sonin.mn
Монголын уран зургийн ертөнцөд содон өнгө, шийдэл, өвөрмөц төрхөөрөө олны танил болсон зураач Ядамсүрэнгийн БУЛГАНТАЙ ярилцлаа.
 
-Таны зургуудаас хуучны өнгө, аяс ажиглагддаг. Ялангуяа үндэсний хувцастай эмэгтэй газарт уусан шингэж байгаа нь жинхэнэ монгол хүн цөөрч байгааг сануулаад ч байх шиг. 
 
-Би орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг ч миний дотор өнгөрсөн зуун оршдог. Би хуучны юм бүхнийг мөрөөддөг, хуучны бүхэн ул болоход харамсдаг. Заримдаа “Би яагаад дөрвөлжин байшинд хашигдаж, төмөр тэрэг хөлөглөсөн нийгэмд амьдрах хувьтай төрөв. Этнос үед сүйх тэрэг хөлөглөөд явж байсан бол хэчнээн сайхан бэ” гэж боддог юм. Нүүдэлчин ахуй минь эмгэрч, өмрөөд алга болж буйд би харамсдаг. Муухайгаар хэлбэл, би эрлийз ч, монгол өвөөгийнхөө өвөр дээр эрхэлж өссөн. Буурал аавынх минь монголжуу болох гэж хэлбэрддэг айл байгаагүй ч монгол хүний үнэ цэнийг үр ач нартаа өвлүүлсэн. Ц.Дамдинсүрэн, Д.Амгалан зэрэг жинхэнэ монгол өвгөчүүлийг харж, үгийг нь сонсч өссөнөө би хувь тавилан гэж боддог. Одоо тэдэн шиг монгол ёс заншлаа гээгээгүй эмээ, өвөөтэй Улаанбаатарт уулзахгүй шүү. Буурал аав минь надад орой бүр үлгэр уншиж өгдөг байсан. Гэхдээ өвөө  минь “Монголчууд ядуу амьдрал дунд бөөстөж байсан’’ гэж ярьж байгаагүй. Үргэлж сайхнаар ярьж монголчууд алт, мөнгийг эдэлдэг, нүүдэлчин ард түмэн байсан гэж хуучилдаг байв. Би өвөөгийнхөө ярьснаар хуучин үеийг төсөөлөх дуртай. Өнөөдөр гоё мисс охид олон төрж байна. Гэхдээ миний дотоод сэтгэлд үлдсэн сайхан монгол эмэгтэйг гүйцэхгүй.
 
-Таныг эрлийз гэж зарим нэгэн шүүмжлэхэд бухимддаг уу?
 
-Зураач хүнд өссөн ахуй чухал нөлөө үзүүлдэг. Миний бүтээлийг монгол ахуйгаар харна уу, эрлийзжүүлж дүгнэх эсэх нь надад хамаагүй. Би заавал онигор нүдтэй, эхнэр хувцастай цэвэр монгол эмэгтэй зурахдаа биш миний дотоод ертөнц цагийн эрхэнд замхарч буй монгол ахуйгаа хэрхэн гаргаж буй минь чухал.
 
-Таны зурсан бүтээл бусад зураачийн зурагтай утга санаагаараа давхцах тохиолдол гарч байсан уу?
 
-Зураач нарын сэтгэл уран бүтээл дээр нийлэх тохиолдол гардаг. Польшийн зураач Ежи Дуда-Грач миний хүндэлж, биширч явдаг уран бүтээлч. Би тэр хүнтэй танилцах гэж Польш орныг хоёр удаа зорьсон ч уулзаж амжаагүй. Тэр хүний бүтээлүүд миний зурагтай их ижил. Би сүүлд тэр хүнтэй уулзах гээд очиход өөр хот руу явчихсан байсан. Харамсалтай нь, Ежи Дуда-Грач 2004 онд хорвоогоос хальсан. Магадгүй би тэр зураачтай уулзаад ярилцсан бол бид хоёр бие биенийхээ ижил төстэй талыг бүр илүү олж харцгаах байсан ч байж болох л юм.
 
-Зарим зурагтаа та хүүхдийг гунигтай, харгис харцтай, сартгар хамартай зурсан байдаг. “Хүүхдийг ингэж илэрхийлж болдгоо” гэсэн бодол төрсон шүү?
 
-Нэг ёсондоо амьдралд хийсэн маш том ажиглалт юм. Эдгээр хүүхдийг сайн харвал том хүн шүү. Жирийн хүмүүс, тэр дундаа зовлон үзээгүй нь тэднийг мэдэхгүй. Хэдийгээр би тийм амьдрал дунд өсч хүмүүжээгүй ч өнчрөл, хагацал, өвчинд шаналсан хүүхдүүдтэй хүйгээрээ холбогдоогүй юм гэхэд сэтгэлээрээ холбогдсон. Тиймээс “Анима” сургуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг. Тэдний сэтгэлээс ямар гэгээн зураг төрдөг гэж санана. Хүн ер нь ямар сонин амьтан бэ, үр хөврөлөөс хүн болтлоо ямар үе шатыг туулдаг юм бэ гэсэн философийг хүүхдээр төлөөлүүлсэн. Хэрэв та ажигласан бол хүүхэд эхээс төрөхдөө улаа бутарсан, нүд нь гэрэлтсэн төрхтэйгөөр төрдөггүй шүү дээ. Нэг тийм сул дорой, бүхнээс энэрэн хамгаалмаар, хайрлахын дээдээр хайрламаар байдаг. Харамсалтай нь, 1990-ээд онд амьдрал ямар байв. Түүхэн тэр зурвас үед зарим хүүхэд ямар хүнд ачааг үүрсэн билээ. Энэ бүхнийг би зураач хүний нүдээр харж, орхигдох ёсгүй сэдэв учраас бийр, будгаар амилуулсан хэрэг. Даогийн зарчмаар яривал, гэрэл гэгээ, харанхуй хоёр зэрэгцэн оршдог. Хүүхэд зурах амаргүй учраас судалгаа их хийдэг. Би алдаж эндсэн олон хүүхэдтэй уулзаж байсан. Яг үнэндээ тэд амьдрах гэж хэтэрхий ядарсан юм болов уу гэж боддог. Тиймээс би траншейны хүүхдийг булцайсан цагаан хацартайгаар зурвал ёстой худлаа болно. Зарим хүн “Та яагаад хүүхдийг гэнэн томоогүй ба.йдлаар зурдаггүй юм бэ” гэж асуудаг. Хүн энэ хорвоод танин мэдэх гэж ирэхэд гэнэн ертөнц угтдаггүй шүү дээ. Энэ нийгэм бидэнд гэнэн байх боломж олгодоггүй. Дэлхий дээр юу гэнэн юм бэ гэвэл “Торонд орсон сармагчин” гэж би хариулна.
 
-Та 1990-ээд оны үед эротизмыг бүтээлдээ тусгасан. Одоо ахуй түүхээ эргэн харсан бүтээл туурвих болжээ. Ер нь зураач хүний бүтээл ертөнцийг мэдэхийн хэрээр өөрчлөгддөг үү?
 
-Би залуудаа үр хөврөлийг дүрслэх зэргээр эротизмыг бүтээлдээ тусгаж байсан. Дараа нь арай “өег” зүйл зурахыг эрмэлзэх болсон. Товчхондоо бол уран бүтээлчийн бухимдал юм. Уран бүтээлч нийгмийг хэрхэн харж буйгаа өөрийн төсөөллөөр зурдаг. Миний зохиомж “Я.Булганы” гэсэн өөрийн өнгө төрхөөр гардаг учраас нийгмийг бодитоор үзүүлэхийг хүсдэггүй. Залуудаа зурсан зургуудаа эргээд харахад тэр үеийнхээ бодол, төсөөлөлд автаад сайхан байдаг. Би залуудаа амьдралыг арай өнгөц харж байсан учраас зарим зургаа голдог. Магадгүй тэр үед би өөрийгөө олох гэж янз бүрийн “изм”-рүү орж байсан. Гэхдээ миний бүтээлээс эротизмын ул мөр одоо ч арилаагүй.
 
-Та энэ хугацаанд өөрийгөө олж чадсан уу?
 
-Уран зургийн олон урсгал дунд өөрийнхөө төрхтэй оршихыг хүсдэг. Би өдийг хүртэл зурахдаа өөрийгөө олсон гэж бардам хэлж чадахгүй. Өөрийгөө хайж яваа уран бүтээлч. Надаас ямар бүтээл гарахыг би өөрөө ч мэдэхгүй. Магадгүй бүр зогсчиж мэднэ. Уран бүтээлч хүнд бурхнаас өгсөн хугацаа бий. Тэр хугацаа амьсгал хураатал минь бүү тохиолдоосой гэж хүсдэг. Хүмүүс миний бүтээлийг муу ч бай, сайн ч бай “Ядамсүрэнгийн Булганых” гэж таньдаг байх хэрэгтэй.
 
-Монголын нийгэм хэтэрхий өнгө, мөнгөний төөрөгдөлд автсан гэдэгтэй санал нийлэх үү?
 
-Автомашиныхаа хэмжээгээр элит гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа нөхдөд “хөөрхийдөө” л гэж хэлмээр санагддаг. Грекээс гаралтай элитос гэдэг үг уг нь оюунлаг сэхээтнүүдийг илэрхийлдэг болохоос халаасны хэмжээг илтгэдэггүй. Хөөрхий тэр хулгай хийгээд хөлжсөн хүмүүстэй үг солиход “Энэ зургаа хямдхан өгчихөөч. Тийм үнэтэй зүйл биш л байна” гэж ярьдаг. Энэ бол үнэ энэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүсийн үг. Оюуны үнэ цэнийг хадгалж чадахгүй юм бол улс орон орших хэрэг байна уу. Италид Лоренцо де Медичи урлагийн сургуулийг ивээн тэтгэсний буянаар Микеланжело, да Винчи зэрэг суутныг хүн төрөлхтөнд нээж өгсөн.
 
-Уран зураг үнэ цэнэгүй болж буй нь хүүхдүүд урлагаас хэт хөндий өсч хүмүүжиж буйн үр дүн болов уу. Социализмын үе шиг урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг та энэ нийгмээс олж хардаг уу?
 
-Би Англид очиж үзээгүй. Германы талаар ярихаа больё. Ойрхноор нь хойд хөршөө жишээ болгож ярихад, Оросын боловсролын тогтолцоонд хүүхдийг гурван настайгаас музей, уран зураг, дүрслэх урлагийн галерей үзүүлдэг. Эрмитажийн танхимуудад цэцэрлэгийн хүүхдэд “Энэ бол Леонардо да Винчийн бүтээл. Энэ зураг бол шедевр юм” гэж ярьж, тайлбарлахыг сонссон гурван настнууд сүүгээ бодоод эвшээлгэж байгаа ч урлагийн бүтээл агуу юм гэдэг ойлголтынхоо суурийг тавьдаг. Тэндээс л оросууд уран зураг бол мөнхийн үнэ цэнэтэй бүтээл гэдгийг ой тоондоо бат шингэтэл ойлгодог. Би оюутан байхдаа галерейд ороод орос хүүхдүүд уулга алдахыг нүдээрээ хараад баярлаж байсан. Гэтэл  манайд  цэцэрлэгийн хүүхдүүдэд музей, галерей үзүүлж урлагаар оюун санааг нь угаадаггүй юм гэхэд ахмад үеийнхээ хэдэн бүтээлийг дорвитойхон хадгалах шаардлагатай. Миний өвөөгийн зурсан бүтээлүүд тоостой агуулахад хүрээ жааз ч үгүй хэвтэж байхыг хараад сэтгэл эмтэрсэн. Монголчуудын уран зургийн өв гээд байгаа “Өвгөн хуурч” хэмээх агуу бүтээл шүү дээ. Би буурал аавынхаа оюуны бүтээлийг агуулахын шороонд даруулж, олны нүднээс далд байлгахыг хүсээгүй учраас “Худалдаж авах” санал тавьсан. Энэ бол Монголд уран зургийн үнэлэмж ямар хэмжээнд хүрсний жишээ юм. Европын хотын нийтлэг төрх болсон гудамж, талбай, автобусанд зураг зурж буй зураачийг харсан Улаанбаатарын дэгжин залуус “Тэнэг хүн юм уу” гэсэн хандлагаар харьцдаг болжээ. Хуучин цагт биднийг зургийн хэрэгслээ үүрээд явж байхад одоо хотын залуучуудын “орк” гэж нэрлээд байгаа хөдөөний зон олон “Ямар гоё юм бэ зураачидтай таарлаа” гээд олзуурхдаг байлаа. Мөн манай нийгэмд уран бүтээлч ч үнэ цэнэгүй болсныг Я.Үржнээ ахынхаа жишээгээр ойлгосон. Ах минь Лениний музей, Зайсан толгой дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалын мону- менталь чимэглэлийг хийсэн уран бүтээлч. Гэтэл тэдгээр урлагийн дурсгалыг өнөөдөр хайрлалгүй устгаж, тийм сайхан зүйл байгаагүй мэт болгож байна шүү дээ. Яг л урлаггүй, түүхгүй байсан мэт өнөөдрийн улаанбаатарчууд аашлах болсон нь цаг хугацааных байгаасай гэж хүсдэг.
 
-Уран зургийн үнэ цэнэ хэдэнзуунаар үргэлжлэхэд цуглуулагч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл манайд цуглуулагч нарын мэдлэг дутмаг байх шиг санагддаг?
 
-Урлагийн мэдрэмж, боловсрол манай цуглуулагч нарт дутагддаг. Барууны цуглуулагч нарын мэдлэгийн төвшин өндөр. Тэд хэдэн зууны дараа шедевр болох бүтээлийг олж, цуглуулгаа баяжуулдаг. Гэтэл манайхан морь, цэцэг, Чингис хааны хөргийг л худалдаж авдаг хязгаарлагдмал сэтгэхүйтэй. Манайд цуглуулагчид одоо л төрж эхэлж байна. Магадгүй 50 жилийн Монголын цуглуулагчдын сэтгэлгээ өөр болох биз.
 
-Тантай уулзсаных Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн тухай асуулгүй өнгөрч боломгүй нь. Таны сэтгэлд өвөө тань ямар дүрээр мөнхөрч үлдсэн бэ?
 
-Миний хорин нас хүртэлх бүх дурсамж өвөөтэй холбоотой. Өвөө намайг Улаанбаатар хотыг хүрээлсэн дөрвөн уулаар дагуулан явж, байгаль дэлхийтэй танилцуулсан. Миний ганцаараа аялах хүсэл зоригийг өвөө минь ундруулсан гэж боддог. Миний өвөө залуудаа цав цагаан костюм өмсч, бүрх малгай духдуйлаад зааны ясан таягтай явдаг дэгжин хүн байсан гэдэг. Харин намайг багад монгол дээл, малгай, гутлаа өмсдөг байсан. Би өвөөгөө “Өвгөн хуурч” бүтээлээр нь сэтгэлдээ төсөөлдөг. Тиймээс миний хамгийн нандин хөрөнгө буурал аавын минь зурсан “Өвгөн хуурч” зургийн эскиз.
 
-Зарим зургаа дөрвөн мөртөөр тайлбарласан тань оносон хийгээд өвөрмөц санагдлаа. Та шүлэг тэрлэх дуртай юу?
 
-Ямар ч тохиол, сэрэхүйгээр хөглөгддөг. Гэнэтхэн дөрвөн мөртүүд орж ирэхэд буулгахгүй л бол мартдаг гэмтэй. Би яруу найрагч хүн биш ч миний ертөнц гэдэг утгаараа шүлгүүд минь дахин давтагдашгүй. Тиймээс каталогитоо дөрвөн мөртүүдээ оруулдаг. Яруу найргийн тухайд би ноён хутагт Данзанравжаагийн шүлгийг унших дуртай.
 
-Та “Урлагт янханчлал байж болохгүй” гэж хэлсэн. Ер нь залуу уран бүтээлчдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
 
-Зураач хүн өөртөө үнэнч, өөрөөсөө  урвахгүй л байвал уран зурагт янханчлал гарахгүй. Бие, сэтгэлээ худалдаагүй цагт бүтээл төрдөг. Би залуусыг Б.Ринчен гуай шиг үг хатуу, эрч хүчтэй байхыг шаарддаг. Гэтэл зарим оюутан “Багш аа, энэ зураг үнэ хүрэх болов уу” гэж асуухад сэтгэлээр унадаг. Ван Гог шиг, Ремберандт шиг зураач болохыг мөрөөддөг насан дээрээ “базарный” бүтээл туурвиж болохгүй. Уран зураг мөнгөний төлөө бус хүний оюуныг гэгээрүүлэхэд чиглэдгээрээ ач холбогдолтой. Энэ утгаараа урлаг улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа болдог. Д.Амгалан багш минь “Хэзээ ч “базарный” бүтээл зурж болохгүй. Дээд урлагийн ёс зүйг сахих хэрэгтэй” гэж заасныг би одоо ч мөрдлөг болгодог.
 
-Гэхдээ өнөөдөр Монголд дээд урлаг “базарный” урлаг хоёр нэг төвшинд оршиж байгаа мэт санагддаг уу?
 
-Энэ бол Монголын эмгэнэл. Хүмүүс театрт жүжиг үзэхгүй атлаа хошин шог үзэж байна шүү дээ. Музей, галерей үздэг хүн өдрийн од шиг болжээ. Массын хэмжээнд хүртэл унахаар урлаг хавтгайрч, мөн чанаргүй болдог. Манай ахмад үеийнхэн биднийг чиглүүлдэг байсан бол одоо урлагийнхан юу үзүүлж буйгаа өөрсдөө ч ойлгохоо больсон. Би урлагийг “базарный” буюу захын мөнгө хөөсөн, ашиг олох зэвсэг болгож буйд харамсдаг.
 
-С.Дали зүүднээсээ сэдэвлэн зургаа зурдаг байсан. Ягүүн шиг өвөрмөц мэдрэмжээс төрсөн зураг байдаг уу? 
 
-Зураач хүн бүтээлээ зүүдлэх тохиолдол байна. Ер нь сонин зүйлээс бүтээлийн санаа төрдөг. Зүүдний тухай ярихад би багадаа нуурын мандал дахь бадамлянхуа цэцэг зүүдэлдэг байсан. Тэр зүүднээсээ мэдэрсэн байгалиа зургаар илэрхийлэхийг хүсдэг.
 
-Танд дуртай болон дургүй өнгө гэж бий юү?
 
-Би байгалийн бүх өнгө будагт хайртай. Гэхдээ уран бүтээлдээ ногоон өнгө ашиглах дургүй.
 
-Ээлжит үзэсгэлэнгээ төлөвлөсөн үү?
 
 -Монголын нүүдлийн соёлыг тусгасан “Цөвүүн цаг 99” үзэсгэлэнгээ 2018 оны намар толилуулах төлөвлөгөөтэй байна. Энэ үзэсгэлэндээ эргэн дурсагдах тэр сайхан зүйл бүрийг тусгахыг хүсч байна.
 
-“Цөвүүн цаг 99” үзэсгэлэн нэрнээсээ л сонин, содон шийдэлтэй юм. Яагаад ийм нэр сонгосон юм бэ?
 
-Энэ нэрийг буурал аавынхаа хэлсэн үгнээс санаа авч өгсөн. Өвөө минь “Миний охин цөвүүн цагт амьдрах нь дээ” гэж хэлснийг одоо л ойлгож байна. Хорин хэдтэй залуу бүсгүй байхдаа буурал аавынхаа үгийн утгыг ойлгодоггүй байж.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин