sonin.mn
Хэтэрхий халуун байна. Гэхдээ л нөгөө гурвыг надаас түрүүлээд нүцгэлчихнэ гэж ер бодсонгүй. МАН-ынхан юу алдав аа? Тэд "Хаан шалдан байна" хэмээн хэлж чадсангүй. Та ялагдчихлаа ч гэж хэлж зүрхэлсэнгүй. Харин ч "Хаантан та минь гоё сайхан, дөлгөөхөн байна" гээд л М.Энхболдыг тал талаас нь тачааж үхмээр долоов. Сонгуулийн шөнө олны өмнө нүцгэн гарч стриптиз үзүүлж байхдаа ч М.Энхболд шалдан байгаагаа ухаарсангүй. УИХ-ын дарга, ялсан намын дарга тэрбээр гуравхан цагийн дотор 8000 саналын зөрүүг эвхэн сунасаар барианд хоёрт орлоо. Тэгэхдээ ёс зүйн хэм хэмжүүр, улс төрийн соёл хэмээгч гоёхон багаа гомдмоор мулт татаж, нигүүлсэнгүй амгалан төрхөө ичгүүргүй тайлан шидсэнээр өөрийн жинхэнэ мөн чанарыг ил болгов. Х.Баттулга яллаа хэмээн олон хүн баярхаж байна. Үнэндээ гайхуулах үр дүн алга. Түүний 38,64 хувийн санал нөгөө хоёртой нь харьцуулахад өндөр хэдий ч үе үеийн сонгуульд АН-ын авсаар ирсэн, өгсөөд гавьдаггүй, уруудаад унадаггүй 40 орчим хувийн үзүүлэлт яг хэвээрээ байгааг харж болно. АН ялалтанд ойртсон хэдий ч том утгаараа хүрээгээ тэлж, итгэгч дэмжигчдийнхээ тоог эрс өсгөж чадсангүй. Энэ намд үнэнч, цаашдаа ч үнэнч үлдэх 38,64 хувь хэмээн үүнийг тодотгоё. Хэдийгээр Х.Баттулга нууцаас нууц оршихыг хүссэн ч сурталчилгааны 18 хоногт тэрбээр өөрийнхөө хэн болохыг нүцгэн гүйж буй мэт сайн болон саар талаасаа хангалттай харууллаа. Одоо түүнийг ялагч хэмээн ямбаар хучиж, ярвайлтаар бөөцийлж буй тойрон хүрээлэгчид нь "Та хамгийн гоё, хамгийн мундаг, хамгийн эх оронч" хэмээн өөрөө өөрөөсөө төөрөлдтөл нь хөөрөгдөж байгаа. Нүцгэн үнэн гэвэл Х.Баттулгын оронд хэн ч байсан АН-ын үнэнч гишүүдийн дэмжлэгийг ийм хэмжээнд авч чадах байсан гэдгийг мартаж боломгүй. С.Ганбаатар бол 50 сая воны үнэрээр л нүцэглэж орхисон шилдэг стриптизчин. Луйвардуулчихлаа хэмээн чадлаараа хашгирч буй тэрбээр улстөрчийнхөө хувьд сонгуулийн хохирогчийн дүрээр олон нийтээс оноо авах гэж хичээж байна. Тэд гурвуулаа өөрсдийгөө хохирогч хэмээн эдүгээ үзэж буй. Гэвч бодит байдал гэвэл Монголын ард түмэн тэдний хэнд нь ч сэтгэл, итгэл, ирээдүйгээ даатгахыг хүссэнгүй. Тиймээс ч саналаа харамлав. Уухайгаа харамлав. Ерөнхийлөгчийн өндөр сэнтий, төрийн тамгаа харамлав. Учир нь тэд гурвуулаа нүцгэн үнэнийг ухаарсангүй. Оргүй дорвол охинтой нь дээр хэмээх ардын аугаа философийн гол дүр болчихоод байгаагаа ойлгохгүй байна. М.Энхболд УИХ-ын сонгуульд өгсөн амлалтууддаа үнэнч үлдсэн бол, Х.Баттулга 200 гаруй саяын үнэтэй шороо овоолоогүй бол, С.Ганбаатар нам солин жирийлгэж, нам дуутай солонгосуудтай 50 сая воноор холбогдоогүй бол тэдний хэнд нь ч 50 хувиас илүү санал өгөхөд ард түмэн бэлэн байсан. Гэвч тэд гурвуулаа алдаа болгоныхоо тоогоор аймшиггүй нүцэглэж, мөн чанараа илчилснээ ухаараагүй явна. Энэ удаагүй Ерөнхийлөгчийн сонгууль бол олон нийт тэдний зүг "Хаан та шалдан байна" хэмээн хашгирсан хатуухан хариулт байлаа...үнэндээ тэд нүцгэн байна, нүгэлтэй ч байна. Тэгээд яадаг юм, би шоглож байна. Шорвог муухай инээж байна. Ард түмэн одоо саналаа өгөхгүй байсан ч чадна. Аялаад амраад алга болсон ч чадна. Ерөнхийлөгчгүй байсан ч чадна л гэнэ...агаар ус мэт аргагүй хэрэгтэй албан тушаал гэдгийг нь сүүлийн хэдэн жил ер харсангүй!
 
Р.Эмүжин