Цэгцрэх хөдөлгөөн

Нийтэлсэн: 2017-09-25 08:40:45

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Стэнфордын их сургульд судалгааны ажил хийгээд “Цэгцрэх хөдөлгөөн Нэг Монгол нэг зүгт” “Ардчллыг өмөөрөхүй”, “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” зэрэг ном хэвлүүлсэн. Энэ удаа  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед цаг үеийн сэдвээр бичиж байна. 
 
Эхлэл. Цэгцрэх цаг. “Зөвлөлт”-ийн ардчиллаас Зөвлөлдөх ардчилал руу
 
Төр түмэн нүдтэй 
Төрсөн бие хоёр нүдтэй
Төр төмөр нүүртэй
Төрсөн бие махан нүүртэй
 
Монгол ардын хэлц үгсээс
 
Гадаад байдал оргоо бусгаа, дотоод байдал үймээн самуунтай, дээдэс эь удирдаж чадахгүй, доодос нь захирагдахгүй болохыг хувьсгалын тохироо бүрдсэн гэж үзнэ хэмээн нэгэн суут ухаатан айлдсан байдаг. Манайд яг ийм байдал үүсээд дээдэс нь суудлаа олохгүй доодос нь гүйдлээ олохоо болилоо гэж хүмүүс ярьж байна.
 
Яг энэ цаг үед Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар ард нийтийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хот хөдөөгийн 300 гаруй мянган иргэд саналаа ирүүлжээ. Иргэд төрөө дээдлэхийг хүсч байна. Гэхдээ шудрага төрийг хүсч байна. Төр нь хариуцлагатай, шудрага, хяналттай байхыг хүсч байна.   Үүний тулд төрийн алба нь мэргэжлийн, тогтвортой, зөвхөн мэддэг чаддаг нь хийдэг улс төрөөс ангид алба байлгахыг хүсч байна. 
 
Хөгжлийн нууцын чандыг сөхөх бүрийд хүний нийгэм нь өөрөө цэгцрэх шаардлага зүй ёсоор урган гардаг. Төр цэгцтэй зохион байгуулалттай байх нь хөгжлийн үндэс нь юм байна гэсэн үг л дээ. Молекулын эмх замбараагүй хөдөлгөөн нэг шугаманд цэгцтэй хөдөлгөөн болохоороо энерги болж хувирдаг. Үүнийг физикийн шинжлэх ухаанд энтропи буюу цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. 
 
Хүний нийгмийн зохистой хөгжил нь ч цэгцтэй шудрага, тогтвортой хариуцлагатай төргүйгээр бүрэлдэхгүй. Хяналттай, цэгцтэй төр ёсны тулгуур багануудгүйгээр үүнийг төсөөлөх ч боломжгүй. Төр ёсны дорно дахины уламжлалаа 2000 гаруй жилээр тоолон тэмдэглэдэг, тулгар төрөө мянгаад жилийн тэртээгээс тоолдог монголчууд  өнөөгийн төрийн схемээ хэтэрхий өрнөдийн маягаар хардаг болсон нь энэ өгүүллийн сэдэв болно. Либерализмыг сохроор шүтэж төрийг хэт үгүйсгэх хандлага нь Монгол төрт ёсны уламжлалтай хэр нийцэж байна вэ. Монгол төр өрнөдийн загвараар байх уу, Дорно дахины эртний төрт ёсны уламжлалаа дагах уу гэсэн асуултын хариу санал юм. 
 
Үндсэн хууль ардчилсан эрх зүйт нийгэм нь зан заншлын эрх зүй, төрт ёсны уламжлал дээрээ тулгуурлаж шинэчлэгдэж хөгжих ёстойг эрдэмтэд нотолдог. Гаднаас уламжлал соёлдоо уусахгүй, нийцэхгүй шинэчлэлийг хуулбарлан авбал хөрсөнд бууж соёолохгүй бодитой хэрэгжихгүй гэж тэд үздэг.
 
Монгол улс хууль эрх зүйн соёл урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хууль нь  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо юм гэж хууль зүйн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд тухайлбал эрдэмтэн  В.А.Рязановскийi дүгнэсэн байдаг. Зүүн Ази дахь хамгийн аугаа зан заншлын хуулийн тогтолцооны нэг нь төр дээдлэх ёс уламжлалаас эхтэй гэсэн нь ч бий. Төрт ёсны дээдлэх буюу хуулийн засаглалын Ази хэлбэр соёл нь Монголын хуулийн эрх зүйн соёл, уламжлал юм.   Монголын зан заншлын хуульт ёс нь  Монголын төрт ёсны тогтолцооны хөгжилтэй салшгүй холбоотойii. Манай ихэнхи хуульчид барууны эсвэл зөвлөлт маягийн хуулийн засаглалын сэтгэлгээний философитой. Түүнийгээ хуулийн ертөнцийн цорын ганц үнэн гээд итгэцэн байдаг. 
 
Монгол улсын Үндсэн хуулийн талаар даацтай судалгаа хийж хэвлүүлсэн Чикагогийн их Сургуулийн нэртэй эрдэмтэн Том Гинсбург “Монголын төрт ёсны уламжлал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн талаархи бүтээлдээ “Монгол улс хууль эрх зүйн урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хуулийг эрдэмтэд  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцооiii гэсэн байдаг.” 
 
Үндсэн хуулийн шинэчлэлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх явцад нэгэн сонирхолтой эргэлзээ ажиглагдсан юм. Тэр нь “төрийг хүндлэх” гэдэг ойлголт дээр гарч ирсэн эргэлзээ болой. Эх газрын буюу Ром Германы эрх зүйн бүлд хамаарах улсуудад төрийг буюу парламентыг үл хүндэтгэх үйлдлийн тухай ойлголт байдаг боловч англо саксоны эрх зүйн орнуудын адил гэмт үйлдэл гэж үзэх хатуу уламжлал байдаггүй учраас эрх зүйн зохицуулалт нь харилцан адилгүй байдаг.  Бас л ард түмнээс сонгодсон засаг төрийг хүндлэх гэсэн ойлголт эрх зүйн уламжлал юм лдаа.  Маш олон хүн өөрийнхээ эх орныг хүндлэх хайрлах гэдэг нь улс эх орныхоо төрд хүндэтгэлтэй хандах явдал гэсэн ойлголттой аж. Гэхдээ энэхүү хүндлэл  нь ард түмнээс эх сурвалжтай төрөө байгуулах, төрийнхээ хууль цаазыг хүндэтгэх үзэл санаа юм. Харин төрд гарсан авилгачидтай тэмцэх, тэдний буруу бодлого, зүй бусын шийдвэрийг эсэргүүцэх,  хянах, төрийн алба нь яаж цэвэр тунгалаг тогтвортой, шудрага байх вэ гэдэгтэй яаж уялдах вэ гэдэг эргэлзээ юм. Тэгвэл монгол хүний төрөө дээдлэх үзэл санаа юунаас эхтэй вэ?
 
Монголчууд  бурханд сүсэглэхээс гадна “төрийн сүлд өршөө” гэж залбирдаг, төрийн сүлдэндээ идээнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай. Энэ нь улс үндэстний хүчирхэг байдлын илэрхийлэл бол хүчирхэг төр мөн гэсэн санаа юм. Хүчирхэг төр хүчирхэг хууль цаазтай байдаг, хүчирхэг хууль цааз нь  эргээд төрөө хүчирхэг болгож байдаг хэмээн монголчууд үзэж ирчээ. Эзэн Чингис хаан болбоос хүчирхэг төр байгуулж чадсан  учраас монголчууд хүчирхэг гүрэн цогцлоосон байна. Тиимээс, Чингис хаан бол монголчуудын төр ёсны шүтээн болдог. Монголчууд түүнийг хүндлэн шүтэх нь бурханд сүсэглэхээс жаахан өөр юм. Манайхан Чингис хаанаас эд мөнгө, эрүүл мэндийг гуйн мөргөдөггүй. Харин төрийг минь өршөөж, төр нь иргэнээ өршөөж байхыг хүсдэг. Үнэн хэрэгтээ, “Төрийн сүлд өршөө” гэдэг үг нэг ёсондоо тарни бөгөөд  монгол хүн бурхантай зэрэгцүүлэн шүтэж ирсэн Чингис хаан, түүнээс өвлөсөн төрдөө зориулсан уншлага ч гэмээр. Монголчууд хамгийн үнэнч буддист, Шарын шашны тууштай дагалдагч явах үедээ ч “Тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдрана” хэмээн сургасаар ирсэн байдаг. Монгол төрийн нэгэн багана нь энэхүү төрөө дээдлэх үзэл санаа байлаа. Харамсалтай нь бид үүнийг дарангуйлагч төрийн уламжлалаас татгалзах үзэлтэй хольж хутган арилгаж хаясаар байна. Өнөөгийн манай нийгэмд төрийг хүчгүйдүүлэх, төрийн тогтоцоо өмхрүүлэх аян өрнөж байна. Төрд орсон аалз хувалзыг үзэн ядах ба төрөө өөрийг нь үзэн ядахын зааг ялгаа арилж байгаа нь монгол төрийг хүчгүйдүүлж байгаа гол хүчин зүйл бололтой.
 
Өнөөдөр байдал ямар байна вэ. Нэг талаасаа авилгачид, намчирхлаас үүдээд төрийн албатуудад маш дургүй болсон, үүнээсээ уламжлаад тэднийг үүрлүүлснийх нь төлөө монголынхоо төрд их таагүй болж байна.  Сайн морийг нь  тохиолдлоор муу хүн унасны төлөө, эрдэнэт хүлгээ үзэн ядаж байна гэсэн үг ч юм уу. Үүнийг авилгачид үүрлэсэн төрийг тэдэнтэй хамт өмөөрч байна битгий ойлгоорой. Хамгийн гол нь төрөө дээдлэх үзэл санааны уламжлалын тухай яриа юм шүү. Нэгэнт ийм яриа эхлүүлсэн болохоор, монголчуудын төрөө дээдлэх үзэл санаа хаана мөхөж эхлэсэн тухай, түүнийгээ бид юугаар зөвтгөсөн тухай эргэн дурсах нь зөв байх.
 
Коммунизмаас аргамжаатай ардчилал
 
Энэ бүхэн 1990 оны ардчилсан хувьсгалаас эхтэй юм. Ардчилсан хувьсгалыг буруутгаж байгаа юм биш шүү. Ер нь бол “Ардчилсан хувьсгалын алдар бадраг”, мөн үү?
 
Энэ хувьсгалын манлайд Ардчиллын залуус явсан гэдэгтэй ч маргахгүй. Гэхдээ энэ хувьсгал бол үндэсний зөвшилцийн үр дүн байлаа. Ардчилсан хувьсгалыг хамгийн идэвхтэй дэмжигч нь МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх байгаагүй гэх үү. Залуусын шинэчлэх үзэл санааг хүчирхийлэн дарж болохгүй гэсэн баттай байран дээр хэн байл аа, хамгийн муу нэртэй Аюулаас Хамгаалах Яамны Сайд, генерал А.Жамсранжав байгаагүй гэж үү. Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалт нь монголын сэхээтнүүдэд нийгмээ өөрчлөх урам зориг өгсөн. Ганц нам ноёрхож байх үеийн Намын төв хорооны “Үнэн” сонин зоримог нийтлэлүүд, анх удаагаа төрийн дээд удирдлага болох Улс төрийн Товчооны гишүүнийг нэр заан шүүмжилсэн эр зориг зэрэг нь монголын ардчиллын эхний алхмууд байсаан гэвэл, худлаа гэхгүй л байх.
 
Зарим нь хэлж л байдаг юм. Тэр үеийн МАХН социалист системээ л сайжруулж, засахыг хүсч байснаас биш тогтоцоо өөрчилж, системээ солихыг бодож байгаагүй гэж буруутгах нь бий.
 
Тэгж ярих юм бол Ардчиллын залуус ч хэзээнээс ардчилсан тогтоцод орох тухай ярьж эхэлсэн билээ гэдэг сонин. Бид бүгдээрээ л үзэл суртлын хувьд хөмөрсөн тогоон дотор амьдарч, зөвлөлтөөс зөвшөөрсөн өөрчлөн байгуулалтын хүрээнд л социализмынхаа алдаа гажуудлыг засч залруулахыг хүсч байсан. Тэгж ч нийтээрээ бодож найдаж байсан болохоор 1990 оны 1сарын 21-нд болсон Ардчиллын цуглааныг зохион байгуулагчид “Аугаа их Ленин нас барсан өдрийг дурсан гашуудаж, тэсгим өвлийн хүйтэнд бүгдээрээ малгайгаа авч ёсолсон байдаг. Хэдхэн хоногийн дараа Берлиний хана нурж, Румыны Чаушеску буудуулж, социализм системээрээ нуран унана, бидний хувь заяаг шийддэг, монгол ямар төртэй байх, хэн тэрийг нь тэргүүлэх зэргийг мэддэг Зөвлөлт тарна, ЗХУКН нурна гэдгийг мэдээгүй байсных нь төлөө тэднийг  буруутгах муухай. Тэд байтугаа ч улс амьтан урьдчилж мэдээгүй байсан зүйл. 
 
Харин хэдхэн хоногийн дотор өрнөсөн дээрх үйл явдлууд  монголын байтугаа дэлхийн түүхийг өөрчилж орхисон билээ. Эх орондоо олон намын систем тогтоож, ардчилсан төр улс байгуулах хамтын зөвшилд монголчууд хүрлээ. Үүнээс хойш аль ч нам хүчний зүгээс коммунизмыг эргүүлэн байгуулах, нэг намын дарангуйлал тогтоох тухай яриа хөөрөө гаргасангүй өнөөг хүрлээ. 
 
Харин  хувьсгал хийсэн шигээ зоримог, айх юмгүй алхмууд хийдэг Ардчиллын ба хуучин төрийн албаны уламжлалаа дагасан болгоомжтой байдал, долоо хэмжиж нэг огтлох гэсэн хянуур бодлогын л ялгаа энэ хоёр намд байсан.
 
Зөвлөлтийнхөөсөө салж чадаагүй зөвшилцөх ардчилал
 
Монголд байгуулагдсан цоо шинэ ардчилсан намуудад нэг сонин гараа байлаа. Үүнийг судлаачид нэлээн бичиж байна. Тэд өөрийнхээ эсэргүүцэж гарч ирсэн намаа яг таг хуулсан дууриасан гэж. Монголд улс төрийн олон намын туршлага байхгүй, байгаа ганц нь МАХН учраас хүссэн хүсээгүй түүнийг хуулсан гэж.
 
Тэр нь ч яахав гэхэд өөр нэг хачин уламжлал шинэ орчинд үргэлжлэн үлдсэн нь манай зөвшилцөх ардчилалд ихээхэн садаа болсон юм.
 
Энэ нь хуучин социализмын тогтоцын (1921-1990) нэгэн зарчмаас эхтэй. Тэр бол тал нутагт жинхэнэ социализм байгуулагч байхын тулд МАХН-ын гишүүн байх ёстой гэдэг дүрэм байсных. Энэ дүрэм 1990 оноос “Ардчилагчид”ын гол дүрэм болсон ба улс орноо ардчилмаар л байгаа бол манай гишүүн байх ёстой. Манай гишүүн биш бол ардчиллын эсрэг хүн, ардчилсан намын эсрэг л юм яривал тэр нь ардчиллын эсрэг үзэл санаа болон сурталчлагдаж эхэлсэн. 
 
Энэ үзэгдэл нь монгол улс жинхэнэ ардчилагдах, ингэхийн тулд тулд зөвшилдөх ардчилал хөгжүүлэх  боломжийг  ихээхэн хаасан юм. Яг л социализмын үеийн “намын эсрэг үзэл санаа” гэдгийн арай сулавтар хувилбар юмуу даа. Олон нийт ч, МАН ч хуучин инерциэрээ дамжин энэ үзэл санаа уур  амьсгалыг  хүлээж авчээ. Тэрч  байтугаа МАН-ын зүгээс эрс шинэчлэл хийх санаа дэвшүүлсэн, намаа зоримогоор өөрчлөх санаа сэдсэн өөрийн гишүүдээ  “ийм зоримог байгааг бодоход ардчиллын талын нөхөр биш биз” гэсэн хандлага илэрч байсан нь ч нууц биш.
 
Иймээс манайд ардчиллын амин сүнс болсон зөвшилдөх ардчилал хөгжиж чадахгүй байгаа хэрэг. Санаа бодлоо илэрхийлэх хэлбэр, тэр ч байтугаа байр суурь маань намынхаа эсрэг, эсвэл хүний намын төлөө болчих вий гэдэг айдас хэвээр байна. Чухам энэ айдас нь ардчиллыг хөгжүүлэхэд саад болоод зогсохгүй намаа ардчилахад хана хэрэм болж хөндөлдсөөр байна. Намынхаа байгуулсан засгийн газрыг шүүмжлэх, намын олон түмний болон улсынхаа хувь заяаг бодолцон засгаа огцруулах үзэл санаанд чухам энэ үзэгдэл саад болсон хэвээр байна. Намын тодорхой эрх мэдэлтний эсрэг үзэл санааг нийт намын эсрэг үзэл санаа болгон бутцохидог үеэс юу өөрчлөгдөө вэ гэсэн асуулт өнөөдөр ч бидний өмнө байна.
 
Нэгдүгээрт 1990 оноос манайд ардчилсан олон өөрчлөлтүүд хийгдсэн боловч улс төрийн намууд үндсэндээ шинэчлэгдсэнгүй. Социализмаа улам гоё болгох гэж нэгдэж явснаа, дэлхийн социализм унасан, Зөвлөлт тарсны буянаар нийгмийн ардчилахыг анхлан уриан Ардчиллынхан ч тэр. Нөгөө талд гарсан МАН ч тэр. Нэг цөс ихтэй, сайн муу ямар ч юмандаа зүрх зоригтой, нөгөөх баахан болгоомжилсон, туршин харах үр дүнг харж байж шийдэх бодолтой бусдаараа бол нэрээ сольж, хувилагдан олширсон  “БНМАУ-ын үеийн МАХН нар” болон хөгжижээ.
 
Энэ дундуур бидний төрийн шинэ онол бий болон зүг чигээ олох гэж ядаж байна. Энэ санаа эхнээсээ жаахан өрөөсгөл байдалтай явсан санагддаг. Монгол улсыг ХХ зуунд  Орос-Зөвлөлтийн социализмын сургуулиар хөгжүүлсэн нь биднийг илүү их өрнөдийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг давамгайлсан үндэстэн болсон гэдэг дүгнэлт гарснаас бүх юм эхэлсэн юм. Энэ дүгнэлт тухайн үедээ “ардчилах давуу эрхтэй” гэдэгтээ өөрснөө ч итгэдэг, ард түмэнч тэрэнд нь үнэмшдэг байсан Ардчиллынхнаас гарсан учраас эсэргүүцэх, манайх хичнээн оросжсон байлаа ч гэсэн дорно дахины төрийн мянганы уламжлалтай, түүнийг анзаарахгүй орхиж болохгүй хэмээн учирлах аргагүй байлаа.
 
Ингээд өрнөдийн хүн ардын сэтгэлгээний үнэт зүйл, ёс суртлын баганан дээр тогтсон Монтескьюгийн “засаглал хуваах зарчим” алдаатай хуулагдлаа. Мэдээж, нэгэнт шалгагдсан үнэт зүйлсийг хуулах нь буруу биш.  Энэ бол хүний эрхийг хамгаалах зорилгоор бие биеэндээ харилцан хяналт тавьж байх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд эрх мэдлийг хуваарилах тухай санаа юм. Бид ч энэ жишгээр УИХ сонгож, Засгийн газар байгуулж, Шүүхээ шинэчлэв.  Гэтэл энэ бүгд бие биеэс болон улс төрөөс хараат биш байж чадаж байна уу гэсэн асуулт гарч байна. 
 
Аль ч талаас нь харсан засаглалын энэ зарчимд буруу байхгүй. Шалгарсан зарчим. өнөөгийн ардчилсан төрийн ноён нуруу болсон үзэл санаа. Тэгвэл бид хаана нь, юун дээр алдсан бэ гэсэн асуулт гарч байна. Тавьсан асуултандаа хариулахын оронд танд үлдээе. Учир нь бид санал бараг л нэг байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулан эдэлвэл эрх чөлөө үгүй болно гэж Монтескью гуай хэлсэн юм байна лээ. Манайхан гурвууланг нь давхардуулан эдлэж бусад эрх мэдэлдээ нөлөө хяналтаа тогтоох гэж шунан эрмэлзсээр  л . . .
 
Чухам үүнийг өгүүлэхийн тулд  л өгүүллийн эхэнд дурьдсан “төрөө дээдлэх үзэл санаа”-ны тухай ярьсан юм. Монгол үндэстний төрөө дээдлэх үзэл нь өөрсдийн байгуулсан төр, түүгээрээ дамжуулан тогтоосон хууль цаазаа хүндэтгэн дагах үзэл санаа юм. Монгол хүн бүрд, монгол айл бүрт нэвт шингээстэй байсан тэр эрхэм үзлийг бид “либерализмыг дэлгэрүүлэх” хүрээнд устгасан байна.
 
Мартаагүй байгаа байх манайхан, төр бол хүчирхийллийн машин, түүнээс ард иргэдээ хамгаалах ёстой”, “төр бол захирах биш харин олон түмэнд үйлчлэх ёстой”, “үүнийг бид хийнэ” гэсэн уриануудыг. Чухам энэ уриан дор монголчууд хууль биелүүлэх нь хүчирхийлэл шахуу юм болгон ойлгох болсон. Төрийн сүр хүч, хууль цаазны цог  жавхлант байдал шалдаа буусан. Хүмүүс төрийг өөрсдийнх нь ардчилал эрх чөлөөг  хамгаалах хүчирхэг тогтоц гэж ухаарахын оронд хуучин цагийн “ахуйн үйлчилгээ” хавьцаа зүйл болгон тоомжиргүй харах болсон. 
 
Өөрийн байгуулсан төр засгаа дээдлэх үзэл үзэл санаа, төрийн сүлдэнд мөргөх хүндлэлийг харин ч хялайн харж , хүчирхийллийг дэмжих утгаар нь буруушаах болсон. Иймээс манай иргэдийн олонхи нь төрийг эсэргүүцсэн л шинжтэй бол ямар акци явууллагыг дэмждэг, тэрийгээ ардчилалд оруулж буй хувь нэмэр байдлаар харах болжээ. Өөр санал бодолтой хүмүүс, төрийн тогтвортой үйл ажиллагаа нь ардчиллын амин зүрх гэдгийг ойлгодог хүмүүс ч түүнээ ярихаас болгоомжлох болж, учир нь “ардчилахын эсрэг” , “ард түмний эсрэг”  санаатан болохоос цэрвэж байгаа хэрэг.
 
Тэр хэрээрээ иргэд ч төрөө сонгохдоо хайнга, идэвхгүй хандах болсны жишээ нь энэ жил хоёрын хоёр шаттай болсон ерөнхийлөгчийн сонгууль болсон.
 
Иргэдийн төрөө үл хүндлэх дээдлэх байдал юунд хүргэж байна гэхээр хариуцлага багатай сонголтууд руу хөтөлдөг гэдэг. Шинийг сонгохын хариуцлагаа ухаарахаас илүүтэй хуучинтай нь тооцоо хийх сэтгэлгээ давамгайлж байна хэмээн зарим ажиглагч, судлаач хэлж байгаа нь сонирхолтой санаа юм.
 
Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар ард нийтийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хот хөдөөгийн 300 гаруй мянган иргэд саналаа ирүүлжээ. Иргэд төрөө дээдлэхийг хүсч байна. Гэхдээ шудрага төрийг хүсч байна. Төр нь хариуцлагатай, шудрага, хяналттай байхыг хүсч байна.   Үүний тулд төрийн алба нь мэргэжлийн, тогтвортой байж, зөвхөн мэддэг чаддаг нь хашдаг алба болгоод улс төрөөс ангид байлгахыг хүсч байна. Бас ард түмэн байгуулсан төрөө эрх баригчид болон сөрөг хүчний алиных нь ч нөлөөнөөс гадуур хариуцлагын хяналтын байгууллагыг хүсч байна.
 
Харин энэ тухай дараагийн ээлжинд бичих болно.
 
Үргэлжлэл бий
СУРТАЛЧИЛГАА :

Энэхүү нийтлэлд сэтгэгдэл бичих боломжгүй!