sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд хэрхэн хандаж байгаа талаар тандалт судалгаа явуулснаа өнөөдөр танилцуулав.
 
Сүүлийн 25 жилийн турш Канад улс Монголын ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн гэдгийг тус улсын Элчин сайд Эд Жейгэр онцлов. Тэрбээр, Монгол Улсын бүх иргэн ардчиллаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг байгаасай гэж хүсдэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө бид эмэгтэй улс төрчдийг агуулга сайтай, мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр боловсруулах чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Канад улс жендерийн тэгш байдалд ихээхэн анхаардаг. Манай улсын парламентын танхимын 26 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт 380 гишүүнээс 88 нь эмэгтэй гэсэн үг. Хэдийгээр бид 30 хувь болгох зорилтод хүрээгүй байгаач бага багаас дөхсөөр байгаа. Монгол Улсад ч эмэгтэй гишүүдийн тоо өсч байгаад баяртай байна. Энэ бүхний үр дүнд монголчууд төр засагтаа хэр их итгэл хүлээлгэж байгааг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг явуулсан” гэлээ.
 
2016 оны гуравдугаар сараас хойш гурав дахь удаагаа явуулсан энэхүү судалгаанд 21 аймаг, есөн дүүргээс 5000 иргэнийг хамруулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд монголчууд шинээр байгуулагдсан Засгийн газартаа үзүүлэх итгэл буурч байна хэмээн БНОУХ-ийн захирал Ашлей Вейлэн хэллээ.
 
Тухайлбал, Монгол Улсын хөгжил зөв чиглэл рүү явж байна уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54 хувь нь буруу чиглэлд явж байна хэмээн хариулсан байна. Энэ нь 2016 оны наймдугаар сард хийсэн судалгаанаас 10 хувь өссөн үзүүлэлт бөгөөд оролцогчдын дийлэнх нь “эдийн засгийн бодлого буруу байна” гэсэн тайлбар өгсөн хэмээв.
 
Тэрбээр, “Судалгаанд оролцогчид авлигалыг Монголын өмнө тулгамдсан гол асуудлаар нэрлэсэн бөгөөд зөвхөн төрийн гэлтгүй хувийн хэвшилд ч дэлгэрч байгааг онцолсон. Мөн Монгол Улсын агаарын бохирдол, гадаад өрөнд хамгийн их санаа зовж байгааг судалгаанаас харж болох юм. Иргэдийн зүгээс улс төрийн хүчнүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлсэн байна. “Засгийн газарт  зөвлөмж хүргүүлбэл та ямар зөвлөгөө хүргүүлэх вэ” гэсэн асуултад олонх нь Монгол орныхоо эрх ашгийг чухалчлан ажиллахыг захьсан байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг