sonin.mn
Зууны манлай бүтээн байгуулалт гэгддэг Эрдэнэт хот 84 мянган га газар нутагтай. Засаг захиргааных нь нэгжээр яривал Баян-Өндөр сум 87837 мянган хүн амтай нь эдийн засаг, бүтцээрээ манай улсын хамгийн том сумд тооцогддог. Мөн 3000 гаруй хүн амтай Жаргалант сум мал аж ахуй, газар тариалан зонхилдог нутаг. Түүнчлэн аймгийн Засаг дарга нь хотын захирагчийн “давхар” эрх мэдэлтэй. Ийнхүү улс орны хөгжил дэвшил, эдийн засгийг өнгөлөх учиртай Эрдэнэт хотын удирдлагууд эдүгээ дээрээ суудлаа олохгүй эрх баригч сөрөг хүчнээрээ талцаж бүтэн жилийн хугацаанд хууль шүүхийн байгууллагын үүд  сахиж  явна. Энгийн иргэд нь ч аймгийнхаа удирдлагуудыг албан ёсных мөн, биш гэдгийг  ялгаж салгаж чадахгүй яваа аж. Учир нь  өнгөрсөн жил Орхон аймгийн орон нутгийн сонгууль будлиантсанаас АН-ын 29 төлөөлөгч аймгийн Сонгуулийн хороотойгоо зарга үүсгэж 7-8 удаа шүүхдэлцжээ.  Тодруулбал, орон нутгийн 22 тойргоос 20, 33 мандатаас 31-д нь маргаан гарч, будлиан үүссэнээс аймгийн өнөөгийн ИТХ-ыг  хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэдгийг АН, МАХН-ын төлөөлөгчид хэлж байна.
 
Одоогийн байдлаар Эрдэнэтийг эрх баригч МАН-ынхан удирдаж байгаа ч орон нутгийн сонгуулийг хууль бус болсон гэдгийг Улсын Дээд шүүхээс эцэслэн тогтоосон байна. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны өнгөрсөн сарын 20-ны өдрийн шийдвэрээр Орхон аймгийн 1-22 дугаар тойрогт аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгасан тогтоол гаргажээ.
 
Гэтэл аймгийн Сонгуулийн хорооноос “Татан буугдсан” гэсэн тамга тэмдэггүй бичиг цаас шидэлцэж  Дээд шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлэхгүй байгаа аж. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 12-нд “…Улсын дээд шүүхийн тогтоолд “Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин товлон зарлаж дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэжээ. Иймд СЕХ аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудалтай танилцаад хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн Сонгуулийн хороонд хариуцуулсан тул Г.Батдэлгэр даргатай /нарийн бичиг М.Жанболат/ сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн болохыг мэдэгдэж байна” гэжээ. Мөн дахин сонгууль явуулах талаар “Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар орон нутгийн Хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх тул шаардагдах зардлыг ирэх оны төсөвтөө тусгах нь зүйтэй” гэж албан бичигтээ дурджээ.
 
Эндээс харахад СЕХ нь Орхон аймгийн Сонгуулийн хороог татан буугдаагүй гээд, харин аймгийн Сонгуулийн хорооны дарга нь “Манай байгууллага татан буугдсан” гэж гүрийгээд ёстой л Орхон аймгийн орон нутгийн сонгууль бантан болж гүйцлээ. Үүнээс болоод Дээд шүүхийн шийдвэр биелэхгүй, бүхэл бүтэн аймгийн удирдлагын баг хууль бус эсэх нь эргэлзээтэй байсаар байна.
 
Ингээд дахин сонгуультай холбоотой талуудын байр суурийг хүргэе.
 
Орхон аймгийн АН-ын гишүүн Д.Доржпүрэв: ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ ГАРСАН
 
-2016 оны ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 33 хүний материалыг Орхон аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь буюу 2016 оны тавдугаар  сарын 12-нд өгсөн. Гэтэл тав хоногийн дараа бүртгэхгүй гэсэн шийдвэр гарсан. Сонгуулийн хороог бүрдүүлж байсан хүмүүс хуулийн дагуу, шударга ажиллаагүй. Энэ шийдвэр нь бидний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан бөгөөд Сонгуулийн хороо шударга, зөв шийдвэр гаргаагүй.  Түүнээс хойш долоон шүүх хуралдаан болж 16 сарын дараа бидний 29 нэр дэвшигчийг сонгуульд бүртгэн авч оролцуулах нь зөв байсан гэж Улсын Дээд шүүхээс дахин сонгуулийг зарлан товлож, зохион байгуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгасан шийдвэрийг эцэслэн гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан гээд байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 12-ны 348 тоот албан бичигт  Сонгуулийн хороо татан буугдаагүй бөгөөд дахин сонгуулийн товийг зарлаж, зохион байгуулахыг мэдэгдсэн байгаа. Дээд шүүхээс дахин сонгуулиа товлон зарлаж, зохион байгуулахыг даалгасан тул Орхон аймгийн Сонгуулийн хороо, түүнийг бүрдүүлж байгаа гишүүд нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээж байгаа. Ер нь дунд шатны сонгуулийн хороог татан буулгахад албан бичгээр бус СЕХ-ны албан ёсны хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн татан буугддаг.
 
Орхон аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын дарга Д.Батлут: ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ХАНДАНА
 
-Манай аймагт сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Ардчилсан намын зүгээс дотроо хоёр хэсэг болж хуваагдаад 34 тойрогт 66 хүний нэр дэвшүүлсэн. Тэгээд Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн Сонгуулийн хорооноос намын даргад нь хандахад З.Энхболд даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 33 хүний нэрийг дэвшүүлсэн. Гэтэл 15 хүний бичиг баримт зөрчилтэй гарсан учраас 33 хүнээс нөхөөд нэр дэвшүүл гэхэд АН-ынхан “Бид бөөндөө нэр дэвшинэ” гэсэн. Тэгээд АН-аас гурван тойрогт ялж 15-нд ялагдсан. Гэтэл намын дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй хэдэн хүн иргэний нэхэмжлэлээр шүүхэд хандлаа. Тэгэхээр одоогийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй гэж үзэх үү. Мөн бүтэн жилийн хугацаанд гарсан бодлого шийдвэр, эрхзүйн баримт бичгийг юу гэж үзэх вэ. Нэг намын дотоод зөрчлөөс болж дахин сонгууль явуулахад хүрвэл хөрөнгө мөнгийг хэн гаргах вэ. АН гаргах юм уу. Аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан, буугдаагүй гэсэн хоёр бичиг ирсэн. Бид Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандана.
 
Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр: СОНГУУЛИЙН ХОРОО ТАТАН БУУГДСАН
 
-Миний хувьд аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан учраас ямар нэг мэдээлэлгүй байна. Татан буулгах албан тоот Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн.  Тухайн үед сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр бүртгүүлсэн бүх нам, нэр дэвшигчдийн эрх ашгийг эн тэнцүү бүрдүүлж ажилласан. АН-ын нэр дэвшигчдийг ч бүртгэсэн. Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөж байгаад намынх нь төв аппаратаас итгэмжилсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг авч бүртгэсэн. Манай аймагт дахин сонгууль явуулах тухай Дээд шүүхийн шийдвэрийг албан ёсоор ирүүлээгүй.
 
СЕХ-ны Мэдээлэл судалгаа аргазүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: ОРОН НУТГИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ
 
-Дахин сонгууль явуулах эсэх нь тухайн орон нутгийн бүрэн эрхийн асуудал. Үүнд манай байгууллага шийдвэр гаргахгүй.
 
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: ЯАРАЛТАЙ ДАХИН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ХЭРЭГТЭЙ
 
-Сонгуулийн ерөнхий хорооны тухайн үед гаргасан шийдвэрийг хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо, МАН нийлж луйврын сонгууль хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Одоо байгаа Эрдэнэтийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид бүгд хууль бус гэсэн үг. Тиймээс яаралтай дахин сонгууль зохион байгуулах хэрэгтэй. Ер нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид ганцхан тохиолдолд ханддаг. Тэр нь шинээр нөхцөл байдал илэрсэн үед. Харин Орхонд дахин сонгууль явуулах талаар ямар ч шинэ нөхцөл байдал үүсээгүй. Тиймээс Орхонд маш яаралтай дахин сонгууль зохион байгуулж Эрдэнэтийн ард түмнийг хууль ёсны удирдлагаар хангах ёстой. Луйврын аргаар сонгууль зохион байгуулж хууль бус зүйл хийсэн нь тогтоогдвол төрийн эрхийг хууль бусаар авсан зэргээр аюултай нөхцөл байдал үүснэ.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин