sonin.mn
Economist сэтгүүл дээр 2017 оны 6 сарын 1-нд хэвлэгдсэн нэгэн өгүүллийг орчууллаа. Үүнийг орчуулсан шалтгаан нь Монгол улс, монголчуудад тулгарч байгаа асуудлыг барууныхан яаж харж байгаатай холбоотой юм. Өвөрмонголд амжилттай хэрэгжүүлээд одоо тэр жишгээр Шинжаан, Төвдийг элбэн тохинуулах гэж байгааг барууны сэтгүүлчид та бидэнд анхааруулж байна. Дараагийн ээлжинд та бид ч өртөж болох.
 
Өвөр монгол нь хятадтай ижилсүүлэн элбэн тохинуулах ажлын жишиг болж байна. Гэхдээ хятадын монголчууд өөрсдийнхөө ялгаатай байдлыг хадгалах гэж ихэд хичээж байгаа юм.
 
Өвөр монголын зүүнтэй орших тал нутгаас Чифен гэх газар шилжүүлэн суулгах үед Баян 3 настай байжээ. Чифен хот сая орчим хүнтэй. Зуу зуун мянган уугуул монгол малчдыг хөдөөгөөс шилжүүлэх явцад тэдний гэр бүл монгол гэрээс орон сууцанд шилжин амьдрахад хүрсэн аж. Баян одоо 32 настай. Хазгай монгол хэл, болхидуу аялгуутай хятад хэл хоёрыг хольж ярьдаг. Тэр бол хятадын хойд хэсгээр Өвөрмонголд амьдарч буй 6 сая уугуул монголчуудыг амжилттайгаар уусган ижилсүүлсэн бодит жишээ юм.
 
Гэхдээ Баян монгол орчиндоо амьдрахыг ихэд эрмэлзнэ. 2012 онд гэрлэсэнээсээ хойш аль болох монгол хувцас өмсөхийг хичээх болжээ. Хуриманд дээр нь 300 орчим зочин ирэхэд ихэнх нь хан үндэстэн байв. Хан үндэстнүүд хятадын нийт оршин суугчдын 90 хувьд хүрдэг билээ. Баян охиноо монгол хүүхдийн цэцэрлэгт өгсөн. Тэр 1950-иад оны монголын амьдралыг харуулдсан видеог үзэх дуртай.
 
Хятадын Засгийн газар хэзээнээс улсынхаа хил орчмыг чанд хяналтанд байлгахыг хичээж ирсэн юм. ХКН-д Төвдөөс баруун өмнөдөд орших Юннань мужийн хил орчмыг бүрэн хяналтандаа оруулахад 1949 оноос хойш 10 жил шаардагдсан байна. Төвд болон баруун хойно орших Шинжаан мужуудад үндэстний ялгаатай байдал их бөгөөд тэнд үе үе гадуурхал, дарамтыг эсэргүүцсэн бослогууд гардаг ажээ. Эдгээр бүс нутагт салан тусгаарлах хөдөлгөөнүүд харгис хатуугаар дарагддаг юм. Өвөр монголд үндэстэн хоорондын харилцааны асуудал тийм ч амар байгаагүй. 1990 оны эхэнд өвөрмонголчууд засаг захиргааныхантай байнга шахуу сөргөлддөг байсан гэнэ.
 
Харин сүүлийн арваад жилийн турш энэ нутаг үлэмж амгалан, нам гүм болж ирсэн байна. Салан тусгаарлах хөдөлгөөн байхгүй. Архан талд нь 3 сая орчим нэг үндэстнээс бүрдсэн хүн амтай Монгол хэмээх тусгаар тогтносон, ардчилсан улс байхад гайхалтай шүү. Орон нутагт үе үе дэгддэг мөргөлдөөн нь үндэстэн хоорондын гэхээсээ цэвэр эдийн засгийн шалтгаантай байх нь олонтаа. Лондонгийн Ази, африк судлалын сургуулийн доктор Энзе Хан “монголчууд болон хан үндэсний хүмүүсийг хараад ялгахад бэрх болсон нь асуудлыг илүү хялбарчилж өгч байгаа юм” гэж хэллээ. Өвөрмонголчууд хан үндэстэнтэй гэр бүл болох нь шинжаан, төвдөөс харьцангуй ихсэж байна. Залуучууд хөдөөг орхиж ажил олохоор хотыг зорьж байна. ХКН-ын зүгээс Өвөрмонголыг номхотгосон 10 гаруй жилийн туршлагаа Төвд, Шинжаанд хурдтайгаар нэвтрүүлэхийг өөгшүүлж байгаа нь гайхах зүйл биш.
 
Өвөрмонгол дахь үндэстний уусалт нь зарим талдаа түүхэн гарвалтай юм. Чингис хааны ач Хубилай хаан 1271 онд хятадыг ойроос захирах гэж Юань гүрнийг үндэслэсэнтэй холбон үзэж болно. Өвөрмонгол Бээжинд газар зүйн хувьд ойр байрлаж арилжаа, солилцоо байнга явагдах болсон. Ястан, овгуудын хоорондын харилцаа, шилжилтийг хятадын засаг захиргаа хязгаарласнаар хятадын нийт нутгийн 12 хувийг эзлэдэг Өвөрмонголын нутаг дэвсгэрийн 2 хувьд нь л монгол хүмүүс амьдарч байна.
 
Засгийн бодлого нь монгол гэх ялгарал, онцлогийг дарж байдаг. Хан үндэстнийг өвөрмонголд 19-р зуунаас эхлэн сурьшуулж эхлэсэн. 1949 он гэхэд уугуул монголчууд нутагтаа цөөнх болчихсон байжээ. Одоо өөртөө засах орны иргэдийн 20 хувь нь л монголчууд юм. Өвөрмонгол соёлын хувьсгалын үед онцгой хэлмэгджээ. 100 мянга орчим монголчуудыг алсан гэж зарим тооцоонд буй. Өвөрмонголчуудын шүтэн мөргөдөг бурхны шашныг хяхаж, ихэнх сүм хийдийг нураасан аж. Хөх хотод байх Да Жао хэмээх том сүмд сүсэгтнүүд гэхээсээ жуулчид олон. Сүмийн буланд цагдаагийн тусгай хүчний байнгын харуул зэвсгээ агсан зогсож байдаг.
 
Өвөрмонголоос эхлэсэн нутгийн багачуудад хятад хэл сургах арга туршлагыг одоо Төвд, Шинжаанд таатайгаар хэрэгжүүлэхээр ХКН чармайж байна. Залуу монголчууд хятадаар ярьж, монголоор маш муу ойлгох болсон. Монгол хэлээс хятад хэл дээр сурвал боловсрол эзэмших нь илүү дөхөмтэй ч бага, дунд сургуульд монгол хэл заах явдлыг 2015 он гэхэд 13 хувь болгож өсгөжээ. 2005 онд монгол хэлний хичээл хөтөлбөрт эзлэх хувь нь 10 хувь байсан аж.
 
Нутгийн монголчуудыг ХКН-ын бодлогыг хүлцэнгүй дагахад хүргэдэг гол хүчин зүйл нь мөнгө юм. Өнөөдөр Өвөрмонголын өөртөө засах орны ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ нь 10 мянган доллартай тэнцэх болсон нь хөрш Монгол улсынхаас 3 дахин өндөр байна. Орлогын ийм өсөлт нь Засгийн газрын зүгээс явуулж буй газрын баялгийг тэр дундаа голчлон нүүрс олборлох, үүнд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг хүлцэнгүй хүлээн зөвшөөрөх үндэс нь болдог ажээ. Яг ийм бодлогыг одооноос Шинжаанд явуулж эхлэж байна.
 
Асуудлын гол нь уусган ижилсүүлэх замаар номхотгох жишиг загвар удаан настай, найдвартай байж чадах уу гэдэг болж ирлээ. Эдийн засгийн дарамт өссөөр байдаг. Олонхи монголчууд өөрсдийгөө нутаг орныхоо цэцэглэн хөгжилтөөс хаягдан хоцорсон хөөрхийлөлтэй хүмүүс гэж мэдрэх болжээ. Хотын үндсэн оршин суугчид болсон хан үндэстний хүмүүс малчдаас хамаг багадаа 2 дахин их орлоготой байна. Хөдөөгүүр ч гэсэн орчныг хүчтэй бохирдуулж байгаа үйлдвэрүүд бүс нутгийн орлогыг өсгөж байгаа ч ашиг ерөнхийдөө хан үндэстэнд л ногдож байгаа юм. Уурхайчдын маш цөөн хувь нь монголчууд байна.
 
Уул уурхайн компаниуд усыг гамгүй ашиглаж байгаа нь мал аж ахуйд нэн хөнөөлтэй тусчээ. Greenpeace байгууллагаас гаргасан мэдээгээр хөрсний усны төвшин 100 метрээр доошилсон байна. 2011 онд горхи булгийг орвонгоор нь эргүүлж хөнөөж байгааг эсэргүүцсэн малчныг Хан гэх жолооч зэрлэгээр алсан хэрэг малчдын томоохон эсэргүүцлийг өдөөсөн билээ. Хятадын засаг захиргаа малчдын нөхөн олговороор аргацааж байна.
 
Гэвч аллага болсон Баруун Үзэмчин хошуунд амьдардаг 36 настай мачин Цэцэг “нөхөн олговор” нэрнээс цаашгүй байгаа. Цөлжилт, хуурайшилтаас болоод ямаанд идэх өвс байхгүй болж эрдэнэшиш худалдан авч тэжээхэд хүрсэн гэлээ. Малын тэжээлийн зардал өссөн, махны үнэ унасан зэргээр тооцохоор нөхөн олговор гэж авсан 100 мянган юань хаанаа ч хүрэхгүй болж байгаа аж. Цэцэгийн эдийн засгийн хүндрэл нь үндэстний ялгаварлалыг ч илэрхийлж байна. Түүний ярьснаар 2011 оны эсэргүүцлийн дараахан засгаас тэдний нутгийг хан үндэстнээр дүүргэх болсон гэнэ. Цэцэг хан үндэстэнтэй гэрлэсэн хүүгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа агаад “хятадтай гэрлэснээр бид хүүгээ алдчихаж байгаагаас өөрцгүй. Тэр уг нь монгол язгуур, цусаа хамгаалах ёстой шүү дээ” хэмээн харуусна.
 
Хөх хотоос машинаар цаг явах газарт буй ахмад малчдын орон сууцанд амьдрах 65 настай Бодь өвгөн “Энд тохитой сайхан л байна. Гэхдээ би хятад хоолны үнэр, амт, машины дуу чимээг үзэн ядаж байна. Манай хөршүүд 30 гаран настай ч тал нутгаа санаж байна гэж ярьцгаадаг. Ганцхан 12 настай ач охин минь л хаана Wi Fi байна, тэнд амьдрал бий гэж ярьдаг” хэмээн гуниглана.
 
Засгаас өөртөө засах орны хүлцэнгүй байдалд онцгой анхаардаг. Энэ жил өөртөө засах орны 70 жилийн ойг тэмдэглэх агаад хэдэн сарын турш уламжлалт спорт, хөгжим соёлын арга хэмжээнүүдийг цувруулахаар болжээ. Засаг захиргаанаас санхүүжүүлэх баяр ёслолын хажуугаар монгол үндэстний сэрэл мэдрэхүй аажим өсч байгаа шинж тэмдгүүд ажиглагдсаар байна. Баруун үзэмчин хошууны 20 настай залуу хэдийгээр хятад сургуульд суралцсан, хятад нэртэй ч монгол бичиг, монгол хувцас, монгол соёлоо сурч эзэмшихийг зорьж байгаа гэлээ. Тэрээр монгол бичгээр уншиж чаддаггүй юм. Насан хүрэгчдйин дунд монгол хэлээ сурах, монголоор ярих хөдөлгөөн үүсч байгаа нь эх хэлээ сэргээхэд нь дэмтэй байх.
 
Өвөрмонголчуудын зүгээс Монгол улстай харилцаагаа идэвхжүүлэх, өргөтгөхийг ч хүсэмжлэх болжээ. Хөх хотын том ресторанууд ар монголоос ирсэн ахлах тогооч, дуучнаар үйлчлүүлэгчээ татах сурталчилгааг хийж байна. Хятад дахь олон монголчуудын нэг болох Баян Монгол улсад очсон сэтгэгдлээ бидэнд омогшилтойгоор ингэж илэрхийллээ. “Тэнд бүх хүн монгол. Удирдагчид нь хүртэл. Тэнд монгол хүн өөрөө өөртөө эзэн”
 
Орчуулсан Б.Чимэдцэрэн