sonin.mn
Бурхан багшийн арван том шавь гэж гайхамшигтай архадууд байжээ. Тэр дундаа билиг оюунаар тэргүүн Шаарийбуу, рид хувилгаанаар тэргүүн Монголжийбуу нарын тууж зохионгуй нэн алдартай бөлгөө. 
 
Бурхан багш өөрийн нирваан дүр үзүүлэх хоног хугацаа ойртсоныг олон шавь нартаа дуулгахад цаадуул нь бүгд орь дуу тавин уйлалдаж эхлэсэн гэдэг. Шаарийбуу гүн уй гунигт автан суусны эцэст Бурханы өлмий дор сунаж мөргөөд зугуухан боссоны дараа: «Ачит багш минь ээ! Би Бурхан лугаа учирч тэргүүн шавь болсон нь энэ насандаа учирсан юутай ч зүйрлэж боломгүй хосгүй завшаан билээ.
 
Эртнээс нааш хамаг Бурхад нирваан дүрийг үзүүлэхээс өмнө бат агчтан шавь нь (тэргүүн суудалд суудаг шавь) түрүүлж оддог ёсон буй хэмээн та бээр нэгэнтээ айлдаж байсан удаа буй.
 
Тэр ёсыг үлгэрлэн би танаасаа түрүүлэн явах хүсэлтэй байна. Харин түүнээс өмнө би зуун настай ачит эх лүгээ сүүлчийн удаа уулзан золгосон хойно төрсөн гэртээ нирваан дүр үзүүлэх өчүүхэн хүслийг минь болгоох ажаам уу!» хэмээн айлдахуй дор Бурхан багш гэгээн мэлмийгээрээ нигүүлсэнгүй таалан хараад толгойгоо үл мэдэг дохижээ. Олон номын дүү нар нь том ахаасаа салж ядсан байдалтай далд орон ортол харцаараа үдэж байгаа хэсгийг уншиж байхад өөрийн эрхгүй сэтгэл огшиж самсаа шархирмаар санагддаг. 
 
Монголжийбуугийн рид хувилгаан үзүүлсэн гайхамшигтай жишээ баримт нэн олон байдгийг энэ давчуу зайнд яахин тоочин бичиж гүйцэх билээ. Нэгэн удаа Шагжаа овгийнхны нийслэл хот дайн дажны хөлд гарцаагүй дайрагдах болоход Монголжийбуу Бурхан багшид хандан: “Би нийслэл хотыг рид хувилгааныхаа хүчээр тэнгэр огторгуйд дүүжилж орхивол дайсан этгээд яаж чадах билээ?” хэмээн хэлж байснаас түүний эрдэм чадал хэр зэрэг лут байсныг мэдэхэд төвөггүй. 
 
Энэ удаа номын дүү Ням-Очир маань Хятадын Дүньхуангийн агуйгаас олдсон шуумал сэрэг дүрийн зургийг нийтлэжээ. Түүн дээр Монголжийбуу ташуу захтай монгол дээл маягийн өмсгөлтэй байгааг та бүхэн харж байна уу? Бүгдийг Монголтой холбох хэмээх юм гэж зарим нөхөд дургүйцэж мэдэх л дээ.
 
Үнэндээ хамгийн хүчирхэг Монгол угсаатан уугуул Монгол нутгийнхаа гал голомтыг сахиж үлдээд тэдэнд бутцохигдсон 20-100 мянга хүртэл хүнтэй бусад овог аймгууд гадагш халин гарч Хятад, Дундад Ази, Арабын хойг, тэр ч байтугай Умард Энэтхэгт хүртэл өөрийн төр улсыг байгуулж байсан түүхэн баримт нэн олон. Тэдгээрийн нэг нь Модун Шаньюйгийн үед Хүннү гүрэн лүгээ зэрэгцэн оршиж байсан Юэши нар бөлгөө. Угтаа бол Модун биш Мэдү, Юэши биш Даружи гэж дуудах учиртай юм л даа.
 
Өвөрлөгч зарим эрдэмтэд Мэдү гэдэг нэрийг Мэдэл хаан хэмээн бичиж эхлэснийг би хувьдаа ихэд таашаадаг. Юэшигийн тухайд орчин цагийн ханз үсгээр тэгж уншигдах боловч эртний дуудлага нь Даружи хэмээн япон хэл шиг тэс хөндлөн дуудагдаж байгааг анзаарав уу? Өнгөрсөн хавар Зян Рун зохиолчтой уулзаад ярилцаж байхад Юэши гэхгүй Даружи хэмээх нэрийг нь мэдэж байдаг шүү. 
 
Энэ баахан оршил ч яахав. Даружи нарыг хожим Модун Шаньюй бутцохиод хааных нь гавлын ясыг авч алтаар бүрээд сархдын аяга болгосон гэдэг домог буй. Тэд Хүннү нараас зугтаасаар Дундад Ази, Арабын хойгийг эзлэн суухдаа Кушан нэрт том гүрэн байгуулсан нь улмаар хүрээгээ тэлсээр хожим Умард Энэтхэгийг хүртэл эрхшээн захирах болжээ. Энэ түүхэн үе Энэтхэгт Бурханы шажин үүсэн дэлгэрэх цаг хугацаатай давхцсан юм. Хожим Буддын шажны анхны их дэлгэрэлт яг л Даружи нарын тавьсан зам мөрийг даган явсаар Монгол нутагт хүрч улмаар Төвд Хятадад түгэн тархсан түүхтэй ажгуу. 
 
Тэгэхээр Монголжийбуу Монгол дээл өмссөнд тэгтэл гайхаад байхын хэрэггүй бөгөөд Монгол цустай байж мэдэхийг сүүлийн үед түүхч археологич нарын нээлт бэлхнээ батлан харуулж байна.
 
Өнөө хэр Энэтхэгт Шагжаа овгийнхон хэсэг бүлгээрээ оршин суусаар байдаг бөгөөд тэдний цусан дахь ДНК-гийн бүтэц одоогийн Казакстанаас олдсон МЭӨ 5-4 дүгээр зууны үеийн булшнаас гарсан ясныхтай ижил байгааг эрдэмтэд шинжилгээний явцад олж тогтоосон нь гадаад ертөнцөд ихээхэн шуугиан тарьж байгаа тухай саяхан би Хятадын хэвлэл дээрээс олж уншсан.
 
Угаас овсгоотой Казахын зарим эрдэмтэд тэр баримтыг шүүрэн аваад Бурхан багш Казах цустай байх магадлалтай хэмээн үзэх болсныг уг мэдээлэлд дурдсан байна лээ. Манай холбогдох байгууллагын эрдэмтэд энэ мэдээллийг лавшруулан судлаасай билээ хэмээн бодож байна. 
 
Монгол дээл гагц Энэтхэгчүүдийг төдийгүй цагтаа Нангиад, Төвд зэрэг бусад үндэстнүүдийг хувцаслаж байсныг манай зарим уншигчид дуулсан байх аа. Бүр МЭӨ Хятадын Жао ханлигийн үед хятадууд Хүннү нараас морь унах, нум сум харвах, дээл бүс хэрэглэх соёлыг зээлдэн хэрэглэсэн тухай «Түүхэн тэмдэглэл» зохиолд тод томруунаар бичиглэн үлдээсэн байдаг.
 
Энэ утгаар авч үзвэл «Дээл дэлхийн гоёл» гээд хэлчихэд дэндэхээр зүйл үгүй шиг. Түүх бичлэг гэхээр жирийн нэг онц цагийн жагсаалт төдийхнөөр үзэж боломгүйг энэ ганц жишээ харуулж байнам бус уу?
 
Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар