sonin.mn
Дахин уулзахад
 
Өнөөдөр буюу 8-р сарын 13-нд ССТV-гийн Монгол хэлний сайтад Монгол улсаас уригдан ажиллаж буй сэтгүүлч Д.Чинзоригтой Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт очиж Б.Шарав гуайгаа эргэлээ. Д.Чинзориг хандивын мөнгөө гардуулж, миний бие Өвөр Монголын эмч Мөнхөөгийн илгээсэн сэтгэлийн хүчээр эрүүлжих видео хичээл, дархлааг дэмжих бүтээгдэхүүн болон ар гэрийнхэнд нь унших ном хүргэж өгсөн юм.
 
Бороон дундуур алхсаар эмнэлэгт хүрч, өрөөнд нь ортол эзгүй байлаа. Сэртхийгээд явчихлаа... Гэтэл эхнэртэйгээ нүүр дүүрэн инээсээр орж ирэв. Ариун цэврийн өрөө ороод ирсэн юмсанж. Хэд хоногийн өмнө арай гэж өндийж байсан хүн шүү дээ. Царай нь засарч, өнгө ороод, дуу хоолой нь тодорчээ. Өдөртөө коридоороор жаахан алхаж, хөдөлгөөн хийж байгаа гэнэ. Уржигдраас эмчийн зааврын дагуу хурган бантан, өндөгний шөл ууж эхэлжээ. Эмч, нойр булчирхайн шарх нь эдгэж байгаа гэсэн ч, химийн эмчилгээг хэдийд эхлэх тухай хэлээгүй байна. Б.Шарав гуай инээмсэглэн, ойр зуурын юм сонирхон асууж, эхнэртэйгээ Өвөр Монголчуудын халуун сэтгэлийг магтан, нэлээд их мөнгө цугларсан тул ингээд хандивын аянаа зогсооё гэсэн юм. 
 
Бид ядраахаас эмээгээд тэгсхийгээд гарлаа. Зүсэр бороон дундуур алхаж явахад сэтгэл зүрх баяраар бялхан өөрийн эрхгүй “Сэтгэлийн эгшиг”-ийг аялж байлаа. Дашрамд дурдахад Б.Шарав гуай болон гэр бүлийнхэн нь хандивын аян зохион байгуулсан багийнхан хийгээд Өвөр Монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлснийг үүгээр уламжилъя.  
 
 
Шарав гуайд туслах баг
 
Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санал тавьсны дагуу 8-р сарын 7-ноос эхлэн Монгол улсаас МОНЦАМЭ-гийн сэтгүүлч, яруу найрагч Б.Занданхүү, МҮОНР-гийн Хятад хэлний редакцын сэтгүүлч, хятадач Э.Эрдэнэсувд, ССТV-гийн Монгол сайтын редактор Д.Чинзориг, Хөх хотод багшилж буй зураач Д.Гантөгс, Шилийн хотод ажиллаж буй хөгжимчин П.Энхтайван, Бээжингийн багшийн их сургуулийн магистрант Б.Уранчимэг, Бээжингийн Зам харилцааны их сургуулийн оюутан Э.Бат-Итгэл, Өвөр Монголоос ХОУР-гийн сэтгүүлч, яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал, “Эгшиг” сайтын захирал Байгаль, “Май Шюнь” компаний продюсер Үндэс нар  “Шарав гуайд туслах баг” нэртэй вийчат групп нээж “Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлсэн юм. Нэн ялангуяа Монгол улсаас “Баатар” язгуур урлагийн сургуульд уригдан багшилж буй Ц.Бэрцэцэг, Солонго төвд ажиллаж буй сэтгүүлч, зохиолч Э.Үржинханд, Өвөр Монголын уртын дуучин Отгонтуяа нар онц их идэвх зүтгэл гарган ажиллаж, хандивын мөнгөний дийлэнхийг цуглуулсан билээ.  
 
Өвөр Монголчуудаас “Монгол тулгатны бууц” группийн админ Сарангоо, тус группын зөвлөлийн гишүүд, “Таван мөс” группын админ Оюунцэцэг, “Баян Барга” группын админ Болд, Алшаа нутгийн шүлэгч Алтанцэцэг нар маш их зүтгэл гаргасныг дуулгахад таатай байна. Аяны тухай мэдээллийг ХОУР-гийн Монгол хэлний редакц, ССТV-гийн Монгол сайт, Эгшиг сайт, MGL Tube вийчатын индэр идэвхтэй мэдээлж, уриалан дуудаж байсан юм.   
 
 
Бээжин, Хөх хот дахь хандивын аяныг зогсоов
 
“Сэтгэлийн эгшиг” аян өрнүүлсэн 6 хоногт хэдэн мянган хүн нийт 86.749 юань хандивлалаа. Үүний 90 гаруй хувийг Өвөр Монгол ахан дүүс маань өгсөн юм. Зөвхөн Э.Үржинханд ба түүний Өвөр Монгол нөхөд 423 хүнээс 21.760 юаний хандив цуглуулсан байна. 
 
 Б.Шарав гуайн хүсэлтийн дагуу манай зохион байгуулах баг өчигдөр 23 цагт “Сэтгэлийн эгшиг” хандивын аянаа албан ёсоор өндөрлүүлж, хандив өгсөн хүмүүст талархал илэрхийлэн, цугларсан мөнгөө Б.Шарав гуайн хүү Ш.Саруулд хүлээлгэн өгч, “Шарав гуайд туслах баг” групп дээр тус тусын тайлангаа тавьсан юм. Энэ аянд гар сэтгэл нэгдэн ажилласан анд нөхөд, халуун сэтгэлээр тусалсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай. 
    
До.Болдхуяг