sonin.mn

"Голомт" банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшлийн "Монгол Масс Медиа" компаниас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор  “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор 4 сарын 19-нд  МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгуулав.Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт 450 гаруй “Ардын эксперт”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, нар оролцсон байна.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Хууль, шүүхийн салбарын шинэчлэл, шударга ёс сэдвийн хүрээнд илтгэл тавьж ирэдийн асуултад хариулсан юм.

Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, иргэдийн байр суурийг сонсон тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна. Эцэст нь “Ардын эксперт”-үүд шударга ёсны төлөөх Ерөнхийлөгчийн ажлуудад 10-аас 8.1 оноо өгчээ.  Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд  нийгэмд шударга ёсыг тогтоох мөрийн хөтөлбөрөө маш сайн биелүүлж, Монгол улсад шударга ёс тогтсон юм гэнэ.

Э.Мягмардорж