sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд асч буй түймрийн тоо нэмэгдэж 15-д хүрсэн тул олон нийтийн сүлжээн дэх "Гал сөнөөгчдөд туслах групп"-ээс санаачлан онцгой байдлын байгууллагынханд туслах сайн дурын аяныг өрнүүлж байна.
 
Эх оронч залуус өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд 14 цагаас эхлэн цугларч, түймэр унтраахад шаардлагатай хүрз, шуудай, багаж хэрэгсэл, гар унтраагуур болон хоол хүнс, ундны ус, гутал хувцас зэргийг цуглуулж байна. Түүнчлэн одоогийн байдлаар нийт 6 сая төгрөг бэлнээр цугларсан бөгөөд эхний ээлжийн цуваа түймрийн голомт руу хөдөлсөн аж.
 
Мөн түймэр унтраахад оролцох хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа ба онцгой байдлын байгууллагын зүгээс иргэдийг дур мэдэн түймрийн голомт руу явж болохгүй гэсэн анхааруулгыг өгч байна. Учир нь салхи эргэж, түймрийн нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй тул иргэдийг зохион байгуулалтгүйгээр мэргэжлийн алба хаагчдын заавар зөвлөгөөг авалгүй түймрийн бүс рүү хөдлөхгүй байхыг анхаарууллаа.
 
Дашрамд дурдахад, "Гал сөнөөгчдөд туслах групп"-д одоогийн байдлаар 20-иод мянган иргэн нэгдээд байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг