sonin.mn
Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй зарим асуудлаар АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, “Ханголомт” группын зөвлөх, сэтгэл заслын эмч Р.ЭНХТҮВШИНТЭЙ ярилцлаа.
 
-Монголд сэтгэцийн өөрчлөлтэй хүн олширлоо гэх юм. Мэргэжилтний хувьд ямар хариулт өгөх вэ?
 
-Жил бүрийн аравдугаар са­рын 10-ныг дэлхий нийтээр “Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монголчууд энэ өдрийг “Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд лекц, сургалт зохион байгуулж, энэ талын боловсролыг иргэдэд хүргэнэ. Ер нь сэтгэцийн эрүүл мэндийн талаар нийгэмд буруу ойлголт их байгаагаас сэтгэцийн эмгэгтэй болон тул­ гамдсан асуудалтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал газар авч байгаад мэргэжилтний хувьд эмзэглэдэг. Сэтгэц, зан үйлийн эмгэг гэдэг ойлголт бидний дунд байсаар ирсэн ч сүүлийн үед ихэсч байгаа нь үнэн. Орчин үед нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл нь сэтгэцийн эрүүл мэнд болсон. Жишээлбэл, архи, тамхи, дэлгэц, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг донтолтын эмгэг ихэсч байна. Мөн хүүхдийн зан үйл, нойргүйдэл, сэтгэл түгших, бухимдлын эмгэг ч газар авч байгаа. Гол нь сэтгэцийн эмгэг гэхээр галзуу, солиотой гэдэг тодорхойлолтоос салах цаг аль хэдийнэ болсон.
 
-Монголд сэтгэл зүйчийн хэрэгцээ нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь сэтгэл судлалын талаарх боловсрол сайжирч байгаагийн илрэл биш үү?
 
-АНУ, Голланд, Швед зэрэг хөгжлөөрөө тэргүүлдэг оронд хүүхэд мэндлэнгүүт тухайн гэр бүл нэг сэтгэл зүйч, нэг хуульчтай болдог. Харин манай орон ийм төвшинд хүрээгүй ч хүмүүсийн боловсролын төвшин нэмэгдсэнтэй уялдаж сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хэрэгцээ маш хурдацтай нэмэгдэж байна. Учир нь, тулгамдаж буй асуудал нь өнөөдрийн талхныхаа мөнгийг олохдоо биш сэтгэлдээ тулгамд­ сан асуудлыг давахад анхаарч байгаагийн илрэл юм.
 
-Монголд мэргэжлийн сэтгэл зүйч олон уу. Нэгэн үе хүн болгон сэтгэл судлаач болчихсон шиг санагддаг байлаа.
 
-Сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэдэг нь бакалаврын дипломтой төгсгөдөг мэргэжил. Харин сэт­ гэл заслын эмч нь анагаах ухаанд суурилсан төрөлжсөн нарийн мэргэжилтэн юм. Өмнө нь манайд бөө, лам, удган, зурхайч, үздэг хардаг гэх хүмүүс сэтгэл зүйч, сэтгэл засалчийн үүргийг гүйцэтгэдэг байсан нь нууц биш. Харин одоо шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой хөгжиж байгаа нь сайн хэрэг. Шинжлэх ухаанд суурилна гэдэг нь хүмүүсийн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлөхөөс гадна хариуцлагын шинжтэй болж байгаа юм.
 
-Амиа егүүтгэх явдал өсвөр насныхны дунд нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь юутай холбоотой вэ?
 
-Сэтгэл зүйн тулгамдсан асууд­лаас болж амиа егүүтгэх буюу хорлох явдал нэмэгдэх хандлагатай байна. Олонх хүн амиа егүүтгэхийг сэтгэцийн өвчтэй хүн л хийдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Харин ойр дотных болон эргэн тойрны хүнд ийм зүйл тохиолдох үед “Зүгээр л хүүхэд байсан шүү дээ” гэж ярьцгаадаг. Амиа хорлоно гэдэг сэтгэлийн тулгамдсан маш олон асуудлын эцсийн төгсгөл буюу гарах гарцгүй болсны шинж юм. Ихэвчлэн урт удаан хугацааны турш сэтгэл зүйн асуудалтай явсныг илэрхийлдэг. Гэтэл ихэнх нь амиа егүүтгэсэн хүнийг л буруутгаад өнгөрдөг. Тэдэнд удаан хугацааны турш сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсныг боддоггүйд л хамаг учир байгаа юм.
 
-Нийгэмд бугшиж байгаа нэг зүйлийг гэр бүл судлаачид хардалттай холбодог. Хардалтын талаар та юу хэлэх вэ?
 
-Хардалт байх ёстой, ёсгүй гэж ярихаас илүүтэйгээр байдаг л сэтгэл зүйн хариу урвал гэж ойлгож болно. Мэдээж хэрээс хэтрэх, заагаас халих, хэвийн амьдралд саад учруулах хэмжээнд байвал асуудал болно. Хардалт яг мөн эсэхээс бас хамаарна. Өөрөөр хэлбэл, нүдээр үзээгүй, нотолгоонд тулгуурлаагүй зүйлд итгэх тухай энд ярина. Залуу гэр бүлд зөвлөхөд нүдээр үзээгүй, үзсэн ч үнэн эсэхийг нягталж байж шийдвэр гаргах нь зүйн хэрэг байдаг. Яагаад гэвэл гэр бүлийн амин холбоо хүүхэд тэнд бийг мартаж болохгүй. Хүүхдийн хүмүүжилд төгс гэж зүйл байхгүй. Хамгийн гол нь хүүхдийг үргэлж хайрлаж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хүмүүжилд байх ёстой хамгийн том зарчим. Загнахдаа, уурлахдаа, ойлгуулахдаа, тэврэх­ дээ, тоглохдоо ч хүүхдээ хайрла. Унтаж байхад нь ч хайрла. Хүүхдэд хэзээ ч хайр илүүддэггүй гэдгийг мартаж болохгүй.
 
Б.ДААРИЙМАА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин