sonin.mn
Шинэчлэлийн Засгийн газрын эрлийн багийнхан гэж нэрлэгдээд байсан Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй нөхөд одоогоос таван жилийн өмнө тив дэлхийгээр “тэнэж”, 1.5 тэрбум ам.долларын бондоо борлуулж, ДНБ-ийхээ 17 хувьтай тэнцэх мөнгийг босгож ирсэн түүхтэй. Энэ бол санхүүгийн далайд гарсан Монголын хөлөг онгоцны анхны аялал байсан юм. Гэвч анхны аялал бүтэлгүйтсэн.  Эдийн засгийн өсөлтийг жигд болгож, инфляцийг бууруулж, банкны хүүг нэг оронтой тоонд барихад зориулах битүүхэн зорилготой байсан “Чингис” бондын зарцуулалт өнөөгийн эдийн засаг элэг дөрвөөрөө хэвтэх болсны ужиг шалтгаан болоод байгааг эдийн засагчид төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагууд тодорхойлсон юм.
Учир нь өнөөдрийн төлөө маргаашийг барьцаалж буй туйлын эрсдэлтэй алхам хийсэн Шинэчлэлийн Засгийн газар буюу тухайн үед төрийн эрхийг барьж байсан Ардчилсан намынхан олсон мөнгөө, олдсон боломжоо яаж салхинд хийсгэж чаддагийг өнгөрсөн дөрвөн жилд харуулж чадсан. Бэлэн төсөлгүй, хийх ажилгүй авсан мөнгөө хамгийн хялбараар нь замын салбар руу л хийчихсэн. Өөрөөр хэлбэл, улс орныхоо нэр хүнд, ирээдүй хойчоор дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг зарцуулахад Ардчилсан намынхан сэтгэлийн хөөрлөөр, цээжний бангаар хандсан учир өрийн бичгийн хөрөнгийг элсэнд асгасан ус лугаа дэмий үрсэн юм. 
Угтаа бол тухайн үеийн эрх баригчид бонд босгохоосоо өмнө хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө эцэслэх ёстой байсан гэдгийг хэн хүнгүй хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Мөнгөтэй боллоо, одоо яах вэ” гэдэг асуултад мөнгө зээлэхээсээ өмнө хариулсан байх учиртай байсан юм. Гэвч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг Ардчилсан намынхан бонд босгож, мөнгө олох ажлаа л урьтал болгосон. 
“Чингис” бондын хувьд өрийн тоолуур гүйсэн 2012 оны арванхоёрдугаар сарын 6-наас хойш хоног тутамд 196 мянган ам.доллар төлж эхэлсэн. Гэвч тухайн үеийн эрх баригч хүчин буюу Ардчилсан намынхан үүнд санаа зовоогүй. Харин “Чингис” бондын хөрөнгөөс хэрхэн хувь хүртэх вэ гэдэгт толгой гашилгасаар нэг насны ойтой зэрэгцэн бондоос санхүүжүүлэх төслүүдийг эцэслэн сонгосон ба сонгох шалгуур үзүүлэлтийг мөн гаргасан юм. Ингэхдээ “шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн ерөнхий жагсаалтыг л баталсан. Үүнээс нийт хөрөнгийн гуравны нэгийг замын салбарт зарцуулсан. Зам бол мэдээж чухал салбар. Ямар ч улс орон замын салбар руугаа улсын төсвөөсөө хөрөнгө оруулалт хийдэг. Түүнээс өндөр хүүтэй, богино хугацаанд төлөх ёстой мөнгөөр зам, барилга зэрэг удаан хугацаандаа өгөөжөө өгдөг төслүүд рүү оруулдаггүй юм. Товчхондоо, бондын хөрөнгийг богино хугацаанд үр шимээ өгч, эргэн төлөлт хийх эдийн засгийн төслүүдэд зарцуулаагүй юм.
Энэ бол Ардчилсан намын анхны босгосон бондын зарцуулалтын бодит төрх. Үүний дараа “Чингис” бондод дүү дагуулж эхэлсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Чингис” бондын өрийг “Манай хойч үе, үр хүүхдүүд төлөөд явна” гэж хэлсэн удаатай. Түүний хэлснээр болж байх шиг байна. Бондын хөрөнгийн үрэлгэн зарцуулалтын үр дүн нь өнөөдөр гарч, Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусгай хөтөлбөрт хамрагдахад хүрээд байна.
 
Б. Тэмүүлэн