sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөхөн Засгийн газар Хүүхдийн мөнгийг нөхөн олгох шийдвэр гаргасан. Үүний дагуу 140 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн үед Засгийн газраас “...Төсвийн орлого давж биелсэн учраас хүүхдийн мөнгийг олгож байна” хэмээн тайлбар хийж байв.
 
Гэтэл үүнтэй холбогдуулан энэ сарын 17-нд ОУВС-гийн төлөөлөгчид Монголд иржээ. Тэд ОУВС-гийн тусламжийг зориулалтын бусаар зарцууллаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
 
ОУВС-гийнхан өчигдөр Сангийн яаманд ажилласан, өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах юм байна.
 
Мөн үүнээс болж Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох эсэхийг шийдэх шинжээчдийн багаа дууджээ.
 
Түүнчлэн энэхүү 140 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс зарцуулсныг Сангийн сайддаа мэдэгдээгүй гэнэ. Үүнээс гадна ҮТЕГ-ын даргыг томилохдоо ч Сангийн сайдыг оролцуулаагүй байна. Уг нь хуулиар бол ҮТЕГ-ын даргын нэрийг Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд оруулах учиртай ажээ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин