sonin.mn
Гэрэг сэтгүүл оны нөлөө бүхий хүмүүсийн дундаас УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хөргийг надаар бичүүлэх хүсэлт тавьсныг дуртайяа биелүүлэв.
 
Г.Уянга 
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан. Үхэр тэргээр имижээ хийж, үндэсний хувцсаараа гоёлоо хийсээр хотын цардмал замыг морин туурайгаар бөмбөрдсөөр Монголын их улстөрд өнгө солгойрон орж ирсэн. Их хуралд байгаа цорын ганц бие даагч гишүүн. Суурь тогтолцоо нь сонгуулийн хуультайгаа хамсаад ердөө л хоёр том улстөрийн хүчний хязгааргүй ноёрхол руу хүчээр шахдаг системд жижиг намууд, бие даагчид үзэгдэл төдий авч орж ирсээр, гарсаар. 26 жилийн хоёр намын харанхуй эзэрхийллээс залхаж өөр ямар нэгэн юмыг тэмтчин хайх олон нийтийн тэмтэчсэн хүсэл эрмэлзлийн үзүүрт хэн нэгэн торсоор. 2012-2016 оны парламентад аль нэг намаас, олигархи эзэн, оффшор данснаас уяагүй бие даагч эрх чөлөөт гишүүд, эрэлд арай тод тэмтрэгдсэн байх. Олон нийт тэднийг нэг хүчин болоосой гэж хүссэн, тэд ч зохион байгуулалтад орохоор ажиллаж эхэлсэн. Энэ нь мөнөөх МАНАН-д ихээхэн гай тарьж мэдэхээр байсан тул тойрог багасгаж тэднийг “салгаж” дарав. Энэ бол нөгөө л “хуваа, захир” хэмээх зарчим. Гэсэн ч бие даагчдад хэзээ ч байгаагүй өндөр хувиар иргэд итгэл үзүүлсэн нь 2016 оны сонгуулийн дүнгээс харагдана. МАНАН хамгийн зөв зам сонгосон нь нотлогдсон ч хохирол нь өмнөх эрх баригчид бүлэг ч үгүй үлдэж, өөрсдөө бие даагчдын эгнээнд орохоо шахав. 
 
Гэвч бие даагчгүй парламент байж болохгүй, “АРДЧИЛАЛ” ажиллаж байгааг, ард түмний санал “ямар нэг хэмжээгээр” үйлчилж байгааг батлах ёстой шүү дээ. Ийм хүчтэй саналыг гээгдүүлж болохгүй. С.Жавхлан орж ирлээ. Өнгөрсөн парламентын бие даагчдын өндөр нэр хүнд, ард олны итгэлийг дээлэндээ багтаан авч явах үүрэг түүнд оногдож байна. Зөвхөн өнгөрсөн их хурлынх ч биш ирээдүйн парламентынх ч бас түүний өвөрт бий. Ард иргэдийн итгэл найдвар өсөн нэмэгдэж цааш үргэлжилсээр шинэ хүчин төрж чадах уу, эсвэл бие даагчид бол хэн ч биш, зүгээр л “поп”-ууд байжээ гэсэн домог болж эцэслэх үү гэдгийг УИХ-ын гишүүн С.Жавхлан л шийднэ.
Хэрэв тэр тойрогтоо очиж цас шүүрдэхийг чуулганы танхимд цаастай зууралдаж, тэндээс наанадаж хулгайчийг илрүүлэхээс илүүд үзвэл, хүний эрхтэн солихоос эхлээд колонацийн аргаар хүнийг хувилдаг болтлоо шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт “шээсээр анагаах” тухай ярьсаар суувал “ПОП” л болно. Олны итгэлд асч ирсэн тэр нэг найдварын зул бөхөх вий дээ.
Гэхдээ С.Жавхлангийн дээлний цаана яалт ч үгүй эх оронч, үндэсний үзэлт чин зүрх хэнд ч “сонсогдохуйц” чангаар цохилж байдаг. Хаваржаа хүндэрсэн аймгуудад зориулан өвс ачуулах санаачлагаараа “Илгээлтийн эзэд” тоглолт зохион байгуулсан. Нэг хэсэг нь поп гэсэн, яагаад гэвэл тэдэнд ийм сэтгэл байдаггүй учраас атаархан тэчъяадаж байгаа юм. Харин малчид нулимсаа арчин, Жавхланг ерөөсөөр илгээсэн өвс, тэжээлийг нь авсан байж таарна. Энэ чин сэтгэлийг “популист” гэдэг хоч өгөөд, өчүүхэн ч сэтгэл өвдөлгүй гутаачихаж чаддаг хүмүүс бий, тэдний орон нутаг дахь төлөөлөгчид нь бүр үнэгүй тараа гэж өгсөн өвсийг нь зараад идчихсэн. Өвс хүртэл “иддэг”, юугаа ч зарахад бэлэн, зарж ч байгаа ийм хүмүүсийн дунд тэр орлоо. Ганцаараа... Одоо тэд бүхий л хэрэгслээ дайчлан С.Жавхланг гутаахад бэлэн суугаа. Тиймээс С.Жавхлан хол харж ойр гишгэж явахгүй бол хэцүү.
 
Жавхлан дуучныхаа хувьд гайхамшиг! Бүтэн хоёр цаг хагасын тоглолтод өчүүхэн ч цуцалгүй, харин ч дуунаас дуунд хоолой нь цээлшин тунгалагшиж цуурайтах. Түүнийг улстөрд орлоо гэж салбарын нөхөд нь тийм ч таатай биш хандаж байгаа бололтой. Түүний сэтгэл өвдөлт, шаналалыг сонголт нь илэрхийлж байгаа юм. Одоо энэ залуугийн зүрхнээс хөнгөн хайрын дуу олж сонсохгүй, тэндээс энэлэл шаналал, уриа дуудлага сонсогдох болно.
Тэр Монголын улстөрд ардчиллын “дээлтэй чимэг” төдий байх уу, эсвэл... гэдгээ ирэх жилүүдэд харуулна. Хуучны үгэнд “Сэтгэл ихэдвэл ухаан багадна, ухаан ихэдвэл сэтгэл багадна” гэдэг. Одоо ухаан сэтгэлээ тэнцүүлэх цаг...
 
Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн УЯНГА