sonin.mn
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир сум болон Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм. 

Ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө орон нутагт тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсролын системийн чанарыг сайжруулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тодруулан, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. 

Иргэдийн хувьд "МАН-ын гишүүд өмнөх Засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүд болон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудлыг зориг гарган шийдвэрлэж, саашаалтай зөв үйлээр үлгэр жишээ харууллаа" хэмээн талархал илэрхийлээд цаашид ч ард түмнийхээ төлөө тууштай, шантралгүй ажиллахыг захилаа.

Тайшир сум нь аймгийн төвдөө хамгийн ойр байрлах хэдий ч хүн ам цөөтэй учраас сумын төвийн 300 хүүхдийн багтаамжтай дунд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг аж. Тиймээс сумын удирдлагууд аймгийн төвтэй ойр байршил, орчин үеийн сургуулийн дотуур байраа түшиглэн ваакуумжуулсан сургалттай, өндөр чадавхитай сургууль байгуулж, аймгийн төвийн хүүхдүүдийг сумандаа сургах төлөвлөгөөтэй байгаагаа БСШУ-ны дэд сайдад уламжилсан юм. Энэхүү ажлыг БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр дэмжиж ажлахаа амлаад, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахыг сумын удирдлагуудад захилаа. 

Мөн ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажиллах үеэрээ аймгийн иргэдийг савалсан цэвэр усаар хангадаг цэвэр усны үйлдвэр, "Тайширын усан цахилгаан станц"-ын үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудынх нь санал бодлыг сонссон байна. 

Ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажилласны дараа Баянхонгор аймагт ажилллаж иргэд хөдөлмөрчидттэй уулзалт хийсэн юм. Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эрх барьсанаас хойшхи найман сарын хугацаанд өнгөрсөн эрх баригчдын учруулсан бодлогогүй шийдвэрүүдийг таслан зогсоож, засч залруулахад ихээхэн цаг хугацаа зарцуулан ажиллаж байгаагаа дурьдаад эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа"-гаа хэлсэн юм. 

Харин тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ онд Баянхонгор аймагт баригдах дулааны цахилгаан станц, арьс, шир боловсруулах үйлвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. 

Иргэд аймагтаа хийх гэж байгаа бүтээн байгуулалтад талархаж байгаагаа илэхийлээд орон нутгийнхаа боловсон хүчин, байгууллагуудыг ашиглан бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй гээд өнгөрсөн дөрвөн жилд төрийг самарсан АН-ынхантай зоригтойхон хариуцлага тооц хэтэрхий зөөлөн тайван байна хэмээн шүүмжилсэн юм.

Мөн ажлын хэсэг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ цусны салбар төв нь цусны долоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ 2 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөжөөр тоноглогдсон төв болоод байгаа. Энэ төвийг цаашдаа бүх 21 аймаг суурилуулахаар ажиллаж байгаа ажээ.

Харин өнөөдөр ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд тэднийг аймгийн удирдлага, Аймгийн намын хорооны тэргүүлэгчид, сумын намын байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх ТББ-уудын удирдлагууд угтан авсан юм. 

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Өвөрхангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санаа бодлыг нь сонсохоос гадна аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажээ.