sonin.mn
МАН тарах нь уу даа. Ойрын үед ийм л нэг хардлага, яриа шинэ Ерөнхийлөгчийн томилгоо, эрс цочир зарлиг, шийдвэрээс ч сонирхолтой сэдэв болжээ. Хамгийн гол нь, тус намаас нэр дэвшигч М.Энхболд тааруу кандидат байсангүй. Намын доторх хагарал, зөрчил, улстөрийн хамгийн том хүчний удирдлагын төлөөх тэмцэл МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах гол шалтгаан болсон гэдгийг энэ хагарал илэрхий болгочихлоо.
 
Бүр нарийн ширийнийг тоочвол, МАН-ын томоохон фракц болох Зүүний хүчний холбоо буюу Шадар сайд У.Хүрэлсүх, Сү.Батболд, С.Баяр нараар толгойлуулсан бүлэг эхнээсээ л М.Энхболдыг дэмжиж ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Өнгөн дээрээ тэд гар барилцаж байсан ч Тусгаар тогтнолын ордонд арай өөр яриа өрнөж, сонгуулийн дараа буруу, булхайгаа дуудалцан барилцаж авсан гэж ойр тойрныхон нь гадагш ярьчихсан. Ингээд энэ намын доторх асуудал үндсэндээ ил болж, жирийн олон гишүүд нь учир зүйгээ олж, намын хагалган буталгагчдыг олж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэв.
 
Гэхдээ асуудал дан ганц томчуудад байсангүй. МАН-ын анхан шатны байгууллагуудад байсан идэвхтэн залуус одоо нэгэнт эрийн цээнд хүрч, эхнээсээ төрийн жолоо атгалцаж байгаа. Харамсалтай нь тэдний заримд энэ намын нэр л хэрэгтэй байсан бололтой. Өөрөөр хэлбэл, тэд МАН гэх нэрээр улстөр рүү хөл тавьж, мөн л энэ намын нүүрээр төрийн том албан тушаалд очицгоосон.
 
Эдний нэг нь, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр НАМЗХ гэх байгууллагаар анх олны танил болсон. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулаад төрийн түшээ болчихсон. Гэвч Л.Оюун-Эрдэнэ одоо НАМЗХ-ны гишүүн гэхээсээ илүү Зүүний хүчний холбоогоор овоглогдох болж, У.Хүрэлсүх нарын томчуулын үг, хэл болж эхэлжээ.
 
Тиймээс сүүлийн үед МАН-ын архагуудтай хамт түүний нэр тогтмол сонсогдох болсон. Хамгийн гол нь, Л.Оюун-Эрдэнэ дан ганц МАН биш АН-тай холбоотойгоор хэл амны бай болж байгаа. Юу гэвэл, тэрбээр “Херо”-гийн Баатартай эцэг нэг, эх өөр ахан дүүс гэдэг нь тодорхой болсон. Гэтэл “Херо Энтертайнмэнт”-ийн Баатар гэгч нөхөр АН-ын ПиАр-ын голлох менежерүүдийн нэг, МАН-ын тухай элдэв бичлэг, монтажийн ерөнхий найруулагчаар ажилласан нэгэн. Энэ хэлхээ холбоо Л.Оюун-Эрдэнийг хоёр талд ажилласан гэх хардлагыг олон нийтэд бий болгож, МАН-ын дотроос алдагдсан элдэв дотоод асуудлыг чухам тэрбээр эсрэг талд дэлгэж байсан гэж үзэж байгаа юм. Үүнийг зарим нэг эх сурвалж барим тавим нотолж байгаа ба эдгээрийн нэг нь Твиттер-т “Бат инженер” нэрээр алдаршсан жиргээч. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулга, “Херо” Баатар нартай үгсэн М.Энхболдыг унагаах мэхийг боловсруулсан гэх агуулгатай асуудлыг ил гаргасан билээ.
 
Гэхдээ энэ бол асуудлын дөнгөж өнгөн хэсэг. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн энэ ажиллагааг У.Хүрэлсүх зааварчилсан гэдгийг намынхан нь одоогийн хэрүүлээрээ ил болгож орхилоо. Шадар сайд тэрбээр сонгуулийн асуудалд зүгээр нэг хайнга хандсан юм биш, намынхаа даргыг унагаах мэхийг зориудаар хийж, эсрэг намтайгаа үгссэн бололтой. Үүний тулд намын доторх асуудлыг ил болгохын зэрэгцээ МАН-ын Хотын фракц гэх том бүлгийг сонгуулиас хол байлгаж, нийслэлийн намын хороодыг таг зогсоосон учраас М.Энхболд Улаанбаатарт цэвэр унасан гэлцэж байна.
 
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Зүүний хүчнийхний нохойд барьдаг мод болсон гэдэг үнэн байх талтай аж. Тэрбээр энэ байдлыг нуухыг оролдсонгүй. Саяхан Твиттерт “Залуус М.Э таны нясалж тоглодог Чапиев биш шүү” гэж бичсэн. Үүгээрээ тэрбээр М.Энхболдыг эрс эсэргүүцэж байгаагаа нууж хаалгүй илэрхийлчилсэн бол түүний өөдөөс Н.Номтойбаяр “Улстөрд У.Хүрэлсүхээр овоглодог залуус МАН-ыг хагалж чадахгүй” гэж хариулсан.
 
Ингээд харахад, энэ нам доторх зарим залуус томчуулын дарга болох шунал хүслийн шүүр болчихоод байгаагаа ойлголгүй, цээж балбан урагшилсаар байгаа ажээ.