sonin.mn
БЭЭЖИН. /Шиньхуа/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт болсон Хятадын Коммунист намын /ХКН/ XIX их хурлын нээлтийн ёслолын үеэр тайлан-илтгэл тавьсан юм. Түүний хэлсэн үгнээс “Шиньхуа” агентлаг дараах эшлэлүүдийг онцолсон байна.
 
Шинэ бодол сэтгэлтэй шинэ эрин үе
 
Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орлоо.
 
ХКН “Хятад онцлогтой социализмын шинэ эрин үе” гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлээд байна. Энэ бол манай намын төдийгүй манай ард түмний баримталж, дагаж мөрдөх ёстой урт хугацааны зарчим юм.
 
Марксизм-Ленинизмын онол, Мао Зэдуны  үзэл санаа, Дэн Сяопины онол, “Гурвыг төлөөлөх” үзэл санаа болон Шинжлэх ухаанч хөгжлийн онолд тулгуурлан бид “Хятад онцлогтой социализмын шинэ эрин үе” гэсэн энэ шинэ үзэл баримтлал, шинэ санаа болон шинэ стратегийг хэлбэрэлтгүйгээр дагаж мөрдөж, хүн бүр өөрт ногдсон үүрэг хариуцлагаа цаг ямагт ухамсарлан ажиллах хэрэгтэй.
 
Орчин цагийн аугаа их социалист гүрэн
 
2020 оноос XXI зууны дунд үе гэхэд Хятад улсыг “орчин цагийн аугаа их социалист гүрэн” болгох хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөг ХКН гаргаад байна.
 
Эхний шат болох 2020 оноос 2035 он хүртэлх 15 жилийн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний дүнд ХКН социалист шинэчлэлд тулгуурлан чинээлэг дундаж давхаргыг бий болгоно.
 
2035 оноос XXI зууны дунд үе хүртэлх хоёр дахь шатанд ХКН хөгжин цэцэглэсэн, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эмх цэгцтэй, үзэсгэлэнт “орчин цагийн аугаа их гүрэн”-ийг бий болгох болно.
 
Хөгжлийн энэ хоёр үе шатанд ХКН Хятадын нийгэмд тулгамдаж буй гол асуудал болох орлогын тэнцвэрт бус байдлыг арилгаж, хөдөө орон нутгийн хөгжлийг хөхиүлэн дэмжиж, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахад юу юунаас илүү анхаарлаа хандуулах болно.
 
Одоо бид юуны түрүүнд ард түмнийхээ материаллаг болоод соёлын хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй ардчиллын зарчмуудыг дагаж мөрдөх, хуулийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг дээдлэх, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахын төлөөх хүсэл шаардлагыг хүлээн авч, биелүүлэхийн төлөө зүтгэнэ.
 
Эдийн засаг
 
Хятад улсын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатандаа орох хурдацтай өсөлтийн үе шатандаа явж байна.
 
Орчин үеийн эдийн засгийг хөгжүүлэхдээ манай улс эдийн засгийн бодит байдалд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.
 
Хятад улс эдийн засгийн чадавхиа бэхжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд дэлхийн тавцанд гарч өрсөлдөхөд нь, дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болно.
 
Хятадын үүд хаалга хэзээд нээлттэй
 
Хятад улсын үүд хаалга дэлхий нийтэд хэзээд нээлттэй байх болно. Манай улсын үүд хаалга дэлхий нийтийн өмнө зүгээр нэг нээлттэй төдий биш өргөнөөс өргөн, томоос том нээлттэй байна.
 
Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд зах зээл, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох болно.
 
Хууль
 
ХКН бүх салбарт хуульд тулгуурласан засаглалыг бий болгох ажлыг хариуцан ажиллах газрыг байгуулна.
 
Энэ газар нь Үндсэн хуулийг дагаж мөрдөж байгаа эсэх, ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавина.
 
Экологийн тогтвортой хөгжил
 
ХКН орчин цагийн аугаа социалист гүрнийг бий болгох хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөндөө “Үзэсгэлэнт Хятад”-ыг бий болгоно гэж тусгасан.
 
Бид хүн төрөлхтөн байгальд дасан зохицож амьдрах зарчимд тулгуурлан шинэчлэлийг хэрэгжүүлэх болно.
 
Хятад улс төрийн өмчийн ашигт малтмалын орд газруудыг удирдан хяналт тавих, байгалийн экосистемийг хамгаалах, байгалийн цогцолборт газруудаас бүрдсэн байгалийн нөөцийн системийг бий болгож хөгжүүлэх зорилго бүхий зохицуулах агентлагуудыг байгуулна.
 
Зэвсэгт хүчин
 
Манай улс зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбартаа бүрэн шинэчлэл хийх ажлыг 2035 он гэхэд үндсэндээ бүрэн дуусгахыг зорьж байна.
 
XXI зууны дунд үе гэхэд БНХАУ-ын зэвсэгт хүчин дэлхийн хэмжээний зэвсэгт хүчин болно.
 
Дипломат харилцаа
 
Хятад улс аливаа улс оронд хөгжлийн түвшингээс нь хамааран хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл гаргахгүй.
 
ХКН
 
ХКН аливаа улс орны хөгжлийг хойш татдаг "хамгийн том хөнөөл" болох авлигатай тууштай бөгөөд хатуу тэмцэх болно.
 
 
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг