sonin.mn

Нэг намын тогтолцоог халж ардчиллыг өлгийдсөн 1990-ээд оноос өнөөг хүртэл бидний  мөрдөж ирсэн Үндсэн хууль хүнээр бол залуу, дөнгөж 25-хан настай. Харин  байшингаар бол  хуучирчээ,  үүд нь  савлаж,  цонх нь хагарч, дээвэр нь цоорчихож. Хана туургаар нь салхи исгэрч, дээврийн цоорхойгоор цас хаялсан ийм  сарампайд хүн тогтох уу. Энэ нь  улс орны өнөөдрийн байдал, эдийн засгийн хямрал, төр, засгийн гажуудал гээд болохгүй, бүтэхгүй байгаа бүхний суурь  болж байна. Тэгвэл үүнээс гарах гарц нь Үндсэн  хуулийн зам. Өөрөөр хэлбэл, 1992 оноос өнөөг хүртэл биднийг замчилж, зохицуулж ирсэн эцэг хууль маань үүргээ гүйцэтгээд дуусчихсан. Иймд  зайлшгүй өөрчлөх хэрэгтэй хэмээн МАХН санаачилга гаргасан нь саяхнаас биеллээ олов.  Энэ намын Бага чуулганы гишүүд, төр, засагт ажиллаж байсан хүмүүс, хуульч, эрдэмтэн судлаачидтай хамтран Үндсэн хуулийн төслийг шинээр боловсруулснаа Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хууль хэмээн нэрлээд буй. Түүнийгээ саяхнаас бусад улс төрийн намуудад гардуулж, 21 аймаг, есөн дүүрэгт сурталчлах ажлаа наран ургах зүг Дорнод, Хэнтий  аймгаас эхлүүлж, Чингис хотод болсон иргэдийн уулзалтад сүхбаатарчуудаас төлөөлөл ирж  оролцов.

Хуулийн төсөл  танилцуулах, хэвлэмэл эхийг иргэдэд  гардуулах уулзалт өнгөрсөн баасан, бямба гаригт  Чойбалсан, Чингис хотод болсон нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой,  Монгол цэргийн баяртай давхцсан ч  хөдөөгийнхөн өргөнөөр оролцлоо.  Гэр болсон эцэг хуульдаа нийтээрээ санаа тавьж, сэтгэл зовж  байдгийн  илрэл  энэ болов  уу.  Үндсэн хуулийн шинэ төсөл болох Дээд хуулийн эхийг  дээдлэн хүргэж, иргэдэд танилцуулах энэ  багийг  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж,  намын дэд дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн хуульч,  Шадар сайд асан Ц.Оюунбаатар, намын Бага чуулганы гишүүн Б.Ганцэцэг, Дорнод аймгийн МАХН-ын Түмтийн дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Энхжаргал, Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга, Гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Одхүү, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн, МАХН-ын Бага чуулганы гишүүн С.Ононбаяр нар орон нутагт ажилласан юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр аймгийн төвд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид наран ургах зүг, зүүн бүс нутгаас эхлэн шинэ Үндсэн хуулийнхаа төслийг ард иргэдээрээ хэлэлцүүлж, та   бүгд   энэ төсөлтэй танилцаж, өөрсдийн санаа бодлыг нэмэрлэх уулзалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Ямар төсөл болов гэдгийг та бүхэн сайтар танилцаж байж саналаа өгөх байх гэж бодож байгаа учраас та бүхнийгээ хүндэтгэн зорьж ирлээ.  Юуны өмнө та бид ямар улс орон байв, ямар замаар явж ирэв гэдгээ сайтар бодох ёстой байх. Монголчууд та бүхэн минь өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Аз жаргалтай байна уу. Энэ асуултад олон хүн амьдраад байж л байна, гэхдээ нэг их аз жаргалтай амьдарч чадахгүй байна гэж хэлдэг. Та бүхэн ч адил тэгж бодож байгаа байх. Тэгвэл ард түмний гарт, та бүхний мэдэлд  төрийн эрх  мэдэл бодитой байна уу. Байгаа бол ямар эх мэдэл та бүхэнд байна вэ. Энд сууж байгаа, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн ямар эрх мэдэлтэй байна вэ. Харамсалтай нь хангалттай эрх мэдэл алга. Иймд тулгамдсан  асуудлуудаа шийдэж чадахгүй байна гэж иргэд маань хариулдаг. Та бүхэн ч бас ингэж хариулах байх. Монгол Улс байгалийн  баялгаараа  гайхагдсан улс. Байгалийн баялгаа яаж шударгаар хуваарилж чадсан бэ гэдгээр тухайн улс орны төр засгийг дүгнэдэг. Байгалийн баялгийг та бүхэн маань тэгш хүртэж чадаж байна уу. Энэ асуултын хариуг бүгд мэдэж байгаа. Үйлчилж  байгаа хууль, шинэ гарч байгаа тогтоолууд нь тэгш шударга болохгүй байгаа. Монголчууд өөрсдөө эдийн засгаа удирдаж чадаж байна уу. Шударга шүүхээр шүүлгэж чадаж байна уу. Шүүхдээ та бүхэн итгэж чадаж байна уу. Цаашилбал, төр засагтаа итгэж байна уу. Төр, засаг маань та бүхний итгэлийг дааж ажиллаж чадаж байна уу, үгүй. Бизнес хийх боломж нээлттэй байна уу. Бизнесийн орчин маань шударга байж чадаж байна уу гэж асуувал бас л эргэлзээ төрүүлсэн хариултууд ирэх байх. Ядуу хүмүүс Монголд байгаа юу. Тэд төрийнхөө хайр халамжийг хүртэж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байвал бид хэзээ нэгэн цагт дэлхийн хөгжингүй улсуудын нэгэн адил хөгжлийн төвшинд очиж чадах найдвар харагдахгүй байна. Яагаад бидний амьдрал ийм хүнд хэцүү болчихов. Мэдээж хэрэг хүмүүсийн, ялангуяа төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа болон байсан хүмүүсийн алдаа дутагдал өнөөгийн амьдрал хүнд хэцүү болоход ямар нэгэн байдлаар нэрмээс болсон гэдэг нь ойгомжтой. Тэгвэл хүнийг нь солиод үзье. Байдал дээрдсэн юм алгаа гэж байна. Тэгвэл яах вэ. Үүнийг судлаад  үзвэл, хямралт  байдлыг  бий болгосон гол зүйл нь тогтолцоо, систем муу,  шүүх нь хараат, эдийн засаг нь биеэ  даасан биш, төр, засгийн байгууллага ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, хуурч мэхэлдэг, ард түмэн өөрийн эрх мэдэлд ямар нэгэн юм хийх эрхийг авч үлдэж чадаагүй, зөвхөн сонгуулиар нэг удаагийн ам арчдаг цаас шиг үүрэг гүйцэтгээд хаягддаг гэж ярьдаг. Энэ  нөхцөлд тогтолцооны, системийн алдаа байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Өнөөдрийн тогтолцоо доголдолтой, систем гажуудсан бол Үндсэн хууль маань доголдолтой, гажуудалтай байна гэсэн үг. 25 жил бид энэ хуулиар явж ирлээ. Шилжилтийн үед тулгамдсан асуудлыг шийдсэн болохоос яг өнөөгийн нөхцөлд хямралт байдлаас гарахад өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хууль маань үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Иймд Үндсэн хуулиа шинэчилж, шинэ хуулийг батлах ёстой болж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Үүний дараа Үндсэн  хуулийг өөрчлөх зайлшгүй нөхцөл шаардлага, ач холбогдол, тухайлбал эцэг хууль хүний эрхийг хангаж чадаж байгаа эсэх зэрэг асуудлаар Хүний эрхийн хуульч, Шадар сайд Ц.Оюунбаатар, шүүх засаглалын тухайд Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.  Ц.Оюунбаатар “Бидний хийж буй Үндсэн хуулийн төсөл таны үр хүүхдэд, таныг хамгаалахад зориулсан. Тиймээс заавал уншаарай, тогтож судлаарай. Хоорондоо ярилцаарай, саналаа нэмэрлээрэй. Энэ бол Монголд тулгамдсан оффшорын болоод авлигачдын асуудлыг шийдэх гарц юм. Мөн Монгол  хүний үнэ цэнэ, газрын доорх баялгийн хуваарилалтын асуудлыг шийдэх, дэнслэх болно” хэмээн шинэ төслийн ач холбогдолыг тодорхойлов. Шүүх засаглал, прокурор, хүний эрхийн  асуудал өнөөдөр Монголд ямар байгаа талаар Ц.Шаравдорж “Өнөөдөр АН дотоод асуудал, дарга цэргийн суудлаа ярьж хөл толгой нь мэдэгдэхгүй сунгаанаас сунгааны хооронд улс орны чухал асуудлаар дуугарахгүй байна. Ардын нам эрх баригч улс төрийн хүчин атал боловсон хүчний халаа сэлгээгээр өнгөрсөн найман сарыг үдлээ. МАХН улс орны хөгжлийн гарц нь Үндсэн хуулийг өөрчлөх, шинэ хуулийн төсөл боловсруулан  батлах гэж үзэж,энэ чиглэлд ажиллаж ирэв. Бид  ард түмнийхээ амьдралыг өөд татах, Монгол Улсынхаа хөгжлийн зүг чигийг тодорхойлсон шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулахаар та бүгдтэй уулзаж байна. Монгол Улс мухардмал байдалд орсныг шинэ хуулийн төслөөр шийдэж болно гэж би бодож байгаа. Манай нам үүнийг шийдэхийн төлөө байна. Тэр гарцыг бид харж байна. Үүний тулд Үндсэн хуулийн өөрчлөлт рүү бид харж, хандаж яваад байгаа юм. Түүнчлэн хууль ёсны хямрал, шударга ёсны хямралыг шийдэхийн төлөө бид явж байна. Иймээс Үндсэн хуульдаа шүүх, прокурор ямар байх ёстойг, хуульчилж өгсөн. Бүх шатны шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Гэтэл бүгд томилсон хүний халаасанд, улстөрчдийн нөлөөнд  орчихоод байгааг та бид харж байна. Улс орны шударга ёсны манаач маань алга болчихоод байна. Иймд шүүгчдийг ард түмний сонголтоор томилдог болохыг бид хуулийн төсөлд орууллаа. Та бүхэн мэргэн ухаандаа дэнслэн, саналаа өгөөрэй”  хэмээн уриаллаа. МАХН ийнхүү Үндсэн хуулийн шинэ төслийн хэлэлцүүлгээ зүүн бүсээс эхлүүлж, цаашид орон даяар өрнүүлнэ гэв.

Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин