуйг хөдөлгөгч хүчин зүйл бий. Тиймээс л Янн Мартел энэ олон асуудлыг энгийнээр зохиолд мэтгэж Канад залуугийн дуу хоолойг дэлхий нийтэд зарласнаар барахгүй өдөр ирэх тусам бурханд залбирахаа мартаагүй амьдралд дурлагчийн сэтгэлзүй болоод үйл хөдлөлийн гайхалтай тэмцлийг хүүрнэн өгүүлсэн байна.
 
БУРХНААС ӨӨР ХЭН Ч ҮГҮЙ
 
Аялал дуусах дөхөх хүртэл Ричард Паркер яс арьс болтлоо турж, Пи биеийн хийгээд сэтгэлийн зовлонг эцэст нь тултал мэдрэнэ. Өлсөх нь түүний хувьд юу ч бус бөгөөд гагцхүү энэ зовлонг цэглэх хүслийн оч нь л унтрахгүйгээр үл барам бурханд залбирсан хэвээр байв. Зохиолд өгүүлдэгчлэн гуньж ганцаардсан түүнд бурхнаас өөр хэн ч үлдээгүй юм.
 
Эцэст нь энэхүү романаас таалагдсан гурван эшлэлийг бичвэрийнхээ төгсгөлд хүргэж байна.
 
“Цаг хугацаа гэдэг чинь ердөө л хоолой боомилогч зэрэглээ шүү дээ. Би түүнийг ор тас мартсан тулдаа л амьд үлдэж чадсан билээ”.
 
“Үхэх ял авсан хүн амьд явах өдрийг нь хэд хоногоор ч болов сунгаж өгсөн хүнд өчүүхэн ч гэсэн баярлахгүй байх үндэс үгүй билээ”.
 
“Өөрт байгаа зүйлсээсээ аз жаргалыг мэдрэх нь л чухал. Тамын ёроолд унасан ч гараа энгэртээ зөрүүлэн инээмсэглээд өөрийгөө энэ дэлхийн хамгийн жаргалтай хүнээр төсөөлөх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хөл дор чинь бяцхан загас үхчихсэн хэвтэж буй”.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг