sonin.mn
ПХЕНЬЯН./TASS/. НҮБ-д суугаа БНАСАУ-ын Байнгын төлөөлөгч Солонгосын хойгт түгшүүртэй байдал улам даамжирч байгаатай холбогдуулан НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш-д захидал илгээжээ. “Нодон синмун” сонинд мэдээлснээр, АНУ-Өмнөд Солонгосын томоохон хэмжээний хээрийн сургууль болж байгаатай холбоотойгоор “нөхцөл байдал дайны ирмэгт тулаад байна” гэж уг илгээлтэд анхааруулжээ.
 
“Вашингтон, Сөүл хоёрын хийж буй хээрийн сургуультай холбоотойгоор яаралтай хуралдаан хийхийг уриалсан Пхеньяны уриалгыг хүлээж авахаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл татгалзсаар байна” гэж Умард Солонгосын Байнгын төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. “Ингэж хандаж байгаа нь Аюулгүй Зөвлөл хоёр нүүртэй бодлого баримталдаг болохыг харуулж байна” гэж захидалд дурджээ.
 
"Үүссэн нөхцөл байдалд АНУ-ын зүгээс учруулж буй цөмийн аюул заналхийлэл, айлган сүрдүүлэлтийг сөрөн зогсохын тулд манай улсын зүгээс хуурай газар, тэнгис, агаарын орон зайд батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх арга хэмжээ авч байна” гэж БНАСАУ-ын Байнгын төлөөлөгч мэдэгдлээ.
 
Мөн тэрбээр НҮБ-ийн Нарийн бичгийн дарга нарын газар “Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг хуралдуулах талаарх Пхеньяны уриалгад хариу өгнө” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
О.Барс
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг