sonin.mn
Намын нөхөддөө илгээж буй захидал
 
Миний бие төрийн тусгай албыг хашиж явсан дипломат ажилтны хувьд Монгол улсын хуулиар намын харъяалалаас түдгэлзсэн нэгэн. Гэсэн хэдий ч угшилаараа Монгол Ардын Намын гишүүн. Тухайн үед МАХН-ын харъяат байлаа. Ардчилсан хувьсгал эхлэхийн өмнөхөн Ардын намын 15 эрдэмтэн гэгч бүлэгт багтан намаа шинэчлэх гэсэн сэтгэлээр Намын шинэ програм, дүрэм боловсруулалцаж, тэр үеийн Улс Төрийн Товчоонд өргөн бариад тоймтой хариу үл сонссоны учир “Үнэн” сонинд нээлттэй захидлын хамт тэрхүү хоёр баримт бичгийг нийтлүүлсэн билээ. Нийтлэж өгсөн этгээд нь ухаан зориг нь жагссан Лодонгийн Түдэв доктор байсан юм.. Бид 15-уулаа нууц байдалтай ажилладаг байсан болохоор Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн өрөөнд дуудагдан очихдоо банга шийтгэл сонсох нь дээ гэж эмээсээр орсон сон. Доктор Баасанжав, Батхишиг, Гомбосүрэн, Гүндсамбуу, Даваадорж, Дашдаваа, Зардыхан, Лхагваа, Чунагсүрэн, Цолмон, Түдэв, Уртнасан, Энхсайхан, Ядамсүрэн бид арван тавуулаа байсан. Батмөнх дарга бидний талаар харин ч эерэг аясаар яриад Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч нараа илт зэмлэн ямагт намуун дөлгөөн байдаг дарга маань дуугаа өндөрсгөн их л шаардангуй « Энэ залуустай хамтраад намын Програмыг яаралтай боловсруул, түргэн дуусга, Товчоогоор нэн даруй хэлэлцуул» гэсэн хатуу үүрэг тавьж билээ. Түүхийг товчхон дурдаад өнөөдрийн тулгамдсан асуудлыг хөндье.
 
Шинэ Засгийн газраа яаж бүрдүүлэх вэ? Хэн Ерөнхий сайд байвал зүйтэй вэ? гэдэг өнөөдөр бид бүхэнд тулгамдсан асуудлаар саналаа нэмэрлэе.
 
1. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн байх учиртай. Нэр нөлөөнөөс гадна ажил төрлийн уялдаа холбоог бодсон ч чингэх нь оновчтой. Ийм уламжлал хадгалагдсаар байгаа. Үүнээс гажих аргагүй.
 
2. Өөрийн намын байгуулсан засгийн газраа өрөөлтэй хамсан унагасан 33 гишүүнээс хэнийг нь ч Ерөнхий сайдаар нэрийг нь дэвшүүлэхгүй, танхимаас нэрийг нь дэвшүүлсэн ч дэмжихгүй байх нь зүйтэй биз ээ.
 
3. Нэгэнт унасан Засгийн газрын гишүүдийн дотроос Ерөнхий сайдыг тодруулахгүй байх нь бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан зарчмаа тууштай баримталж, хариуцлага тооцсон утга санаанд нийцэх учиртай.
 
4. МАН-ын шинэ дарга тодроогүй байхад шинээр Засгийн газар эмхлэх шаардлага гарав. Уг нь Парламентэд олонх болсон намын дарга л байгуулсан Засгийн газраа тэргүүлээд явдаг нь олон улсын жишиг. Тийм учраас одоо сонгох Засгийн газрын Ерөнхий сайд маань удахгүй болох намын их хурал дээр намын даргаар сонгогдчихоор нэгэн байвал туйлын сайн сан. Чингэхгүй бол дахиад л Засгийн газар шинээр эмхлэх жинхэнэ тоглоом үргэлжлэх болно. Намын Бага хурлын гишүүд, Удирдах Зөвлөлийн гишүүд та бүхэн ярьсан шиг яриад, шийдсэн шиг шийдээд, тохирсон шиг тохироод явбал болох шүү дээ. Та бүхэн Намын нөхдөө, ард түмнээ битгий басамжлаарай. Басамжилж гаргасан шийдвэр, хийсэн алхам, зальхай аргаар гүйцэлдүүлсэн зүйл ямагт богино настай байдгийг өмнөх нөхдийнхөө паянгаас анзаарах буй заа. Намын нөхөд чинь, ард олон чинь таарсан дүнг тавьж чадна, тэр ч байтугай улстөрөөс бүрмөсөн зайлуулж, түүнд хэзээ ч эргэн орох боломжгүй болгож бас чаддаг билээ.
 
Намын хувь заяа Төрийн хувь заяатай холбоотой, Төрийн хувь заяа түмний хувь заяатай холбоотой тогтолцоо нэгэнт байгаа болохоор санал бодлоо иргэн хүний хувьд, намын гишүүн хүний хувьд илэн далангүй бичиж байна. Одоо олон жилийн танил, хамтран ажиллаж явсан, нэгэн намын эгнээнд хамт явсан зарим нөхдийнхөө талаар таагүй хэдэн зүйл бичихээс өөр аргагүй байна. Тэднээсээ хүлцэл өчье.
5. ” Биеэн засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас “ гэсэн Их Эзэн хааны маань зарлигдсан мэргэн сургаал байсаар aтал төрөө засах нь байтугай гэрээ засаж чадаагүй, гэрээ засах нь байтугай биеэн засаж чадаагүй яваа нэгнийг намынхаа, Засгийн газрынхаа тэргүүнээр залаад юу болсон билээ. Сайн таньдаг Санжийн Баяр маань санаанд бууж байна. Шинэ сонголт хийхдээ ийм явдлыг эрхбиш давтахгүй биз ээ.
 
6. Бусдын ” шуудайг дүүргэж” мэрэгшсэн гэгдээд байгаа, өндөр сэнтий дээрээс өглөө оройгүй загнаж зандарах нь хийж чаддаг л гол ажил нь болоо юу даа гэмээр болчихсон, оновчтой шоглолоор ”улстөрийн зөнөг” хоч зүүчихээд байгаа нэгний санаархлыг бол хаах л хэрэгтэй байх. Эрдэнэбатын засгийн газрыг байгуулж байхад “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй “ гэж тун сүрхий сануулаад байсан, Түгжилийн муухай явдлаар дандаа л жишээ авч ярьдаг нэгэн намын өнөөх нөхөр маань харин өөрөө тэр сөрөг хүчин нь байсан ажээ. Бүр цаашлаад засгаа унагаах арга ажиллагааны ард байснаар барахгүй огцруулах бичигт өөрөө шаламгайлан гарын үсгээ зуржээ. Яг ийм үйлдэл хийчихээд би тэгэж хэлээд л байсан ш дээ гээд ажигчгүй ярьж байгааг нь хараад тэсэж чадалгүй алс газраас ч болов арга сүвэгчлээд бичлээ. Их л хүнд хэцүү алхам байлаа гэж өөрөө хэлнэ билээ. Аргагүй шүү дээ. Хамт явсан нөхдөөсөө урвана гэдэг амаргүй л санагдаа байлгүй. Харин ийм урвагчийг бол Их Эзэн Богд маань хэрхэн шийтгэх байсан бол гэж гавьяат хуульчаас өөрөөс нь асуумаар байна. “Зарчимгүй улстөр бол долоон их нүглийн нэг“ гэж Жагарын мэргэн Махатма Ганди-жи айлдсан нь бий.
 
Миний яриад байгаа тэр эрхэм Монгол үндэстний эв нэгдэлд халтай байж болох санаа бодлыг агуулж “ Халхууд төр барина гэж хаашаа харсан юм байдаг юм» гэж хэлсэн “ цэцэрхэл “ нь ард түмний итгэлийг хүлээж ийм өндөрт гарч ирсэн улстөрчийн амнаас унамааргүй л үг байлтай. Тэрээр бүхнийг мэдэгчийн дүрд тоглоно. Ийм хүнийг барууны ертөнцид Mr.Know-all гэдэг. Монголчууд бол хэтэрхий мэргэн жараахай гэнэ. Цэцэн мэргэн нь дэндээд байгаа эрхэм бол Цэндийн Нямдорж хэмээх нэгэн засгийн газрын тэргүүн дэд сайдын ажлын буулганд хамтдаа зүтгэж явсан танил нөхөр маань билээ. Нутгархах үзлийн цийлгэр мананд хааяа нэг нүд нь бүрэлздэг болсон ч юм уу, давхар нүүдэлтэй алхам л дандаа хийгээд байх шиг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаас бусад бүх л сэнтийд заларч үзсэн мань хүний санаанд юу эс багтаж байдгийг хэн мэдлээ. Ямар ч байсан энэ хоёр сэнтийн алинд нь ч тохирохоор тавьтиртай нэгэн биш болов уу.
 
7. Т.Аюурсайхан нарын зэрэг ажил амьдралын туршлага дутмаг, улстөрчийн хат хараахан суугаагүй, ард олондоо хайрлагдах нь байтугай танигдаа ч үгүй, ойлгогдоо ч үгүй шахам байгаа, улс орноо ядаж бүтэн нэг тойрч мэдрээгүй, хөдөө хөхөрч гадаа гандаж үзээгүй яваа залуусыг эрт дэвшүүлэн хэт өндөр сэнтийд залах нь ихээхэн эрсдэл дагуулах юм. Өөрт нь ч сүүлдээ төвөгтэй болж хувирдаг бололтой. Үүний нэг жишээ бол Н.Энхбаярын улстөрийн замнал юм. Төрийн гурван өндөрлөг гэгдэх болсон гурван их сэнтийг дамжаад дамжаад өнгөрсөн. Улсын Их Хурлын дарга болоод ганцхан жил ажиллаад Ерөнхийлөгчийн суудал руу гулссан. Сүүлдээ дахин дээш авирах хүсэлдээ хөтлөгдсөөр, муу санаатын уриханд ороод, бидний 15 аль 1990 онд Намын онц их хурлыг санал болгон хуралдуулахдаа намын уугуул нэрийг сэргээе гээд тэр үедээ дэмжигдээгүй байтал хожим нь цагаа огт олоогүй үед нэрээ сольж МАН болсон өөрийн намыг хагалан бутаргаж, нугаслаад дуусгаж байна даа. Энхбаяр энэ их нүглээрээ чамлахааргүй хийж бүтээсэн амжилтаа баллуурдсан юм. Одоогийн хямрал, намын доторх хагарал, ялагдал, талцал, доройтлын үр үндэс чухам л эндээс үүдэлтэй.
 
Манай намын Эрдэнэбат Ерөнхий сайд ч бас л залуудаад, туршлагагүйдээд унав бололтой. Түүнийг буруутгаж ялласан 3 гол шалтгаан гэгчийг Засгийн газар дээрээ, нам дээрээ цаг алдалгүй ярилцаж хэлэлцээд, шийдэмгий засаж залруулаад, буруутай этгээдэд тохирох шийтгэл үүрүүлэн, огцруулж халах ёстойг нь халаад ард түмэндээ, намын нөхөддөө үнэн учрыг мэдээлж явсан бол ийм арчаагүй байдалд орохгүй ч байж болох байсан. Хүний үгээр явсаны л харгай болов уу.
 
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур бололтой байгаа Хүрэлсүх залууд бол Ерөнхий сайдын байтугай Шадар сайдын сэнтий хатуудаад бульгичих шиг боллоо. Түүнийг бид жагсах, цэрэгжих дуртай болов уу гэмээр бужигнуулах маягийн улстөрч гэдгээр нь л мэдэх юм. Залуусын хэлдгээр биеэ тоогоод “ пээдийсэн” ч байж мэднэ. Ямар боловч гудамжны хэрүүл, зодоон цохион, үймээн самуун, хуйвалдааныг Төрийн их өргөөнд оруулж болохгүй гэдэг төрт ёсны мянга мянган жилийн нандин уламжлалаа дээдлэсээр ирсэн Монгол төрийн эрхэм дээд дэг жаягийг ухаараагүй нэгэн бололтой.
 
8. Өнөөдрийн Монголын улстөр,нийгэм, эдийн засгийн байдал, үнэн нүүр царайг товчхон тодорхойлбоос: Ёс зүй, зарчимгүй улстөр, чадваргүй, мэрэгжлийн бус төрийн алба, нийгмийн хариуцлагаа мэддэггүй хувийн хэвшил, хуулиа сахиулдаггүй бээрсэн төр, үйлдвэрлэдэггүй үрэлгэн эдийн засаг, мөлжигч банк, үнийг дураараа хөөрөгдөх хийгээд хулгайлах сэтгэлгээ, авилга өгөхгүй бол ажилладаггүй төр-нийгмийн үйлчилгээ, чанаргүй боловсрол, мартагдсан шинжлэх ухаан, үндэстний ухамсар, оюун санааны ядуурал, доройтол нүүрлэжээ. Энэ бүхэн нэгэн цэгт огтлолцсоны учир улс орон маань гүн хямралд оржээ.
 
Энэ бүхнийг засан залруулж зөв гольдролд нь оруулах, үгүй ядаж л ирэх гурван жилд шинэчлэлийг баттайяа эхлүүлэх нөр их ажлыг гардаж хийх Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайд хүн бол Монголынхоо төлөө, монголчуудынхаа төлөө, Монгол төрийнхөө төлөө чөмгөө дундартал, үсээ цайтал, бүсээ сулартал зүтгэх сэтгэлтэй, зоригтой, ухамсартай,, чадвар чансаатай, ухаалаг аавын хүү л байх учиртай билээ. Тэгвэл энэ хэн бэ? Хэн маань байвал арай дөнгүүр нь байх бол?
 
Дурдаад байгаа олон шалгуур мэтийг давах, тэр олон шаардлагад нийцэх арай л дөнгүүр хүн байна уу гэвэл хариульяа:
 
Энэ бол Улсын Их Хурлын гишүүн Дэндэвийн Тэрбишдагва юм. Яагаад гэвэл :
 
• Төр засгийн ажлын арвин туршлагатай, хат суусан төрийн түшээ. Монгол улсын Шадар сайд, Төрийн сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайд явсан, Улсын Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдоод ажиллаж байгаа хүн.
 
• Хэн ч чамлахааргүй боловсролтой нэгэн. Германд Гумболдтын их сургуулийг дүүргэсэн цөөхөн монголчуудын нэг. Тиймдээ ч ажил амьдралдаа цэгцтэй, дэг журамтай байхыг залуугаасаа хэвшүүлсэн, хувийн зохион байгуулалт сайтай, сахилга журамтай удирдагч.
 
• Улс орны байдал, ард олныхоо амьдралыг сайн мэднэ. Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан. Улсын Онцгой байдлын албыг хариуцан удирдаж ажиллахдаа зон олны зовлон бэрхшээлийг хуваалцан ихээхэн туршлага хуримтлуулсан хүн.
 
• Хүний мөс сайтай, эр зоригтой хүн. Тийм дээ ч Энхбаярыг арай л хэтрүүлээд байна уу даа гэхдээ түүнийг хамгаалж хамгийн түрүүнд дугарсан эрхэм.
 
• Нас шүд, буурь суурь, тэсвэр тэвчээр нь төлөвшсөн тулхтай удирдагч. Тэгээд ч Засгийн газрынхаа гишүүдийг манлайлан удирдаж, цэгцтэй зохион байгуулаад, зөв бурууг нь илэн далангүй хэлж чадах, хариуцлагатай дэгтэй журамтай байж, өөриймсөг сэтгэлээр багаа эвсэгхэн аваад явах сийрэгхэн ухаантай нэгэн.
 
• Жижиг дунд бизнесийг тууштай дэмжигч. Энэ талаар олон сайхан ажил хэрэгжүүлж байгаа. Жишээ нь ХБНГУ-ын талтай хамтарч саяхан чухал төслийг эхлуулсэн.
 
• Гадаад харилцааг чанаржуулж чадах сайн дипломатч. Тэрээр гадаад харилцааны системд чамлалтгүй хугацаанд алба хашиж манай улсын чухал гуравдагч хөрш гэж зүй ёсоор тооцогдох болсон ХБНГУ-д Элчин сайдаар ажилласан болохоор Монгол улсын гадаад бодлогын зорилго зарчим, гадаад харилцааны чиг шугам, тулгамдсан асуудлыг сайн мэдэх, мэрэгжлийн түвшинд чиглүүлж чадах улстөрч.
 
• Шинэ Ерөнхийлөгч Баттулгатай үр бүтээлтэй хамтран ажиллаж чадах хамгийн илүү боломжтой хүн. Жишээ нь тэд хоюулаа Монгол улсын нэн чухал салбар Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан болохоор наад зах нь тухайн салбарын, цаашлаад хөдөөгийн ард түмний жаргал зовлон, тулгамдсан асуудлыг адилхан сайн мэднэ, бие биенээ төвөггүй ойлгоно. Хэдий бээр өөр өөр намаас дэвшин гарч ирсэн ч эх орноо гэх сэтгэлийн хүчээр илэн далангүй ойлголцож чадах хүмүүс.
 
• МАН, МАХН хоёрыг дахин нэгтгэж чадах нөлөө бүхий цорын ганц улстөрч мөн. Хоёр намын зорилго зарчим ижил, угаасаа нэг л намын хоёр фракци гэсэн үг. Ойрын ирээдүйд нэгдэж эвсэн ажиллах магадлалтай.
 
Би Тэрбишдагва гэдэг хүнийг зөвхөн Телевиз радио, хэвлэл мэдээлэл, Интернэт, Youtube, хөрөг нэвтрүүлгээс л мэднэ. Гадаад харилцааны системд хамт ажиллаж, Элчин сайдын албыг нэгэн үед хашиж явсан ч, нүүр учран аяга кофе хамт ууж суусан удаагүй. Тийм болохоор миний мэдээлэл, дүгнэлт учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.
 
Тэрбээр нэг хэсэг Энхбаярын тэргүүлсэн МАХН руу шилжиж улмаар дэд даргын нь албыг хашиж байсныг Ардын намын зарим нөхөд нь таашаагаагүй байх. Эргээд МАН руу буцаж ирээд сонгуульд оролцон манай намаас УИХ-д сонгогдсон нь намын хамт олон, ард иргэд түүний үйлдлийг шүүн тунгаагаад зохих дүнгээ тавьсан нь тэр биз ээ. Ард түмний, сонгогчдын үнэлгээ л хамгийн тулхтай, нуруутай, голыг нь олсон, субъектив бус, бодит билээ.
 
Эрхэм хүндэт Намын Бага хурлын гишүүд ээ, Удирдах Зөвлөлийн гишүүд ээ,
Намынхаа хувь заяаны төлөө ончтой шийдвэр гаргаж чадна гэдэгт би итгэж байна. Та нарынхаа саруул ухаанд найдаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
 
 
Түүхийн ухааны доктор, Элчин сайд Ж.Чойнхор