sonin.mn
Намайг хуучнаар "ГЯЯ"-ны яамны албан ёсны нэрийг одоо юу хэмээн нэрийдэж байгаа бол гэдэг дээр эргэлзэж байна гэвэл та бүхэн итгэх үү? "ГЯЯ" гэж хашилтан дотор хийлээ шүү.
 
Намайг бага залуу байхад ихээхэн нэр хүндтэй энэ байгууллагын албан ёсны нэрийдэл "Гадаад явдлын яам" гэсэн нэрээрээ хорь гучаад жил явсан байх. Уг сурвалжийг нь хөөн бодвоос бүр автономитын үеэс энэ нэрийдэл бүрэлдэн тогтсон янзтай байдаг. 
 
Дараа нь 1990 оноос хойш Гадаад хэргийн яам болчихсон цохиж явснаа тун удалгүй нэг засаг солигдоход Гадаад харилцааны яам болсон санагдаж байна. 2010 онд нэгэн арга хэмжээнд орчуулга хийгээд явж байхад албан ёсны нэрийдлийн товчлол нь "ГХХЯ" болчихсон байсныг хэр баргийн хүн тайлан унших нь байтугай тэр тухай дуулаа ч үгүй байвал миний хувьд төдийлөн гайхахгүй. Яагаад гэвэл би ч өөрөө тэр нэрийг хараад "Нэр томъёоны тогтвортой байх чанарыг" ингэж алдагдуулж байх гэж дээ хэмээн дотроо халаглаж байсан болохоор тэр юм. Дээрх товчлолын тайлбар нь "Гадаад харилцаа худалдааны яам" гэсэн үг болой.
 
Манай боловсролын яамны нэрээ өөрчлөсөн хийгээд өөр салбартай нийлж салсан түүхийг өгүүлвээс энэнээс урт үлгэр болж мэдэх байх аа. Ер нь төрийн гол яамдын нэрийн өөрчлөлт гэдэг сэдэв авчихсан оюутан толгой өвдөлгүй мастерийн зэрэг хамгаалчих байх шүү. 
 
Намайг бага залууд Эрүүлийг хамгаалах яам гэдэг байсан байгууллагын нэрийн хувирлын түүх өдгөө ямар болсныг миний хувьд тийм гээд зоригтой хэлчих сачий бас л дутаж байна. "Эрүүл мэндийн яам", "Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам", "Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам" ч бил үү дээ хувираад явчихсан нь одоо ямар нэрэн дээр очоод тогтоо бол доо? Ийм жишээг ХААЯ-ны нэрийн хувирал гээд үргэлжлүүлвэл бас л дуусашгүй юм болж мэдэх нь. 
 
Миний сайн мэдэж байгаачлан өмнөд хөрш Хятадад "Боловсролын яам", "Соёлын яам", "Гадаад хэргийн яам", "Эрүүл мэндийн яам" гээд нэг л хатуу тогтсон нэр томъёо нь хэдэн арав тэр ч байтугай зуун жилийн настай байдаг нь төрийн тогтвортой байдлын илэрхийлэл баталгаа болж байдаг шиг. За цаашлаад тэдний хувьд "Багшийн их сургууль", "Анагаахуйн их сургууль" гээд ямар ч зоригтой улс төрч өөрчлөх аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нэршлүүд манай улсад болохоор "Боловсролын их сургууль", "Эрүүл мэндийн их сургууль" гээд аль эрт төрөл арилжчихсан байх жишээтэй. 
 
Хэл бол нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжлийг даган хувьсаж байх зүй тогтолтойг миний бие хэл шинжээч хүний хувьд мэдэлгүй яахав. Гэхдээ аливаа үндэстний хэлний хамгийн тогтворгүй, хувьсамтгай хэсэг нь ярианы хэл байдаг бөгөөд тэрхүү хувьсамтгай чанарыг нь бичгийн хэлний харьцангуй тогтвортой чанар хазаарлаж байх учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичгийн хэл нь ярианы хэлийг бодох юм бол илүү тогтвортой чанартай байдаг гэсэн үг л дээ. Тэр дундаа дээр өгүүлсэн төрийн гол яамд, салбарын үндсэн нэгжүүдийн нэрийдэл зэрэг нэр томъёонууд бичгийн хэл дундаа бүр ч тогтвортой байх учиртай нь дэлхийн хөгжингүй улс орнуудын "Хэл соёлын бүтээн байгуулалтын үйл хэргийг" ажиглаж байхад тодорхой харагддаг. 
 
Харин энэ зүй тогтол манай улсад болохоор улс төрийн тогтворгүй байдал хийгээд хэл шинжлэлийн талаар паг байж мэдэх ойворгон улс төрчдийн балгаар яаж бантагнаад байгаагийн зах зухаас товч өгүүлэхэд ийм буюу. 
 
Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүд "Үндсэн хуулийн", "Үндсэн хуулын" гэж хоёр бичлэгийг нэг мөр болгох асуудлын талаар маргалдаад сууж байхыг харахад үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан шүү. Үндэсний монгол бичигтээ зоримог шилжин орохоос нааш энэ мэт инээдтэй марзан гэхэд багадмаар маргаан мэтгэлцээн төгсгөл болох нь юу л бол? Даанч үүнийг манай суурин дээрээ "380 градус" эргэчихдэг улс төрчид сэхээрдэг болов уу?
 
Манай нэгэн хашир туршлагатай улс төрч өөрийн нэг томоохон асуудлаарх байр суурь үндсээрээ эргэчихээд байгаа гэдэг санаагаа "380 градус эргэчихээд байна" хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнийг санаж байна уу? Тойргийн хэмжээс миний багад арай өөр байдаг шиг санагдах юм. Гэвч энэ цаг үед болж бүтэхгүй юм гэж бараг үгүй болсон болохоор 380 болчихоод байгааг мунхаг би ухаарахгүй яваа ч юм бил үү?
 
Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар