sonin.mn
ЧИНГИС ХААН БА БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн шилдэг байлдан дагуулагч шашны эрх чөлөөг бидэнд хэрхэн олгосон вэ шинэ номын зохиогч Жак Уэтерфорд 2016 оны 10-р сарын 10-нд Түүхийн Мэдээ Сүлжээнд (HNN-History News Network) өгсөн ярилцлага. Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан Ц.Батмөнх 2016.12.03
 
Асуулт 1: 
 
Монголчууд өдгөө Америкийн хувьд дайны гурван том талбар болоод буй Сири, Афганистан, Ирак улстай тэмцэлдэн ялж байсан. Чингис хаан өнөөдөр бидэнд юуг сургахсан бол?
 
Жак Уэтерфорд: Америкийн удирдагчдын хувьд Чингис хаанаас суралцах зүйл маш их. Гэвч ерөнхийдөө ёс суртахууны хувьд бид өөрсдийгөө Чингис хаанаас хавьгүй илүү гэж үздэг учраас судлан суралцах тухай хүсэл сонирхол төрөхгүй хэвээр байгаа. Үнэндээ Чингис хаан Америкчууд биднийг Ойрхи Дорнод болон Төв Азийн улсуудад бодлогын олон алдаа гаргахаас сэрэмжлүүлж чадахсан.
 
Нэгд: Чингис хаан ялан дийлж чадахаа, ялалтын утга учир гэж чухам юу болохыг, хэрхэн түүнд хүрэхээ төгс мэддэг учраас дайн тулаанд ордог байсан. Өрсөлдөгч талаа бүрэн утгаар буулган авч ялалтаа тунхагладаг. Чингис хаан өнөө цагийн дайн байлдаанд Америкчуудын туршин хэрэглэсэн эсрэг талдаа барих бодлого стратеги, арга тактикийн тусламжтайгаар амжилтанд хүрсэн. Харин Америкчууд бид Багдад, Кабул зэрэг томоохон хотуудыг байлан сонгож, удирдах төв болон шоронгийн зорилгоор ашиглах хүч нэмэгдүүлсэн, чанга хамгаалалттай цэргийн олзлогдогсодын түр байгууламжийг байгуулаад, ихэнх хот, хотын гаднах бүх нутаг дэвсгэрийг дайсагнагч талынхаа хяналт дор орхиод байна.
 
Чингис хаан эсрэгээр гүйцэтгэжээ. Өрсөлдөгч талаа орогнон нуугдах газаргүй болгох үүднээс эхлээд хотоос гаднах нутаг дэвсгэрийг эзлэнэ. Гадагш гарах гарцгүй болсон том хотууд тэсч үлдэх боломжгүйг мэдэх Чингис хаан хамгийн сүүлд хотуудыг эзлэхдээ, зарим онцгой балмад тохиолдлоос бусдад, хотуудад нэвтрэн орох замд ихэнхдээ саад тотгор учруулдаггүй. Чингис хааны өргөө орд, удирдах төвөө хотоос зайдуу, нүүдэл зөөврийн хөдөлгөөнт байдалтай байлгадаг.
 
Чингис хаан албан хүчээр, суртал ухуулгаар тухайн улс орныг удирдаж болохгүйг ойлгож, ард түмний олонхийн дэмжлэг туслалцаа чухал хэрэгтэйг сайн мэддэг байв. Үүнийг хоёр аргаар хийсэн. Эхлээд гол дайснуудаа бүрмөсөн устгах. Сургууль цэцэрлэг байгуулах, шинэ худаг шуудуу гаргах байдлаар тэднийг ятган үгэндээ оруулахыг болон эд хөрөнгө, эрх мэдэл, үүрэг амлалт өгч ая тал засахыг огтхон ч оролдоогүй. Ясны өстөн дайснууд бол мөнхийн өстөн байдгийг мэдэх учир тэднийг бүрмөсөн устгадаг. Дараа нь өөрийн эвсэл, холбоотнуудын зүгээс ирэх дэмжлэгийг хүчтэй болгоход гол анхаарлаа хандуулна.
 
Америкийн Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай болон Америкууд ч тайлбарлаж чадахааргүй, эзлэгдсэн орны ард түмэн ч ихэнхдээ ойлгохооргүй бусад хоосон гоё зүйлсийн тухай сүртэй мэдэгдэл гаргаад, үргэлжлүүлэн үр дүнг гүйцэтгэхгүй орхигдуулж байна. Харин Чингис хаан маш тодорхой, тохиромжтой хууль цааз, бодлогыг гаргаад түүнийг сахин мөрдүүлж, зөрчилгүй гүйцэтгүүлж чаддаг байв. Хувь хүн бүрт шашны эрх чөлөөг олгож, хулгайлан барьцаалах явдал, шашны бүхий л хүчирхийллийг таслан зогсоож, шашны байгууллага болон хувь хүмүүсийн татварыг болиулж, эрүүдэн тамлах явдлыг үгүй болгож, үнэнч шударга ажилсагаар зүтгэсэн хүмүүсийг ивээлдээ оруулж, хулгай хийгсэд, үймээн өдөөгчид, эсэргүүцэн үл тоомсорлогчид, хууль зарлиг зөрчигчдийг цаазын ялаар шийтгэж байв. Чингис хааны зарлиг хоосон үг биш. Амласан амлалт бүрээ биелүүлсэн юм. 
 
Америкчууд бид Ойрхи Дорнодод амжилт ололгүй олон жил дайтсаар ирсэн. Чингис хаан хурдан шуурхай эзлээд, бүрэн төгс ялалт байгуулж, зуун жилийн амар амгаланг тогтоосон.
 
Асуулт 2:
 
Цэрэг зэвсгийн асар илүү хүчтэй АНУ Афганистанд энхийг сахиулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байхад зуун мянга хүрэхгүй цэрэг дайчидтай Монголчууд Хятад, Афганистан, Иран, Ирак, Орос, Солонгосыг яагаад байлдан эзэлж чадсан бэ? Чингис хааны нууц нь юу бэ? Бид Чингис хаанаас ямар нэг зүйл суралцаж чадах бол уу?
 
Жак Уэтерфорд: Монголчууд хүн амын тоогоор цөөн байсан. Чингис хаан зуун мянган цэрэгтэй, Монгол үндэстэн хагас сая орчим хүн амтай байсан хэдий ч зуу зуун сая хүн ардыг эрхшээн дагуулж чадсан. Монголчуудын хувьд дайн тулаан бол боловсон тоглоом биш, амьд мэнд гарах эр зоригийн шалгуур юм. Ялалт ялагдлаас хамааран амьдралын хувь заяа шийдэгдэнэ гэдгийг тэд сайн мэддэг учир аймшиггүй чин зоригтой тулалдан тэмцэлддэг.
 
Чингис хаан дайлаар довтолсон хот болгондоо дагаар орон бууж өгөх, өршөөл үзүүлэх боломжийг зарлигдан тушаана. Татвар гувчуур хэвээр үлдэн, багасгаж буйг ойлгосон хүмүүсийг тонон дээрэмдэхгүй, эсрэгцэн тэмцэх хэнбугайг ч даран номхруулж, цэрэг ноёдыг нь яллаж цаазална. Нэхэж хатгах, бичих зурах зэрэг ур дүйтэй хүмүүсийг өршөөн хэлтрүүлж, онцгой ур чадваргүй хүмүүсийг ажилд дайчлан, голдуу дараагийн аян дайнд армийн бамбай хамгаалалтанд явуулна.
 
Чингис хааны хууль маш хатуу, өөрөө ч хуулиндаа ямагт захирагдана. Бууж өгөн дагаар орсон хотод дээрэм тонуул хийсний учир хүргэнээ тушаалаас халж, дараагийн тулалдаанд довтолгоог халз удирдах ялаар шийтгэсэнд хувь золгүй хүргэн нь тулаанд амь үрэгдсэн түүх бий.
 
Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн, энхийн цагт хууль ёсыг чандлан барина. Ялагдашгүйн нууц цоож түлхүүр бол энэ холбоос юм. Өнөөдөр АНУ алийг нь ч мөрдөхгүй байна.
 
Асуулт 3: Чингис хаан шашны хэт даврагсадтай хэрхэн учраа олсон, ялангуяа Лалын шашны алан хядагч нартай?
 
Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг үнэн бодитой, хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ зарчим сургаалынхаа үндсэн дээр ямар ч шашин хорон мууг үйлдэх, зовлон шаналан үүсгэх зорилгогүйг танин мэдэж, өөрийн үүрэг зорилгоо аль нэг шашныг хориглон хяхах, дөвийлгэн дэмжих бус, харин шашны итгэн бишрэгч нарт чадах бүхнээ хийх эрх чөлөөг олгох явдал гэж үзжээ. Гэхдээ энэхүү эрх чөлөөний хүрээнд хууль зөрчих, өөрийн сонгосон дурын замыг дагах явдал орохгүй. Хөшүүд гөжүүд тэмээн сүргийн адилаар аль ч шашин бусадтайгаа уялдаа холбоотой байж, зөв шулуун замыг даган мөрдөх үүрэгтэй байв. Шашин төрийн ялгаа зааг байсангүй.
 
Чингис хаан шашны эрх чөлөөг олгосноор тухайн олон түмний дэмжлэгийг бүрэн авахдаа санваартан хийгээд шашны үүрэгтэнгүүд шашны эрх чөлөөнөөс илүүтэйгээр татварын эрх чөлөөг эрхэмлэж буйг анзааран мэдэж, номлогч багш, эмч, эм зүйч нарын зэрэг бүх шашны ажилтанг татвараас чөлөөлсөн.
 
Чингис хаан одоогийн Ираны хойд уулсад байрших Алан хядагчид хэмээх нэрээр нэршсэн Лалын шашны хэт даврагсадтай анх уулзахдаа найрамдлын гар сунган, удирдагч нартай уулдахдаа энгийн хүн бүхэнтэй адил тэгш эрх чөлөөг амлаж, өөрсдийн жижиг вант улсаа сахихыг зөвшөөрч, алба гувчуурыг үл шаардан, эзэнт гүрэнд саад тотгор үл учруулах аваас тэднийг халдан довтлохгүй гэж тохирсон байдаг. Энэхүү түр эвлэрэл дараагийн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд Уулын алан хядагч бүлэгл Монголын эзэнт гүрний албаны хүмүүсийг алж устгаж эхлэхэд Чингис хааны ач Хүлэгү хаан тэдний эзэмшил нутагт довтлон орж, халдан нэвтэршгүй хэмээгдсэн уулын цайз хэрмийг эзлэн устгаж, толгой удирдагч, түүний гэр бүл, бүх гишүүдийг цаажлан хороож газрын хөрснөөс арчсан байдаг.
 
Хүлэгү хаан хэдхэн сарын дотор Багдадыг эзлэн, Халиф, түүний гэр бүлийг цаазлан устгаад Дамаскыг дайлаар мордохоор хөдөлсөн. Монголчууд удаа дараагийн хүчтэй цохилт өгч байсан тэр өдрөөс 800 жилийн дараа Лалын ертөнц харгис бүлэглэлээ ахин сэргээхээр оролдож байна.
 
Асуулт 4: Та Чингис хааны тухай бестселлер ном бичсэн. Ахин шинэ ном яагаад гаргах болов?
 
Жак Уэтерфорд: Чингис хааны ач нар амьд сэрүүн ахуйдаа эмхэлж зохиомжилсон аман түүх болох Монголын Нууц Товчооны судалгаагаа 1997 онд эхэлсэн. Анхны зорилго бол эх бичмэлд тэмдэглэн үлдээсэн Чингис хааны амьдралын бүхий л үйл явдлыг зураглан тодорхойлж, Монгол, Хятад, Төв Азид өрнөсөн тодорхой үйл явдлуудын газарзүйн байршлыг олж тогтоох явдал байсан. Дэлхийн түүхэнд бууны дарь, хэвлэлийн машин, луужин, арилжааны бараа зэрэг материаллаг зүйлсийг түгээн нэвтрүүлсэн Монголын байлдан дагууллын үр нөлөөг судлах явцдаа бахархан урамшиж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан номоо бичих зориг сэдэл төрсөн бөгөөд нмондоо Чингис хааны амьдралын тухай, голдуу түүний байлдан дагуулал, угсаа залгамжлагч ач нарын нөлөөг тусган бичсэн.
 
Судалгаагаа эхлэхдээ, эзэнт гүрнээ байгуулсан амжилтын нууцад нь Чингис хааны оюун санааны ертөнц болон түүний шашинд хандах өвөрмөц чиг хандлага ямар чухал нөлөөтэй болохыг ерөнхийдөө төсөөлж байсан ч үнэндээ огт ойлгоогүй байлаа.
 
Эдвард Гиббон “Ромын эзэнт гүрний уналт ба сүйрэл” номынхоо тайлбар зүүлтэнд Америкийн колончлогчид шашны эрх чөлөөний тухай үндсэн санаагаа Чингис хаанаас хуулбарлан авсан тухай дүгнэн бичсэн нь миний сонирхолыг татаж, сэтгэлийг гижигдсэн юм. Үзэл санаа, итгэл үнэмшлийн түгэн дэлгэрэлтийн ул мөрийг мөшгөн хайх нь шинэ технологийн нэвтрэн тархалтыг хайхаас хавьгүй илүү маш хэцүү. Америк Улсыг үндэслэгч нарт нөлөөлсөн Чингис хааны нөлөөллийн тухай өнгөц харваас хачин сонин ийм нотолгоонд би эргэлзэн тээнэгэлзэж байв. Энэ тухайд нотлон бататгах, эс бөгөөс няцаан үгүйсгэх арга зам надад байсангүй. Нотлох баримтыг олтол арван жил улирсан байв. Яг одоо, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд бараг хорин жил заран зүтгэсний дараа энэхүү судалгааны үр дүнгээ урьдчилан зарлахад бэлэн болсноо мэдэрч байна.
 
Асуулт 5: Чингис хаантай Томас Жефферсон, Жорж Вашингтон, Бенжамин Франклин нар юугаар холбоотой вэ?
 
Жак Уэтерфорд: Бенжамин Франклин Америкийн 13 колони муж улс даяар Чингис хааны тухай номыг ивээн түгээсэн үнэхээр бахархалтай хүн. Франц хэлээр өргөн тархсан Чингис хааны намтар түүхтэй номын худалдааг сурталчилж, колони муж улсуудад номын хүргэлтийг түгээж байжээ. Тэгвэл Томас Жефферсон, нотлох баримтаас үзэхэд, бусад худалдан авагч нараас илүү олон хувийг худалдан авсан бөгөөд ач охиндоо төрсөн өдрийн бэлгэнд авсан нэг номондоо зурвас бичин үлдээснээс гадна, одоог хүртэл Конгрессийн номын сан, Виржинагийн их сургуулийн номд хадгалагдан буй номуудыг худалдан авсан түүхтэй. Мөн Жорж Вашингтон, түүний гэргий Марта Вашингтон нар Маунт Вернон дахь номын сандаа Чингис хааны тухай бичсэн Анна де ла Роше-Гюлхемийн номыг хадгалан үлдээжээ.
 
Чингис хаан 18-р зууны Европ тивд оюун санааны шинэ өнгө төрхийг чимэж, хаант засагтаа сайн чанар дутагдаж буйг мэдэрсэн хүмүүс Чингис хааны давуу чанарыг магтан сайшааж байсан бол, шинээр бүрэлдэн буй Америк үндэстэн нийгмийн байгуулал, засаг захиргааны шинэ загварыг хайж байх үед Чингис хаан гүн гүнзгий төгс төгөлдөр нөлөө үзүүлсэн байна. Чингис хааны тухай жүжиг Чарлестоноос Филаделфиа, Нью-Иорк хотын тайзнаа үзэгдэж, Европын болон Христийн сонгодог уламжлалаас гадуур шинэ загварыг хайж байсан тухайн үед Америкчууд Чингис хааныг өөрчлөлт шинэчлэлт, хувьсгалын баатар мэтээр төсөөлөн харж байжээ.
 
Асуулт 6: Чингис хаан яагаад шашны эрх чөлөөг бусад бүх зүйлд дэлгэрүүлэхийг зогсоосон бэ?
 
Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг буянтай, хүн ардыг сайн сайхан байлгах зүйлийг эрж хайдаг гэдэгт итгэдэг. Тиймээс ч бүх шашныг дэмжихдээ зөвхөн зөв сайн зүйлийг сургах, олон нийтэд бодит замаар үйлчлэх, төрийн хуулийг ямагт дагахыг шаардсан. Шашны эрх чөлөөг олгоно гэдэг бол үндсэндээ бодлогын шийдвэр бөгөөд нийгэмд дийлдэшгүй хор хөнөөл тарьж чадах шашны янз бүрийн бүлэглэлийн зөрчил өрсөлдөөнөөс сэргийлж чадна. Нийгэмд хамгийн их зөрчил, хор хөнөөл учруулж чадах хүчний нэг бол эрх үүргээ умартсан шашны удирдагчид юм. Зөв зохион байгуулалттай, үүрэг хариуцлагатай шашин бол шаналан зовлонг нимгэлэх, нийгэмд тустай зүйл бүтээх бүрэн боломжтой.
 
Асуулт 7: Шашны эрх чөлөөг баталгаажуулсан Америкийн хуулинд Чингис хаан түлхэц болсон гэх ямар нотолгоо танд байна вэ?
 
Жак Уэтерфорд: Их Кир хаан, Их Александр хаан зэрэг өмнөх үеийн зарим их удирдагчид өрсөлдөгч шашныг хүлцэн өршөөсөн байдаг бол зарим нь бүүр тахин шүтлэг хийгээд шашны олон янз урсгалыг цэцэглэн хөгжихийг зөвшөөрч, зарим гүн ухаантан шашны эрх чөлөөг өмгөөлөн хамгаалж байжээ. Хэдийгээр энэ чөлөөт либерал бодлогыг шашны байгууллага болон лам санваартанд зөвшөөрсөн ч хувь хүний эрх чөлөөнд олгоогүй. Чингис хааны их засаг хуулийн дор дэлхийн түүхэнд анх удаа шашны эрх чөлөөг үүссэн шашинд нь бус хувь хүнд хамаатуулсан юм.
 
Чингис хаанаас Томас Жефферсон шашны эрх чөлөөний язгуур үзэл санааг хуулбарлаагүй ч шашны сүм хийд болон номлогч нарт бус хувь хүнд эрх чөлөөг хамааруулах ухагдахууныг нь хуулбарласан. Жефферсон Виржина муж дахь гэртээ шашны эрх чөлөөний анхны хуулийг бичиж суухдаа өөрийн маш дуртай Чингис хааны намтар түүхэнд гарч буй төсөөтэй үг хэллэг, тодорхойлолтыг ашигласан байдаг.
 
Монголын их засаг хууль “шашнаас болж хэн нэгнийг гутаан доромжлож, хорлон залхаасан” хүнийг цаазална гэж заасантай төсөөтэйгээр Жефферсоны хууль “шашны үзэл бодол, итгэл үнэмшилээс болж хэн ч зовж зүдрэх ёсгүй” гэж зааварласан. Чингис хааны хууль “хүн бүр өөрийн санаанд тохирсон шашинаа чөлөөтэй сонгож болно” гэж заасан бол Жефферсоны хууль ”Хүн бүр шашны тухай өөрийн үзэл бодлын дагуу чөлөөтэй элсэж болно ” гэж дуурайн давтсан байдаг. Чингис хааны анхны хууль, Виржина мужийн хууль мөн чанарын хувьд төсөөтэй, үгээр илэрхийлэхдээ ялгаатай. АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт завсарт “Конгресс шашны байгууллагыг хүндэтгэх үүднээс чөлөөт байдлыг хориглосон хууль санаачлахгүй” гэж ялгаатай үгээр илэрхийлэх ажээ.
 
Асуулт 8: Чингис хаан ямар шашинтай байсан бэ?
 
Жак Уэтерфорд: Чингис хаан тэнгэр газрыг, бүүр тодруулбал дээд эцэг тэнгэр, доод этүгэн эх газараа чин сэтгэлээсээ залбиран шүтдэг байсан. Чингис хааны хувьд шашин бол итгэл үнэмшил, үзэл санааны цогц хэлбэр гэхээс илүүтэйгээр энэ дэлхийн үйл хэрэг, аж төрөх арга ухааны зам мөр байсан. Чингис хаан Бурханыг сүм хийд, судар номын дотор төдийхөн байх ёсгүйг мэдэрсэн. Чингис хаан гадаа орчинд цэнгэг агаарт уулын оргилд усны хөвөөнд залбирал үйлддэг.
 
Асуулт 9: Чингис хаан юуны учир орд өргөөндөө бүх шашны төлөөлөгчдийг урьдаг байсан бэ? Тэднээс юуг суралцахыг хүсч, ямар дүгнэлтэнд хүрсэн бэ?
 
Жак Уэтерфорд: Чингис хааны эзлэн суусан улс орны хот суурин газрын шашны хүмүүс түүнийг сонирхсон хэдий ч бас үлэмж ихээр будилаантуулсан байдаг. Чингис хаан тэдний үгийг нинжин сэтгэлийн үг хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч, тэдний үг зөвхөн алив нэг үйлдлийг тайлбарлахад хэрэг болох магадтай, толгой эргүүлсэн зүйл байв. Чингис хаан бөө удган, санваартан лам, лам хуварга, шашин номын багш, хамба лам, олон янзын шашны удирдагч нарыг тэдэнд юу чухал, ямар асуудал учирч буйг ойлгохын тулд ордондоо урьдаг байсан. 
 
Чингис хаан мөн тэднээс улс төрийн дэмжлэг туслалцаа авахын тулд урин залдаг. Зөн олыг удирдахад шашны хүч нөлөөг ойлгон үнэлж, хэрвээ шашны удирдагчдын дэмжлэгийг авбал сүслэн итгэгчдийн дэмжлэгийг хүлээнэ гэдгийг мэдэрчээ. Дэмжлэг хүлээхийн тулд, татварын эрх чөлөөг тэдэнд амлаж, цэргийн албанаас чөлөөлж, үйл ажлаа чөлөөтэй явуулах бусад тусгай хөнгөлөлтийг үзүүлсэн.
 
Асуулт 10: Цуутай цуст байлдан түрэмгийлэгчийг шашны хүн байсан гэж та хэрхэн нотлох вэ? Эргэн тойрон дахь соёл иргэншилийг уулгалан түрэмгийлсэн хэрцгий догшин варварчуудын эгнээнд орж тооцогдохгүй гэж үү?
 
Жак Уэтерфорд: Чингис хаан бол аугаа их байлдан дагуулагч. Мэдээж эзлэн түрэмгийллээр цус нулимс урсгаж байсан нь үнэн ч, хувь тавилангаар хүмүн заяанд хувилж, энэ дэлхийд оноогдсон үүрэг даалгаварынхаа утга учрыг тайлан хөгжүүлж чадсан юм. Чингис хаан даян дэлхийд амар амгаланг авчирах, хүн төрөлхтөнийг нэгдэн нягтруулах үүрэг даалгаварыг тэнгэр бурханаас түүнд оноосон гэдэгт итгэл төгс байсан. Тэнгэрт хальсныхаа дараа ч түүний бүтээсэн амар амгалан дэлхий зуун зуун жил үргэлжилсэн. 
 
Америк улс энх тайвныг байгуулахын тулд тэмцэн тулалдаж буй дайныхаа зорилгод адил төстэй шаардлага нотолгоо гаргадаг ч, сүртэй нотолгоогоо биелүүлэхдээ амжилтанд ховорхон хүрч байна. Америкчууд бид Японы Хирошима, Нагасакигаас Вьетнамын Май Лай, Иракийн Багдад хүртэл энгийн номхон ард иргэдэд Чингис хаанаас ч илүү өршөөл энэрэлгүй хэрцгий хандсан байдаг. Чингис хааны байгуулсан Монголын их амар амгалантай (Pax Mongolica) дүйцэхээр Америкийн их энх тайванг (Pax Americana) бүтээж чадаагүй байна. 
 
Нийтлэг үлгэр домог, улиг болсон зүйлээс эсрэгээрээ түүх сурвалжийг заавал ялан дийлэгчийн талаас бичдэггүй, асар их хорсол дургүйцэл тээх ялагдсан тал ихэнхдээ бичдэг. Хэзээ ч бүү март гэх уриа бол түүхийг гуйвуулан буруутгагчид, ялагдсан талын уриа лоозон юм. Дорд муу зэрлэг бүдүүлэг барбарчууд хэмээн цоллуулан нэрлэгдсэн энэ ард түмний довтолгоонд Соёл иргэншилт ертөнц хэмээн нэрийдсэн Европ, Дундад Ази, Хятад өртөн ялагдаж, дарлан дээрэлхүүлсэн түүхтэй.
 
Хятад болон Иранчууд тэдний соёл иргэншлийг устгасан харанхуй бүдүүлэг хэмээсэн барбарчуудын тухайд цэцэн цэлмэгээр гутаан доромжилж үзэл бодлоо мэлтийтэл илчлэн бичсэн байдаг ба тэрхүү түүх сурвалж бол голдуу бодит үнэнээс хадууран төөрсөн, дүргүйцэл зэвүүцэлээ илэрхийлсэн түүхэн товчоо байдаг. Урт удаан хугацааны туршид Америкчууд бидэнд зааж сургах сургамжтй Азийн цуутай байлдан дагуулагчийг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөх боломжгүй байсаар ирсэн.
 
Асуулт 11: Чингис хаан өөрийн ахан дүү мэт болсон шилдэг шадар цэргүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн. Ямар учраас Чингис хаан алдар цуутай байлдан дагуулагч, удирдагч болсон бэ? Манай удирдагч нарт ямар зүйлийг сургах бол?
 
Жак Уэтерфорд: Чингис хааны амжилтын нууц түлхүүр бол чин итгэлт чанар, чин шударга зан, чин үнэнч сэтгэл. Чингис хаан өөрийн цэргүүддээ чин итгэлтэй, өөрийн ард түмэнд чин үнэнч, өөрийн их засаг хуульд чин шударгаар ханддаг. Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн шигээ өөрийн эргэн тойрон буй хүмүүст туйлын итгэдэг, тэднээс тийм чин итгэл сэтгэлийг шаарддаг. Чингис хаан өөрийн ард олны адил маш энгийн амьдралаар амьдарч байсан. Ард олонтойгоо адилхан хувцас өмсөж зүүж, адилхан идээ ундаа идэж ууж, нүүдэлчний гэр өргөөндөө унтаж, ард түмний даган захирагдах хуулиндаа адилхан захирагддаг байв. 
 
Зарим тооцоогоор, Чингис хаан дэлхийн түүхэнд хамгийн баян хүн байсан хэдий ч, бүх эд баялгийг ард олондоо, түүнчлэн бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин ядуусыг үлдээлгүй хуваарилан тараадаг байжээ. Өөртөө зориулж орд харш бариулаагүй булш бунхан, хөшөө дурсгал босгоогүй. Өөртөө үл хураан, ард олондоо өгөөмөр зан, өглөгч сэтгэлээр хандсан. 
 
Түүнд үнэнч шударга бус хандсан хэнийг ч бол ямарч болзол хэлцэл, тохирол зөвшилцөл, засан хүмүүжүүлэх, сайжруулан өөрчлөх өчиг үгүйгээр үхэл мөхөл хүлээдэг байв. Тухайн орны ард түмнийг хураан эзлэхдээ ялж дийлэхгүй байж дайн өдөөсөн удирдагч нарыг нь өршөөлгүй бохируулан дарна. Хэн ч хэзээ ч үл итгэж болох хэрэгцээгүй сорон мөлжигчид хэмээн итгэж удирдлагын тогтолцоог нь бүрмөсөн нурааж байсан. Худалдаа арилжааны авъяастай, ур чадвартай, гарын уртай, оёдол нэхмэлийн дүйтэй, бичиг үсгийн боловсролтой энгийн хэнийг ч бол өршөөн хэлтрүүлдэг байсан.
 
Асуулт 12: Хүмүүс заримдаа дайнд ялах нь энхийг сахиулахаас илүү хялбархан гэж ярьдаг. Чингис хаан эзэнт гүрнээ хэрхэн аюулгүй байлгасан бэ?
 
Жак Уэтерфорд: Нэгд, Чингис хаан төрийн удирдлагад аюул занал учруулахуйц өш санан үлдэх хуучин язгууртнууд, ялагдсан эсрэг дайчдын бүлэглэл тэмцэлийг үгүй хийх үүднээс бүх дайснаа даран устгасан. Түүнд үнэнчээр итгэн үлдсэн хэнд ч бол амар тайван байдал, хууль ёсыг баталгаа болгосон. Сайн сайхан харилцааг бий болгож, арилжааны татварыг бууруулан, байр орон хоол хүнс агт морьдоор ханган шуудан харилцааны өртөө сүлжээг байгуулж, худалдаа банкны энгийн үйлчилгээг бий болгосноор амар таатай байдал, хөгжил цэцэглэлийг сэргээж чадсан. Чингис хаан хулгайлан барьцаалах, тамлан зовоох, хилсээр хэрэг үүрүүлэх, хээл хахууль авах, түүнчлэн цаазын ялтай хүнд гэмт хэрэгт хулгайг тооцон хулгай хийх зэргийг таслан зогсоосон байдаг.
 
Чингис хааны хууль хэдий хатуу чанга ч, хүний дотоод сэтгэлийн тодорхойгүй ертөнц дэх сэтгэл санааны болон оюун санааны амар тайван байдлыг хуулиараа дамжуулан олгож, урт удаан хугацаанд зарлигийг дагаж үнэнч сэтгэлээр үлдвээс огт санаанд төсөөлөгдөмгүй аюулгүйн баталгааг гаргаж өгч байсан.
Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан 
 
Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх
2016.12.03
Хэвлэлийн мэдээ
http://historynewsnetwork.org/article/164090 HNN HISTORY NEWS NETWORK