sonin.mn
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Амгаланбаатартай тус холбооны үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Улс төрийн амьдралд халуун үйл явдлууд өрнөсөөр байна. Харин Ардчилсан залуучуудын холбоогоор сонин юу байна даа?
 
-Өнгөрөгч оны 11 дүгээр сард Улсын Их хурал болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тухайн үеийн удирдлагын баг улс төрийн хариуцлагаа хүлээн, үндэсний чуулганаа зохион байгуулж, удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн.
 
Шинэ удирдлага 2020 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны хөтөлбөрөө батлаад ажиллаж байна. Энэ оны хувьд үйл ажиллагааны 80 хувь нь дотоод зохион байгуулалтаа эмхэлж, салбаруудынхаа үйл ажиллагааг сэргээн, гишүүдээ идэвхжүүүлэхэд чиглэж байгаа.  Бид нийгэм, улс төрийн амьдралд өрнөж буй аливаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй хүргэхийн тулд илүү сайн зохион байгуулалтанд орох ёстой. Намын дотоод сонгуультай холбоотойгоор зарим  ажил хойшлогдсон.
 
-Хамгийн их анхаарал хандуулж байгаа ажлуудаа нэрлэвэл...
 
-Мэдээж, улс төрийн байгууллага учраас одоогийн байдлаар нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулж байгаа. Хоёрдугаарт, гадаад хамтын ажиллагаагаа сайжруулах тал дээр нэлээд санаачилгатай ажиллаж байна. Жишээлбэл, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сайн, Германы христийн ардчилсан нам болон Орос, ӨМӨЗО-ны залуучуудын байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Бид бусдаас суралцах ёстой. Гуравдугаарт, гишүүдээ чадвахжуулах, соён гэгээрүүлэх чиглэлээр түлхүү ажил хийхээр төлөвлөж байна. Энэ зун 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын чуулга уулзалт, сургалтыг бүсчлэн зохион байгуулна.
 
-Ардчилсан нам шинэчлэлийн аян өрнүүлсээр багагүй хугацаа өнгөрлөө. Та хувьдаа энэ шинэчлэлийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Энэ шинэчлэлийн үр дүнг цаг хугацаа харуулна. Ямартай ч, намын даргаа 180 мянган гишүүнээсээ асууж, сонголоо. Бүх шатны удирдлагаа тухайн шатны гишүүд нь сонгодог болсон. Сумдын болон үүрийн дарга нарын 70 хүртэлх хувийг залуучууд бүрдүүллээ. Үндэсний бодлогын хорооны 380 гишүүний 145-д нь залуучууд сонгогдсон. Намын нарын бичгийн дарга нарын тал нь мөн л залуучууд байна.  Өмнө нь манай намд залуучуудын дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байсан, энэ байдал өөрчлөгдсөн.
 
-Ардчилсан нам эрх барихаараа эвлэлдэж чаддаггүй, засгаа унагаадаг, фракциудынхаа зөрчлийг зохицуулж чаддаггүй. Одоогийн дарга ч, өмнөх дарга ч фракцигүй болгоно гэж зарласан ч бодит байдал дээр фракциуд амь бөхтэй оршсоор байгаа. Тэгвэл залуучуудын байгууллага нь фракцигүй байж чадаж байна уу?
 
-Намын дарга Н.Алтанхуяг, З.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ гэхээсээ илүүтэй удирдлагын хэвтээ тогтолцоо нь фракцилах нөхцөлийг бүрдүүлээд байсан болов уу. Ардчилсан нам дотоод зөрчил, эрх мэдлийн тэмцлээ даван туулах зохицуулалт бүхий дүрмийг өнгөрсөн 27 жилийн хугацаанд хийж чадаагүй. Харин энэ шинэчлэл фракциас ангижирч, нэгдмэл байдлыг бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа.
 
Манай холбооны хувьд дотоод зөрчил, тэмцлээ даван туулдаг соёл, дархлаа суусан хамт олон. 2000 онд байгуулагдсанаасаа хойш 17 жилийн хугацаанд эвдэрч муудаад байсан түүх байхгүй. Өрсөлдөөн бол мэдээж байна . Ялсан, ялагдсан нь хамтраад урагшаа алхдаг. Намын удирдах албан тушаал хашиж буй 70, 80-аад оны бүхий л залуус энэ байгууллагаар дамжсан. Та Ардчилсан залуучуудын Холбооны тэр гишүүн авилгын хэрэгт холбогдлоо, энэ гишүүн нь нэгийгээ хутгаллаа, тэр нь яамны ажилтныхаа мөнгөөр покер тоглоод гадагшаа зугтсан гэж сонсоогүй биз дээ.  Энэ байгууллага ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, залуу нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэдэг газар.
 
-Та одоогийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа вэ?
 
Засгийн газар байгуулагдаад арван сар болоход алдаатай шидвэрүүд олноор гаргаж байгаад харамсаж байна. Өрийн бодлого, Хамтын тэтгэврийн тухай хууль, Татварын бодлого гэх мэт алдаатай шийдвэрүүд болон, Ардчилсан засгийг сэтгэлгээгээрээ ч, хурдаараа ч гүйцэхгүй бна.
 
-Гэхдээ 2016 оны сонгуулиар ард түмэн танай намд дүнгээ тавьчихсан шүү дээ. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ удаа ямар дүн тавина гэж харж байгаа вэ?
 
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг нийт гишүүдээсээ асууж шийдсэн. 180 мянган гишүүний санал гэдэг бол томоохон хэмжээний судалгаа гэж ойлгож байгаа. Энэ хүмүүс Х.Баттулга гэдэг хүнийг Монгол Улсын тэргүүнээр ажиллаж чадах хүн гэж итгэж байна. Түүнээс С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал гэх мэт хэдэн дарга ярилцаж байгаад шийдээгүй.  Дээр нь Ардын нам 2016 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөөсөө 180 градус эсрэг үйл ажиллаагаа явуулж байна. Сонгогчид тэнэг биш. Улаанбаатарыг “Утаанбаатар” болгосон гол төлөөлөгч улсын Ерөнхийлөгч болохыг тэд зөвшөөрөхгүй байх. Тиймээс энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ялалт байгуулна гэдэгт итгэл дүүрэн байна.