sonin.mn
Монгол Улсын гавьяат хуульч, МАХН-ын дэд дарга  Ц.Шаравдоржтой Үндсэн хуулийн асуудлаар ярилцлаа.
 
-МАХН санаачлан Үнд­сэн хуулийн шинэ тө­сөл буюу Дээд хуулийг боловсруулсан. Үндсэн хуу­лийг өөрчлөх шаард­лага, өнөөгийн нөхцөл байд­лыг та хэрхэн дүгнэж байна?
 
-Монгол Улсын ний­гэм, эдийн засаг, улс төр мухард­мал байдалд орчих­сон гэдгийг бид бүгд ярьдаг. Шалтаг, шалт­гаан нь ч маш олон. Хуульч хүний хувьд онцолж хэлэхэд, Монгол Улсад өнөөдөр шу­дарга ёс, хуулийн хариуц­лагын хямралт байдал бий болсон нь түүний нэг юм. Яагаад гэвэл, иргэн хүн хохирвол хамгийн түрүүнд  хуулийн байгууллагад л ханддаг. Тэнд  шударга ёс  тогтоно  гэж итгэж найддаг.
 
Гэтэл өнөөдөр хууль  шүүхийн  байгууллагууд  шударга ажиллахгүй байгаа учраас итгэл алдарсан. Энэ бол зарим шүүгч, прокурор, хууль, шүүхийн ажилтны мэдлэг чадвартай холбоотой. Гэхдээ ийм хүн цөөхөн байх. Би хуулийн байгууллагын ажилтнуудыг ажилдаа эзэн болох  шаардлага хангасан хүмүүс байдаг,   байх ч  ёстой гэж боддог. Гэтэл энэ хүмүүсээс шалтгаалахгүйгээр төрийн дээд албан тушаалтнууд, тодруулбал шүүгч, прокуроруудыг томилдог эрх мэдэлтнүүд, тэдний улс төрийн хүчнүүд тэднийг ажлаа зохих ёсоор хийхэд саад учруулж байна. Үүнээс болж зарим шүүгч, прокурор Монгол Улсын Ерөнхийлөгчийн, хөрөнгө мөнгөтэй  хүмүүсийн, зарим улс төрийн хүчний халаасны хүн болсон нь харагдаад байгаа юм. Монгол Улсын шүүгч, прокурор,  хуулийн бусад  ажилтнууд хуулийг дээдэлж, төр түмэндээ шударга  ажиллана  гэж тангараг өргөдөг. Гэтэл өргөсөн тангарагтаа үнэнч бус, харин ч эсрэгээр нь ажилладаг хүн олон болчихжээ. Иймээс Монгол Улсын одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлгийг эргэж харахаас өөр аргагүй.
 
-Тэгэхээр одоо Үндсэн хуулийн үүрэг юунд чиглэх ёстой гэж та үзэж байна вэ?
 
-Өнөөгийн дагаж мөрдөж буй Үндсэн хууль завсрын үеийн хууль. Өөрийн үйлчлэлийг бүрэн хангасан, одоо хугацаа хэтэрчихээд байна. Бидэнд хөгжлийн Үндсэн хууль шаардлагатай.
 
-Та бүхний боловсруулсан шинэ хуулийн төсөлд ямар зохицуулалт хийсэн бэ?
 
-Өнөөдөр МАХН-ын санаачлан ард түмнийхээ мэдэл, хэлэлцүүлэгт өргөн бариад байгаа Үндсэн хуулийн төсөлд Монгол Улсын бүх шатны  шүүгч, прокурорыг  ард түмнээсээ сонгодог байя гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.1990 оноос өмнө шүүгчийг сонгодог байсан. Ардчилсан шүүхийн үед үүнийг болохгүй гэсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр ардчилалдаа  биш  шүүх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ, шүүхийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг  заавал  ярих ёстой. Ард түмнээсээ сонгогдсон шүүгч нэрээ бодсон ч, тангарагаа бодсон ч, ард түмнийхээ сонголтыг бодсон ч, ёс зүйгээ бодсон ч үнэнч шударга ажиллахаас өөр аргагүй. Иймээс Монголын ард түмэнд төрийн эрх мэдэл байдаг юм бол, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн тэр хүмүүс ард түмний хараа хяналтад байх ёстой. Нөгөө талаас өнөөгийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлэгт шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэсэн атлаа прокурорыг оруулсан байдаг. Нэгдүгээрт, шүүхтэй  давхацсан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьект байж болохгүй.  Хоёрдугаарт,  прокурор  гэдэг албан тушаалтан байцаан шийтгэх үйл ажиллагааны үед өмгөөлөгчтэй нэгэн адил эрх үүргийг хүлээж, мэтгэлцээний тал болж, хэргийн хувь заяаг шийдвэрлэхэд саналаа өгдөг субьект  шүү дээ. Тиймээс шүүгчтэйгээ адилхан би шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гээд ялладаг асуудал байж болохгүй. Шүүх хүнийг гэм буруутай гэж үзвэл яллах, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах шийдвэрийг гаргадаг онцгой субьект. Харин прокурор гэдэг зөвхөн ялладаг субьектийг шүүхэд хамруулж болохгүй. Энд маш том зарчим алдагдаж байна.
 
-Үүнээс үүдсэн ямар гажуудал байна?
 
-Жишээ нь, шүүн  таслах үйл ажиллагааны практикт прокурор өмгөөлөгчийг бодвол давуу эрхтэйгээр,  давамгайлж хүч түрсэн байдлаар ханддаг болсон. нөгөө талаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог өмгөөлөгч үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тийм учраас мэтгэлцээнийг Монгол Улсад бий болсон шүүн таслах ажиллагааны жинхэнэ мэтгэлцээний жишгээр явуулъя гэвэл прокурор, өмгөөлөгч хоёр эрх зүйн ижил төвшинд орших ёстой. Манай Үндсэн хуулийн шинэ төсөлд өмгөөлөгчийг эрх зүйн байдлын хувьд байцаан шийтгэх ажиллагаанд өндөр эрх үүрэгтэй оролцуулахаар зохицуулалт хийсэн. Ингэхээс өөр аргагүй.
 
-Тухайлбал ямар зохицуулалт хийв?
 
 -Монгол Улсад явж ирсэн практикийг харах юм бол шүүх, прокурор нь хүнийг гэм буруутай гэсэн байр сууриас хандаад, яллахын тулд, шийтгэхийн тулд ажилладаг болсон. Шүүх хэрэв хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Өөрөөр хэлбэл, хэргийн бүрдлийг хангаж ир, шийдэхэд бэлэн болго гэж буцааж байгаа юм. Ингэх юм бол бүх хүнийг шийтгэх нь байна шүү дээ. Юун цагаатгах, энэ тухай асуудал энд байхгүй. Шүүх хэрэв тэр прокурорын, ял төлөвлөж ирсэн тухайн хэргийн бүрдэл хангагдаагүй, тэр хүний гэм буруу нь батлагдаагүй бол цагаатгах ёстой. Өнөөдөр Монгол Улсад цагаатгал гэдэг зүйл бараг байхгүй болчихсон. Үүнийг зориуд тэмдэглэн хэлж байгаагийн учир нь МАХН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд монгол хүн монгол төрийн хамгаалалтад байна гэж заасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, эхээс төрсөн хүн гэм буруугүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл Монгол Улсын иргэн гэм буруугүй гэдэг зарчмыг цоо шинээр томъёолж оруулж ирж байгаагаараа  хүний эрхийг дээд зэргээр хангасан шинж чанартай төсөл юм.
 
-Танай намын санаачилж боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд Ардын хянан шалгах хороог бий болгоё гэсэн нь хариуцлагын тухай огт ярихгүй болсон цаг үед анхаарал татлаа. Зохицуулалт нь ямар байх юм бол?
 
-Бид үүнийг санаандгүй оруулчихаагүй. 1990 онд Ардын хянан шалгах хороог татан буулгасны учир өнөөдөр л тодорхой болж байна шүү дээ. Яагаад гэвэл, Монгол Улсын бүх ард түмний өмч, төрийн өмч эзэнгүйдэж, түүнийг хэн дуртай нь, зальтай гэмт  хэрэгтнүүд   авах, хувааж идэх, тэр байтугай сүүлийн үед  оффшорт байрлуулдаг болсон   байна. Иймээс өнөөдөр ард түмний идэх, уух, амьдрах хэвийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа юм. МАХН-ын санаачилж боловсруулсан хуулийн төсөлд Ардын хянан шалгах хороог байгуулах, Ардын хянан шалгах хорооны гишүүдийг бүх ард түмнээс сонгох  заалт  орсон байгаа.  Ер нь одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд төрийн гурван эрх мэдэл буюу  хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх засаглалыг зохицуулсан байгаа. Бидний болвсруулсан хуулийн төсөлд дөрөв дэх эрх мэдэл буюу хянан шалгах эрх мэдлийг оруулж ирсэн. Ард түмэн өөрийнхөө өмчийг мэддэг байя. Бүр тодорхой хэлэх юм бол, стратегийн ордуудыг өнгөрсөн хугацаанд яаж хувааж идэж, гадныхны гар хөл болж эдийн засгийн алуурчдын заавар, тэдэнтэй хамсан хуйвалдсан үйл ажиллагаагаар тарааж цацсаныг монголчууд нийтээрээ харж байгаа. Тэгвэл өнөөдөр стратегийн ач холбогдолтой бүх обьектыг хувьчлах тухай асуудал ярих юм бол Бүх ард түмний саналыг авдаг байх ийм цоо шинэ зарчмыг бид Үндсэн хуульд тусгаж, олон түмэндээ хэлэлцүүлэхээр толилуулж байгаа. Үндсэн хуулийн шинэ  төсөлд  ард түмнээ гэсэн, сайн сайхан амьдралынх нь нөхцөл боломжийг бүрдүүлье гэсэн олон заалт орсны  нэг жишээ энэ юм.
 
-Танай намынхан Үндсэн хуулийн төслөөрөө Сүхбаатар аймгийн иргэдийн  төлөөллийг оролцуулан Дорнод, Хэнтий аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.Иргэд хэрхэн хүлээж авч байв?
 
-Бид Үндсэн  хуулийн  шинэ төслийг боловсруулаад, иргэдээс санал авах, харилцан ярилцах зорилгоор хөдөөгийн томилолтоо Дорнод,Хэнтий  аймгаас  эхлүүлээд байна. Хуулийн төсөл маань хөдөөгийн ард иргэдийн санаанд нийцжээ гэдгийг уулзалт болгоноос, уулзсан, үг хэлсэн, ярилцсан хүмүүсийн байр сууриас тодорхой байна. Монгол  хүнээ төрийн хамгаалалтад авах, сайн сайхан амьдралыг нь хангахад төрийн гүйцэтгэх үүргийг тодорхой болгох, шударга ёсыг тогтоох, Монголын ард  түмэн өөрсдийн өмчид эзэн байх, сонгох, сонгогдох эрхээ эдлэх гэх мэт зарчмын олон чухал заалтыг иргэд онцгой анхаарч талархан дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, бид Дорнод аймагт Монгол цэргийн өдөр, Монголд Зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 96 жилийн ойн баярын урд өдөр очсон.  Аймгийн удирдлага цэргийнхэнтэйгээ яриад “Туяа  тоо” арга хэмжээг зохион байгуулж, төв талбайдаа баяр ёслол хийж шинэ Үндсэн хуулийн төслийг маань дэмжсэнд баяртай байна. Хэнтий  аймгийнхан  хурдан морь уралдуулж, мөн цэргийн баяртай хамтруулан ёслол төгөлдөр хүлээн авч оролцлоо. Морио уралдуулж, хэлэлцүүлэгт оролцож байгаа нь билэг дэмбэрэл талаасаа ч гэсэн Үндсэн хуулийнхаа шинэ төслийг дэмжиж, талархалтай хүлээж авч байв. Аймгийн удирдлагууд ийм сайхан ажлыг зохион байгуулж байгаад энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ төслийг хэлэлцэж, өөрсдийн санал бодлыг нэмэрлэх  ажил иргэдийн дунд  амжилттай хэрэгжих дүр зураг харагдаж байна. Хамгийн гол нь  бид бүх  ард түмнийхээ санал бодлыг тусгасан хуулийн төслөө УИХ-д өргөн барина.
 
-Нэг зүйлийг онцолж асуухад Үндсэн хуулийг одоогийн УИХ-аар хэлэлцээд баталчих юм шиг ойлголт яваад байна. Үүнд тайлбар өгнө үү?
 
-УИХ-ын  хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тавдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж тусгасан байна лээ. УИХ болон Засгийн газраас байгуулсан ажлын хэсгүүд өөрсдийн төслийг хийсэн эсэх мэдээлэл алга. Мөн , ард түмэндээ танилцуулж байгаа зүйл үзэгдэж, сонсогдохгүй байна. Ер нь Үндсэн хуулийг шинээр батлах тухай асуудал бүх ард түмний үйл хэрэг.  Бидний байр суурь бол 1992 онд шинэ Үндсэн хуулийг ямар байдлаар хэлэлцсэн, тэр байдлаар хэлэлцүүлж батлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг УИХ анхааран үзэж зохих шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна.
 
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд цаг үеийн асуудлыг асуумаар байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН тэрийг, энийг нэр дэвшүүлэхээр гаднаас урьжээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юу?
 
-Тодорхой хариултыг хэлье. Зарим хүмүүсийн явуулга, МАХН-ыг энэ сонгуульд идэвхгүй байдлаар оролцуулах, оролцуулбал нэр дэвшигчийг нь унагах, санасан бодсон хүнээ нэр дэвшүүлэхэд нь саад хийх гэсэн оролдлого их явж байна. Тухайлбал, саяхан Монгол-Германы хамтарсан судалгааны төв сонгуульд оролцох улс төрийн намуудаас хэн, хэн нэр дэвших вэ гэсэн судалгаа гаргасан байна лээ. Түүндээ МАХН-аас С.Ганбаатар нэр дэвших боломжтой гэсэн байсан. Тэгэхээр шуудхан хэлье, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Оролцохдоо өөрийн нэр дэвшигчийг тодруулж оролцоно. Хэн нэгэн гурав дахь  этгээдийг  өөр газраас  авчрахгүй, тийм хууль зүйн үндэслэл ч байхгүй.
 
-Танай  намын  дарга Н.Н.Энхбаярыг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэдгийг олон хүн асуудаг. Үүнд хариулт өгөөч?
 
-МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ.
 
-Танай намын даргыг хэвлэлээр ялтай  гэж ярьж, бичээд байна. Тэгэхээр энэ хүн чинь болох юм уу?
 
-Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын  бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа.  Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх. МАХН ч энэ шаардлага, шалгуураар өөрийн нэр дэвшигчийг тодруулж оролцоно. Улс төрийн хүчнүүдээ, Ерөнхийлөгчийн сонгуульдаа шударгаар өрсөлдөцгөөе. Ямар нэгэн заль мэх, луйвар, гүжирдлэг, хардлага сэрдлэг саад болсон бохир үйл ажиллагаа энд байх ёсгүй. МАХН бусад улс төрийн хүчнүүдийг ингэж  оролцохыг  уриалж байна. Шударга оролцоё, шударгаар өрсөлдье. Монголын ард түмэн, сонгогчид эцсийн дүнг тавиг.
 
Ч.ҮЛ-ОЛДОХ       
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин