sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Бразил улсын Рио-де-Жанейро хотын төвд лхагва гарагт болж, улмаар жагсагчид болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулах байгууллагынхан нулимс асгаруулагч хэрэглэж, резинэн сумаар буудсан байна.
 
Эмх замбараагүй байдлын улмаас наанадаж нэг хүн шархадсан ба Globo телевизийн мэдээлснээр, жагсаалд оролцогч өдгөө 50 настай Моника Лима хөлдөө гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ. Зохион байгуулагчдын ярьснаар, Рио-де-Жанейрод болсон жагсаалд нийт 20 гаруй мянган хүн оролцсон аж.
 
“Бразилын ардын фронт” гэдэг олон нийтийн хөдөлгөөний төлөөлөгчдийн мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон бразилчуудын тоо нэг саяд хүрчээ.
“Бид хөдөлмөрчдийн эрхийг үгүй хийх боломжийг Ерөнхийлөгч Темерт олгохгүй гэж хоолой нийлүүлэн хашгирахын тулд гудамж талбайд нэг сая хүн гарсан” гэж “Бразилын ардын фронт”-ын цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд дурджээ.  Тус байгууллагын мэдээгээр, хамгийн олон хүнийг хамарсан жагсаал Сан-Паулу хотод болж, түүнд 200 мянга орчим хүн оролцсон байна. 
 
Бразилын үйлдвэрчний эвлэл, олон нийтийн байгууллагууд тэтгэврийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй байх зорилгоор лхагва гарагт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил хаялт зохион байгуулжээ. Томоохон хотуудын зарим гол авто замуудыг жагсагчид хаасны улмаас олон км урт үргэлжилсэн машины бөглөрөл үүсгэжээ. Сан-Паулу хотод гэхэд ид ачааллын үед зам дээр 201 км урт түгжрэл үүссэн байна.
 
Сан-Паулу, Рио-де-Жанейро хотуудад автобус, метроны ажилчид нэгэн зэрэг ажил хаялт зарласны улмаас нийтийн тээвэр бүтэн өдрийн турш ажилласангүй. Түүнчлэн Ресифи, Куритиба, Белу-Оризонти зэрэг хотуудад нийтийн тээврийнхэн ажилдаа гараагүй аж. Рио-де-Жанейрод болсон жагсаалд дунд сургуулийн багш нар оролцсоны улмаас хичээл тасалдсан байна. Бразилын нийслэлд хэдэн зуун жагсагчид Сангийн яамны барилгыг эзлэн авчээ.
 
Ноён Темер Ерөнхийлөгч болсныхоо дараа дэвшүүлсэн санаачилгуудын нэг нь тэтгэврийн шинэчлэл бөгөөд уг шинэчлэлийн талаарх хуулийн төслийг одоо парламентаар хэлэлцэж байгаа юм. Хуулийн төсөлд тэтгэврийн насыг уртасгах, хүн амын зарим давхаргад үзүүлдэг хөнгөлөлтүүдийг багасгахаар тусгажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг