sonin.mn
Манай улсын “Хүнсний хууль”-д зааснаар мах, улаан буудай нь стратегийн бүтээгдэхүүн юм. Ялангуяа мах нь өөрийн орны дотоод хэрэгцээг хангаж, гадаад зах зээлд нийлүүлдэг, валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг манай уламжлалт экспортын бүтээгдэхүүн билээ.
 
Гэвч сүүлийн жилүүдэд улсын хэмжээгээр малын тоо толгой өсөж, 2015 оны байдлаар 55.0 саяд хүрсэн явдал нь мах, махан бүтээгдэхүүний стратегийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Махны экспортыг ярихын өмнө Монголын махны үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг товчхон эргэн нэг дурсах нь зүйтэй гэж үзлээ.
 
Анхны мах комбинатыг Улаанбаатар хотод 1946 онд барьж, ашиглалтад оруулснаар Монгол Улсад малыг үйлдвэрийн аргаар нядалж мах үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш махны үйлдвэрийн салбарт хоёр удаа үйлдвэрлэл, техник, технологийн дорвитой шинэчлэл хийгдсэн юм. Эхнийх нь 1970-аад оны үед хийгдэж, Улаанбаатарын махкомбинатыг өргөтгөн шинэчилж, Дархан, Чойбалсан хотуудад махкомбинат, Дорноговь, Завхан, Баян-Өлгий аймгуудын төвд махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүд, Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг тус тус барьж ашиглалтад оруулсан билээ. 
 
Мөн махны үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчнийхээ бодлогыг төрөөс анхаарч Герман, Чех, Унгар зэрэг улс орнуудад инженер, техникийн ажилчдаа бэлтгэх, чадваржуулах, дадлагажуулах зэрэг ажлыг зохион байгуулдаг байсан. Энэ үеэс махны үйлдвэртэй төв суурингуудын хүн ам үйлдвэрийн аргаар нядалж, боловсруулалт хийж ангилсан мах, дайвар бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээндээ хэрэглэж эхэлсэн.
 
Дараагийнх нь 1995-2005 онуудад хийгдэж, Сайншандын махны үйлдвэрийг шинэчилж,Увс,Ховд, Архангай, Өвөрхангай зэрэг аймгууд, Бор-Өндөр, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудад махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүд ашиглалтад орсон байна. Энэ бүгдийн дүнд махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрлэлийн хангалттай хүчин чадал бий болж, одоогийн байдлаар ойролцоогоор экспортын чиглэлийн махны 40-өөд үйлдвэр ажиллаж байна.
 
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд махны үйдвэрлэлд хоёр удаа томоохон саад бэрхшээл тохиолдож, түүнийг даван гарлаа. Нэгдүгээрт, урьд нь махыг төвлөрсөн бэлтгэлээр бэлтгэж, үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаад худалдааны байгууллагуудад нийлүүлж, зөвхөн үйлдвэрлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан махны үйлдвэрүүд 1990-ээд оны эхнээс эхлэн мал бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн бүхий л үйл ажиллагаагаа өөрсдөө хариуцаж ажиллах болсон юм. 
 
Энэ үед мал. хувьчлагдан, мал бэлтгэлийн төвлөрсөн систем үгүй болж үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах явдал ихээхэн бэрхшээлтэй болж, махны үйдвэрүүд зогсож, үүд хаалгаа барьж байсан үе юм. Мал бэлтгэлийн зориулалтаар зээлийн эх үүсвэр олох, тухайн үеийн өндөр хүүтэй зээлийг төлж ашигтай ажиллах явдал төвөгтэй байсан. Гэвч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүнд үеийг туулж, давсан билээ.
 
Хоёрдугаарт, 2000-2010 онд ган, зудын уршгаар малын тоо толгой, ялангуяа махны экспортын гол түүхий эд болох үхэр, адууны тоо нилээд хорогдож, малын гоц халдварт өвчин удаа дараалан гарсан нь махны үйлдвэрлэл, экспортод багагүй хүндрэл учруулж байсан ч махны үйлдвэрлэл чухал гэдгийг бизнес эрхлэгчид анхаарч махны үйлвэрүүд олноор бий болж, махны экспортын хэмжээ 25.0 мянган тонн хүртэл нэмэгдэж байсан. 
 
Энэ үед махны экспорт үндсэндээ ганц уламжлалт зах зээлээсээ буюу ОХУ-ын зах зээлээс асар хамааралтай байж, тэр нь өрсөлдөгчгүй шахам давуу байдлаа ашиглан үнэ, төлбөр, тээврийн өөртөө ашигтай нөхцөлийг шаардаж, манай ихэнх үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учруулж байсан. Учир нь мах үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийн эх үүсгвэр дутмаг, өндөр хүүтэй богино хугацаатай зээлийн хөрөнгөөр бизнесийн ашиг, орлого олох магадлал бага гэх мэт шалтгааны улмаас ОХУ-ын түншүүдээсээ урьдчилгаа хөрөнгө авч түүгээрээ мах бэлтгэн, нийлүүлж байсан нь яах аргагүй тэдний хараат байж махны үнэ ханшаа хэт доогуур тогтоох үндэслэл болж байсан.Хэдийгээр хүндрэл бэрхшээл, уналт ухралт байсан ч энэ үеийг махны үйлдвэрлэлийн хөгжилд ахиц, дэвшил гарсан үе гэж судлаачийн хувьд үздэг.
 
Махны үйлдвэрлэл, экспорт сэргэж эхлэл тавигдсан энэ үед буюу 2016 онд Засгийн газраас ОХУ-аас гадна БНХАУ руу мах экспортлох асуудлыг шийдвэрлэхийн тулд мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар олон удаагийн хяналт шалгалт, үзлэг хийсний үр дүнд гэрээ хэлэлцээр байгуулж, сүүлийн жилүүдэд тайван бүс нутагт тооцогдож байгаа Завхан. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаас мах экспортлох зөвшөөрөл олгосон нь эдгээр бүс нутаг дахь мах үйлдвэрлэгчдийн хувьд таатай орчин бүрдэж байна. 
 
Ийнхүү бүрдэж буй болоод байгаа эерэг нөхцөл байдлыг ашиглаж махны үйлдвэрлэл, экспортод бодит өөрчлөлт гаргахын тулд үйлдвэрлэгчид, төр засгийн байгууллага аль алиных нь зүгээс анхаарч, ажил хэрэг болгох цөөнгүй асуудал байна.Сүүлийн үед төр засаг, эрх баригчдын амнаас ХАА тэр дундаа МАА-тай холбоотой асуудлууд сонсогддог болж байгаа нь ололттой юм.
 
Өмнөх жилүүдэд дотоодын зах зээл дээр махны үнийг тогтворжуулах, Улаанбаатар хот болон төв суурингуудад махны нөөцийг бий болгох гэдэг бодлогоор махны үйлдвэрлэл эрхэлж байгаа ганц нэгхэн үйлдвэрт олон тэрбумаар тоологдох үр ашиггүй татаасыг мах бэлтгэл, махны нийлүүлэлтийн хугацаа, малын тарга тэвээр, мал нядлах хугацаа, махны хадгалалтын горим зэрэг олон хүчин зүйлийг огт тооцохгүйгээр цаг хугацааны хувьд боломжгүй үед олгож энэ нь ганц нэг үйдвэрийг санхүүгийн хувьд дэмжиж, урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангах зорилгогүй, агшин зуурын гал унтраах ажил болж хэрэгжсэнийг бид мэднэ.
 
Өнөөдөр дэлхий нийтээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн рүү хошуурч байгаа энэ үед монгол малын махны үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж, олон улсын НАССР (аюулын дүн шинжилгээ ба эгзгийг хянах цэгийн тогголцоо)-ийн стандартын нөхцөл, шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр дотоод, гадаадын зах зээлийг хангах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг бий болгох “Хөтөлбөр” боловсруулж нэн даруй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэж байна. Ийм бодлогогүйгээр гаргасан шийдвэр амжилт муутай, богино настай, үр өгөөж нь бага, алдаа ихтэй болдог нь туршлагаас харагдаж байна.
 
Хэдийгээр судлаачид болон бодлого боловсруулагчид ОХУ, БНХАУ-ын зах зээлээс гадна, Зүүн өмнөд Азийн бүс нутаг, Ойрхи Дорнодын бүс нутаг руу махны экспорт хийх боломж байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь яриа төдийхөн байгаа ба тухайн зах зээлийг тасралтгүй хангах хийгээд эдгээр улсын зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчдийн соёл, хэрэглээний өөрчлөлтийн талаар гүнзгийрүүлсэн судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байна.
 
Хоёр дахь зах зээл буюу Хятад улс руу мах экспортлох тухай шийдвэр гаргасан нь зөв зүйтэй ч өмнөх бодлогуудын алдааг дахин давтаж болзошгүй байна.Өнөөдөр энэ ажлыг эхлүүлэхэд:
 
1. Хятадын талтай тохирсон нөхцөлөөр мах нийлүүлэх үйлвэрүүдийн ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын нөхцөлүүд бэлэн үү?
2. Малын халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх үзлэг, тарилга, халдваргүйжүүлэлтийн ажлууд тогтмол хийгдэж хэвшсэн үү?
3. Бэлтгэн нийлүүлэгчид эргэлтийн хөрөнгийн нөөц, боломжтой юу?
 
4. Хятадын худалдан авагчид аль болох бага үнэ ханшаар мах худалдан авах сонирхолтой байх нь дамжиггүй учраас манай бизнес эрхлэгчид үнийн нэгдсэн бодлого буюу махны үнэ цэнийг бууруулахгүй байх үнийн нэг түвшинг баримтлахад бэлэн үү?
 
5. Зөшөөрөгдсөн боомтуудаар 10.0 мянган тонн мах гаргана гэж бодоход түүнийг гаргах хил, гаалийн, тээвэр логистикийн, хадгалалтын, зоорийн, мал эмнэлэг, хорио цээрийн лабораторийн, мэргэжлийн боловсон хүчний гэх мэт хүчин чадлууд бэлэн үү?
 
6. Гадаад зах зээлрүү мах бэлтгэх үйлдвэрүүдийг аттестатчилах, цөөн үйлдвэрт өндөр шаардлага тавьж, үйлдвэрүүд кластераар хөгжих боломж бий болсон уу? гэх мэт урьдчилан шийдэх олон асуудлыг судлан тооцох хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдээгүйгээс махны экспорт дорвитой хөгжиж чадахгүй, хуучин арга замаа дахин давтсан үр ашиггүй бизнес болж хувирах магад-лал өндөр гэж үзэж байна
 
Нүүдлийн МАА-г түшиглэж эдийн засгаа хөгжүүлж ирсэн арвин их туршлага монголчуудад хуримтлагдсан байдгийг үгүйсгэх аргагүй билээ. Энэ туршлагыг орчин үеийн хөгжлийн шинэ чиг хандлагуудад тулгуурлан Монгол өв уламжлал, зан заншил, монгол сэтгэхүйг шингэхэн өөрийн өвөрмөц хэлбэрээр хөгжүүлж болох боломж бий.
 
Хөгжлийн болон эдийн засгийн өөр гарцтай улс орнуудыг даган дуурайж, туршлага багатай, бэлтгэл муутай, муу боловсрогдсон бодлогоор уул уурхайг хөгжүүлэх гэж бүх анхаарлаа төвлөрүүлж, улсын эдийн засгийг доройтуулж байхын оронд байгаа арвин их нөөц боломж, хөгжүүлж ирсэн туршлага зэргээ харгалзан, монгол малын махны үйлдвэрлэлийн кластерын хөгжлийг дэмжих нь чухал болж байна.
 
М.Эрдэнэчимэг
/Дэд проф,доктор/