sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт АНУ-ын тэргүүлэх байр суурийг илтгэн харуулахын тулд тус улсын цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тэрбээр "Reuters" агентлагт ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ.
 
Одоогоор АНУ цөмийн зэвсгийн нөөцийн хэмжээгээр хоцрогдож байгаа аж. Харин яг ямар улсаас энэ тал дээр хоцорч байгааг Трамп тодотгон хэлсэнгүй.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, ОХУ дунд болон ойрын зайн тусгалын пуужинг устгах тухай гэрээг зөрчин далавчит пуужин байрлуулах гэж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзах юм бол энэ асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж тэрбээр хэлжээ.
 
Америкийн засаг захиргааны эх сурвалжийг иш татан 2 дугаар сарын 15-нд "New York Times"  сонинд мэдээлснээр, Оросын цэргийнхэн “газар-газар” ангиллын газарт байрлалтай далавчит пуужингийн анги нэгтгэлийг байрлуулсан нь АНУ-ын үзэж байгаагаар, дунд болон ойрын зайн тусгалын пуужинг устгах тухай гэрээг зөрчиж байгаа аж.
 
Үүний хариуд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, ОХУ олон улсын үүргээ түүний дотор дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн хэвээр байгаа гэлээ. 
 
АНУ цөмийн давуу байдлаа хэнд ч өгөх бодолгүй байгаа ба цөмийн хүчин чадлаа ээлж дараатай нэмэгдүүлэх болно гэж пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер Ерөнхийлөгч Трампын хэлсэн үгийг тайлбарлан хэлсэн байна.
 
“АНУ цөмийн давуу байдлаа хэнд ч өгөхгүй гэдгийг Трамп тодорхой мэдэгдсэн, хэрвээ бусад орнууд цөмийн зэвсгийн нөөцтэй бол АНУ түүнээс нь давах болно, бид энэ зарчмыг баримтлах болно” гэдгийг тэрбээр дурджээ.
 
“Бидний зорилго бол АНУ цөмийн зэвсгийн тал дээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа алдахгүй байх явдал. Хэрвээ бусад улс орнууд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа бол бид үүнийг зүгээр суугаад байж чадахгүй” гэснээр Спайсер яриагаа дуусгасан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг