sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ард иргэддээ хандаж үг хэллээ.
 
Тэрбээр “Намайг төрийн тэргүүнээр залж, итгэл хүлээлгэж, хамтарч дэмжиж ажиллласан ард түмэндээ хязгааргүй талархаж байна. Би тостой бээлийтэй  засварчин явсан. Аравдугаар ангиа төгсөөд засварчин хийж байлаа. Намайг дэмжиж ажилласан олон мянган хамтрагчиддаа талархаж байна. Би эх орныхоо төлөө тангараг өргөж, байлдаж явсан. Намайг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар хүлээн авч, хамтран зүтгэсэн цэргийнхэн, зэвсэгт хүчнийхэн, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Тангараг өргөсөн хүмүүсээ хайрлаж яваарай.
 
Долдугаар сарын нэгнээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Маш олон хүнд төрийн уучлал, өршөөл үзүүлж, нийт 1575 хүн хорих байгууллагаас гарсан. Тэдгээрийн дотор 89 эмэгтэй байсан. Үүн дээр өнөөдөр би 11 эмэгтэй, долоон хүүхдэд уучлал үзүүллээ. Эрүүгийн хуулийн хүрээнд алдаж эндсэн аавын хүү, ээжийн охид бүгдэд нь хуулийн хөнгөлөлт очсон.
 
Төрийн алба хаагчид Монголын ард түмнийг хайрлаж яваарай. Би сайн ажилласан бол ард түмний хүч, хэрэв би муу ажилласан бол миний муугийнх юм. Намайг дэмжиж ажилласан Ерөнхийлөгчийн Тамгын газрынхандаа талархаж байна. Монгол бол нэг баг юм. Энэ багийн төлөө, Монголын сайн сайхны төлөө өөрт байгаа бүхнийг зориулах болно. Та бүхэн сайхан наадаарай” гэв.
 
 
 
Б.Туул