sonin.mn
МАН-ынхан учраа ололцож Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинет бүрэн бүтэцтэй болоход нэг алхам урагшиллаа. Үндсэндээ эрх баригчид эв зүйгээ олсон дүр эсгэж байгаа хэрэг. Лхагва гарагт эхний ээлжид 12 сайдын нэрийг тодорхой болгосон байсан тэд өчигдөр өглөө эхлээд Удирдах зөвлөлөө хуралдуулж, эцэст нь “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэгчээр бүлгээрээ хуралдаж, бөөн анхаарал татаад байсан гурвыгаа тодорхой болсныг дуулгасан. 
 
Мэдээж энэ бол сайдад нэр дэвшигчдийн хувьд эхний даваа юм л даа. Энэ эхний давааг ч даваагүй хүн парламентад байж л байгаа. Тухайлбал, Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Н.Цэрэнбат, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн О.Содбилэг, Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Х.Баделхан нараас Ерөнхий сайд татгалзсан бөгөөд тэднийг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр өөрчлөхийг хүссэн хэмээж байгаа.
 
Тэгэхээр дараагийн алхмуудад одоогоор баталгаажсан 15-ын зам нь шулуудсан гэхэд тун бэрхтэй. Эхний ээлжид АТГ-аас тэднийг томилох гээд байгаа салбарын сайддаа тохирох эсэхийг хянах юм.
 
АТГ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал” үүсэх эсэхийг тогтоох учиртай.
 
Тэгэхээр эндээс сайдад яригдаж, бүлгээр тодорхойлогдсон хүмүүсийн хувьд эргэлзээ үүсэх магадлалтай. Өмнө нь буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сайдад нэр дэвшигч зарим хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг шалтгаанаар “мулталж” өөрчилж байсан.
 
Ингээд АТГ-аас асуудалгүй хэмээн гарцыг нь нээж өгвөл дараагийн алхмаа хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өмнө нь хэвлэлийнхэнтэй уулзах үедээ “Дан, давхар дээл бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Өнөөдөр Монгол гэдэг баян орныг, энэ сайхан орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” хэмээн ам алдсан. 
 
Гэтэл үүнийг нь бүрэн утгаар нь ашиглаж буй мэт МАН-ынхан У.Хүрэлсүхийн Засгийн газарт дандаа давхар дээлтнүүдээсээ “шахаж” орхисон. Энэ нь цаашдаа хэрхэн үргэлжлэх бол гэдэг олны анхаарлыг татаж байгаа нь нууц биш. 
 
Харин УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдож, ажлаа авахаас ч өмнө “Сүүлийн үед “давхар болоод дан дээлний” тухай олон асуудал яригдаж байгаа. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцохгүй буюу УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн давхар сайд хийхийг зөвшөөрнө. УИХ-ын бодлого болоод чиг үүргийн бодлогууд Ерөнхий сайдад дэм болох ёстой. Бид улстөржсөн байдлаар хэт туйлшрахгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх түүнийг багийнх нь хамт дэмжинэ” хэмээн мэдэгдээд амжсан.
 
Тэгэхээр тэдний хэлээд байгаа чиг үүргийн яам гэдэгт одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд багтаж байгаа юм. 
 
Харин чиглэлийн гэдэгт Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээвэр хөгжлийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд багтдаг. Эдгээрт өрсөлдөж буй хүмүүсийн хувьд “давхар дээл” өмсөх дараагийн алхам бол тун бэрх байх магадлалтай. Хэрвээ АН-ын бүлэгтэй “барьцаа” ахиулахаас нь өмнө тохироогоо хийж чадвал У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтнээрээ ногоон гэрлээр алхах боломж нээлттэй. 
Хэрвээ чадахгүй бол дахиад л хугацаа алдах болно. 
 
Тэгэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, АН-ын бүлгийн аашийг олох гэдэг хоёр том давааг давахын тулд МАН-аас сайдад нэр дэвшиж буй нөхөд дээлийн захаа “мушгисаар” л байх болох нь ээ.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
 
Б.Төгөлдөр 
Эх сурвалж: "Өглөөний" сонин