sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хэвлэл мэдээлэлд анхны ярилцлагаа өгч, МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өчигдөр оролцлоо. Ярилцлага 21.00 цагаас эхэлж, бүтэн нэг цаг үргэлжилсэн бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш хийсэн ажил болон цаг үеийн бусад асуудлаар хариулт өгсөн юм. Ингээд Ерөнхийлөгчийн өгсөн хариултыг тоймлон хүргэж байна.
 
Ярилцлагын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 10-нд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээ дурдаад, Монгол Улсын өнөөгийн байдал нийгэм, эдийн засаг, байгаль цаг уурын хувьд хүнд байгааг тодотгов. Өвөлжилт хүндрэх магадлалтай, шийдвэрлэх ёстой асуудал олон байгаа тул эрх баригчид нэгдмэл байр суурь, бодлоготой ажиллаж, Засгийн газар идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг оршил болгон хэлсэн юм. 
 
Эдийн засаг, бүтээн байгуулалт, бизнесийн талаарх асуултуудад тэрбээр:
 
Монголын ард түмэн бүгд ажилтай байх нь миний мөрөөдөл. Монгол Улс эдийн засаг, бизнесийн орчноо тэлэх болсон. Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Төрийн тэргүүн болсны хувьд нэн тэргүүнд хоёр хөрш рүүгээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гаргах гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ. Хөгжлийн хөтөлбөрүүдээ бид бэлдсэн байна. Монголд хоёр том аюул байгаа нь ажилгүйдэл, ядуурал. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Монголд байгаа бизнесийн орчин цэцэглэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Маш их Хөгжлийн хөтөлбөр баталдаг ч хэрэгжихгүй байгааг одоо хөдөлгөнө. Энэ асуудлыг ҮАБЗ-д ярина. Эрх баригч намтай санал зөрөлдөж магад гэж хүмүүс болгоомжилж байгаа. Гэхдээ би хөтөлбөрийг хөдөлгөхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллана.
 
Далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн хөтөлбөр, том бүтээн байгуулалт юм. Харамсалтай нь үүнийг олуулаа нийлж байгаад таслан зогсоосон. Үүнийг явуулах ёстой. Өмнө нь гаргасан ТЭЗҮ-г ярина. Нэг зах зээл, нэг бүтээгдэхүүнээс хараат байж болохгүйг би олон жил ярьж байгаа. Төмөр зам гадаад ертөнцтэй харилцах хамгийн том хувилбар. Орос, Иран, Пакистан гээд олон орон манай нүүрсийг авах сонирхолтой байна. Бид хоёр, гурав дахь зах зээл рүү борлуулж байж зах зээлийн ханшаар зарна. Монгол Улс баялгаа мэдэх ёстой. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт хүч түрэн орж ирж байгаа нь эмгэнэл. 
 
Бизнес эрхлэгчид их хүлээлттэй байгаа. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгч аж ахуйн салбарт ажил эрхэлж байгаагүй, бизнесийн салбараас гараагүй хүмүүс юм билээ. Тиймээс бизнесийн салбарыг мэдэхгүй байх магадлалтай. Тиймээс эдийн засгийн хямралын энэ хүнд үед бизнесийн, аж ахуйн салбарын зовлонг мэддэг хүн Ерөнхийлөгч болсон учраас дундаж давхаргынхныг босгож ирэх их хүлээлт үүсч байна гэж бодож байгаа.
 
Энэ ажлаа би бүтээн байгуулалтаас эхэлнэ. Бизнесийг тэлж, хэдхэн улс төрийн бүлэглэл тендерүүдийг аваад байдгийг зогсоох ёстой.
 
Төмөр зам, Шинэ сум төслөө эхлүүлнэ. Засгийн газраасаа, ҮАБЗ-өөсөө сэргээн босголтоо эхэлнэ. Армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Өнөөдөр Монгол Улсын арми энхтайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтад оролцож болдоггүй юм бэ. Яагаад армиас халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж болдоггүй юм бэ.
 
Гадаад харилцаа, айлчлалын талаарх асуултад тэрбээр:
 
Олон орноос айлчлалын урилга ирж байна. Мэдээж хоёр хөршөөсөө айлчлалаа эхэлнэ. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивостокт Азийн таван орны төрийн тэргүүн оролцдог “Дорнын форум”-д оролцоно.
Хоёр хөрштэйгөө нэн тэргүүнд лоозогносон биш бодит ажил хэрэг болгох зүйл ярина. Дэлхийн хоёр том зах зээлд бид бүтээгдэхүүнээ гаргаж яагаад болохгүй гэж. Ингэхийн тулд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.
 
Дэлхий өөр шинэ бодлого руу орж ирж байна. Энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн өмнөд Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм, гурав дахь хөрш гэдэг нь ямар утгатай юм гэхчилэн нарийн зүйлүүд их байна.
 
Намайг Хятадын эсрэг үзэлтэн хүн гээд ярьж, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад харилцааны сайдын хийж байгаа ажил. Би Хятадууд эсрэг юу ч яриагүй. Зүгээр л нэг улсаас хараат эдийн засаг байна, 90 хувь нь урд хөршийнх болчихсон байгааг ярьж байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ч ярих ёстой. Тэгэхээр бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой. Нэг талын эдийн засаг байгаа тохиолдолд бид хөгжихгүй. Урд хөрштэйгээ дотоод асуудал руу орохгүй байх, бизнес хийхдээ харилцан ашигтай байх зэрэг асуудлыг ярилцана.
 
Иргэдийн зээл, банкны салбарын тухай асуултад тэрбээр:
 
Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзан, банкны хүүний талаар ярьсан. Жишээлбэл, тэтгэврийн зээл гэдэг бол баталгаатай, хуульчлагдсан, эрсдэлгүй мөнгө. Гэтэл яагаад энэ мөнгийг зээлээр өгөхдөө яагаад 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүүтэй өгөөд байдаг юм бэ. Тиймээс тэтгэврийн зээл, цалингийн зээлийн хүүг буулгах ёстой. Би үүн дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гаргачихсан байгаа. Тэтгэврийн зээл, цалингийн зээлийн хүүг хуулиар тогтоож өгөх ёстой. Нөгөө талаар Монголбанк алтны нөөцөө мэдэхгүй байна. Бид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орон учир Монголбанкинд байгаа алтны нөөцөөрөө валютынхаа нөөцийг тодорхойлж байгаа. Компаниуд татвараа нуухын тулд хувь хүнээр алтаа тушаалгадаг, хулгайгаар хилээр гаргадаг гэмт хэрэг байна. Өнөөдөр Монгол Улс алтаа өөрсдөө олборлож, Монголбанкиндаа тушаах ёстой. Ийм орнууд дэлхий дээр их. Алтанд хөрөнгө оруулалт хэрэггүй, хайлуулах зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа юм бол хайлуулдаг зуух лизингээр ороод ирнэ. Ийм жишээний бодит ажлуудыг хийх санаачилгуудыг гаргана.
 
Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи томилгооны тухайд тэрбээр:
 
Зөвлөхүүд цалин, төсөвгүй хүмүүс. Онцгой сэдвүүд дээр хүмүүсийг сонгодог нь аль ч оронд байдаг зүйл. З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан хуульч, эрх зүйч хүн. Бид нөхөрлөөд 27 жил болж байгаа учир аль алиныхаа дутагдлыг мэднэ. Тамгын газрын дарга надад биш Монгол Улсын Ерөнхийлөгчид нэмэр болох туршлагатай хуульч хүн. Н.Алтанхуяг дарга намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд байсан, асар их туршлагатай. Олон жил улс төрд хамт явсан, миний дутууг нөхөж чаддаг.
 
Д.Дагвадорж буюу Асашёорюү дэлхийн од. УИХ, Засгийн газар, улс төрчдөд 2-3 жил яриад ойлгоогүй зүйлийг 20 минут яриад ойлгочихдог ухаантай. Хүнтэй эвийг нь олоод ярьчихдаг, дэлхийд хүндлэгдсэн хүн. Тийм учраас Монгол Улс мэдлэг, танил талыг нь ашиглах хэрэгтэй. А.Гансүхийн хувьд гурван улсын дэд бүтцийн хэлэлцээр дээр сайд байхдаа сууж байсан. Намайг сайд байхад дэд сайд байсан, хуульч, эрхзүйч хүн. Гадны хэлэлцээр дээр хуульч хүн суудаг. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр асуудал дэд бүтэц. А.Гансүх шиг хүнийг дахин гаргаж ирэхэд дахин 2-3 жил шаардагдана.
Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Олон жилийн өмнөөс бид бие биенээ мэднэ. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа.
 
Авлигатай тэмцэх талаар тэрбээр:
 
Цэвэрлэгээ дээрээсээ явах ёстой. Дээрээ зарчим ярихгүй бол доороо ярьж болохгүй. Намууд өөрсдөө авлигатай тэмцэж, санхүүжилттэй ил болгох хэрэгтэй юм. Бизнес эрхлэгчдээс хөрөнгө татахаа больж, улс төрчдөө намууд өөрсдөө бэлтгэх ёстой. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахгүйгээр бизнес эрхлэгчид төрд орохоо болихгүй.
 
Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй. Өнөөдөр уул уурхайтай хүмүүст, архины бизнес хийдэг хүмүүст бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар л авлига явж байгаа. Тиймээс Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт байгаа бол албан тушаалаасаа татгалзаач гэж уриалж байгаа юм.
 
“60 тэрбумын” гэх тодотголтой асуудал, Оффшор бүс дэх хөрөнгийг авч ирэх шийдвэр гаргасан тухайд тэрбээр:
 
Хоёр сонгууль дамнан яригдсан 60 тэрбум төгрөгийн асуудал бол намын эмгэнэл биш Монголын эмгэнэл. Тиймээс 60 тэрбумын асуудлаар АТГ-ыг хоёр ч удаа дуудаж уулзлаа. Энэ асуудалд 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан учир хугацаа зарцуулах байх. Миний хувьд энэ бүгдийг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахаас эхлээд олон ажил гарч ирж байна. Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярих боломжгүй.
Оффшор бүсийн тухайд, улс төрд орж ирж баяжсан хүмүүс өмнө нь хууль байгаагүй үед тэр бүсэд хөрөнгө нуусан байж болно. Тиймээс тэр хүмүүст хугацаа өгч 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм. Оффшор бүсээс мэдээлэл авах олон арга бий. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, прокурор нь мэдээлэл авах хүсэлт явуулах ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ.
 
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн засаглал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуултад тэрбээр:
 
Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Цагийн уртад өөрчлөгдөж болно. Гэхдээ зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар өөрчлөх гэж байгаа бол санал нийлэхгүй. Эрх баригч нам УИХ-д олуулаа байна. Төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбумыг босгосон нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Харин үнэхээр ард түмний төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөр асуудал. Тиймээс эрх мэдлийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Өөрчилж болохгүй юм байхгүй.
 
УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж гарч ирж байгаа. Одоогийн 76 маань төлөөлж чадахгүй тоо байж магадгүй. Гэхдээ санал асуулга явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалын тухайд, “Замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл нүүрлэж байхад хүчтэй хүн гарч ирээд базаасай. Хоёр хөрш тийм байна” гэсэн жишээн дээр байгаад байгаа юм болов уу. Аюулгүй байдал дээр бол нэг хүний хараат байна гэдэг дарангуйллын хэлбэр рүү орно. Дарангуйллаар улс орноо хөгжүүлэх нэг асуудал, дарангуйллаар өрсөлдөгчөө дарах нэг асуудал. Гуравдугаарт, нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүд нь хэлэлцдэг байгаа тохиолдолд 76 юм уу 99 болсон тохиолдолд бүгдийг нь худалдаж авахад хэцүү. Сая жишээ Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Таван толгой орд бол 1970-аад оны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гаднынхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг байсан нэгдмэл санаатай улсууд. Энэ орд өөрөө монголчуудын буюу Үндсэн хуульд заасны дагуу бүх ард түмэнд ашиг нь очиж байх ёстой. Ийм тохиолдолд өр зээлээс хол байж болно.
 
Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина гэж ярьж байна. Үнэндээ Ерөнхийлөгч гэдэг эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Үүнийг хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Саяын ярьсан бүтээн байгуулалт лав хийгдэхгүй.
 
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга ярилцлагынхаа төгсгөлд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж, нийтэд зарлаж явна гэдгээ хэлээд ард иргэдийнхээ дэмжлэгийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
Тэмдэглэсэн: Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг