sonin.mn
Хувь хүний хамгийн том эрх бол амьд явах эрх гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин манай улсад иргэн бүр энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Өглөө гэрээсээ гарсан аав, ээж, охин, хүү ямар нэг гэмт хэрэг болон золгүй тохиолдлоор гэртээ эргэж ирэхгүй үе байдаг.
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ долоо хоногийнход Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр энэ хугацаанд өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Холбогдох газраас энэ тоо хөдөө, орон нутгаас нийслэл хотод иргэд олноор ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэлээ.
 
Харин Замын цагдаагийн албаны мэдээллээр өнгөрсөн сарын 25-ны өдрөөс энэ сарын 07-нд Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3,972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт нэмэгдсэн гэжээ.
Гэхдээ хар бараан зарим тоо “буурсан’’ үзүүлэлт байна. Нийслэлийн цагдаагийн газар гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4,286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2,064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан. Мөн зам тээврийн осолтой холбоотой хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол өнгөрсөн оны мөн үед 181 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин Нийслэлийн онцгой байдлын газар өнгөрсөн сарын 25-наас энэ сарын найман хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20.6 хувиар буурчээ. 
 
Гэхдээ зөвхөн гэмт хэрэг, зам тээврийн ослоос гадна хүнд үхэх мянган шалтгаан бий. Цахилгаан шатны эвдрэл, барилга дээрээс төмөр болон бусад материал унах, хордох, живэх, амиа хорлох гээд манайд иргэдийн амьд явах эрхэд санаатай болон санаандгүй халдсан тохиолдол нэлээд гарсан. Уг нь Монгол дайн тулаантай бус энх тайван улс. Гэтэл зуурдаар өнгөрөх хүмүүсийн тоо эрс буурахгүй байна. 
 
Гагцхүү төрөөс дорвитой анхаарал хандуулж байж нийт иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалж чадна. Нийслэлийн удирдлага 14 хоног тутам шуурхай зөвлөгөөн хийж, нөхцөл байдлыг дүгнэн, ил тод нээлттэй явуулж байгаа нь сайшаалтай. Үүний үр дүнд зарим зөрчил, гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Нэгэн баримт дурдахад, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.
 
Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар буурсан дүн мэдээ гарсан. Үүнээс гадна нийт гэмт хэрэг, зөрчлийн тоо нийслэлийн хэмжээнд 50-иас дээш хувь буурсныг мэргэжлийн байгууллагууд хэлж байсан.
 
Энэ тооноос харахад архи согтууруулах ундааг бүр хорихгүй юмаа гэхэд борлуулах цэг, үйлчилдэг байгууллагын тоог буруулбал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил болон иргэдийн амьд явах эрх зөрчигдөх нь давхар буурна. Гаднын өндөр хөгжилтэй орнуудыг харахад архи согтууруулах ундаа зарж борлуулдаг болон энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг газрууд хол хол зайтай байдаг. Түүнийгээ дагаад иргэдийн согтууруулах ундаа хэрэглэх нь бага байдаг.
 
Харин манайд гэрээсээ гараад л найман нэрийн дэлгүүр орох боломжтой. Зарим орон сууцны доор баар, паб байрладаг тохиолдол бий. Гагцхүү нийслэлд гэлтгүй хүн их төвлөрсөн хот суурин газарт архи, согтууруулах ундаа зардаг, үйлчилдэг газрын зөвшөөрлийн тоог яагаад багасгаж болдоггүй юм бэ. Ядаж үүнээс эхлэл дээ.
 
Гэмт хэрэг, зөрчил, осол төр иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалахын тулд олон шат дараатай арга хэмжээ авах шаардлагатайг сануулж байна. Монголын төрд засгаа огцруулах, нүүрсээ хойшоо гаргах уу, урагшаа гаргах уу гэдгээс чухал зүйл байдаг юм шүү. Тэр нь иргэн бүрийн амьд явах эрх.
 
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний" сонин