sonin.mn
Цаг хугацааг хэмжих, тоолох янз бүрийн аргууд байж болно. Бидэнд давтамжтай харагддаг, мэдрэгддэг зүйл л хэрэгтэй. Дэлхий тэнхлэгээ болон нарыг тойрон эргэх давтамжийг ажиглаж байгаад буюу нараа харж байгаад л нарны тоолол зохиож /Нараа гэе/.
 
Зарим нь сарны эргэлдэх хөдөлгөөнийг буюу сараа харж байгаад сарны тоолол зохиож /Сараа гэе/. Атомын цаг бол харин нар, саранд хамаагүй, зөвхөн давтамжаа тоолдог. Гэвч Айнштайныхаар гэрлийн хурдаар энэ цагийг аваад нисвэл энэ цаг удаашрана.
 
Манай зурхайчид яагаад маргав? Маргалдагч талуудын аль аль нь Сарааг дагадаг. Гэвч Сараа бас 2 янз. Нэг нь цэвэр Сараа- Solar calendar /Хижрийн тоолол. Шар зурхай дагадаг/, нөгөө нь Сараа+ бага зэрэг Нараа буюу lunisolar calendar /Төгсбуянт дагадаг. /.
 
Эд яаж тоолдог вэ? Сар дэлхийг 29,5 хоногт 1 удаа тойрно. Үүнийг 2 зурхай 2 уулаа зөвшөөрнө. Харин энэ бутархай өдрөөс л хамаг асуудал үүснэ. 0,5 өдрийг яах вэ? Жигд тараах уу? Цуглуулж байгаад бөөнд нь ганцхан нэмэх үү? 
 
Цэвэр Сараа бол бутархай өдрөө дараагийн сар дээрээ нэмээд их ба бага сар гээд 29 ба 30 өдөртэй гэж тоолно. Энэ нь Шараагийнх. 
Лунисолар буюу нарны хачиртай, манин Сараагийнхаар бол 0,5 өдрүүдээ цуглуулаад л байна. Цуглуулж байгаад 3 жил болохоор 1 илүү сар гэж нэрлэнэ. Энэ нь нөгөө “Түмний нэг” кинонд гардаг шиг тэдэн хар чулуу болохоор нэг цагаан чулуу нэмээрэй гэдэг шиг. За бас гэнэтхэн сар харж тоолж байсан хүмүүс чинь гэнэт эргээд нар харж эхэлнэ. Нөгөө илүү сараа нарны тоололтой дүйцүүлэн тэнцүүлдэг. Уул нь сараар тоолсон бол Нараатай зөрөх нь хамаагүй, нэг мөр зөрүүтэйгээрээ тоолоод явмаар ч юм шиг. Энэ бол Төгсөөгийнх. 
 
Гол ялгаа нь Шараа бутархай хоногоо дараа сард нь нэмж 1 өдрөө гаргадаг байхад Төгсөө бол өдрүүдээ цуглуулж байгаад 3 жилийн дараа гаргана. 
Нарны тоололд ч бас бутархай хоногтой. Түүнийгээ нэмсээр 1 бүтэн хоног болмогц буюу 4 жилд нэг удаа өндөр жил гээд гаргадаг. Нараатай адилхан эхний бүтэн өдөр болмогц нэмдгээрээ бол Шараа зөв юм шиг. 
 
Тусгаар тогтнол, Монгол, Төвд, Чингис хаан, хятадаас өөр байх зэрэг асуудлыг эс тооцоод зөвхөн цаг хугацаа тоолох талаасаа бол Шараа зөв санагдана. Төгсөө шиг 3 жилээр бутархай өдрүүдээ цуглуулах ямар хэрэг байна, гэнэт ухаан орсон юм шиг илүү сар гэж гаргаж, бас Нараатай аваачиж холиод ч байх шиг. 
 
Ер нь тэгээд уламжлалыг эс тооцвол энэ Сараа өөрөө асуудалтайн дээр хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг. Хууль зүйн хувьд дэлхий нийтийн албан ёсны тоолол бол Нараа /Григорийн тоолол/. 365 өдөртэй гээд л явдаг. Гэрээ, хууль зүйн баримт бичгүүдэд ч тусгагддаг. Тааваас хүн бүдүүлэг байхад хамгийн амархан харагдаж, байрлалаа сольдог нь сар байсан байх. 
 
Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед нарны аймгийн төв болох нараараа тоолдог байгаад тэмдэглэлт өдрүүдээ ч гэсэн шууд аргын тооллоороо товлоод явбал хэрүүлгүй амар жаргах бус уу. Сараар тоолно гээд байгаа бол Санчир 62 сартай. Шараа, Төгсөө 2 Санчир дээр очиж Сарны тоолол зохио. Эсхүл Буд гарагийн 1 жил нь дэлхийн 88 өдөртэй, 1 хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцэнэ. Будын тоолол зохиовол бүр сүртэй. 
 
Бид Нараа, Сараа 2-ыг гомдоохгүй гэсэндээ 2 шинэ жилтэй, 2 өөрөөр насаа тоолдог, зарим нь бүр холиод 1 жилд яагаад 2 морь жил байна аа гэж гайхна. Дээр нь зурхайч-луйварчид нь үүн дээр тоглолт хийнэ, дүнхүүрээд төр нь дуугүй, бид цагаан сараа мэдэхээ байна. Зүгээр л Цагаан сар жил бүрийн 2 дугаар сарын 15 /эсхүл 3 дугаар сарын 1-ний өдөр зэргээр/, за хамаагүй намар бол 10 сарын тэдэн гэе л дээ. 
 
Б.Чинзориг