sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Ирэх сард Монголын Засгийн газар 580 сая долларын бондын өрийг эргэн төлөх сорилттой тулгараад байгаатай холбогдуулан тус улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй байна.
 
Энэ тухай дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог томоохон агентлагуудын нэг болох “Moody's” мэдэгдлээ.
 
Монголын Хөгжлийн банкны /МХБ/ бондын өрийг ирэх сарын 21 гэхэд төлөх ёстой юм. Харин энэ мөнгийг тус банк өөрөө эргэн төлж чадахгүйд хүрч, Засгийн газар хөндлөнгөөс оролцох хэрэгтэй болоод байгаа юм.
 
БНХАУ болон Олон улсын валютын сангаас тусламж авахаар Улаанбаатар яриа хэлэлцээ хийсээр байгаа боловч гуравдугаар сарын 21-нээс өмнө гаднаас тусламж авч чадахгүй байж магадгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
 
“Moody's” агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, “МХБ-наас гаргасан бондод Монголын Засгийн газар “эргэлт буцалтгүйгээр ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр" баталгаа гаргасан. Хэрвээ энэ бондын өрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрвэл тус улсын зээлжих зэрэглэлийг одоогийн“Caa1” буюу “санхүүгийн чадамж муу, эрсдэлд ороход тун ойрхон” гэсэн ангиллаас “эрсдэлд орж, дампуурал зарлахад хүрсэн” гэсэн ангилал руу оруулж магадгүй аж.
 
Монголын Засгийн газар Хөгжлийн банкийг дэмжиж, бондын өрийг хугацаанд нь төллөө гэхэд Засгийн газрын зээл авах боломж, зээлийн багтаамж, үүний дотор гадаад валютын нөөц эрсдэлд орох магадлалтай учир  тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад хүрч магадгүй юм.
Ердөө гурван сая хүн амтай ч өргөн уудам газар нутагтай Монгол Улс санхүүгийн хүндрэлд ороод байна.
 
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, Монгол Улс 1.3 тэрбум долларын нөөц, үүний дотор алтны нөөцтэй байсан боловч Хятадын Ардын банктай хийсэн валют солилцооны хэлцийг оруулалгүйгээр 1.7 тэрбум долларын гадаад өртэй байна.
 
“Moody's” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхээ гурван сарын дотор шийдвэрлэх аж. Тус агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд  хоёр ч удаа бууруулаад байгаа юм.
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг