sonin.mn
Нэг л мэдэхэд саяхан нээлтээ хийж байсан сонгуулийн сурталчилгааны өдрүүд ард үлдэж хаалтаа хийх гэж байна. Гурван сая иргэн 18 хоногийн хугацаанд яаж гурав хуваагдаж талцаж чаддагийг харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид улсаа бүтнээр нь тойрон иргэд, сонгогчидтойгоо нүүр тулан уулзсан ховорхон завшаан тохиов.
 
“Би Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ. Миний өрсөлдөгч бол ХЯМРАЛ, ХАГАРАЛ хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна гэсэн үгээ очсон газар бүртээ, сонгогч, иргэн бүртээ хэлсээр бариандаа орж байгаа харагдана.
 
Нэр дэвшигчдийн дэмжигчдийн дүрүүдийг харьцуулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж байсан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, бас ч гэж өрсөлдөгчтэйгээ адилхан жүдоч хэрнээ улс төрд ч, спортод ч түүнээс илүү амжилт гаргасан, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар манлайлж байлаа. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын Их хуралд санал болгож хамт олноороо хэлэлцүүлсэн УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж,  Шадар сайд У.Хүрэлсүх нарын Монголын улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн ноён нуруутай, үе үеийн төлөөлөл болсон төр, нийгмийн зүтгэлтнүүд гол Face болсон.
 
Мөн урлаг, соёлын салбарт манлайлал болсон “Бээжин 2008” олимпийн алт, “Чикаго 2007” сонирхогчдын боксын дэлхийн аваргын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган,  Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, СТА, жүжигчин Т.Бархүү,  дуучин  Д.Болд нар оролцсон юм.
 
Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжсэн, ардчиллаа гэж бодоод намын нэгдлийн үүднээс зүтгэж яваа дэмжигчдээ гутаах мэт Х.Баттулга “Урлаг соёлын салбарын энэ алдартай хүмүүс худалдагдсанд гайхаж байна” гэсэн мэдэгдэл хийж олныг гайхашруулсан. Харин  энэ талаар дуучин Д.Болд “Дуугүй байж чадсангүй”. Тэрбээр “Нэг хүнийг дэмжлээ гээд урлагийнхнийг худалдагдсан гэж шуугиан дэгдээж байгааг өрсөлдөгч талын хорсол байх гэж бодож байна. Энэ эрх чөлөөг ардчилсан хувьсгал намайг 12 настай байхад авчирсан. Тэгэхээр би 12 наснаасаа эрх чөлөөт сонголтоо хийж амьдарчээ. Энэ сонголтыг минь нэг нам худалдагдсанд тооцож байгаад гүнээ харамсаж байна” хэмээсэн нь нэгийг бодогдуулсан юм.
 
Үнэхээр ч Х.Баттулгыг Ерөнхиийлөгчөөр сонгуулахын тулд “толгой тасдах” пиараар эхлэлээ тавьсан Ш.Гантулга, Г.Доржзодов, Л.Мөнхбаясгалан, Ц.Цэрэн гээд тун сонирхолтой “баг” түүнд бий. Улстөрчдөөс Ц.Оюунгэрэл, нэгэн цагт “мүүнчин” гэгдэж байсан Л.Гантөмөр, “эртнээс түнжин муутай” ч намын даргын эрхэнд ёсыг гүйцээж яваа С.Эрдэнэ, хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Л.Болд нар ардчиллаа л бодож “дуугарах шив”. Хэчнээн үндэслэлтэй ч сонсмоор байх авч цаагуураа үнэр нь, сэтгэл нь хахь хөндий аж.
 
Х.Баттулгыг дэмжигчдийн “ноён оргил” нь Г.Доржзодов, хатан оргил нь “МАН-ын” Ц.Хулан нь байлаа. Уг нь ноён оргил нь Асашёорюү Д.Дагвадорж байсан бол сайхан ч тэр загнахдаа сайн болохоор бохир эвлүүлэгт тааруу нь спорт хүнд шударга чанар өгдгийнх болов уу. Их аваргын хувьд ёстой “Тамирын голын мөсийг долоох шахан” гэдэг шиг зүтгэж “Хүрээ Ёндон шиг” байдгаа шавхаад өөрийнхөө улаан нүүрээр санал гуйх шахам жинхэнэ утгаар нь дэмжүүлж явна. Харин МАН-аас сайн дураараа очсон яруу найрагч Ц.Хулан хүнийд ч тусгүй, өөрөө ч нэргүй болж хоцров уу даа. Хэн нэгнийг дэмжихдээ “Чи” гэж  дорд үзэн шүүмжилдэг гэж түүнд хэн хэлээ вэ. Эхнээсээ л олон нийтийн сүлжээнд бусдыг зад загнаж, “Хуц” хэмээн загнадаг тэдний багийн онцлогийг мэдэх ч жиргэвэл жиргэчихдэг, сошиалд нөлөө дэмжлэг сайтай хэр нь Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр лав тэгдэггүй. Нэгэн үе хамхуул шиг заасан үгийг нь хэлж дэрвэж явахаа ч больсон байна билээ.
 
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын дэмжигчид нэр нь тодорхойгүй баатрууд гэдэг шиг нийт дундаас олдоно. Тоймтой нь гэвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. ХҮН намынхан нь өөрийнх нь эсрэг пиар хийж “тусалсан”. МАХН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон О.Баасанхүү “Дэмжихгүй” гэдгээ шулуухан илэрхийлсэн.
 
Нэг иймэрхүү л байдлаар сонгуулийн сурталчилгааны “Хаалга” хаагдах нь.
 
Сурталчилгааны хугацаанд хамгийн их хар пиар хийсэн ч өөр дээрээ бараан цохилт ч аваагүй, үүдэн хоймрын зайд худал хэлж баригдаж шившгээ дэлгэсэн нь хэн байсныг олон нийт мэдэж байгаа биз ээ. “Тэнэг хүнтэй тэрсэлдвэл тэнэг болдог” гэгчээр МАН сураагүйгээ одоо сурч эвлүүлэг хийж гүтгэж чадахгүй юм байна. АН тэр зангаа хаяж улс төрийн боловсрол,соёл гэгчийг 20-иод хоногийн дотор сурчихгүй нь тодорхой ажээ.