sonin.mn
Их тэнгэрийн дүлий 2:
 
Саяхан усны дээд эх үүсвэрээс ус татдаг шугам цоорч ус оргилсонд манайхан очиж сүү, архи өргөсөн гэнэ. Юмыг яаж мэдэх вэ? гээд л... Туул голын ус татарч, хотын хэрэгцээг хангаж дийлэхгүйгээс олоон жилийн өмнөөс дээд эх үүсвэрээс ус татдаг болж, дамжуулах шугам, худаг, насос олныг тавьсныг манайхан мэдээгүй нь төдий. Тэнд архи сүү өргөхөөр усаа гамтай хэрэглэвэл савдаг сахиус нь баярмаар юм. Хэрэв бохирын шугам хагарсан бол яах байсан бол?
 
Их тэнгэрийн дүлий 3:
 
Сангийн сайд гадаад өрийн үйлчилгээ хийх гээд мөнгө дутсанд "Бумбын тахилга" гэдэг юм хийлгэсэн гэнэ. Энэ хүн Уралын их сургуулийг төгсөө биз дээ? Бумба тахиулснаас нийт өрийн 2/3-нь ноогддог хэдэн банк, олигархуудын компаниудад гаргасан баталгаагаа цуцалбал илэрхий хөнгөрмөөр...
 
Их тэнгэрийн дүлий 4:
 
Өнгөрсөн намар шинэхэн Хүнс-ХАА-н сайд бороо хур гуйж 1500 ламаар ном уншуулж, тэнгэр тахиулсан гэнэ. Энэ мөнгөөрөө хэдэн пуужин аваад үүл буудвал бороо ордгийг мэдмээр... 
 
Их тэнгэрийн дүлий 5:
 
Тэр жил Америкийн хиймэл дагуул Төв аймгийн нэг суманд унахад сумын Засаг дарга нь нэг "аятайхан" хэлтэрхийг нь хадганд боогоод өрөөндөө тахичихсан байсан гэдэг. Бараг л хятадууд бөмбөгдчихлөө гээд байсан, мэргэжлийнхэн очиж шалгаад "үр дүн" нь энэ... 
 
Их тэнгэрийн дүлий 6:
 
Хөгжлийн сайд Фортун Батбаяр Чингис бондыг босгохдоо хөрөнгө оруулагчидтай уулзсанаас зочид буудлынхаа өрөөнд жижиг тулганд сан тавих нь тустай гэж үзсэнээс хүү нь 3,75-аас 5,2 болж өссөн түүх бий. Уг нь англи хэл сурсан бол... 
 
Их тэнгэрийн дүлий 7:
 
Монголын бүх баячууд "Шүгдэн" сахиус шүтээд баяжиж байна гэнэ. Шүтээд баяждаг тул баахан зээл авч "баяжаад", зээлсэн мөнгөө баруун солгойгүй цацаж, эцэстээ улсын төсөв тоноод түүнийгээ сахиус, багшдаа өргөсөөр олон нь дампуурч гэнэ. "Яагаад сахиус харахгүй байна?" гэхэд нь "Шүгдэн эхэндээ их баяжуулдаг, эцэстээ үгүйрүүлдэг юм гэнэ билээ" гэж хариулсан гэх. Бизнесээ олигтой хөтлөхгүй бол дампуурах нь сахиуснаас юуны хамаа вэ? 
 
Их тэнгэрийн дүлий 8:
 
Эрүүл мэндийн асуудал ярьсан чуулганы хуралдаан дээр УИХ-ын бие даагч гишүүн "Шээсээ уу, тэгээд бүх өвчин нияд" гэж Эрүүл мэндийн яамыг ажилгүй болгов. "Сэрэлт" киноны оточ лам бол үүний дэргэд анагаагч байхгүй юу. Гадаадын зочин хэрэв сонсоод орчуулгасан бол "Манай гишүүн мочевины зарим тустай шинж" сэдвээр сайдтай маргалдаж байна гэмээр ч юм уу, тэгсхийж л орчуулах байх даа.
 
Их тэнгэрийн дүлий:
 
Та бүхэн бодвол С.Буяннэмэх гуайн "Их тэнгэрийн дүлий"  өгүүллэгийг уншаа л байлгүй. Хээр машинаас унаж хоцорсон талхыг нэг мэдэмхий нөхөр "Их тэнгэрийн дүлий" гэгч, тэнгэрээс унажээ гэж хэлж тахиулаад, хавийн амьтан очиж өргөл өргөөд, олсон айл нь баяжсан тухай. Үүнээс болж олсон айлын эзэд өнөө талхыг булаацалдаад баларч байхад нь хотоос очсон төлөөлөгч цайны хийц гэж өнөө их тэнгэрийн дүлийг нь зүсэж айлын авгайн сүнсийг зайлуулангаа алддаггүй юу...
 
Ингэхэд бид хаашаа яваад байна аа? Та минь ээ! Их тэнгэрийн аманд ч баахан дүлий нөхөд шавчихсан. Уул болгон хайрхан, ус болгон рашаан, чавганц болгон бариач, лам болгон хувилгаан, сайд болгон бөө... Үүнийг шүүмжлэхээр "Чукча не дура" маягтай хандаж байгаа л харагдах юм.
 
Өөр "Их тэнгэрийн дүлийнүүд"-тэй таарсан бол тус тусын, тус газраа бичээрэй, уншиж инээцгээе! Ямар ч эмгэнэлээс инээдэм олддог гэж үнэн шүү!