sonin.mn
Их сургуулийн 2-р байрны гуравдугаар давхарт цэлгэр уудам зайтай лекцийн танхим бий. Модон тавцан бүхий эвхэгддэг ширээ сандлуудыг танхимын голд жирийлгээд өрчихнө, харин эвдэрсэн нэгнийг нь хаалганы хоёр талд хана түшүүлээд тавьчихдаг сан. Энд багш нар лекц уншина, мөн улирлын эцэст шалгалт авна. Ийм үед бол түм түжигнэсэн зах гэмээр, харин хүнгүй үед орхигдсон барилгын хоосон танхим мэт эл хуль. Заримдаа энд хэн нэг хүндэт зочин ирж илтгэл тавина.
 
Миний санахын хаврын тэр нэгэн өдөр юу хийхээ мэдэхгүй 2-р дамжааны оюутан би сургуулийн энэ тэрүүгээр сэлгүүцэж явлаа. Хар өнгийн үүргэвчээ мөрнөөсөө унжуулсхийн шатаар өгсөж уруудна. Өнөөдрийн хийх ажил ердөө л энэ. Зарлал харж зогтуслаа. Танил дотно лекцийн танхимд маань хоёр зочин ирэхээр болжээ. Нэг нь илтгэл тавина гэсэн бол нөгөө нь уулзалт хийнэ гэж бичжээ. Илтгэл тавих хүн нь мэдээж илтгэгч хүн л дээ.
 
Харин нөгөөх нь миний "уулзах"-ыг хүссэн хүн байлаа. Тэр нь "ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г.Аюурзана". Анх "Суут 60 сэтгэгч"-ийг нь өдөр алгасалгүй уншиж, сэцэн мэргэдийн ертөнцөөр аялан амтанд нь орохдоо Монтэнийн "Сонгомол эсээ"-г номын дэлгүүрээс зорьж аваад өгүүлбэр өгүүлбэрээр нь мэрж унших шиг л болсон. Үнэндээ тэр үед надад Аюурзана гэхээр Аристотель шиг санагддаг байсныг нуугаад яах вэ.
 
Одоо эргээд гол зүйлдээ оръё. Хоёр уулзалт дараалаад болох тул би зүүн жигүүрийн дунд хэртээ нэг суудал олж аван сандлынхаа модон тавцан дээр гандаж хуучирсан үүргэвчээ тавьчихлаа. Оюутнууд суудлаа эзэлсээр танхим пиг дүүрэв. Хүмүүсийн шивэр авир чимээ сонстоно.
 
Зочин ирлээ. Индэр. Үгс. Хүчтэй дуу хоолой. Бүгд чимээгүй. Алга ташилт. Бахдалт. Бүх юм дууслаа. Хүмүүсийн нүргээн. Нэг охин. Дахиад л индэр. "Дараагийн зочин Г.Аюурзана." Танхим хоосрох мэт боллоо. Хүмүүс гарч одов. Хүнгүй ширээнүүд. Мөн хүн суусан ширээнүүд. Чимээ үл гарна. Хэнтэйгээ ч ярих билээ.
 
Танхимын үүдээр цуурайтах илтгэгчийн уран “үгс” сонсогчдыг бишрүүлнэ. Тийм ээ, тэр цэлмэг өдөр аянга нүргэлэх мэт үнэхээр уран ярьсан. Харамсалтай нь түүний ярианаас одоог хүртэл би юуг ч санадаггүй юм. Гэхдээ нэг зүйлийг эс тооцвол. "Гегелийн диалектикийг мэдэх шаардлагагүй" гэж түүнийг хэлэхэд танхим тэр аяараа алга ташиж билээ. Юм бүхнийг мэдэх шаардлагагүй, хэрэгтэй зүйлээ л мэд гэж хэлэх гэсэн түүний санааг нийгмийн ухааны сургуулийн оюутнууд алга ташин хүлээж авсныг би гайхаад олдоггүй юм. Надад бол Кеплер, Коперник, Хабблыг мэдэхгүй байж болно хэмээн од эрхэс, огторгуйн гүнийг судалдаг оюутан залуучуудад хэлэхэд тэд алга ташин нижигнэн хүлээж авахтай л ижил санагдаж байв. Хэн мэдлээ дээ, бүх зүйлийг мэдэх албатай биш. Миний буруу ч байж болох.
 
Харин хоёрдахь зочин орж ирлээ. Дундуурхан хүн суусан танхимд намуухан ярих тэрээр өмнөх зочноосоо эрс ялгарна. Энгийн ноосон цамц, хөх жийнс өмссөн Г.Аюурзана даруухан байдал шигээ танхимыг гүн ширтэнэ. Тэгснээ индэр дээр цэх зогсох биш хээв нэг тохойлдоод тулчихав. Харин яриа нь хачин намуухан. Төглийн дундуур урсах горхины чимээнээс аядуухан. Түүнийг нь сонсох гэж толгой минь улам намсаж ирвэс аятай урагш бөхийнө.
 
Сонирхолтой нь түүний юу юу ярьсныг олон жилийн хойно одоо ч би санадаг юм. Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгэн дэх их найрагч Явуухулангийн "Хөөрхий" хэмээх нэгэн үгний тухай, хүүхдүүдийг хэрхэн уран зохиолд дуртай болгох тухай, Харри Поттер цувралын тухай, Галсансүхийн "Үнээдэйн нютаг"-ийн тухай. Өөр олон юмны тухай. Тухай.
 
Нэг оюутан ингэж асуув. "Анударыг Та юу гэж боддог вэ?" Гэсэн өнөөх аядуухан дуу ингэж “нүргэлж” байна. "Анудар бол сонирхолтой ертөнц. Та нар ч гэсэн түүн шиг бичиж болно. Зүгээр л үзэг цаас урдаа тавин өнөөдөр юу болсноо бичээд үзээрэй. Яг Анудар шиг. Өглөө сэрлээ. Гэрээс гарлаа. Автобус. Хүмүүс" гэж хариулж билээ. Олоон жилийн өмнө хэлсэн түүний үгийг дотроо санан энэхүү бяцхан дурсамжныхаа энд тэнд хэний ч мэдэх энгийн хэдэн үгсийг эвлүүлж суугаа минь энэ. Яг л Анудар шиг.
 
Тэр өдөр би Анударын тухай анх удаа сонссон юм. Философийн ангийн оюутнууд Анудар шиг оюутан дахиж төрөхгүй гэж ярьдаг байв. Ямар гээч суутан нь юм болоо гэж гайхна. Бас эрэл сурал болно. Удалгүй Г.Аюурзанын "Монголын сонгомол өгүүллэг" ном хэвлэгдэн гарч арын хавтсан дээрээ панк маягийн үстэй, зэрвэс харвал Виктор Цой маягийн төрхтэй, царайлаг байрын сэхүүн харцтай нэгэн залуугийн зургийг олж харсан юм. Харин номон дотор түүний "Бүх юм" өгүүллэг оржээ. Хачин өвөрмөц хэллэгтэй. Миний мэдэх энгийн л нэг хэдэн үгсийг эмх замбараагүйгээр энд тэнд өрөөд тавьчихсан мэт.
 
Харамсалтай нь Анудар хорин хэдхэн насандаа амиа хорложээ. Түүнээс хойш түүний тухай дурссан ярилцлага бүрийг уншдаг боллоо. Аюурзана нэгэн ярилцлагадаа "Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй... Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг" гэсэн байдаг.
 
Нацагдоржийн номын сангийн ардах 9 давхар угсармал байшин бол түүний гэр. Харин Хангай зочид буудал бол түүний хамгийн сүүлд очсон газар. Тэр рокод хайртай. Галсансүхийн Анудартай хийсэн этгээд өвөрмөц ярилцлагаас энэ тухай олж мэдлээ. Гэх мэт. Гэх мэт. Энэ бол миний мэдсэн зүйлс. Гэх мэт, гэх мэт үргэлжилсээр. За одоо энэ тухай түр азная.
 
Манай арван жилийн ангид алтлаг шар үстэй, "Ану" гэх үеэр эхэлсэн өвөрмөц нэртэй охин сурдаг байлаа. Тэр үргэлж нүдээрээ инээмсэглэнэ. Үг дуу цөөтэй. Мөн хичээлдээ яггүй сайн. Даанч 8-р ангиа төгсөөд өөр сургууль руу шилжчихсэн юм. Ану нэрт тэр охин АНУ-д суралцахаар явсан гэдгийг хожим би сонсож дуулсан. Хааяадаа захидал бичвэл хариу ирнэ. Зундаа нэг ирвэл зурвасхан уулзчихна. Ямар ч гэсэн түүнийг хичээлээ тараад 23-р сургуулийн баруун хаалгаар гаран Оросын элчингийн хажуугаар алхсаар Анударын амьдарч байсан гэх 9 давхар байр руу ганцаараа явдаг байсныг хожим би санасан юм. Хоёулаа Ану нэртэй. Нэг байранд амьдардаг. Ямар нэгэн шижим холбоо байх л ёстой хэмээн Анударын амьдардаг газрыг дуулаад ийм нэгэн этгээд таамаглал дэвшүүлж билээ. Би өөрөө хүртэл энэ таамаглалдаа үл итгэнэ.
 
Ер нь хэн ч сонссон хэзээ ч итгэхээргүй тийм нэгэн таамаглал. Гэтэл өнгөрсөн жилийн зун Ану нэрт ангийн охин Америкаас ирлээ. Урт ширээний нэг захад суусан би түүнээс санаандгүй "АНУДАР чиний ах мөн үү?" гэж асуув. Харин тэр юу гэж хариулсан гээч.
 
Хэний ч мэдэхгүй нууцыг нь ил болгочихсон мэт над руу гүн ширтсэнээ "Аанхаа" гэж билээ. Тэгж хэлээд л дуугүй болчихов. Анудар бол нагац ах нь. Ээжийнх нь дүү, хайрт эмээгийнх нь бага хүү. Тийм ээ, өнөөх улаан номны ар хавтасны хамгийн хойно зураг нь байрлах АНУДАР хэмээх этгээд нэгэн залуу. "Эмээ дээр ахын нэрийг ашиглаж алдар нэрд хүрэх гэсэн олон хүн ирдэг" гэсэн түүний үг одоо ч миний дотор буй. Хэд хоногийн дараа тэр АНУ руугаа нисчихсэн.
 
Сонин таамаглал, сонин бодол байгаа биз. Лекцийн танхим. Хүмүүс. Илтгэгч. Алга ташилт. Дараа нь Г.Аюурзана. Намуухан үгс. Анудар. Бодол. Түүний тухай. Ярилцлага. Зочид буудлын хаягдсан барилга. 9 давхар орон сууц. Ангийн охин. Ану. Америк. Авга ах. Таамаглал. НУУЦ. Умгар уушийн газар. Бодолд дарагдана. Дахиад л Америк. Нууцаа тээгээд алс хол ниснэ.
 
Тэртээ олон жилийн дараа Г.Аюурзанын хэлсэнчлэн С.Анудар шиг бичиж суугаа минь энэ. Энэхүү дурсамждаа ямар нэр өгөхөө ч мэдэхгүй юм. Мөн хэний тухай ярьж, юуг өгүүлэх гэж байснаа ч ойлгосонгүй. Лекцийн танхим уу, аль эсвэл алга нижигнүүлэн ташуулсан илтгэгчийн тухай юу? Магадгүй Г.Аюурзанын тухай байх. Эсвэл Анударын тухай. Ану нэрт ангийн охины тухай ч байж болох. Эсвэл зүгээр л би өөрийнхөө тухай бичиж суугаа байх. Магадгүй, зөвхөн тэр улаан номны тухай ярьж буй биз. Арын нүүрнийхээ жижигхэн буланд Анударын зурагтай улаан ном.
 
Эх сурвалж: Э.Энхцолмон (http://enkhtsolmon23.blogspot.com)