sonin.mn
Дональд Трампын ялалтаар өндөрлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрөөд хэдэн сарын нүүр үзэж байгаа ч Трампыг ялахад юу нөлөөлөв, Хиллари Клинтоныг ялна гэсэн таамаглалууд яагаад зөрөх болов гэх мэт асуудлууд өнөөг хүртэл Америкийн олон нийт болон судлаачдын анхаарлыг татсаар байгаа юм. Нөгөө талаас бүтэн жилийн турш үргэлжилж дэлхий дахины анхаарлын төвд байсан энэ сонгуулийн үйл явцаас монголчууд бидэнд сургамж авахаар зүйл юу байна зэрэг асуудлыг энэхүү нийтлэлд авч үзлээ.
 
ОЛОН НИЙТ ХИЛЛАРИГ СОНГОСОН БОЛОВЧ СИСТЕМ ТРАМПЫГ СОНГОВ
 
Д.Трамп 304 сонгогчийн коллегийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний гол өрсөлдөгч Х.Клинтон 227 сонгогчийн коллегийн санал авсан юм. АHУ-ын сонгуульд судлаачид болон судалгааны ихэнх газрууд Xиллариг ялна гэж таамаглаж байсан билээ. Тэрбээр нийт сонгогчдын 48.2%-ын саналыг авч Tрампын саналаас 2,8 сая сонгогчоор илүүрхсэн бол Tрамп 46.1%-ийн санал авсан юм. Хэдийгээр хоёр нэр дэвшигчийн нийт сонгогчдоос авсан санал ийм байсан боловч сонгогчдын коллегийн саналаар буюу шууд бус сонгуулийн системийн үр дүнгээр Tрамп ерөнхийлөгч болсон юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог бол “ялагч бүхнийг авах” систем буюу нэр дэвшигч тухайн мужид ялимгүй олон санал авахад тус мужийн сонгогчдын коллегийн бүх саналыг авдаг, нэр дэвшигч олон мужид ялалт байгуулсан ч эцсийн дүндээ тухайн мужийн сонгогчдын коллегийн саналын тоо сонгуулийн үр дүнг шийддэг билээ.
 
Хиллари ийнхүү сонгогчдын коллегийн саналыг цөөн авахад хүргэсэн гол шалтгаан бол хүн ам олонтой Калифорни, Нью Йорк, Иллинойс зэрэг томоохон мужид олон сонгогчийн саналаар давамгай ялсан байхад, Д.Трамп хүн амын тоо цөөн өмнөд болон төвийн дийлэнх мужид цөөн саналын илүүгээр ялсан явдал юм.
 
СОНГУУЛИЙН КАМПАНИЙН ЕРӨНХИЙ ОНЦЛОГ
 
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь сөрөг сурталчилгааг хэмжээ хязгааргүй хийдэг, өрсөлдөгчийн үзэл баримтлал, ажлын туршлага, байр сууриас эхлэн гэр бүл хувийн амьдрал, үр хүүхэд, нууц амраг гэх мэт бүхий л асуудлыг хөнддөг явдал юм. Энэ удаа ч гэсэн хоёр нэр дэвшигч байж болох бүх аргаар бие биеийн эсрэг дайралт хийлээ.
 
Дональд Трампын хувьд урьд өмнөх гэрлэлтүүд, янаг амрагийн явдал, эмэгтэйчүүдтэй холбогдсон хэргүүдээс эхлэн сонгуулийн сурталчилгааны үе дэх биеэ авч явах байдал, хэлсэн үг зэрэг нь сөрөг сурталчилгаанд ихээхэн өртөв. Хиллари Клинтоны сонгуулийн зөвлөхүүд Трампын амьдралын алхам бүр дэх алдааг судалж хэрхэн сонгуульд ашиглаж болохыг нарийн төлөвлөн ээлж дараатай хэрэглэж байлаа.
 
Харин Хиллари Клинтоны төрийн нарийн бичгийн дарга байх үеийн бодлогын шинжтэй асуудлууд болон хувийн майлыг төрийн ажилд хэрэглэсэн асуудал Трампын багийн сөрөг сурталчилгааны гол бай болов. Ялангуяа энэ хэрэг дэх ерөнхийлөгч Обамагийн оролцоог өрсөлдөгчид нь ихээхэн шүүмжилж байсан юм. Хилларигийн майлны хэргийг мөрдөн шалгаж байсан Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаад Төрийн департамент хөндлөнгөөс нөлөөлж авилга өгсөн гэж Дональд Трампын багаас мэдэгдэж байв. Энэ явдал нь Америкийн улс төр авилгад автсан, элитийн явцуу бүлэглэл төрийн шийдвэрийг гаргаж байна гэх мэтийн дуулианыг дагуулсан билээ.
 
Мөн сонгуулийн сурталчилгааны ид үед Хиллари Клинтоны бие муудаж арга хэмжээгээ дуусгалгүй явахад хүрсэн нь өрсөлдөгчийн зүгээс шүүмжлэлд өртсөн билээ.
 
Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингэд хүчтэй нөлөө үзүүлдэг гурван удаагийн халз мэтгэлцээний хоёр нь Хиллари Клинтоны ялалтаар өндөрлөсөн хэдий ч сонгуулийн дүнгээр Дональд Трамп ерөнхийлөгч болов. Энэ удаагийн мэтгэлцээнүүд урьд өмнөх сонгуулиудын мэтгэлцээнтэй харьцуулахад бодлогын асуудал гэхээс илүүтэй хоёр нэр дэвшигчийн хувийн шинж чанартай дайралт, урьд өмнөх алдаа дутагдлыг сануулсан байдлаар өрнөсөн билээ.
 
Америк маягийн сонгуулийн бас нэг онцлог болох улс төрөөс уйдсан сонгогчдыг татах өвөрмөц арга болох политайнмент буюу цэнгээнт улс төрийг энэ удаагийн сонгуульд ч түлхүү хэрэглэв. Ялангуяа Хилларигийн баг улс төрийг сонирхдоггүй хүмүүсийг хэрхэн татах вэ гэдгийг өндөр түвшинд судлан шог хочин бичлэг, үзүүлбэр, хөшөө баримал, нийтийн бүжиг буюу флаш моб гэх мэт олон төрлийн сурталчилгаа явуулав. Тэр ч байтугай амьтад хүртэл Трампад дургүй байгаа тухай бичлэг хүртэл хийсэн.
 
Хэдий тийм боловч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад нэр дэвшигчдийн хооронд сөрөг дайралт ихтэй, арьс өнгө, орлогын ялгаа, алан хядлага, цагаачид гэх мэт нийгмийн хурц асуудлыг гарган тавьсан, сонгогчдыг стресс, дарамтанд оруулсан сонгууль болсон гэдгийг судалгааны дүнгүүд харуулсан. АНУ-ын Сэтгэл судлалын холбооны судалгаагаар судалгаанд оролцогчдын 52 хувь нь энэ удаагийн сонгуулийн үйл явцаас болж стресст орсон гэж хариулсан байдаг. ХОЛБООСЫГ ХАРАХ
 
АМЕРИК СОНГОГЧДОД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ЯАЖ НӨЛӨӨЛӨВ?
 
2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Pew Research Center байгууллагын хийсэн судалгаагаар сонгогчдын 91% телевиз, сонин, интернет, хэвлэмэл материал гэх мэт 11 төрлийн эх үүсвэрээс сонгуулийн талаарх мэдээллийг авч байлаа. ХОЛБООСЫГ ХАРАХ
 
 
 
 
Эдгээр мэдээллийн олон сувгийн чухам аль нь сонгогчдын санал өгөлтөнд хүчтэй нөлөөлсөн бол? Энэ асуултанд хариулахын тулд Америкийн хэвлэл мэдээллийн ерөнхий дүр зургийг тодруулан авч үзэх нь зүйтэй. Америкийн ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль дахь хэвлэл мэдээллийн оролцоо өмнөх сонгуулиудаас нэлээд ялгаатай байв. Тодруулбал телевиз, сонин, сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн ихэнх сувагт Х.Клинтоны сурталчилгаа давамгайлсан бол твиттер, фейсбүүк, Snapchat зэрэг сошиал сүлжээний сувагт Д.Трамп илүүрхэж байв.
 
Америкийн бараг бүх том мэдээллийн агентлагууд, магнатууд Хилларигийн талд байлаа. Үүнд:
 
СNN, Time сэтгүүл, Уолт Дисней, Warner Bros, New Line Cinema, HBO зэргийг эзэмшдэг Time Warner хэмээх мэдээллийн “мангас” корпораци
 
New York Times, NBC, Reuters, Fox news агентлагууд.
 
Huffington Post Media Group, NBC News, MSNBC and CNBC, ABC News агентлагууд
 
Эдгээр мэдээллийн агентлагууд Х.Клинтоны дэмжигч төдийгүй сонгуулийн кампанийн хамгийн томоохон хандивлагчид юм. http://theduran.com/list-media-companies-donated-clinton-foundation-slush-fund/ Х.Клинтон хэвлэл мэдээллийн ийм том дэмжлэгтэй байсан хэдий ч Америкийн олон нийт том хэвлэл мэдээллүүдэд итгэх итгэл доогуур байсан юм. Америкийн сонгогчдын бараг тэн хагас нь хэвлэл мэдээлэл нэг талыг барьсан мэдээлэл нийтэлж байна гэж үзэж байв. Судалгааны томоохон төв болох Rasmussen Reports байгууллагын судалгаагаар санал асуулгад оролцсон иргэдийн 49 хувь нь хэвлэл мэдээллүүд Трампын эсрэг ажиллаж байна гэж үзсэн бол 18 хувь нь Клинтоны эсрэг ажиллаж байна гэж хариулсан байдаг. ХОЛБООСЫГ ХАРАХ
 
Ийнхүү хэвлэл мэдээллийн уламжлалт сувгууд Х.Клинтоныг дэмжиж байсан учраас Д.Трампын баг сошиал сүлжээний сувгуудад ихээхэн анхаарч ажиллав. Сонгуулийн сурталчилгааны ид үед Трамп твиттерт 7.5 сая, фейсбүүкт 5,9 дагагчтай, Клинтон фейсбүүкт 3.1 сая, твиттерт 5.8 сая дагагчтай байлаа. Америкийн зарим ажиглагчид твиттер бол Д.Трампын сурталчилгааны үндсэн суваг байсан гэж үзэж байв.
 
Д.Трампын багийн зүгээс сошиал сүлжээг сурталчилгаанд идэвхтэй ашиглахын зэрэгцээ Х.Клинтоны хувийн нэр хүндийг унагаах, Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэврээх, гадаадынхныг үзэн ядах, Обамагийн засаг захиргааны бодлого явуургүй болохыг харуулсан зохиомол болон бодит байдлыг гажуудуулсан үй олон мэдээллийг интернетийн сайтууд болон ФБ, твиттерээр тарааж байв.
 
Мөн Х.Клинтоны хувийн нэр хүндийг унагаах зорилгоор нэлээдгүй зохиомол мэдээлэл тараасны нэг нь Жон Ленноны бэлбэсэн гэргий Иоко Оно “Хиллари бол ижил хүйстэн бид хоёр 70-аад оны үед учиртай” байсан гэж хэлж байгаа талаарх 2015 оны 5 сард worldnewsdailyreport.com сайтад байрлуулсан мэдээ юм.
 
Үүнийг Д.Трампын багийн зүгээс твиттер болон фейсбүүкээр маш олон удаа дамжуулж, хүмүүст түгээсэн байна. Мөн Х.Клинтоны багийн зүгээс ч хуурамч мэдээллийг тарааж байлаа.
 
Сошиал сүлжээгээр тараасан эдгээр хуурамч мэдээллүүд сонгогчдын саналд хэрхэн нөлөөлсөн бол? Америкийн судлаачдын тогтоосноор сошиал сүлжээний мэдээллийн нөлөө өсч байгаа ч нийт сонгогчдын 14 % мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж гэж үздэг байна. https://web.stanford.edu/~gentzkow/research/fakenews.pdf
 
Сонгуулийн үеийн хуурамч мэдээллүүд ихэнхдээ фейсбүүкээр дамжин олонд түгсэн бөгөөд хүмүүсийн зарим нь эдгээр хуурамч мэдээлэлд итгэсэн болохыг судлаачдын судалгаагаар батлагдсан юм. Судлаач Х.Аллкот, М.Женцков нарын 2016 оны 11 сарын 28-12 сарын 5-ын хооронд буюу санал хураалтаас гурван долоо хоногийн дараа 1200 сонгогчийг хамруулан хийсэн судалгаа болон сонгуулийн үеийн гурван сарын хугацаан дахь АНУ-ын 690 мэдээний сайт болон 65 хуурамч мэдээлэл тавьдаг сайтуудын мэдээлэл хэрхэн сошиал сүлжээнд тархсан талаарх судалгааны дүнгээс үзэхэд Д.Трампын багаас тараасан хуурамч мэдээллийг олон нийт 30 сая удаа шейрлэсэн бол Х.Клинтоныг дэмжсэн хуурамч мэдээллүүд 7.6 сая удаа шейрлэгдсэн байна. ХОЛБООСЫГ ХАРАХ
 
Эдгээр хуурамч мэдээллийг судалгаанд оролцсон иргэдийн 15 хувь нь унших юмуу үзсэн гэж хариулсан бол 8 хувь нь тухайн зохиомол мэдээнд итгэсэн гэжээ. https://web.stanford.edu/~gentzkow/research/fakenews.pdf Үүнээс үзэхэд Америкийн нийт сонгогчдын зарим хэсэгт сошиал сүлжээгээр тархсан хуурамч мэдээлэл итгэл үнэмшил төрүүлсэн байна.
 
Д.ТРАМПЫН ГОЛ ДЭМЖИГЧИД БОЛ БОЛОВСРОЛ БАГАТАЙ, ЦАГААН АРЬСТАЙ ЭРЧҮҮД
 
Энэхүү сонгууль Америкийн нийгэмд анги давхаргын ялгаа хүчтэй хэвээр байгааг харууллаа.
 
БНН-ын уламжлалт дэмжигчид болох цагаан арьст сонгогчдын олонх нь энэ удаа ч мөн Д.Трампад саналаа өгчээ. Д.Трампын ялалт бол нийт сонгогчдын 70 хувийг бүрдүүлж буй цагаан арьст сонгогчдын 58 хувь нь түүнийг дэмжсэний үр дүн гэдэгт судлаачид санал нэгдэж байна. Д.Трамп цагаан арьстнууд, тэр дундаа боловсрол багатай цагаан арьстнуудын саналыг голчлон авчээ.
 
 
Боловсрол багатай, цагаан арьстай 10 эрэгтэй тутмын 7 нь, 10 эмэгтэй тутмын 6 нь Трампын төлөө саналаа өгсөн байна. ХОЛБООСЫГ ХАРАХ
 
Харин АН-ын гол бааз суурь болох хар арьстай болон латин гаралт сонгогчдын дийлэнх нь Х.Клинтонд саналаа өгсөн юм. Хэдий тийм боловч 2008, 2012 онд Б.Обамагийн авч байсан шиг олон тооны хар арьстай болон латин гаралт сонгогчид энэ удаа Х.Клинтоны төлөө саналаа өгөөгүй юм. 10 хар арьст сонгогч тутмын 9 нь буюу 88 % нь энэ удаа Х.Клинтонд саналаа өгчээ. Харин 2012 онд хар арьстнуудын 93 % нь Обамад саналаа өгч байв. 2016 оны хувьд африк гаралтай америк сонгогчид нийт сонгогчдын 12% байгаа бол 2012 онд энэ нь 13% байсан нь латин гаралт сонгогчдын тоо хүчтэй нэмэгдэж байгаатай холбоотой юм.
 
Х.Клинтоны баг 2012 онд Обама латин гаралт сонгогчдын 71 %-ийн саналыг авч байсантай адил хэмжээний санал авна гэж найдаж байсан боловч латинчуудын 65% нь түүний төлөө саналаа өгчээ. Латин гаралтай сонгогчид 2016 оны сонгуульд нийт сонгогчдын 11 хувийн бүрдүүлсэн байна. Мөн Х.Клинтон ялна гэж тооцоолж байсан мужуудад ахмад сонгогчид болон хар арьст сонгогчдын санал өгөлтийн онцлогоос болж Д.Трамп ялалт байгуулсан билээ. Тухайлбал, Х.Клинтоны хамгийн их найдлага тавьж байсан Флоридад ахмад сонгогчдын олонх Д.Трампад саналаа өгснөөр тус мужид ганцхан хувийн саналаар буюу 49, 48 хувиар Хиллари ялагдсан юм.
 
Ийнхүү арьс өнгө, нас хүйс, боловсрол зэрэг нийгмийн давхраажилтын ялгаа хүчтэй нөлөөлсөн сонгуулийн үр дүнгээс харахад Америк нийгэмд авторитар хандлагыг дэмжигч гол бааз суурь нь цагаан арьст, боловсрол багатай, эрчүүд давамгайлсан бүлэг болох нь харагдаж байна.
 
ХИЛЛАРИГ ЯЛНА ГЭСЭН СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛУУД ЯАГААД ЗӨРСӨН БЭ?
 
Сонгуулийн өмнөх бүх судалгааны таамгуудаар Х.Клинтоны ялах магадлал 60-80 хувьтай гэж гарч байсан боловч сонгуулийн үр дүнд Д.Трамп ялсанд Америкийн сонгогчид болон дэлхийн олон нийт цочролд орсон билээ. Тэгвэл яагаад судалгааны үр дүнгүүд ингэж ташаарсныг Америкийн судлаачид болон судалгааны газрууд нэхэн судалж байгаа юм. Ер нь бол Хиллари олонхийн санал авна гэсэн судалгааны үндсэн таамаглал зөрөөгүй, яах аргагүй 2,8 сая сонгогчийн саналыг илүү авсан билээ. Гагцхүү хөвөгч мужууд буюу Хиллариг ялна гэж таамагласан мужуудад л Трамп олонхийн санал авснаар сонгуулийн үр дүнг өөрчилсөн билээ.
 
Аль нэг намыг тогтвортой дэмждэггүй сонгогчид зонхилдог 16 “хөвөгч муж” энэ сонгуулийн хувь заяаг шийдвэрлэх байв. Эдгээр хөвөгч мужуудаас Хиллари Флорида, Аризона, Умард Каролина, Невада, Висконсин, Пенсильвани зэрэг мужид ялалт байгуулна гэсэн судлаачид тооцоолж байсан ч Трамп ялсан.
 
Тэгвэл яагаад эдгээр мужид хийсэн судалгааны дүн зөрсөн бэ? Америкийн судлаачид үүний учир шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байгаа юм. Судлаачдын гол алдаа бол энэ сонгуульд “Брэдли эффект” буюу Tрампыг дэмжиж байгаагаа ил хэлэхээс зайлсхийсэн сонгогчдыг дутуу тооцоолсон явдал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна. 1982 онд Калифорнийн амбан захирагчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, хар арьст Том Брэдли бүх л санал асуулгуудаар тэргүүлж байсан боловч сонгуулийн дүнгээр түүний өрсөлдөгч БНН-ын нэр дэвшигч Жорж Дюкмейн ялалт байгуулсан билээ. Жорж Дюкмейныг дэмжигчид түүнийг дэмждэгээ ил хэлдэггүй, эсвэл зориудаар Том Брэдлид өгнө гэж ташаа хариулж байсан нь судалгаагаар батлагдсан юм. Энэ явдлаас хойш сонгогчдын санал өгөлтийн энэ учир шалтгааныг “Брэдли эффект” гэж нэрлэх болсон юм. Америкийн зарим ажиглагчид бүр сонгууль болохоос хэдэн сарын өмнөөс л Трампын дэмжигчдэд “Брэдли эффект”-ийн зүй тогтол үйлчилж магадгүй тухай хэлж сануулж байсан. 
 
Судалгааны таамаглал зөрсний хоёр дахь шалтгаан бол санал асуулгуудын түүвэр, арга зүйн алдаанууд гэдэгтэй нэлээдгүй судлаач санал нэгдэж байгаа юм. Тухайлбал, Трампыг дэмжигч боловсрол багатай сонгогчдын төлөөлөл сонгуулийн өмнөх судалгаануудад хангалттай орж чадаагүй явдал гэж Pew Research Center судалгааны төвийн судлаач Эндрю Мерсер нарын зарим судлаачид үзэж байна. 
 
Санал асуулгуудын нэлээд нь онлайнаар явагдсан бөгөөд боловсрол багатай сонгогчид үүнд хамрагдах боломж тааруу байжээ.
 
Мөн гэрийн утсаар санал асуулга авдаг байснаа больж гар утсаар авдаг болсноос эх олонлогийг бүрэн төлөөлөх түүвэр сонгоход бэрхшээлтэй болсон байна.
 
АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС АВАХ СУРГАМЖ
 
2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцаас харахад Монгол улсын хувьд адил төстэй зүйл нэлээдгүй байгаагийн зэрэгцээ Монголын улс төрийн практикт байдаггүй, бидний хувьд сонгууль зохион явуулахад дуурайл болохуйц зүйл олон байна.
 
Юуны өмнө Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд манай сонгуультай адил зүйл юу байгааг авч үзье.
 
Америкийн болон Монголын сонгуулиуд дахь газар нутгийн төлөөлөл болон хүн амын төлөөллийг хангах байдал ойролцоо байдаг. АНУ-ын хувьд газар нутгийн хэмжээ, нэг улс болон нэгдсэн түүх, эдийн засаг, соёл, цагаачлалын урсгал зэргээс болж газар нутаг, мужуудад хүн амын тархан суурьшсан байдал нь өвөрмөц. Калифорни, Флорида, Мичиган, Пенсильвани зэрэг арваад мужид Америкийн нийт хүн амын тэн хагасаас илүү нь оршин суудаг. Харин хүн амын тоотой нь харьцуулахад эдгээр мужид ногдох сонгогчдын коллегийн тоо нь хүн ам цөөтэй бусад мужийнхаас цөөн байдаг юм. Энэ нь Монголын сонгуультай харьцуулж үзэхэд хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдох гишүүдийн тоо орон нутгийн тойргуудынхаас цөөн байдагтай адил юм.
 
Дараагийн нэг төстэй зүйл бол Америкийн баруун зүүн эргийн том хотууд бүхий мужуудад Х.Клинтон олонхийн санал авсан бол хүн ам цөөтэй хөдөөх мужуудад Д.Трамп давамгайлсан нь Монголын ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнтэй ойролцоо байгаа явдал юм.
 
 
 
 
Монголын ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид хөдөөгийн тойргуудад, АН-аас нэр дэвшигчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад сонгогчдын олонхийн саналыг авч ирсэн уламжлалтай.
 
 
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцаас монголчууд бидэнд суралцах зүйл юу байна вэ?
 
Юуны өмнө Америкийн БНН ба АН доторх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгаанаас эхлэн санал хураалтын дүн гаргах хүртэлх бүхий л үйл явц ил тод, нээлттэй явагдсан нь хуулийн болон бусад хаалт хязгаарлалт дор сонгууль хийдэг монголчууд бидэнд сургамжтай байв. Америкийн одууд хэнийг дэмжиж байгаагаа зарлан сонгогчдыг саналаа өгөхийг уриалж байсан нь идэвхгүй хүмүүсийг татахад нөлөөлдөг юм. Түүнчлэн олон нийт сонгуулийн сурталчилгааны бүхий л үед аль нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлэх, санал хураалтын үед ч хэнийг дэмжиж байгаагаа харуулсан хувцас, хэрэглэлтэй байх нь хатуу хязгаарлалт дор хаалттай явагддаг Монголын сонгуулийн үйл явцаас ихэд ялгаатай юм.
 
Мөн Америкийн хэвлэл мэдээллүүд далд сурталчилгаа буюу манипуляциас хол байлаа. АНУ-д тогтсон уламжлал ёсоор мэдээний агентлагууд, сонин, сэтгүүлүүд, нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж байгаагаа ил тод зарладаг нь уншигч болон сонгогчдыг тухайн хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлгийг унших, үзэхдээ тодорхой хэмжээнд шүүлтүүртэйгээр хэрэглэх боломжийг өгдөг юм.
 
 
 
Харин манайд бол сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэлд далд сурталчилгаа ихээхэн байр суурь эзэлдэг.
 
Америк сонгогчдын санал өгөлт, улс төрийн намыг дэмжих байдлыг судлан шинжлэх боломжоор судалгааны байгууллагууд болон судлаачид бүрэн хангадаж байв. Нээлттэй, чөлөөтэйгээр судалгааны үр дүнгүүд, Exit poll буюу саналаа өгөөд гарч ирсэн сонгогчоос авдаг судалгаа зэргийг сонгуульд далайцтай хэрэглэснээр улс төрийн нам болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны явцад алдаа оноогоо дүгнэх, залруулах боломжой болохын зэрэгцээ олон нийт улс төрчдийн рейтингийн талаар үндэслэл бүхий мэдээллээр хангагдаж байв.
 
Харин манайд үйлчилж буй сонгуулийн хуулиар санал хураалтын өдөр саналаа өгөөд гарч ирсэн сонгогчоос судалгаа авах байтугай санал хураалтаас долоо хоногийн наана бүх төрлийн судалгааг хориглочихдог билээ. Тэгтэл намууд сүүлийн долоо хоногт гол мессеж, сонгогчдын саналд нөлөөлөх том дуулиануудаа тавьдаг, үүнд нь саналаа хэнд өгөхөө шийдээгүй байгаа сонгогчид өртдөг. Тийм учраас Монголын нөхцөлд судлаачид бидний хувьд сонгуулийн үр дүнг дэлхийн бусад улсуудынх шиг нарийн тооцоолох боломж хууль эрх зүйн хүрээнд хаалттай байна.
 
Мөн Exit poll-ыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Энэ нь сонгуулийн булхайнаас сэргийлэх, сонгогчдын санал өгөлтийн учир шалтгааныг тодруулах, сонгогчдын үнэт зүйл, хандлагыг бүрэн дүүрэн мэдэх, нам, нэр дэвшигчдийн ялалт, ялагдлын зүй тогтлыг мэдэх боломжийг өгдөг юм.
 
Америкийн сонгуулиас ажиглагдсан дараагийн нэг авууштай практик бол сонгогчдын оролцоог хөхүүлэн дэмжих бүх төрлийн үйл ажиллагаа юм. Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн кампанит ажил, урамшуулал арга хэмжээг өргөн хүрээнд явуулдаг байна. Тухайлбал, Аризонад санал өгсөн баримтаараа нэг сая долларын сугалаанд оролцож болдог. Мөн сонгуулийн санал хураалтын өдөр Америкийн ТББ-ууд, иргэдийн үүсгэл санаачилгын хөдөлгөөнүүд хүүхэд харах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж санал хураалтанд явах боломжийг эцэг эхчүүдэд олгож байлаа.
 
Санал авах үйл явц уян хатан, нээлттэй байх нь сонгогчдын ирцэнд эерэгээр нөлөөлдөг нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас харагдав. Санал хураалтын өдрөөс хэдэн долоо хоногийн өмнөөс иргэд саналаа урьдчилан өгч болдог, санал хураалтын цаг дуусмагц хаалгаа барьчихдаггүй байх нь сонгогчдын оролцоонд эерэгээр нөлөөж байна. Санал авах байр хаах үед сонгогчид дугаарлаж байвал тэдний саналыг авч хүнгүй болсон үед хаадаг, харин Монголд 22 цаг болонгуут санал хураалтын байрууд хаалгаа түгжиж саналаа өгөхөөр ирсэн хүмүүсийг гадаа үлдээх явдал байсаар байна.
 
Хавсралт 2
 
Бүдүүвчнээс үзэхэд Дональд Трамп цагаан арьстнууд, тэр дундаа боловсрол багатай цагаан арьстнуудын саналыг голчлон авчээ. Боловсрол багатай, цагаан арьстай 10 эрэгтэй тутмын 7 нь, 10 эмэгтэй тутмын 6 нь Трампын төлөө саналаа өгсөн байна.
 
Улс төр судлаач, доктор Ц.МӨНХЦЭЦЭГ