sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль орон даяар 07.00 цагт эхэллээ. Манай сурвалжлах баг Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 1620 дугаар хэсгийн санал авах байранд очиж сурвалжлав.
 
Тус хорооны 2711 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад  бүртгүүлжээ. Тус хэсгийн санал авах байранд 08.30 цагийн байдлаар 128 сонгогч саналаа өгөөд байна.
 
Санал авах байрны хэсгийн Ахлах зохион байгуулагч Л.Амартуяа хэлэхдээ, “Манай хэсгийн санал авах байр 07.00 цагт нээж саналаа авч эхэлсэн. Одоогийн байдлаар 128 сонгогч санал өгөөд байна. Энэ нь 5 хувьтай байна гэсэн үг. Насны хувьд 56-аас дээш насны сонгогчид илүү идэвхтэй саналаа өгч байна. Энэ хугацаанд иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой зарим асуудал гарлаа. Тухайлбал, сонгогч оршин суух хаяг дээрээ бүртгэлгүй, бүртгэлтэй боловч хурууны хээг нь уншихгүй, манай хороонд өөр хорооноос шилжиж ирсэн гэж сонгогч хэлж байгаа боловч хороондоо бүртгэлгүй зэрэг зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг тухайн үед нь Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газартай холбогдон шийдсэн. Мөн “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчдоос эрхээ сэргээх хүсэлт ирж байна. Гадаадаас сонгуулийн өмнөхөн ирсэн иргэдийн мэдээлэл байхгүй тохиолдол гарлаа. Тиймээс “түр хасав” тэмдэглэгээтэй иргэдийн эрхийг сэргээж байна. Ахмад настнууд маань Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй байгаа төдийгүй их хүндэтгэлтэй, одон медалиа зүүсэн, үндэсний хувцсаараа гоёсон байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа" гэв.
 
Санал хураах ажиллагаа орой 22.00 цагт өндөрлөнө
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг