sonin.mn

 

Өнөөдөр Монголчууд үндэсний урлаг, соёлоороо дэлхийд гайхагдах болсон. Дэлхийд монголоо таниулсан үндэсний урлагийн томоохон зүтгэлтнүүдийнхээ нээсэн замаар явж, ардын хөгжмийг дэлхийд таниулах хүсэлтэй залуу уран бүтээлчид хөдөлмөрлөсөөр байгаа нь сайхан хэрэг. Ингээд “Улаанбаатар” чуулгын хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан, ятгачин Н.Отгончимэгтэй ярилцлаа.
 
-Ятга хөгжим бол үндэсний зан заншилтай нягт холбоотой байдаг. Хэзээнээс энэ хөгжмөөр хичээллэх болов...
 
-1996 онд Хөгжим бүжгийн коллежид орсон. Анхнаасаа ямар нэг зорилгоор ч юм уу хэн нэгний нөлөөгөөр ятга хөгжмийн ангийг сонгоогүй. Эгчийгээ дагаж ирж шалгуулаад Д.Нарантуяа багшийнхаа ангид орж байлаа. Ятгын ангийн анхны 16 гэгддэг Соёлын тэргүүний ажилтан Д.Нарантуяа, Д.Алтантуул болон Ч.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван багшийн гар дамжсан даа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хөгжмийн үнэ цэнийг мэдэрч, зүрх сэтгэлээрээ ойлгосон. Ятгатайгаа ярьж суух үе хүртэл надад байдаг.
 
-Тэгэхээр хөгжимөө амьд мэт ойлгож, харилцах хэрэг гардаг гэсэн үг үү?
 
-Энэ бол хамгийн чухал зүйл гэж би боддог. Ятгын ганцхан утсыг татахад л сайхан аялгуу гардаг. Бусдыг нь зэрэг дуугаргахад олон янзын хэлээр ярина. Тэгэхээр түүнтэй ярилцаж болно гэсэн үг шүү дээ. Үгээр хэлж боломгүй мэдрэмж, илэрхийллүүд ялангуяа хөгжмөөр дамжин хүнд хүрэх нь бий. Уртын дууг анхааран чагнах үед эхний сонсолтоор үг хэллэгийг нь бүрэн ойлгохгүй байж болох ч аялгуу, хоолойн цар хүрээ, түүнд багтах сэтгэлгээний гүн гүнзгий өгүүлэмж нь сонсогчийн зүрх сэтгэл рүү нэвтрэн орж, ойлгон тунгаахад хүргэх нь бий. Мэдээж дуучин нь сайн дуулж тухайн дууныхаа утгыг хүмүүст ойлгуулж чадаж байвал шүү дээ. Ятгын эгшиг, морин хуур, ёочирын аялгуу нь яг л үүнтэй адилхан байдаг. Түүнийг хүртэх, хүлээж авах сонсогчийн мэдрэмжүүд л өөр өөр байдаг.
 
-Тийм шүү хүн бүхэн өөрийнхөөрөө хүлээж авдаг байх. Ингэхэд та өөрийн хөгжмийн мэдрэмжээ хэрхэн хөгжүүлсэн бэ. Бусдын ятга тоглож буйг хараад хэрхэн хүлээж авдаг юм бол...
 
-Хүн өөрөө хүсч, дотор лугаа илүү ихээр өнгийж, эрэл хайгуул хийх аваас мэдрэмжүүд хөгжсөөр байдаг. Мэдээж хөгжмийн талаар тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Анхнаасаа л би ятгын хэмнэл болон нарийн бүдүүн өнгөнүүдийн дуугаралт, сүлбэлдэх зохицлыг анзаарч мэдрэхийг хичээдэг байсан. Тиймдээ ч мэдрэмж минь сайжирсан болов уу гэж боддог. Одоо өдөр бүр дасгал сургуулилт хийсээр л байгаа. Хуруу жаахан эвэршиж, цэврүүтдэг. Анхлан суралцаж байгаа хүн их тоглохоор хурууны өндөгнүүд маш эмзэг хөндүүр болдог. Гэвч хүний хүсэл мөрөөдөл иймхэн зүйлийг даваад гардаг юм билээ. Сүүлдээ ч бараг тоохоо больдог.
 
-Тэгэхээр ятгачин болох таны багын мөрөөдөл байсан хэрэг үү?
 
-Би хөгжимчин болох тухай нэг их мөрөөдөж байгаагүй. Тоглож байгаа хүмүүсийг л харахад сайхан санагддаг байж билээ. Хүн өөрийн гэсэн онцгой тавилантай байдаг гэдэгт би итгэдэг. Тийм л тавилангийн хүчээр би ятгачин болсон байх. Ятгыг Монголын ард түмэн зуун жилийн турш тоглож, найр наадмаа хөгжөөн, аялгуу юунд нь дуулж ирсэн. Үндэсний хөгжим гэдэг утгаар нь одоо бол илүү их хайрладаг.
 
-Ятга тоглоход хурууны хурд маш их шаардагддаг гэсэн. Энэ талаар яриач?
 
-Ятгын чавхдас нь “өлөнгөөр” хийгдсэн, тэвх мод нь зөөлөн “хуш”-аар хийгдсэн байдаг. Ятгаар хөгжимдөхөд хэм хэмжээ нь удаан түргэн, ая хэмнэл ихтэй аяз хөгжимддөг учраас хөгжимдөгч хүний ур дүй, сонсгол, хурууны техник, хурдан хөдөлгөөн их үүрэгтэй байдаг. Тиймээс нэн түрүүнд хуруугаа маш хурдан, утсаа цэвэр татдаг болгох хэрэгтэй. Мөн зүрх сэтгэлээ сайн тэнцвэржүүлж хэт их догдлол, хэт их түгшсэн байдалгүй тоглох нь хамгийн чухал.
 
-Ятга хөгжимд зориулж шинэ бүтээл туурвидаг гэсэн. Бүтээлийн санаа хэрхэн төрдөг вэ. Хөгжмийн аялгуу зохионо гэдэг бас л дээд зэргийн сонсгол, мэдрэмж шаардсан ажил болов уу?
 
-Эртний хөгжмийн гарал үүслийн тухай янз бүрийн ойлголт бий. Монголчууд шиг нүүдэлчин овог аймагтай улс ч цөөнгүй байсан. Австрали, Африкт ч гэсэн өнөө хэр нь нүүдэлчин улс байгаа шүү дээ. Тэдгээр овог аймгийн хөгжмийн зэмсэг, хөг аялгуу нь байгальтайгаа их ойр, өнгө шийдэл нь зохицсон байдаг юм. Тиймээс олон улсын хөгжмийн зэмсэг, хөг аялгууг судалж, уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Мэдээж байгалиас заяасан авьяастай, тодорхой хэмжээний сонсгол, ритмтэй байх ёстой. Би ая зохиох гээд суусан чинь юу ч хийж чадахгүй өнждөг өдрүүд байлаа. Харин зүгээр л санаандгүй явж байхад л сайхан хөгжмийн ая бичих, уран бүтээл туурвих санаа төрдөг.
 
-Монголынхоо ардын урлагийг бусдад таниулахын төлөө явж байхад өөрөөрөө нууцхан бахархах, үндэснийхээ урлагийг илүү ойлгож бахдах сэтгэл төрдөг байх...
 
-Бүх зүйл дардан шулуун байдаггүй. Урлагийн хүмүүс ч олон янз байдаг. Зөөлөн нь ч бий. Хатуу ширүүн ч хүмүүс бий. Ихэнх нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өөдрөг үзэл бодолтой. Болохгүй зүйлийг болгоно, бүтээнэ, болж байна гэдэг. Тийм л хүмүүстэй хамт явж байгаадаа маш их баярлаж явдаг. Үнэхээр Монголын минь үндэсний урлаг, биелгээ, хөгжим, дуу хуур нь дэлхийд маш их алдартай. Өнөөдөр Монголын маань олон залуус салбар салбартаа эх орныхоо нэрийг мандуулж байгаад баяртай байна. Үндэснийхээ хөгжмийг дэлхийд гэлтгүй Монголчуудад ч өнөөдөр сайн сурталчилж таниулахгүй бол гадны нөлөө их нэвтэрсэн байгаа. Хүүхэд бүр ятга гэхээсээ илүүтэйгээр төгөлдөр хуур, гитар тоглох болсон. Гэхдээ үүнийг шүүмжилж байгаа юм биш. Гол нь ятга, морин хуурыг гитараас илүү биш юмаа гэхэд дутуугүй тоглоод сурчих хэрэгтэй.
 
 
-Ер нь ардын хөгжим болон сонгоддог хөгжмөөр тоглох нь хоорондоо ямар ялгаатай вэ?
 
-Сонгодог хөгжим гэхээр бүх төрлийн өнгө таналистууд бэлэн байж байдаг. Харин ардын хөгжимд монгол хөг, пентатоник үндсэн таван хөг голцуу байдаг юм. Сонгодог хөгжмөөр ардын урлагийн хөг аялгууг тоглох хэцүү. Ардын язгуур өнгө, манерыг гарган тоглоход бүрэн гарч өгөхгүй байх жишээтэй. Ардын хөгжмөөр монгол аялгуу тоглох нь хамаагүй илүү дөхөм, наалдацтай хөг аялгуу гардаг юм. Ятга хөгжим нь үндэсний язгуур өнгө, аялгууг илүү тод, томруун гаргаж тоглож болдог өвөрмөц онцлогтой.
 
-Ятга хөгжим Монголд төдийгүй Азид дэлгэрсэн байдаг. Харин манай ятга ямар онцлогтой юм бол?
 
-Монголын үндэсний хөгжим ятга маань Хятад, Вьетнам, Солонгос, Япон гээд Ази, Дорно дахинд илүү түгэн дэлгэрсэн. Хэдий ижил төстэй боловч техник, тоглох арга барилын хувьд өөр байдаг. Монгол, Солонгосчууд өндгөөрөө нясалж тоглодог байхад бусад улс орны хөгжимчид хиймэл хумс, хуруувч хийж тоглодог. Энэ нь чанга, хатуу, металь дуугарч сонсогддог. Харин бид өндгөөрөө дуугаргадаг учир зөөлөн, уянгалаг сонсогддог болов уу. Гэхдээ манай сургалт өндгөөрөө, хумсаараа тоглохын аль алиныг нь хослуулж заадаг онцлогтой.
 
-Их олон орноос гаралтай хөгжим юм байна. Түүхийг нь судалж үзэж байв уу?
 
-Мэдээж, тэгэлгүй яахав. Ятга манай үндэсний хөгжим гэдэг нь батлагдсан. Манай хаад Солонгосын хаантай ураг барилдуулж байсан түүх бий. Тэр үеийн хатад нь ятгыг мундаг тоглодог байсан гэдэг. Тиймээс Монголоос үүссэн хөгжим гэж ойлгож болно. Одоо 2500 жилийн өмнө байсан хоёр утастай ятга Ленинградын музейд хадгалагдаж байгаа тухай номноос уншиж байсан. Нэг л өдөр очиж харна гэж боддог.
 
-Таныг бишрүүлдэг үе үеийн шилдэг ятгачдаас нэрлэ гэвэл хэний нэрийг дурдах вэ?
 
-Ахмад ятгачдыгаа бол их хүндэлдэг. Тэд өөрсдөө хөгжмөө бичиж найруулдаг байсан. Жишээ нь Цэрэнхорлоо гуай гоё бүтээл хийхээс гадна хөгжмөө өөрөө найруулдаг сайхан уран бүтээлч байсан. Мөн өөрийнхөө багш Д.Нарантуяаг дурдахгүй өнгөрч болохгүй. Багш заах арга зүйн хувьд хэнтэй ч зүйрлэшгүй сайн заавар зөвлөгөө өгдөг. Дээр нь Ч.Мөнх-Эрдэнэ багш маань байна. Азийг энэ хүн ятгын аялгуугаар доргисон шүү дээ.
 
-Урлагийн хүн болоход авьяаснаас гадна биеийн өгөгдөхүүн байх ёстой гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
 
-Мэдээж байгалиас заяасан авьяастай, тодорхой хэмжээний сонсгол, ритмтэй байх ёстой. Ямар ч сонсголгүй авьяасгүй хүн гэж бий. Гэхдээ хөгжүүлж болно. Гэвч тийм хүн дээд зэргийн түвшинд хүрнэ гэдэг нь эргэлзээтэй. Мэргэжлийн ятгачин болох гээгүй сонирхогчдод багахан авьяас байхад л хөгжүүлж болно. Ятгачин хүний хуруу нь урт, богино биш дунд зэргийн мөртлөө маш сайхан тэгшхэн байх ёстой. Мөн ятганы чавхдасыг татаж өнгө дуугаргахад бяд хэрэгтэй. Басхүү хөгжим бүр өөрийн гэсэн өнгөтэй. Тэр өнгийг сэргээхэд хамгийн гол нь хурууны өндөгөө хэрхэн ажиллуулахаас шалтгаалдаг.
 
-Манай мундаг уран бүтээлчид голцуу ятгатай дуулдаг байсан. Харин та өөрөө ятгаа тоглоод басхүү дуулах юмсан гэж бодож байв уу?
 
-Сайн мэдэхгүй юм. Бодож байл уу, яалаа. /инээв/ Ятгийн аян дээр дуулж буй хүн үнэхээр сайхан харагддаг. Угаас “Эр хүн ятгатай дуулах Монголын их амар амгалан” гэж манай яруу найрагчид шүлэглэсэн байдаг. Жишээ нь Вандан, Адарсүрэн, Түмэндэмбэрэл, Өлзий-Орших зэрэг сайхан дуучид ятгатай дуулж буйг анх сонсоод уйлдаг байлаа. Ятгын гоцлол гэдэг сүүлийн арваад жил орхигджээ. Үүнд бидний ардын сонгодог урлаг, хөгжим орхигдож байна гэсэн үг. Тиймээс цаашид энэ тал дээр илүү их анхаарч уран бүтээлээ туурвина даа.
 
Б.Алтанхуяг
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг