sonin.mn
ЛОНДОН./BBC/. Хүүхдүүд төрснөөсөө хойших эхний таван сарын хугацаанд олж авсан төрөлх хэлнийхээ дадал чадварыг насан туршдаа мартдаггүй гэж эрдэмтэд үзэж байна.
 
Өмнөд Солонгосын нэгэн их сургуулийн мэргэжилтнүүдийн саяхан явуулсан судалгаагаар, тухайн хүн нэг улсаас нөгөө улсад нялх байхдаа ирснээр төрөлх хэлээ мартсан байдаг ч гэлээ эх хэлнийхээ мэдлэгийг "уураг тархиныхаа гүнд" хадгалсаар байдаг ажээ.
 
Уг судалгаанд Өмнөд Солонгосоос Голландад үрчлэгдэн ирээд одоо зөвхөн голланд хэлээр ярьдаг насанд хүрсэн хүмүүс оролцсон байна. Тэд хэдийгээр солонгос хэл мэдэхгүй боловч солонгос үгсийг маш зөв цэвэрхэн дуудаж байжээ.  
 
Судалгааг удирдсан Жиун Чой-гийн ярьснаар, хэл ярианы хамгийн чухал дадлуудыг хүүхдүүд төрснийхөө дараах эхний хэдэн сарын хугацаанд олж авдаг байна. Ийм дадлыг олон жил өнгөрсний хойно ч гэсэн төдийлөн их хүч хөдөлмөр гаргалгүйгээр сэргээж болох аж. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс солонгос хэл сурахдаа огт түүртэхгүй гэсэн үг.
 
Судлаачид Голландын иргэдээс хэлний мэдлэгийн сорил авсан байна. Сорилд хамрагдсан голландчуудын нэг хэсэг нь тус улсад төрж өссөн хүмүүс, нөгөө хэсэг нь нялх байхдаа үрчлэгдэн тус улсад ирсэн хүмүүс байв. Тэднийг зургаан сар хүрээгүй байхад нь үрчлэн авчирсан боловч тэдгээр солонгос гаралтай голландчууд өөрсдийн огт мэдэхгүй солонгос хэлний үгсийг маш цэвэрхэн дуудаж байжээ. Гэтэл "цэвэр голландчууд" аялгатай дуудаж байсан байна. Түүнээс гадна нялх байхдаа үрчлэгдсэн хүмүүс болон 1 ой 6 сартай болон түүнээс дээш настай байхдаа үрчлэгдсэн хүмүүсийн хооронд дуудлагын ялгаа бараг байхгүй байжээ.  
Үүнээс үндэслэн, хэлний мэдлэг гэдэг бол хийсвэр чанартай бөгөөд практик дадлагаас хамаардаггүй нь харагдана.
 
Жиун Чой ярихдаа “хэл сурах үйл явц хүүхэд дөнгөж төрсний дараах эхний саруудад эхэлдэг бөгөөд энэ үед хэл ярианы дадлын үндэс суурь тавигддаг гэдгийг санах хэрэгтэй. Та бүхэн нялх үрстэйгээ аль болохоор их ярьж байх хэрэгтэй. Тэд таны ярьж байгааг байнга тогтоож авч байдаг” гэж зөвлөлөө.  
Хэл сурах үйл явц хүүхэд эхийн хэвлийд байхад эхэлдэг учраас дөнгөж төрсөн нярай хүүхэд эхийнхээ дууг таньдаг.  
 
Ийм учраас хүүхэд дөнгөж төрсөн тэр өдрөөс эхлэн түүнтэй аль болохоор тогтмоол ярилцаж байх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг