sonin.mn
Нэг үеэ бодвол монголчууд зуны дэлгэр цагт амралтаа аваад даян дэлхийгээр хэрэн хэсэж аялж зугаалах нь ихэссэн. Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал ч эрчимтэй хөгжиж байгаа. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамрагдагсдынх нь тоог нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд ч чадлаараа зүтгэж олон төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрут нээж аялагч, жуулчдыг урьж байгаа. Зуны гэлтгүй өвлийн аялал жуулчлал ч тодорхой хэмжээгээр өргөжиж байгаа мэдээлэл бий. 
 
Тухайлбал түрүү жилийн гуравдугаар сард л гэхэд Хөвсгөл далай дээр Олон улсын тэшүүрийн наадам, Хөвсгөл нуурын Доод модот буланд Мөсний баяр, дараа нь Улаанбаатар хотод Бүргэд фестиваль, Өмнөговь аймагт Тэмээний фестиваль, Науризын баяр, үргэлжлээд Улаанбаатар хотод “ITM 2016” Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг гээд олон арга хэмжээ зохиогдож байв. Ийнхүү зуны гэлтгүй өвлийн аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгааг бодолцон аялал жуулчлалын “Цэрэн Typс” компанийн захирал Э.Цэрэндолгортой ярилцлаа.
 
-Нэг үеэ бодвол дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа ч манай аяллын компаниудын үйлчилгээний үнэ хэтэрхий өндөр байдгаас жуулчдын тоо тэгтлээ олигтой өсөхгүй байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Тийм ээ. Аялал жуулчлалын салбарт Монгол Улс маш өндөр өртөгтэй орны тоонд орж байгаа. Бид л дотооддоо хямд байгаа мэт сурталчлаад байдаг. Гэтэл Монголд ирж, очих тээврийн зардал дэндүү үнэтэй. Арай гэж ирчихсэн хойно нь үйлчилгээ нь гайхмаар үнэтэй байна гэдгийг ихэнх гадны жуулчид хэлдэг. Гэтэл үнэндээ аялал жуулчлалын хэдэн компанийн эздүүд өндөр үнэ зохиож тавьчхаад суугаад байгаа юм биш шүү дээ.
 
Зочид буудал, тээвэр, бензин тос, орлогын татвар, Эрүүл мэндийн даатгал, байр түрээс, гадаад сурталчилгаа гэх зэрэг бүх л зардлыг бид орлогоосоо гаргахаас өөр аргагүй. Бидэнд уул уурхайтай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэтэл уул уурхайн хөгжилд чирэгдээд болсон болоогүй гадаад хэлтэй хүн болгон чанар, хүртээмж харгалзахгүй өндөр цалин хөлс нэхдэг болчихсон.
 
Гадаад зах зээл дээр Монголын аялал жуулчлалын салбарын чанар, үйлчилгээ сайн үзүүлэлттэй гардаггүй. Үүнд хувиараа аялал жуулчлал эрхэлдэг хүмүүсийн балаг ихээхэн гай тарьж, нийт салбарын нэр хүндийг доош нь чангаадаг. Аялал жуулчлалын нийт орлогын 20 хувь нь ашиг болж байна уу гэдэг эргэлзээтэй. Байнгын тогтвортой үнэ, тогтвортой үйлчилгээ байхгүй болсон. Зочид буудлууд л гэхэд шууд 20-30 ам. доллар нэмчих жишээтэй. 
 
Гэтэл бид чанараа сайжруулж чадахгүй байгаа учир үнээ дагуулаад нэмж чаддаггүй. Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн маш олон хөнгөлөлттэй зээл гаргасан ч аялал жуулчлалын компаниудад тэр нь огт олдоогүй. Гэтэл энэ салбар маань жижиг, дунд дотроо хамгийн чухал нь мөртөө хамгийн эмзэг нь болчихлоо л доо. Энэ бүхний эцэст үнээ буулгах ямар ч боломжгүй болчихсон.
 
-Удахгүй цас мөсөөр хучигдсан өвлийн улирал эхэлнэ. Ер нь ингэхэд жилийн дөрвөн улиралтай Монголын хувьд ялангуяа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ирээдүй ямархуу харагддаг юм бол?
 
-Хувийн хэвшлүүдийн санаачилгаар гадна, дотнын жуулчдыг татах янз бүрийн арга хэмжээ зохиож, жуулчлалын хугацааг сунгахыг хичээж л байна. Бид Бүргэдийн баяр, Улаан цутгалангийн мөсний авиралт, Хөвсгөл нуур дээр Мөсний баяр, говийн Тэмээн поло, Тэрэлжийн нохой чаргатай аялал гэх зэргээр олон ажил санаачлан хэрэгжүүлж, салбарынхаа хөгжлийг тогтвортой авч явах боломжийг эрэлхийлсээр л байна.
 
Гэхдээ л өвлийн жуулчлалд гаднын зочдыг авч ирэх нь амаргүй. Яагаад гэвэл улирлын хямдрал гэж бараг байхгүй. За тэгээд хөдөө гарахаар бие засах газар, тав тухтай тохилог амралтын сууц гээд жижиг асуудлууд томроод ирж байна. Үнэндээ манай өвөл их урт байдаг л даа.
 
Скандинавийн орнуудад бидэнтэй ижил бэрхшээлүүд байгаа боловч төрөөс нь маш хямд зээл олгоод асуудлуудыг нь хувцас хэрэглэл, тухтай амрах газар, дэд бүтэцтэй цогцоор нь шийдчихэж байна. Бид тэднээс дор хаяж 50 жилээр хоцорч яваа.
 
Дээр нь өвлийн аялал жуулчлал хөгжихөд дэд бүтцийн тааруухан нөхцөл, байнгын ажиллагаатай тохь тухтай зочид буудал, унаа тээвэр гээд одоохондоо зардал чирэгдэл арай л хэтэрхий их байдаг. Ялангуяа өвлийн улиралд энэ бүхэнд зардал өндөр гардаг болохоор өвлийн аялал жуулчлал одоогоор үнэндээ ахадсан ажил болчхоод байна.
 
-Аялал жуулчлалын салбар Үндэсний хөтөлбөртэй боллоо гээд л хэсэг шуугьсан. Энэ бодлого нь бодит байдалтайгаа аль хэр уялдсан юм бэ дээ?
 
-Би тэр бодлогыг нь үзээгүй. Анх удаа л өөрөөс тань сонсож байна. Төр, хувийн хэвшил нэг иймэрхүү л хамтын ажиллагаатай байгаа юм. Уг нь бол тийм бодлогын баримт бичиг гарсан бол хамгийн түрүүнд үзэж танилцсан байх учиртай хүний нэг нь би мөн л дөө.
 
Н.Алтанхуягийн Засгийн газар байхад одоо энэ Д.Оюунхорол сайд ахалж Берлинд болсон Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд баахан зардал гаргаад ивээн тэтгэгчээр оролцсоныг яг үнэндээ Олон улсын мэргэжилтнүүд таашаагаагүй, сонирхоо ч үгүй шүү дээ. Тухайн үед Д.Оюунхорол сайд “Удахгүй Монголоор дүүрэн жуулчид шавна" гээд л байсан. Яг үнэндээ 2017 оны эхний 8 сарын тоон үзүүлэлтийг харвал жуулчдын тоо урьд оныхоосоо олигтой өсөөгүй.
 
-Уг нь даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд аялал жуулчлал газар сайгүй маш эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ. Гэтэл Монгол Улс маань энэ том салбараас олох ашиг орлого нь олигтой өсөхгүй байх юм?
 
-Уг нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбар маш чухал үүрэгтэй л дээ. Тиймээс ч эдийн засгийн энэ хямралтай үед жуулчдыг болж өгвөл олноор нь татах, тэгж байж тэднээс ахиухан шиг мөнгө авч хоцрох нь хаа хаанаа хэрэгтэй л юм. Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоц бүхий уул хад, ус мөрөн гээд үзэж харах сонирхох зүйлсээр арвин их баялагтай нутаг. Одоогоор гаднын жуулчдын урсгал голдуу зуны гурван сард л нэмэгддэг. Тодруулбал, тавдугаар сарын сүүлчээс эхний жуулчид ирж эхэлдэг.
 
Тоон үзүүлэлтээс харвал 2016 оны тавдугаар сард нийт 4,400 жуулчин ирж байж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв орчим хувиар өссөн үзүүлэлт юм билээ. Тэгвэл энэ оны эхний 4 сарын байдлаар Монголд ирсэн "Жуулчид мөн л 20 орчим хувиар өссөн үзүүлэлт гарсан байсан. Иймэрхүү давтамжтайгаар яваад байвал энэ оны сүүлчээр дээрх өсөлтөө бариад 470-480 мянга орчимд хүрэх болов уу.
 
Монголд ирж байгаа жуулчид монголын унаган байгаль, ёс заншил нүүдэлчдийн соёлыг үзэх, ихэнх  Чингис хааны өлгий нутаг агуу түүхийг үзэхээр ирдэг. Мөн дээрээс нь адал явдалтай аялал сонирхож ирцгээдэг нь ч байгаа. Байгалийн зураг, ан амьтны ховор зураг авах сонирхолтой жуулчид ч ирдэг болж байна. Биологийн олон янзын байдлыг ч сонирхох хандлага нэмэгдэж байна.
 
-Яг Засгийн газраас ч юм уу, нийслэлээс дэмжиж туслан зохион байгуулдаг нийтийг хамарсан жуулчдад зориулсан томоохон хэмжээний арга хэмжээнүүд олон байдаг уу?
 
-Мэдээж хэд хэдэн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулдаг л даа. Заримаас нь нэрлэвэл жил бүрийн долоодугаар сарын 10-нд “Дээлтэй монгол” наадмыг зохион байгуулдаг. Орон нутагт “Эсгийний баяр, адууны баяр, Өмнөговь аймагт түмэн тэмээний баяр, Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөлд цаатны баяр” зэргийг зохион байгуулдаг.
 
Өнгөрсөн долоодугаар сард Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт Хар нуурын хөвөөнд “Нүүдэлчний баяр” наадмыг зохион байгуулсан. Нийслэлд наадмын дараа НЗДГ-аас НАЖГ-тай хамтарч "Даншиг" наадмыг зохион байгуулахад гол үзэгчид нь гаднын жуулчид л байсан. Мөн энэ жилээс эхлэн Нийслэлд “Цасны солонго", Шинийн 1-ний өглөө нар харах аялал гэсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн.
 
Ер нь аль болох Нийслэл хотдоо аялал жуулчлалыг төвлөрүүлэх биш орон нутаг руу аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн бодлогыг салбарын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар барьж ажиллаж байгаа нь сайшаалтай.
 
-Ер нь ирж байгаа жуулчдаас аль хэр хэмжээний мөнгө орж ирдэг юм бол?
 
-Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын орлого 312 сая ам.доллар болсон дуулдсан. Энэ орлого зөвхөн улсын төсөвт ордог орлого биш л дээ. Нэг жуулчин ирээд үйлчлүүлсэн зочид буудал, идсэн хоол, үйлчилсэн хөтөч, жолооч автотээврийн хэрэгсэл, Олон улсын нислэг гэх мэт энэ салбаруудад хуваарилагдан орж байгаа.
 
Тэгэхээр дээрх орлогуудыг Монголын эдийн засагт орсон экспорт буюу гадаад валютын орлого гэж ойлгож болох юм. Одоогоор 274 тур оператор, 438 жуулчны бааз, 400 орчим зочид буудал бүртгэлтэй байдаг юм билээ.
 
-Таны хувьд энэ салбарт шинэ хүн биш. Тэгэхээр ер нь жуулчдыг татахын тулд Монгол Улс хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
 
-Би дээр хэлсэн. Хамгийн түрүүнд дэд бүтцээ хөгжүүлэх ёстой юм. Бусад оронтой харьцуулбал, өргөн уудам газар нутагтай. Энэ нь жуулчдыг татах нэг үзүүлэлт мөн л дөө. Нэг жуулчин ирээд Нийслэлийг үзээд баруун аймгуудын үзэсгэлэнт газрыг үзээд явъя гэхээр хоорондоо их зайтай, замын бартаа ихтэй. Мөн нэг газраас нөгөө газарт хүрэх хоорондын дунд нь зориулсан орчин үеийн үйлчилгээ байхгүй зэрэг олон асуудал байна. Тэгэхээр дэд бүтцээ хөгжүүлэх, Олон улсын тээврийн үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой юм.
 
Зам тээврийн яамнаас гаргасан нэг судалгааг би үзэж байсан юм. Тэнд бичсэн судалгаагаар нийт 700 мянга орчим зорчигч тээврийн урсгал байдаг юм билээ. Тэгэхээр энэ урсгалаа нэмэгдүүлж байж Монгол Улс жилдээ 1 сая жуулчин хүлээж авах боломжтой болно. Мэдээж Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал ашиглалтад орвол зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, шинэ авиа компаниуд орж ирэх боломжтой болно.
 
Зундаа хангалттай жуулчин авахын тулд хүлээж авч байгаа зочид буудлынхаа тоог ч нэмэгдүүлэх ёстой. Түүнчлэн Нийслэлийг бусад аймгуудтай холбож байгаа дэд бүтцээ сайжруулж хөгжүүлэх учиртай. Мөн жуулчдыг татахын тулд эхлээд хүрээлэн буй орчноо сайжруулах хэрэгтэй. Наад зах нь модон жорлонгоос татгалзах, усанд орох нөхцөлөөр нь хангаад өгөх гэх мэт.
 
БОАЖЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт Хөвсгөл далайн бүсийн 5 суманд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ төслийн хүрээнд энэ жил Хөвсгөл нуурын хөвөөнд 45 ширхэг эко ариун цэврийн газрыг эхнээс нь байгуулж ашиглалтад оруулсан нь бас гайгүй ажлын эхлэл гэж харж байгаа. Энэ мэтчилэн улсад төсөв мөнгө нь байхгүй ч гадаад дотоодоос санхүүжилтээ шийдвэрлээд хийх ажил мундахгүй их байна.
 
Д.Энхтүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"