sonin.mn
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
 
1985-1986 оны хичээлийн жилийн сүүлээр буюу 1986 оны хавар Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль дээр Монголын Радио, Телевизийн Газраас \МРТВ\ орон даяар зохион байгуулж явуулдаг "Залуу нас-Мөнхийн дуудлага" нэртэй радио нэвтрүүлгийн багийнхан ирсэн юм. Тэр багийг ахалж, "25-р суваг" ТВ-ээрээ алдаршсан Авирмэд асан ирж байсныг санаж байна. Тэр үеийн Монголын залуусыг уриалан дуудсан энэ нэвтрүүлэгт тухайн үедээ улс орны хэмжээнд "шилдэг" гэж дүгнэдэг байгууллагын залуусыг оролцуулдаг байсан юм. Бидний ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургууль "Улсын Тэргүүний Сургууль" ийн болзлыг ханган олон жил хамгаалж, аймагтаа төдийгүй Улсын хэмжээнд "Шилдэг" т тооцогддог байсан болохоор ийнхүү сонгосон байх. Ийм түвшинд энэ сургуулийг удирдан авч явж байсан захирал Ж.Нацаг, хичээлийн эрхлэгч Д. Пүрэвдорж нарын гавьяа байсан юм шүү. Энэ удирдлагууд залуу багш биднийг "хатуу гар"аар ажиллуулж сургахдаа, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бие биенээсээ суралцдаг, ажлын их ачааллыг даах чадварыг төлөвшүүлснээр, одоо хэр нь мундаг багш, сургуулийн удирдах ажилтан болцгоож, боловсролын салбарт сайн ажиллаж байгаад нь бахархаж байдаг. Хэрвээ надад жаахан ч атугай сайн чанар байдаг бол, энэ сургуульд ажиллаж байсан он жилүүдийн үр шим хэмээн би одоо ч талархан боддог юм даа. 
 
Хоногийн тоогоор бие минь өсч
Хонхны дуугаар сэтгэл сэргэсэн
Хонгорхон насаа азтай үдсэн
Ховорхон заяах сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
 
Нэвтрүүлэгт оролцох гэж залуу багш нар орой болгон цуглаж, нэвтрүүлгийн багийнхантай санал бодлоо хуваалцана. Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг баримттайгаар хөндөж, шийдэлд нь залуу багш нарын саналыг тусгах чиглэлээр хийж байсан нэвтрүүлэг юм. Хөдөөгийн сургуулиудад сургалтад хэрэглэх техник хэрэгслэл дутмаг байдаг тухай, байгаа техник хэрэгслэл нь эвдрэхээр сэлбэг олддоггүй тухай, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу багш нарын нийгмийн асуудал болоод мэргэжлийн ур чадварын талаар асуудал хөндөж байсан санагдаж байна. Нэвтрүүлэг үндсэндээ дуусч байх үед "Ер нь энэ нэвтрүүлэгтэй холбогдуулан сургуулийн тухай дуу шинээр зохиож оруулбал яасан юм бэ?" гэсэн санал гарчээ. Тэр үед Тосонцэнгэлийн 8 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Чимэдгочоо, манай сургуулийн орос хэлний багш Г. Гүнчинсүрэн зэрэг багш нар цуглан сууж байгаад үгийг нь зохиосон гэдэг. ОХУ-ын Свердловскийн Хөгжмийн Сургууль төгсөж ирээд Тосонцэнгэлийн "Соёлын Ордон"-ы даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан \одоо "МУУГЗ", нэрт хөгжмийн зохиолч\ аялгууг нь зохиож, "Соёлын Ордон" ы "сайн дурын уран сайханч" МБК-ын ажилчин Отгонбаяр дуулсан юм. Тэр үед Монголын радиогоор дуулагдах шинэ дуу болон уран бүтээлийг урьдчилан хянаж, албан ёсны зөвшөөрөл өгдөг МАХН-ы үзэл суртал хариуцсан байгууллагад Авирмэд хандаж зөвшөөрөл авсан гэж хожим нь сонсож байв. Анх сонссон болоод тэр үү, Отгонбаярын дуулсан дуу миний сэтгэлд их ойр санагддаг юм.
 
Сурагчийн ширээнд тохой мөртэй
Сурлагын дэвтэрт нэр минь бичээстэй
Амьдрах хүслийн учгийг атгуулсан
Ачлан дээдлэх сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
 
1986 онд "Залуу нас-Мөнхийн дуудлага" радио нэвтрүүлгээр зохиогдсон энэ дууг хожим нь МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар дуулж олны хүртээл болголоо. МУГЖ У.Далантай энэ дууг зохиогдох үед Завханы Тосонцэнгэлийн сургуульд сурч байв. Пионер сурагчдын "Урлагийн үзлэг"т түрүүлж байсан У.Далантай, энэ сургуулийг төгсөгч гэдгээрээ сэтгэлд их ойр дуулдаг юм. Одоо хэр нь энэ дууг сонсохоор залуу насны омог бардам араншингаар нөхөрлөн, сайдаж муудалцах хэрнээ зовлон жаргалаа хамтдаа л хуваалцаж явсан олон багш нар, хүүхэд насны гэнэн томоогүй зангаараа загнуулж зэмлүүлж, амжилт сурлагаараа баярлуулан бахдуулж байсан олон шавь нар, чандманалан баригдсан хичээлийн 3 барилга нүдэнд харагддаг юм. Тэр цаг үеийн дүрс энэ дуунд шингэж үлдсэн юм шүү дээ. Яг л кино шиг. 1991-1998 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа "Сургууль минь" нэртэй энэ дууг сургуулийнхаа "сүлд дуу" хэмээн тооцож, хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр, төгсөлтийн "Хонхны баяр" дээр сургуулийн хамт олноороо дуулдаг болгож хэвшүүлсэн сэн. Одоо ингэж дуулж байгаа болов уу? хэмээн хааяадаа санаашрангуй бодох.
 
Холын газраас сэтгэлд тодхон
Хаяаны эндээс нүдэнд илхэн
Насны замыг ашид гийгүүлсэн
Нандин хайртай сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
 
Энэ дуу бүтээд 30 жил өнгөрчээ. Цалин буусан үед шил архи аваад сургуулийн хашааны буланд хувааж уунгаа зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө хүүрнэж асан, хагас сайны орой нэгнийдээ цуглан "таван гарын муушиг" тоглонгоо цуйван идэж өглөө болгож асан, спортын зааландаа хөлсөө асгартал тоглон хөгжилдөж асан, хотын урлагийн үзлэгт концерт тоглох гэж шөнө дөл хүртэл үүрэглэн сууж асан, намар хадлан хадах гэж хөдөө майханд шөнөжингөө онигоо ярьж хөхрөлдсөн, аймаг руу семинарт явах гэж "Зил-130" машины тэвшин дээр дуулалдаж асан, сайхан сургуулийнхаа бахдам нэрийн дор хамтдаа онгиролдож асан он жилүүд цаг хугацааны урсгалд урсан оджээ. Зөндөө олон найзууд минь "Бурханы оронд" одсон сураг сонсох бүрт зүрхэнд минь нулимс урсаж, чимээгүйхэн мэгшинэ. 2000 -аад оны эхээр Насанбуян маань санаачилсан "Тосонцэнгэлийн сургуулиудын багш нарын уулзалт" Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулагдаж, уламжлал болон хэвшиж байгаа нь юутай сайхан. Тэр үед хамт ажиллаж байсан нэгэн багш маань нүүрномоор энэ дууны 30 жилийн дурдатгалыг сануулсан юм. Энэ дурдатгал сэтгэлийн чанадад хадгалагдсан гэгээн сайхан дусамжуудыг минь сэргээв. Энэ дуугаар Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийн тэр үеийн удирдлагууд болон багш нарыг оролцуулаад клип хийхсэн хэмээн хүсч байсан мөрөөдлийг минь бас сэргээв. Энэ сургуульд суралцаж төгссөн олон олон шавь нар минь энэ дууг дуулж байгаасай хэмээн хүсэв. Сайн дуу түүхийн гэрч болон үлддэг аж.
 
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах