sonin.mn
Хүн төрөлхтний түүх соёлд Чингис хааны нэр алдар, алдаа оноотойгоо мөнхрөх жамтайг “Хоёрдох мянган жилийн дэлхийн тэргүүн суут хүн”-ээр тодруулсан шалгаруулалтын дүгнэлтэд “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал юм.
 
Чингис хаан болон түүний залгамжлагчид Европ Азийг хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг бүрдүүлж улмаар Өрнө дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгожээ.
 
Чингис хаан бол хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан хүн”, “..бусдаас илүү ой билэгтэй, өөрийн тойрогт асар олон шударга нөхдийг бүрэлдүүлж чадсан учир хүчтэй дайснаа хялбар ялж байжээ гэжээ.
 
Дэлхийн өөр бусад улс орнуудад гаргасан дэлхийн суут 10,20,50,100,500 хүн, 15 сод хаан зэрэг олон жагсаалтад Чингис хаан ямагт дээгүүр байранд үнэлэгдсэн байгаа нь их эзэн хаан Чингис хүн төрөлхтний соёл хөгжилд жинтэй хувь нэмэртэй болохын батлагаа юм. Үнэхээр ХIII-ХIҮ зуунд эх газрыг эзэгнэсэн Чингис хааны аян дайны үйл явдлыг дурдахгүй бол дэлхийн түүх бичлэгт цагаан зай гарна. Чингис хааны удирдан жолоодох ухааны үндэс болсон бизнесийн гүн ухааныг Америкт хэрхэн үнэлж байгааг Солонгосын Ким Жон Рэ тодорхой нотлон үзүүлсэн байна. 
 
АНУ-ын нэгэн зуучлагч компани “Лидер вали”-ийн зөвлөх Мик Эйч бичсэнийг зохиогч эшлэн тэмдэглэснийг үзвэл Чингис хааны удирдах арга барилыг дөрвөн Е-ээр тайлбарласан байна.
 
Үүнд:
1. Аливааг урьдчилан харах чадвар - Envision
2. Түүнийгээ хэрэгжүүлэх чадвар - Enable
3. Түүнийгээ хэрэгжүүлэх эрч хүч -Energize
4. Гүйцэтгэгчдэд эрх мэдэл олгох - Empower гэжээ.
 
“Мянган жилийн түүхэн хүн” номын зохиогч Ким Жон Рэ-гийн бичсэнэээр “Чингис хааны онцгой шинж болох нээлттэй чанар, үйл ажиллагаа нь зарим үед түүнийг хүн биш юм шиг сэтгэгдэл төрүүлнэ… Чингис хаан үнэхээр тэр чигээрээ прагматик хүн” байжээ. Сүүлийн жилүүдэд Америкийн Жек Ведерфорд, Солонгосын Ким Жо Ре, Дундад Улсын Жу Ёо Тин, Оросын Н. Кычанов зэрэг олон судлаачид их хааны үйл хэргийн үнэнийг нээхээр чармайж Чингис хааны түүхэнд эзлэх байр суурийн талаар сонирхолтой үнэлэлт дүгнэлтүүд хийсэн нь Эренжин Хара Даван, Б.Я. Владимирцов, Ж Неру, Сайшаалт, Лев Гумилёв нарын тулхтай хашир судлаачдын үйл хэргийг өртөөлсөн гэж үзэх үндэстэй. 
 
Тухайлбал Энэтхэгийн төр нийгмийн суут зүтгэлтэн Жавхарлал Неру “Чингис хаан бол түүхэн дэх цэрэг дайны аугаа их мэдлэгтэн, удирдан жолоодогч байсан бөгөөд түүнтэй харьцуулахад Македоны Александр, Юлий Цезарь нар өчүүхэн амьтад байжээ” гэж түүний хүн төрлөхтний түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлсон. Мөн янз бүрийн ажил мэргэжлийн судлаач зохиогчид өөрсдийн судлагаагаа Чингис хаантай холбохыг хичээж сурвалж бичгүүдээс холбогдож болох мөр санаа бүрийг шүүрдэн хайж Чингис хаан гүн ухаанч, цэргийн жанжин, хууль эрх зүйн онолч, сурган хүмүүжүүлэгч, нэрт дипломатч, аугаа газар зүйч, шашныг бадруулагч, эрдэмтдийг ивээн тэтгэгч, цэрэг зэвсгийн хосгүй нээлтүүдийн эзэн, аугаа их зөн билэгч, бөө мөргөлийн мөнх тэнгэртэй холбогдсон зайран, тоо зурхайн ухааны эрдэмтэн, бичиг сургаал номлогч гэх мэтээр үнэлэн дүгнэсэн байдаг.
 
Тухайлбал Чингис хаан Нанхиадын мэргэн Чан Чун бомботой ярилцаж дуусахдаа дэргэдийн албаны хүмүүстээ “Үүнийг хөх дэвтэрт оршуул. Би биеэр шүүж үзсүгэй. Түүний дотор нарийн утгыг үл ойлгох зүйл байвал дахин залж заалгасу” гэснийг бомбын шавь Ли Хи Чин 1220-иод оны үед тэмдэглэн үлдээсэн нь их хаан бичгийн эрдэмтэй байсны, элч нарт хэдэн зэрэг дэвтэй “Гэрэгэ” гэрч бариулан илгээж байсан нь дипломат албаны Итгэмжлэх жуух санаачилсны, Их засаг цааз хуулийг 1205 онд гаргасан нь дэлхийн анхны бичмэл хууль болохыг (Геннесийн номд бичигдсэн Английн Магни харти 1215 онд гарчээ), их газрыг холбосон өртөө холбоо нь өнөөгийн интернэтийн эх байсныг, өнөөгийн даяаршлыг Чингис хаан эхлүүлсэн зэрэг олон баримт үнэлэлт дүгнэлтийг дэлгэж болох билээ. 
 
Чингис хааны үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийн нь түүхийн гүн ухаан, шүтлэг бишрэл үйл хэрэгтэй хамтатган тодруулсан байх ёстой юм. Арабын түүхчид (Рашид ад Дин зэрэг) “Гахай жилтэй эхээс төрсөн” (Өүлэн эх гахай жилтэй) гэсэн мэдээг “Гахай жил эхээс төрсөн” гэж ойлгон сурвалждаа тэмдэглэснийг баримтлаж дэлхийн гол нэвтэрхий толь бичгүүдэд Тэмүжин 1155, 1167 онд төржээ гэсэн нь их хааны үйл хэрэг төдийгүй хувийн нь түүх ч эндүүтэй байгааг илтгэнэ. 
 
Нөгөө нэг хэсэг нь нийтийн он тооллоор 1162 онд төрсөн гэж ой тэмдэглэж байгаа нь манжийн ноёрхолын үед төрийн хэргийг хөтлөх болсон Нанхиадын хуанли болон хожуу үеийн (ХҮI зууны) түвдийн шашны литийг баримтлан сурвалж бичгүүдийн он тооллыг тайлсан хэрэг. Гэтэл нүүдэлч малч Монголчуудын шинэ он намар байсан гэдэгтэй эрдэмтэд санал нэгдмэл байдаг. Энэ зурхайгаар морин жилийн өвлийн эхэн сарын шинийн гурван 1161 оны 12 сар юм. Монголчуудын үндэсний онцлог зурхайгаар бол Хөх Монгол гүрнээ тунхагласан нь 1206 оны хавар биш 1205 оны намар байдаг жишээтэй.
 
Их хааны талаархи үнэлэлтийн өөр нэг согогтой тал нь түүхийн үйл явдлын ерөнхий төлөв байдлыг буруу ухаарсантай холбоотой бөгөөд тухайлбал дэлхийг байлдан дагуулагч, ертөнцийг эзлэгч гэх мэт дэврүүн дүгнэлтүүд нэн өргөн хүрээтэй байна. Үнэн хэрэгтээ оргодол мэргидүүдийг Хибчаг орогнуулж өмгөөлөөгүй бол, зугатсан хибчагуудыг Орос ивээлдээ багтаан Чингис хааны элч нарыг хоморголон алаагүй бол, ялагдсан оросын вангууд болон дүрэвсэн хибчагуудыг европ найр  тавин тосоогүй бол, Чингисийн цэргээс зугтсан 400 мянган хибчагууд холилдсон эсэргүүцэгчдийг Унгарын IҮ Бела хаан газар олгож угтаагүй бол Монголын цэрэг тэр хол замыг туулахгүй байсан.
 
Тэд уулын цаана уул байна гэж уулгалан довтлож байлдаан хийгээгүй юм. Тэгээд ч уг шийдвэрийг Чингис хаан ганцаар гаргаагүй, сэцдийн зөвлөл их хурилдайгаар гаргасан Их засаг хуулинд нэмэлт оруулсан, урьдчилсан нарийн төлөвлөлт зорилгод суурилсан хамтын шийдвэр байсныг санах ёстой. Энэ нь ч Чингис хаан дарангуйлагч биш хамтын шийдвэрийг эрхэмлэгч байсны нотлогоо болно. Чингис хаан дэлхийг дайн байлдаанаар эзлэн аугаа их гүрэн байгуулах санаа сэдээгүй бөгөөд гагцхүү Монголын нэгдсэн гүрний хувь заяанд аюул учруулах эсэргүүцэл дайснуудыг тэтгэсэн дөрвөн зүгийн муу хаадын мугуйд бодлогыг дарж төвшитгөх бодлого явуулсныг сэхээрэх ёстой.
 
Чингис хааны хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяаг үнэлэх дүгнэхдээ тухайн хүний үнэн зөв намтар судлал, угсаа гаралын маргаангүй үнэнийг хаадын алтан ургийн бичиг, уугуул суугуул нутаг орны түүхэн газар зүйн байдал, тулхтай эши сурвалж зэргээр далайцтай судлан үнэлэлт дүгнэлт хийж сурталчлах шаардлага байгаа. Монголд их хаан эзний төрсөн газар Дэлүүн болдог нь 3, их хааны шүтээн уул Бурхан Халдун мөн 3 болсон зэрэг нь Чингис хаан судлалын үнэлэлт дүгнэлт ихээхэн учир дутагдалтай байгаагийнх юм.
 
Ямарч гэсэн Чингис хаан бол дэлхийн түүхэнд байгаагүй өргөн хэмжээний газар нутгийг төвшитгөн Их Засаг хуулийн дор эрхшээсэн засах төрийн гүн бодлоготон, цөөнөөр олныг ялахын эрдмийг нээсэн цэргийн суут ухаантан, бүх шүтлэгийг адил тэгш хүндэтгэж хүрсэн газар бүхэндээ олны сэтгэлийг татсан аугаа жолоодогч, ард түмнээ боолчилсон мугуйд муу хаадыг дарж дэлхий нийтийн соёл гэгээрэл төр хууль ёсыг өөрчилсөн сод билэгт шинэчлэгч, хүний нэгэн нас үл хүрэх алдаа оноотой гайхамшигт үйл хэрэг эрдэм ухаанаараа ертөнцийг нээсэн, орчлонг сэрээсэн, дэлхийг холбосон, хүн төрөлхтний түүхэнд гайхагдах мөнхийн үйл хэргийг бүтээсэн Монгол хүн, Монголын Чингис хаан билээ.
 
 
Н.Нагаанбуу агсан, Т.Баярхүү нарын "Монгол ухаан есөн эрдэм" номноос...