sonin.mn
“Батзүү” ХХК-ийнхан 14 метр урт, 18 метрийн өргөнтэй зургаан давхар барилгатай дүйцэхүйц хаан хээтэй “Хүннү” загварын дээлийг урлажээ. Энэхүү дээлийг хэрхэн бүтээсэн талаар тус компанийн зөвлөх Ж.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
 
-Уг дээлийг бүтээх санааг хэрхэн олов. Дээлийг хэдий хугацаанд урласан бэ?
 
-Бид компанийнхаа 20 жилийн ой, Улс тунхагласны 92 жилийн ойд зориулж Монголынхоо өв соёл болон уран гартай оёдолчдын авьяасыг дэлхий дахинд таниулах зорилгоор нэг бүтээл хийхээр шийдсэн юм. Тэгээд өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалж буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуунаас олдсон хүннү дээлний загварыг сэргээж бүтээсэн. Үүнийг хагас жилийн хугацаанд 50 гаруй оёдолчин урласан. Дээлийг эсгэхэд хагас сая метр даавуу орсон. Дээлийг хаан хээ болон уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалзаар чимэглэсэн.
 
- Яагаад дээлийг бүтээхдээ хаан хээгээр онцолж чимэглэсэн юм бэ. Энэ хээний утга бэлгэдэл нь юу юм бол?
 
-Энэ нь эртнээс хаад ноёдоос уламжлан гоёж хэрэглэж ирсэн хээ юм. Хаад ноёд энэ хээг зүгээр нэг дээлэндээ зурчихсан хэрэг биш: Цаанаа нарийн учир бэлгэдэлтэй юм билээ. Энэ хээг нарийн судалж үзвэл маанийн үсэг байдаг. Энэ хээ нь эр хүний хийморь лундааг илтгэдэг. Аливаа муу зүйлээс хамгаалах учир бэлгэдэлтэй юм. Ер нь монгол дээлэнд бидний өвөг дээдсийн уламжлалт өв соёл, бэлгэдэлт сэтгэлгээ гүн гүнзгий туссан байдаг. Тиймээс түүхийн үнэт өвийг дэлхийд сурталчлахыг хүссэн юм.
 
- Гиннесийн номд бүртгүүлэх үү?
 
- Тиймээ. Бид дээлээ бүтээж буй үйл явцаа баримтжуулж, бичлэг хийж кино хийсэн. Ер нь бүх бичиг баримтаа бэлтгэчихсэн. Холбогдох байгууллагад нь хандахад бэлэн болчихсон байгаа. Удахгүй бүртгүүлнэ. Бидний бүтээсэн дээл дэлхийн анхаарлыг татаж, аялал жуулчлалд тодорхой хэмжээний нэмэр болно гэж бодож байна.
 
Б.Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин